2025.06.19, Пүрэв
spot_img

Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт өгдөг явдлыг халсан

0

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан.

Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм.

Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.

Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна.

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” хэмээлээ.

А.Гутерреш: Монгол НҮБ-д найдаж болно

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ оны Наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын ЕНБД А.Гутеррешийг хүлээн авч уулзсан бөгөөд талууд хамтран мэдээлэл хийлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн билээ. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь улам нэмэгдэж ирсэн. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье.Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь бид гүнээ талархаж байна.

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй оролцож буйд би нэн талархаж байна.

Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын хурлыг зохион байгуулсан билээ. Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл тууштай хуч чармайлтын илрэл юм.

Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэж би найдаж байна.

Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгыг гаргасан нь үүний тод жишээ юм.

Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь “Бидний нийтлэг зорилго” илтгэлд миний тусгасан тэргүүлэх зорилтуудын нэг мөн. Энэхүү яриа хэлэлцээнд залуучуудын дуу хоолойг оролцуулсан нь надад урам зориг өгч байна.

Монгол Улс Далайд гарцгүй орнуудын бүлгийг 1994 онд үүсгэн байгуулахад манлайлан оролцсон билээ. Улмаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 13 жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан. Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь худалдаа, тээвэр, холболтын олон бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр сорилт нь КОВИД-19 цар тахал, Украин дахь дайн, улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хүндэрч байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд “Нэг тэрбум мод” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын жишээг бид сайшааж байна.

Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой.

Далайд гарцгүй хэдий ч Монгол Улс яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна.

Монгол Улсын удирдагчид бүх ард иргэдийнхээ өнө удаан хөгжил дэвшлийн төлөө цаашид ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн хамгаална гэдэгт би итгэж байна. НҮБ-ын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж ирсэнд Монгол Улсад талархал илэрхийлэхийн сацуу энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийн асуудлуудын хүрээнд танай улсад бидний үзүүлэх дэмжлэгт цаашид ч найдаж болно гэдгийг илэрхийлж байна” гэв.

У.Хүрэлсүх: НҮБ бидэнтэй нэгдэж байгаад талархаж байна

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой юм.

Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Д.Баярхүү: Дайныг ёрлох хэрэггүй, гэхдээ

0

Орос-Украины дайнтай холбогдуулан 2019.9.10-нд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ хоёр хуваан сайтдаа тавихаар шийдлээ. Эндээс мэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.


Олон улсын харилцаа хамгийн таагүй үедээ явж байна, Орос-АНУ, Орос-Өрнөд, Хятад-АНУ, Хятад-Японы хооронд элдэв зөрчил бэрхшээл, хэрүүл, дагалдаад өрсөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал намжихгүй шинжтэй. Business Insider хэмээх хэвлэлийн газрын цэргийн судалгааны лут ном гарчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг 25 армийг нэрлэчихэж. Манай хоёр их хөрш маань хоёр ба гуравдугаар байрт жагсана. «Сибирийн газрын зураг тэр чигтээ шар өнгөөр будагдана» хэмээн хийрхдэг оросын цэргийн зарим шинжээчдэд зууш болох мэдээлэл Business Insider-ийн номоор дүүрэн. Тэр номоос элдэв харьцуулалт хайя. Бас Стратегийн өрсөлдөөний төвийн захирал Иван Коновалов гэдэг орос эрдэмтний мэдээлэл, Михал Любина гэх польш судлаачийн нийтлэл, Шанхай дахь Фуданий их сургуулийн профессор Жао Хуашэны дүгнэлт, хонконгийн сонинд дүгнэсэн, орос блогерч цэргийн тоймч Борис Рожин, цэргийн судлаач Виктор Литовкин нарын бичсэн, Валдай клубын зарим экспертийн яриа гэхчлэн олон эх сурвалжийг ашиглалаа. Зохиогч би дур зоргоороо цээжний пангаар огт яриагүй гэдгээ өчье.

