Шинэ коронавирусийн талаарх шинэ мэдээллийг ЭМЯ-наас өдөр бүр өгч байгаа билээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусний халдвартай нь тогтоогдсон франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариунаас коронавирус өвчний халдвар илрээгүйг эхэлж мэдэгдье.
Гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д дөрвөн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 11-нд мөн найман сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Гуравдугаар сарын 11-нд “Багабаян” амралтад 31, “Бадрах Энержи” компанийн кэмпэд 64, Дархан-Уул аймагт нэг, Дорноговь аймагт 35, Хэнтий аймагт хоёр, Орхон аймагт 11, Хөвсгөл аймагт хоёр, нийт 149 хүнийг ажиглалт, хяналтад аваад байна. Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирсан. Эмчилгээ хийгдж байна.
Түүний биеийг урд шөнө ажиглаж хонолоо. Хамгийн гол нь сэтгэл санаа нь тогтворгүй байгаа. “Монгол Улсад халдвар тээгээд ирчихлээ. Францад намайг халдвар тараалаа гэж ярьж байна” гэх зэргээр өөрийгөө маш их буруутгаж байгаа. Эмчлэгч эмч нь зөвхөн хувь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй биш агаар дуслын замаар дамждаг халдвар тул тайван байхыг зөвлөсөн. Хүний сэтгэл санаа тайван байх нь тархлалыг бууруулдаг. Түүнд сэтгэлээ санааны болон бусад эмчилгээг хавсарч хийнэ. Манай эмчилгээ, үйлчилгээ, эмчид итгэж байгаагаа хэлсэн. Эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэгээр нөлөөлнө. Анх кемпэд тусгаарлахад үл тоож байсан бол одоо эмчтэйгээ ойлголцож, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн.
"Франц иргэн өөрийгөө маш их буруутгаж байгаа"
Covid19 “Цар тахал”–ын хэмжээнд хүрлээ
ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал”–ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар /2020.03.06/ 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.
ОХУ-д өнгөрсөн шөнө найман хүн шинээр халдвар авсан аж. Тэд бүгд сүүлийн хоёр долоо хоногт Италид байсан бөгөөд нэг нь хүүхэд байна. Тус улс нь Итали, Герман, Испани, Францын хоёр талын нийслэлийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа аж.
Харин БНХАУ-д коронавирусийн эрчимтэй тархалт намжиж, ард түмнийх нь амьдрал хэвийн үргэлжлэх нөхцөл нь бүрдээд байна. Тус улсад нийт 80 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авсан ч 61 мянга гаруй нь эдгэж, 3158 хүн өөд болсон. Одоогоор 16 мянга хүн халдвартай байгаа бөгөөд өнгөрсөн шинээр 12 хүн халдварласан нь эрчимтэй тархалт намжиж байна гэж үзэж байгаа ажээ. Covid-19-ийн гол голомт болсон Хубэй мужид халдварын тархалтын эрсдэл дунд зэрэг болон бага гэж үзэж, зорчигч тээврийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Мөн мужийн захиргаанаас ойрын хугацаанд аж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхээр болсон гэдгээ мэдэгдэв.
Гэхдээ Европын улс орнуудад коронавирус эрчимтэй тархаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоогоод байна.
Тодруулбал, Европын холбооны гишүүн улсын дундаас шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болж буй Итали улс хамгийн чанга хатуу хөл хориог тогтоосон аж. Итали улс хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн болон спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, сургууль болоон соёлын байгууллагуудыг хаав. Испани улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад өнгөрсөн шөнө 582 хүн шинээр халдвар авч, халдвараар өвчлөгсдийн тоо нийт 2227-д хүрсэн бөгөөд Мадрид болон Алавын сургуулиудад хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Вашингтон хотыг захирагч Мюриэл Боузер АНУ-ын нийслэлд онц байдлыг зарлав. Өмнө нь Covid-19-ийн халдварын улмаас Орегон мужид онц байдал зарласан билээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор улс даяар онц байдал зарлах боломжтой гэж мэдэгдэж байв. АНУ-д өнгөрсөн шөнө 286 хүн шинээр халдвар авч, нийт өвслөгсдийн тоо 1280-д хүрэв.
