Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.
Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.