“Хүйтэн дайн”-ыг дуусгах гол нөхцөл нь СССР тарж бутарсан явдал. Хэргээр хэн нэгэн нь нураачихсан юм биш. Энерцээрээ “хэт хөгжсөөр” нурчихсан юм. 1970-аад онд Сибирьт нефть оргилоод (нэг баррель нь 12 доллар байснаа бараг 10 дахин өссөн), байгалийн баялаг уул уурхай нь оволзоод асар их орлого орж ирсэн ба Зөвлөлт нь хамаг байдгаа гаднаас авдаг болж, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлэхээ больж, хэрэг дээрээ хэт хэрэглэгч болсоор нэг мэдэхнээ нөгөө байгалийн баялгийнх нь дэлхийн зах зээлийн үнэ уначихтай зэрэгцээд Афганистанд өдөөсөн дайндаа давхар бүдрээд Зөвлөлт гүрэн нурж унажээ. Коммунист систем нурлаа гээд зовлон барагдсангүй. Коммунист асан орнууд зовиуртай зам руу орж гайт шилжилтээ хийлээ. Өнөө шилжилт нь Монголд өнөө хүртэл явагдаж байна.

Дэлхийн дайнд хүргэчихгүй ч улс төрийн хямрал ямагт дэлхийг ээрлээ. Дүрвэгсдийн “их хөл”-ийн дайнд дэлхий дарууллаа. 2014 он гэхэд л дүрвэгсдийн тоо дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн тооноос давчихсан. Зэвсэгт мөргөлдөөнүүд тасарсангүй, бүр байнгын мөргөлдөөнтэй нутаг дэвсгэр гэх ойлголт албажлаа. Сири, Афганистан, Сомали дээр нэмэгдэх орнууд ч бэлтгэгдчихсэн. Олон улсын харилцаа бүр ойлгомжгүй, тоглоомын дүрэмгүй боллоо. Ирээдүйн дэлхий ямар байхыг таах төсөөлөх боломж хумигдлаа. Олон улсын харилцааны тогтолцоо систем нь өөрийн гэсэн нэр устай явдагсан. 1919-1939 онд Версаль-Вашингтоны систем, 1945 оноос Ялтын систем гэхчлэн. Дэлхийн нэг ба II дайны дараа төлөвшсөн системүүд шүү дээ. Тэр систиемийнхээ хүрээнд тоглоомын дүрмийнх нь дагуу мөргөлдөөнөө зохицуулаад ирсэн бол харин СССР-ээс хойш юу болчихоод байгааг онож оноож хэлдэг лүндэгддэг онол сургааль бараг алга. Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөөд байгаа учраас тууштай онолдож чадахгүй байна.

Дэлхийд хүчний төвүүд гэж байна. АНУ ба Хятадыг нэрлээд байх шиг. Тэр төвүүд нь бусад их бага улс гүрэнтэй хэрхэн харилцаж байгаагаас дэлхийн хуучин дэгийг сорьж, дараагийн шинэ дэг буй болгох гээд ч байх шиг. Дэг гэдгээ тоглоомын дүрэм гээд ойлгочих. Оросын зарим эрдэмтдийн үздэгээр дэлхийн нэг төв–Хятад нь Орос, Иран, Венесуэлтэй нэгдэж нийлээд тоглоомд оролцчихвол болох гээд байх шиг. Шинэ дэг тогтоох явцад нөлөөний хүрээний хуваарилалт явагдах, эсвэл явагдахаар зэхэгдээд байгаа нь нууц биш. Томхон мөргөлдөөнөөс зайлсхийнгээ нөлөөнийхөө хүрээг тодорхойлох гэж мэрийх байх. Тэр нөлөөний хүрээ гэдэг нь цэргийн бааз, цэрэг байрлуулах тухай биш л дээ. Борлуулах зах зээл олж авах, тэлэх, байгалийн нөөц баялаг, ерөөсөө баялагт хяналт тавих явдал. Геополитикийн онолоор бол энэ нь нутаг дэвсгэрт хяналт тавихыг хэлээд байгаа юм. Монгол руу татаж аваад ярьчихаж болно. Бид бэлхнээ харж байна. Монголын зах зээл ганц улсаас бараг хараат байна. Монголчууд гэмгүй царайлж байгаад зах зээл хөгжүүлж байгаа нь энэ гээд өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа зөөсөөр байгаад эх орныхоо зах зээлийг дүүргээд (бараг нураагаад) хаячихсан. Байгалийн баялагт гадаадын маш их сонирхол ороод ирчихсэн, өрнөдийнхний сонирхлыг шахаж гаргахаар өмнөд хөрш нь улайраад лиценздээд авилгадаад мундарыг нь хутагчихсан, төр нь хяналт тавьж чаддаггүй. Умард хөрш нь цэрэг-зэвсгийн салбарт хамтран ажиллах нэн бололцоотой, тэр нь манайд шууд ашиг өгөхгүй, ядуурал ажилгүйдэлд нь нэмэргүй, гэхдээ Монгол дахь нөлөөний хүрээгээ алдах хүсэлгүй, тоглоомонд ямагт оролцдог, бид оролцуулах хүсэлтэй.

