2024.05.16, Thursday
spot_img
НҮҮР1Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс хүргэе.


-БНХАУ-д хийсэн айлчлао хэр үр дүнтэй болов?

-Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр орны хувьд ярилцах олон асуудал байсан. Хил хаалттайгаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй асуудал зөвхөн Монгол Улс гэлтгүй, очсон төрийн тэргүүн, холбогдох албан тушаалтнууд бас ярилцсан. Хамгийн чухал зүйл нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар хамтдаа санал солилцох болсон нь туйлын чухал. Манай “Оюутолгой”-н далд уурхайн төслийг эхлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц том хэмжээний шийдэл болно. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар хил холболтын цэг буюу терминалыг эцэслэн тохирч чадсан. Нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Маргааш, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжил шинэтгэлийн хорооны дунд цахим хурал болно.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал өндрөө авч байна. Тухайн үеийн удирдлагууд, зээлдэгч нарт ямар хариуцлага тооцохоор ярилцаж байна вэ?

-Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард УЕПГ болон АТГ-ын удирдлагуудад хандаж тус банктай холбоотой илэрсэн зөрчлийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж, дүгнэлт гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Миний хувьд нэгдүгээрт, Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг Эксим банк болгож, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Монголбанкны тогтоосноор 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.  Эдгээр нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Хөгжлийн банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслийг санхүүжүүлдэг, УИХ-аас Хөгжлийн төсөл гэж үзсэн хөтөлбөрт санхүүжилт хийдэг банк болгож байж эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөхийг Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл зөрчигдсөн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлаар, бондын зарцуулалт дууссан гэдэг агуулгаар бондын үеэр зээл авсан албан тушаалтнууд мултарч үлдэх ийм асуудал байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн шилэн болгох уу?

-Улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно. Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!