ӨНӨӨДӨР: Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Эрүүл мэндийн яам. 11.00 цагаас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи секундэд 5-7 метр. Шөнөдөө -23 градус, өдөртөө -7 градус хүйтэн байна.
АТГ таван хэргийг шүүхэд, найман хэргийг хаах санал гаргажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт /2020.03.02-06/ гэмт хэргийн шинжтэй 47 гомдол мэдээлэл хянан үзжээ.
Үүнээс 8 гомдол мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 3 гомдол мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна. Мөн 508 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 8 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 495 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 439, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.
Төвбанк бодлогын хүүг бууруулж 10 хувьд хүргэлээ
Мөнгөний бодлогын хорооны /2020.03.11/ ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
Жилийн инфляци 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.
Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Ц.Ганзориг: Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош халдваргүй гарлаа
Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг “Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа” гэж мэдээлэв.
Коронавирусийн халдвар илэрсэн франц иргэн нь /2020.03.02/ “Москва-Улаанбаатар” чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн зорчигчид, нисэх багийн 120 гаруй иргэнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулжээ. Ажиглалтад хамрагдаж, шинжилгээ өгсөн иргэдээс коронавирусийн халдвар илрээгүй буюу бүгд сөрөг гарсан талаар шинжилгээний хариу гарч эхлээд байна.
Шинжилгээний хариутай холбоотой албаны мэдээллийг ЭМЯ-наас 11:00 цагт танилцуулна.
Францын ЭСЯ иргэнийхээ аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийллээ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг /2020.03.10/ хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсэв.
Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор
олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүслээ.
Монголд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ
Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдлээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байдаг “Бадрах энержи” компанид ажилладаг 57 настай Францын иргэн /2020.03.02/ Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн нь ийнхүү коронавирусыг Монголд импортлосон тохиолдол боллоо.
Онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэхээр ажиллаж байна.
УОК- өнөөдөр /2020.03.10/ өглөө 06.00 цагаас эхлэн шуурхай хуралдаж өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд хөл хорио тогтоож, Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг иргэдэд нээлттэй худалдахыг шаардав
“Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Алтаншагай өнөөдөр (2020.03.09) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хурлаар тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа гуравдугаар сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд “Монгол зэс”-ийн томилгоотой есөн хүнийг ажлаас нь чөлөөлснөөс хойш энэ асуудлыг хариуцсан сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, УИХ-ын тогтоолд тодотгол хийж, 49%-ийн өмчлөлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэвээр байвал үйл ажиллагаа нь доголдох магадлал маш өндөр. Тийм учраас 49%-ийн хөрөнгийг нээлттэй, ил тод худалдаалж, иргэдэд худалдан авах боломж олгохыг хүсч байна. Хэрэв нээлттэй худалдвал худалдаж авахад бэлэн гэсэн баталгаа гарган 15 мянган иргэн гарын үсгээ зураад байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн хугацаанд ашигласан хүдрээс бий болсон хаягдал шороо буюу “үүсмэл овоолго” 10 гаруй бий. “Эрдэнэт уулын өгөөж” гэсэн төсөл дэмжигдсэн хэдий ч овоолгуудыг иргэдэд өгөхгүй байгаа нь хуульд нийцсэн хулгай үргэлжилсээр байна гэсэн хардлага төрүүлж байна. Үүнийг орон нутгийн мэдэлд өгөх нь Эрдэнэтийн иргэдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна” гэлээ.
Ц.Алтаншагай цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар тогтмол хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдсэн юм. Мөн дээрх асуудлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.
Дэлхийд түгээмэл хэрэглэдэг ТОП таван гадаад хэл
Дэлхийн хүн амын дийлэнх хувийг 200 угсаатан бүрдүүлдэг. Тэдгээр угсаатны 88 гаруй хувь нь өөрсдийн төрөлх хэлээрээ ярьдаг бөгөөд олон сая хүн бусад хэлийг хоёрдогч хэл болгон амьдрал, ажил, аялалдаа хэрэглэдэг гэнэ.
Хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэдэг доорх таван гадаад хэлийг эзэмшсэн тохиолдолд дэлхийн хүн амын 50 хувьтай төвөггүй ойлгоцлох юм байна.