Хэрэв Москвагийн өнцгөөс авч үзвэл манай улс татагдаж орохгүй ч ОХУ өөрөө татагдаж орсон мөргөлдөөний голомтууд олон байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. ОХУ нь Украин, Сирид зэвсэгт мөргөлдөөнд шууд ба шууд бусаар оролцож байна. Гүржтэй ноцтой зөрчилтэй. Оросын өрнөд хил ба өрнөдийн чиглэл нь өөрсдөд нь тун таагүй. Эргэн тойрон бүслэлтийн байдалд байх сэтгэхүй нь Оросыг “асаатай танк” шиг болгочихсон. Тиймдээ ч Оросыг “танк”, эсрэгээр Хятадыг “банк” хэмээн хочлох нь түгээмэл. Оросын цэргийн шинжээчдийг үздэгээр дайны голомт Өмнөд хятадын тэнгис, Йемен, Хойд Солонгост бүрдчихсэн, цөмийн зэвсэг хэрэглэх аюул бодитой гэсэн байх юм. ОХУ-аас өөрөөс нь санаандгүйгээр аюул нүүрлэж магадгүйг Орост зэвсгийн агуулахууд дэлбэрч, агаарт цацраг идэвхи салхиар тархсан хэмээн цуурч, манайхныг түгшүүлээд авсан нь бас санаандгүй зүйл биш.

Харьцуулах баримт руу оръё. Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй. Гэхдээ л Орос үнэхээр цэргийн хүчээр давагдашгүй. Энд бичих тоон харьцуулалт эхнийх нь Орос, арынх нь Хятадынх. Зэвсэгт хүчинд алба хашиж буй цэргийн албан хаагчийн тоо 3 сая 586 мянга: 2 сая 693 мянга буюу Орос 3.5 сая цэрэгтэй, Хятад 2.6 сая цэрэгтэй гэсэн үг. Цэргийн зардал 47 тэрбум доллар: 151 тэрбум доллар буюу Оросынх гурав дахин бага. Байлдааны нисэх онгоц 3914 (818 нь сөнөөгч): 3035 (1125 нь сөнөөгч); оросын танк 20 300: хятадын танк 7716; тэнгисийн цэрэг нь орос байлдааны 352 хөлөг онгоцтой, хятад 714 хөлөг онгоцтой, Хятад хоёр дахин давчихсан байна. Аль алин нь нисэх онгоц тээгч нижгээд хөлөгтэй. Цөмийн зэвсгээр цөмийн цэнэгт хошуу 7000:270 буюу Орост бараадахгүй хол хаягджээ. Хэзээ ч нөхөж барахааргүйгээр.

Business Insider бас нэг сонин аргумент гаргаж иржээ. Юу гэвэл хэрэв зэвсэглээд байлдуулна гэвэл тэрбум хагас хүн амынх нь 750 сая нь гартаа зэвсэг барих чадвартай хэмээн Хятадыг нэрлэжээ. Оросын өөрийнх нь шинжээчдийн үздэгээр Евфрат мөрнийг хүртэл Евразийн их талбар дээр байлдуулахад ирээдүйн глобал мөргөлдөөнд Хятад нь 200 сая хүнтэй арми гаргаад ирж чадна гэнэ.

Гол асуудал хоёр их хөрш цэргийн салбарт өрсөлдөж буй биш харин АНУ-ыг гүйцэж түрүүлэхийн тулд Хятадыг Орос хэргээр зэвсэглээд байгааг Business Insider онцолжээ. Цэргийн техникийн салбарт Орос давуу байдлаа хадгалсаар буйг хятадын экспертүүд хүлээн зөвшөөрөхийн сацуу АНУ-тай тэнцвэрийг хангахын тулд Оросоос л зэвсэг худалдан авахаас өөр гарцгүйг гярхай олж хардаг. Стокгольм дахь Энх тайвны асуудал судлах институт тооцоолжээ. Юу гэвэл 1991-2015 онд Москва-Бээжингийн хооронд цэргийн салбарт хийгдсэн арилжаа наймаа 32 тэрбум доллар болжээ. 2018 оны байдлаар Хятад нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн комплекс компаниудын хоёр дахь том түнш гэсэн нь нэгдүгээрх нь хэн юм гэж хардах сэжим гаргаад ирлээ. Өнгөтэй өөдтэй, сортой бүх зэвсэг техник нь Хятад руу урсаж байдаг юм байна. Тухайлбал зенитийн пуужингийн С-400 «Триумф» гэх систем өнөө цагийн хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн яригддаг. Оросын агаарын ба сансрын батлан хамгаалах «Алмаз-Антей» гэх төрийн концернтой контракт байгуулаад Хятад тэрхүү ид шидтэй пуужинг авч байгаа ба 2018 ондХятаддаа туршиж үзжээ. Зөвлөлт ба Оросын зэвсгийн копи гэдэг нь Хятадад тоймоо алдсан. Үйлдвэрүүдийг нь байгуулаад өгчихсөн. Өөрсдөө тав дахь үеийн сөнөөгч онгоцоо бүтээе гэтэл Хятадад технологи дутагдана. Тэрийг нь Орос хэзээ нэгэн цагт өгнө, худалдана. Орост мөнгө хэрэгтэй.

Д.Баярхүү /baabar.mn/

Б.Жавхлан: Чингис бондын өрийг энэ онд дуусгана

0

Монгол Улсын өр хэдийнээ таазаа давсан. Нийтдээ 33 тэрбум ам.доллар. Нэг хүнд хуваавал 33 сая төгрөг. Тиймээс улсын гадаад өрийн талаар Сангийн сайд мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 224 хувьтай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын болон Өрийн удирдлагын тухай хуулиар улсын нийт өр болон Засгийн газрын өрийг тодорхойлсон байдаг.

  • Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар,
  • Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар
  • Арилжааны банкны өр 1.6 тэрбум ам.доллар,
  • Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар байгаагаас Оюутолгойн өр 12.5 тэрбум ам.доллар байна” гэлээ.

2010 оноос хойш манай улсын нийт гадаад өр 4.5 дахин нэмэгджээ.  Харин өрийн бүтцийн талаар “Нийт өрөөс 5.7 тэрбум ам.доллар нь гадаад зээл буюу хөгжлийн зээл юм. 2.6 тэрбум ам.доллар нь гадаад бондын богино хугацаатай өр байна.

1990 оноос хойш 25-40 жил хүртэлх хугацаатай хөгжлийн зээл авч эхэлсэн.

  • 1990-2000 оны хооронд 460 сая ам.долларын зээл
  • 2001-2010 оны хооронд нэг тэрбум ам.долларын зээл
  • 2011-2021 онд дийлэнх буюу 4.2 тэрбум ам.долларын зээл авсан

Зээлдүүлэгчийн хувьд Азийн хөгжлийн болон Дэлхийн банк гэсэн хоёр гол институт байна. Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар, Дэлхийн банкных 800 сая ам.доллар байна.

Япон улсаас 1.2 тэрбум, БНХАУ-аас нэг тэрбум, БНСУ-аас 155 сая, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 110.5 сая ам.долларын зээл авсан.

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрөөс 137 сая ам.доллар үлдсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусна. Төсөвт төлөх талаар тусгасан.

Гэрэгэ бондыг төлөх хугацаа 2023 онд бол Хуралдай бонд 2024 онд, Номад бонд 2026 онд төлөгдөхөөр байна.

Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын гадаад өрийн хэмжээ өндөр байдаг. Үйлдвэрлэгч орон биш учраас гадаад өр их өндөр байгаа юм” гэдгийг хэллэ

Сонгуулийн тогтолцоо ба парламентын чадамж

0

Эрх баригч МАН-ын санаачилгаар 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд гурав дахиа өөрчлөлт оруулах асуудал шуударч, улс төрийн 24 нам нэгдэн тунхаг бичиг үйлдсэнээс хойш арав гаруй хоног өнгөрөөд байна. Энэ асуудлаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулж, нэмэлт өөрчлөлтийн асуудлаар иргэдээс санал авахаар болсноос хойш бас тодорхой хугацаа өнгөрчихлөө.

Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог өөрчилж, өмнө нэг удаа хуульчлаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр буцаагдсан холимог тогтолцоог хуульчлах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгон өөрчилж, Цэцийн хянан хэлэлцдэг асуудлын хүрээг тэлэх, мөн цаазын ялыг халах, төрийн сүлдийг өөрчлөх зэрэг асуудлууд багтаж байгаа.

Намуудын тунхаг бичигт нарийн тодорхойлоогүй боловч (“олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг бий болгох” гэж томьёолсон) эрх баригч намын зүгээс гаргаж тавьж байгаа бас нэг зүйл бол Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, парламентыг тараах эрхийг нь өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас томилдог болох асуудал.

Эдгээрээс улс төрийн намуудын хамгийн их ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа нэг гол сэдэв бол сонгуулийн тогтолцооны асуудал. Сонгуулийн мажоритар тогтолцооны үед сонгогчдын санал гээгддэг, тухайн тойргоос хамгийн олон буюу 30 хувийн санал авсан нам, нэр дэвшигч сонгогчдыг 100 хувь төлөөлөх эрхтэй болдгоос үлдсэн 70 хувийнх нь санал гээгддэг. Энэ зарчмаар нийт сонгогчдын 40 хувийн санал авсан нам, эвсэл төрийн эрх мэдлийг гартаа авч, үлдсэн 60 хувь нь төрд төлөөлүүлэх эрхээ алддаг гэсэн үг.

Тиймээс сонгуулийн бусад тогтолцоо, пропорциональ болон пропорциональ, мажоритар хосолсон холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирэх асуудал яригдаж байгаа. Өмнө нь нэг удаа 2012 онд холимог тогтолцоог Сонгуулийн хуульдаа хийгээд, сонгууль явуулж үзсэн боловч 2016 онд Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргаад хуулийг хүчингүй болгосон билээ. Тиймээс сонгуулийн тогтолцооны асуудлыг бусад хуулиар зохицуулах боломжгүй юм байна гэж үзээд Үндсэн хуульдаа хийх тухай ярьж байна.

Пропорциональ гэдэг нь сонгуульд оролцож байгаа улс төрийн нам УИХ-ын мандатын тоогоор (одоогийнхоор бол 76) нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг үйлдээд, намын дарга нь өөрөө жагсаалтаа тэргүүлээд сонгуульд ордог систем. Товчхондоо тухайн намын гаргасан жагсаалт буюу листэд тулгуурлаж сонгогчид саналаа өгдөг. Лист нь дотроо нээлттэй болон хаалттай гэж ялгаатай. Нээлттэй лист гэдэг нь сонгогч жагсаалтад бичигдсэн нэр дэвшигч болон намыг аль алиныг нь дугуйлж болдог давуу талтай. Хаалттай лист нь зөвхөн намыг дугуйлдаг. Нэр дэвшигчдийн жагсаалт саналын хуудсанд хэвлэгдэхгүй гэсэн үг. Гэхдээ тухайн намын гаргасан жагсаалтаас энэ нам сонгуульд ялбал хэн хэн Засгийн газарт орж ажиллах вэ гэдгийг харчихаж болно. Жишээ нь 2012 оны сонгуульд орохдоо АН-ын дарга Н.Алтанхуяг “Манай нам сонгуульд ялбал З.Энхболд УИХ-ын дарга, Х.Тэмүүжин Хууль зүйн сайд, Л.Гантөмөр Боловсролын сайд хийх юм аа. Хууль зүйн салбарт ийм шинэчлэл хийнэ, боловсролын салбарыг ингэж өөрчилнө” гэдэг бодлогоо танилцуулаад орж байсан.

Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн саналыг хамгийн давуу тал нь сонгогчийн санал гээгддэггүй. 50 хувийн санал авсан нам парламентад 50 хувийн төлөөлөлтэй, 10 хувийн санал авсан нь 10 хувийн төлөөлөлтэй үлддэгээрээ зөв бөгөөд шударга харагддаг. Харин 50 хувийн санал авах уу, 10 хувьтай үлдэх үү гэдгийг намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийн чансаа шийддэг.

Пропорциональ систем дотор хувь улстөрчийн завсрын, ганцаарчилсан тоглолт явдаггүй. Тухайн нам сонгуульд ямар амлалт авч, хэр сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан түүгээрээ сонгогчдоос үнэлгээ авдаг. Улс төрийн намын хариуцлага, төлөвшил, хамгийн том оноо болдог. Төсвийн үрэлгэн зардал, тойрогт дулдуйдсан үр ашиггүй хөрөнгө оруулалтууд хумигдана. Хөрөнгө оруулалт эдийн засгийн илүү үр ашигтай, хөгжлийн том төслүүд рүү явна. Нийгмийн салбаруудад хуримтлагдаад байгаа том бодлого, асуудлуудаа шийдэх боломжтой болно. Ядаж л гишүүд нь “тойргийн мөнгө” нэртэй хахуулиар амаа үдүүлдэг, төсвөөс хумсалдаг байдал алга болно шүү дээ.

2012-2014 онд хоёрхон жил ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад “Хамгийн сайн ажилласан, хамгийн их шинэчлэлийг хийсэн Засгийн газар” гэж үнэлэгддэгийн учир нь Н.Алтанхуягтаа биш, тухайн үеийн парламентад буюу сонгууль явуулсан системдээ байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайн үеийн сонгуулийн хуулиар УИХ-ын 76 мандатын 28-ыг нь намын жагсаалтаар, 48-ыг нь томсгосон 26 тойргоос сонгож гаргасан. Хэдийгээр парламентын цөөн хувийг бүрдүүлж байсан ч гэлээ намын жагсаалтаар сонгогдож гарч ирсэн 28 гишүүн сонгуульд авч орсон намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө дөрвөн жил тууштай явсных юм. Тэгэхээр жагсаалтад бичигдэх нэрс олшрох тусам улс төрийн намын хариуцлага өсөж, бодлого нь тодорхой, хэрэгжих боломж нь ч нэмэгдэнэ гэсэн үг. Одоо ярьж байгаа төслөөр бол хамгийн багадаа нийт мандатын 50 хувь гэж ярьж байгаа бололтой.

Гол нь жагсаалтыг гаргаж байгаа намын дарга, удирдах байгууллага хэр шударга байх вэ, ямар зарчим баримтлах вэ гэдгээс олон зүйл хамаарна. Хэрвээ намын дарга, Удирдах зөвлөл нэртэй хэдэн хүн сууж байгаа ашиг сонирхол нийлсэн хүмүүс, тойрон хүрээлэгчдээрээ жагсаалтыг дүүргээд явбал сонгогчдын болгоомжлоод байгаа “Намын нэрийн ард нуугдсан хулгай, дээрмийн бүлэглэл” болоод явчихна. Ийм жагсаалтыг сонгохгүй байж болдог бас нэг арга байгаа шүү гэдгийг намын удирдлагууд бодож, тооцоолох ёстой.

Дараачийнх нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлэн болоогүй, боловсруулах шатанд яваа ч гэсэн эхний байдлаар 100, 150 гэсэн хоёр хувилбар сонсогдоод байгаа. Ер нь бол парламент томорсноор төсвийн зардал нэмэгддэг гэдэг хууль байхгүй. Одоо ажиллаж байгаа гишүүдийн төсвийг (тойргийн мөнгө биш шүү) хоёр дахин нэмэгдүүллээ гээд монголчууд гуйлгачин болчихгүй. УИХ-ын гишүүний нэг жилийн цалингийн сан 2016 онд утас, унааны зардалтайгаа нийлээд 24 орчим сая төгрөг, туслах, зөвлөхийн цалинтайгаа нийлээд 40 гаруй сая төгрөг байв. 2018 оны байдлаар огт хөдлөөгүй байсан. Хамгийн ихдээ хоёр дахин нэмэхэд 80 сая, үүнийг 150 гишүүнээр үржүүлэхэд 12 тэрбум төгрөг болж байна. Хотын төвд баригдсан таван давхар барилгын л үнэ. Үүн дээр тойрогт ажиллах төсөв, хэвлэл сурталчилгаа, хууль боловсруулах төсөв энэ тэрийг тооцвол бас өөр тоо гарах байх л даа. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол үр дүн.

Жагсаалтаар сонгогдсон тохиолдолд тойргийн мөнгө гэж байхгүй, тойрогт ажиллах төсөв шаардлагагүй. Төсвийн мөнгөөр боов боорцог, ном сэтгүүл хэвлэж тараах, сонгогчдын саналыг худалдаж авах шаардлага гарахгүй. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаа нэрээр хэдэн тэрбумаар нь мөнгө цацаад, дараа нь тэрийгээ төсвөөс эргүүлж олж авах гэж улайрдаг, хулгайлдаг байдал алга болно. УИХ-ын гишүүн хүн зөвхөн хууль тогтоох ажлаа л хийнэ. Түүндээ дүйцэхүйц мэдлэг боловсролтой, бодлоготой байх ёстой. Тэгэхгүй бол хэн төлбөрийн чадвартай нь нэг тойрог худалдаж аваад насаараа эзэн суудаг феодал маягийн тогтолцоо бий болчихлоо шүү дээ. Улс төрийн намууд нь ч гэсэн сонгуулийнхаа мөнгийг босгож байна гээд хуулиас гадуур мөнгө угаадаг байдал алга болно. Намын санхүүжилт нээлттэй болно. Үүний үр дүнд төрийн бодлого, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа илүү иргэд рүүгээ чиглэсэн, нийгэмдээ хүртээмжтэй болж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тал нь жагсаалтаар сонгогдсон байхад Хэнтийд барьсан шиг цементэн овоолгуудад төсвийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь асгаж хэн ч чадахгүй. Улаанбаатарт яг одоо хэрэгтэй байгаа ерөнхий боловсролын 100 сургуулийн барилгад хөрөнгө оруулалт тавьдаг болно. Гол нь бодлого тогтвортой байна. 150 гишүүн дотор хувь улстөрчийн эзлэх орон зай, нөлөөлөх чадвар хоёр дахин сулраад ирнэ гэсэн үг.

Дээр нь парламентын чадавх, чадамж гэж нэг юм байна. Манайх бол дэлхийд хамгийн давжаа парламенттай улс. Оросын төрийн Дум 450 депутаттай, АНУ-ын Конгресс 435, сенат 100 гишүүнтэй. Энэ нь хүн амын тоондоо байгаа юм биш. Ямар ч улс орон хүн ам нь их, бага байхаас хамаараад төрийн эрх байгууллага нь үүргээ гүйцэтгэх чадамжтай байх ёстой. Улс орон болгон батлан хамгаалах, хууль сахиулах, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн бодлоготой. Боловсруулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа чиг үүрэг нь ижил учраас тэрэнд нь дүйцсэн чадавхтай парламент байх ёстой. 150 гишүүнтэй парламент манайдаа л том юм шиг харагдаж байвч бусад улстай харьцуулахад жижигтээ орно. Манайхтай ойролцоо буюу 4 сая хүн амтай Гүржийн парламент гэхэд 150 гишүүнтэй байгаа шүү дээ. Адилхан нэг танхимтай.

Есөн сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.

Б.СЭМҮҮН

Ерөнхийлөгч ҮХНӨ-ийг дэмжих үү?

0

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр У.Хүрэлсүх нь зургаан жилийн бүрэн эрхтэй /нэг удаа сонгогдох/ анхны Ерөнхийлөгч болсон. Хэрэвзээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд суулгаж өгвөл тэрбээр бүх ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болно. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлээгүй. Өмнөх үг, үйлдлээс нь харвал тэрбээр сонгодог парламентыг төлөвшүүлэх сонирхолтой.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх байр сууриасаа ухарчихаагүй л бол тэрбээр жилийн өмнө “Тв-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгт өгсөн ярилцлагадаа “Би сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог”-оо илэрхийлж байлаа.

Сонгодог парламентыг засаглал нь Ерөнхий сайдад эрх мэдэл олгох тухай. Ингэснээр институт хоорондын зөрчил арилна гэж улстөрчид ч, хуульчид ч тайлбарладаг. Үнэндээ, Монгол Улсын институц хоорондын гол зөрчилдөөн эрх мэдлийн хуваарилалтаас үүдэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хүний биш, хуулийн засаглалыг дэмжихээ байнга илэрхийлдэг.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө

  • Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
  • Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.
  • УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.
  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
  • Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачлахаа амласан нь бий.

ЗГ:Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын гишүүд “1111” төвд ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын газрын хуралдаанд танилцууллаа.

Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс хойш буюу энэ сарын 4-нөөс хойш иргэдийн дуудлагыг алдахгүй авдаг болжээ. Энэ хугацаанд 10459 иргэн тус төвд хандсан бөгөөд санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилсан байна. Ерөнхий сайдын Ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээс хамгийн олон санал, хүсэлт хүлээн авчээ.

Төр иргэдээ сонсох ёстой, санал хүсэлтийг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар “11 11” төвд очиж иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хуулийн төсөл батлагдсанаар,

  • Төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан дэглэм бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  • Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрэлдэнэ.
  • Төр үйлдвэрлэл эрхлэгчийн хувиар бус мэргэшлийн түвшинд хөрөнгө оруулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бүрдүүлснээр төрийн аж ахуй эрхлэлтийн арга механизм тодорхой болно.
  • Үйлдвэрлэлийн тодорхой салбарт хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учрах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал мэргэжлийн чадварлаг болох, улс төрөөс хараат бус байх, хариуцлагажуулах нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн өмчит компанийн засаглал гэх тогтсон тодорхой загвар байж болох хэдий ч түүнийг бүтээх гол үндэслэл нь төр түүний хувьцааг эзэмшиж байгаа явдал гэдгийг ойлгож, тэрхүү хувьцааг олж авах, захиран зарцуулах, хувьцаанд ногдох эрхийг хэрэгжүүлэх механизмыг зөв тогтооход хуулийн төсөл чиглэнэ. Энэ ч агуулгаар төр хувьцааг тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эзэмших, хувьцаа эзэмшигчийн ямар эрхээ аль байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хуваарилалт, хариуцлагын эргэх холбоо, тайлагнал, хариуцлага, ил тод байдлыг  хангах механизмыг энэ хуулийн төсөл бүрдүүлнэ.
  • Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг нэг мөр болгоно.
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн засаглал сайжирч, эдгээр хуулийн этгээдийн ашигт ажиллагаа нэмэгдэх, төр, орон нутаг ил тод, хариуцлагатай бизнес эрхлэх нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.

Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.

Товч мэдээ

  • Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Байнгын Ажлын хэсэг байгуулж, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг даргаар томилж, газар дээр нь хяналт тавьж ажиллахыг үүрэг томиллоо.
  • Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн нийт 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
  • Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэлээ.

У.Хүрэлсүхийн усаа аврах бодлого

0
Усгүй бол амьд дэлхий үгүй. Ус бол алтнаас ч үнэтэй. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажлын нэг бол Монголд ус цэвэршүүлэх, боловсруулах үйлдвэр барих төсөл.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Улаанбаатарын цэвэр усны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Нөгөө талаар цэвэр усаа үйлдвэрт ашигладаг, цэвэр усаараа машинаа угаадаг, бохироо гол руу шууд нийлүүлдгээс болоод ундны цэвэр усны асуудал цаашдаа монголчуудын хувьд агаарын бохирдлоос ч илүү том зовлон болж болзошгүй байсан. Үүнийг болиулж саарал усаа эргэлтэд оруулахаар болж байгаа нь монголчуудын хувьд эрүүл мэнд, эдийн засаг, экологид өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болж буй юм.
Үйлдвэр 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх аж.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦААШИД ТӨСВӨӨС ХӨШӨӨ, ДУРСГАЛ БАРИХЫГ ХОРИГЛОНО

0

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж өгсөн Улсын Их Хуралд талархал илэрхийлье. Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өнөөдөр өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой.

Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байна. Төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд тус бүрдээ салбар хуулиудаар, журам, дүрмээр хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдож байсан боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдрийг хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодит үнэн юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харъяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно.

Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.

Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана. Цаашид төсвийн захирагч нар цомхон, чадварлаг, өндөр цалинтай ажиллах сонголт бүхий бүтээмж, үр дүнд суурилсан өрсөлдөөнт тогтолцоо руу үе шаттай шилжинэ.

Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай.

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараахь арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
  • Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ багтлаа.

УИХ-аар батлагдсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль” хууль хэрэгжиж эхэлснээр:

  • Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсч буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргасан.

Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.

  • Хоёрдугаарт. Төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдлоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.

Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог 5 хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарласнаар хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангах тогтолцооны шинэчлэлийг бий болгоно.

Монгол Улсын Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтлана. Харин жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлье.

Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай

Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл юм. Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байна.

Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа хүн амын эрэлт хэрэгцээг Улаанбаатар хотын орон зай, ажлын байр, цэцэрлэг сургууль, дэд бүтцийн бодит хүртээмж хангах чадамжгүй болсны бодит илрэл нь Та бидний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотын хэт төвлөрөл, нийслэлийн цэцэрлэг сургуулийн хомсдлын асуудал юм.

Залуучуудын жагсаал цуглааны үеэр тавьсан гол шаардлагуудын нэг нь ч цэцэрлэгийн хүртээмжийн асуудал байлаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шаардлагатай байгаа 270 гаруй цэцэрлэг баригдсан ч хот руу шилжих их нүүдлийн урсгалыг зогсоохгүйгээр энэ асуудлын үндсэн шийдлийн учиг тайлагдахгүй юм.

Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараахь арга хэмжээг авахаар танилцуулж байна

  • Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
  • 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
  • Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох,
  • Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,
  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох,

Харин Засгийн газрын бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараахь татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:

  • 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
  • Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
  • Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
  • Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор 5 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
  • Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос 1 удаа хасч татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.

Та бүхнээс Монгол Улсын төсвийн тодотгол, Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль, Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.