2025.06.20, Баасан
spot_img

У.Хүрэлсүх тусгаар улсын Төрийн тэргүүн байж чадлаа

0
НҮБ-ын индэр дээрээс хэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг үйлдлийг манай хэвлэл, улс төрийн хүрээнийхэн дипломатууд онцлон сайшааж байна.
Тэрбээр ШХАБ-ын хуралдаанд оролцож, “Монгол Улс ажиглагчийн статусаа хадгална” гэж хэлснийхээ дараа НҮБ-ын индэр дээрээс энх тайваныг сурталчилна гэдэг их гүрний дундах жижиг улсын Ерөнхийлөгчийн хувьд үнэлэх зориг мөн.
АН-ынхан хүртэл түүний дидломат бодлогыг хүлээн хүлээн зөвшөөрөх болсны нэг нь Э.Бат-Үүл. Тэрбээр “Путиныг дагаж далдаганан Баттулгын орхиж өнжөөсөн НҮБ-ын индэр дээрээс Хүрэлсүх;тусгаар тогтносон,НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын төрийн тэргүүн шиг, их гүрнүүдийн хариуцлагыг сануулсан үг хэллээ дээ!” гэж жиргэсэн. Э.Бат-Үүлийн хэлсэн үнэн. Тэр бүрэн улсын Төрийн тэргүүн шиг, Монголыг ардчилал, эрх чөлөө, энх тайвны бэлгэ тэмдэг болгож чадлаа.

Тэрбээр дэлхий нийтэд хандаж, “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг ийнхүү тод илтгэж байна.Иймээс дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн бөгөөд манай улсын энэхүү гадаад бодлогыг олон улсад сайшаан дэмжиж байдгийн тод илрэл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн онцлон хэлсэн явдал юм. Монгол Улс олон улсын энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, олон санал, санаачилга дэвшүүлэн ажилласан бөгөөд үүний тод жишээ бол өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан явдал билээ. Өнгөрсөн 08 дугаар сард болсон НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнц цөмийн аюулаас ердөө ганцхан алхмын зайд байна” хэмээн сануулсныг Та бид мэдэж байгаа.

Иймээс энэхүү гэрээнд нэгдэн орсон улс орнуудаас гадна НҮБ-ын нийт гишүүн орнууд цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө улс төрийн хүсэл эрмэлзэл, эр зориг гаргаж, эх дэлхий, энх тайван, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ нэгдэн нийлж, хамтран зүтгэхийг уриалж байна” гэлээ.

Иргэн Д.Батбаяр: Өдөр, шөнөгүй машинтай орос иргэд цувж байна

0

ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу Өдрийн сонин сурвалжилсныг хүргэж байна.

ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа Оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэнтэй холбогдсон юм. Иргэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.


-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй оочир гэж тамтгаа алдаад байна.

-Дан залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр /2022 оны есдүгээр сарын 21-ний/-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ.


Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал. Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэдэг хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчлана гэсэн мэдэгдэл гарснаас хойш монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүст нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд гарсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочирлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочирлож байгаа машины тоо байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саалдгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн.


Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод эргэн ирж буй иргэн Г.Мягмардорж дараах мэдээллийг өгөв.

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан өнөөдөр /өчигдөр/ эргэн ирж байна.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод автомашины цуваа үүссэн байсан уу?

-Үгүй. Наашаа цаашаа ч ямар цуваа үүсээгүй хэвийн байсан.

-Одоо урт цуваа үүссэн, монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочирлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу асуух гээд хүн буугаад явсан.

-Ямар учиртай оочирлоод байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд голцуу байна уу?

-Тийм дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү.


ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараах зүйлийг тодрууллаа.

-ОХУ-аас монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юу?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүмүүсийг хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Тэгэж ч ерөнхийлөгч хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Нэг хамт ажилладаг хүний хүүхдийг анх татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэдэг мэдээлэл нь ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна.

Намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ

0

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 3-нд буюу даваа гарагт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр долдугаар сард баталсан билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

2/Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;

3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

4/Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

5/Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

6/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

8/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

9/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

10/Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

11/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

13/”Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/””Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

17/Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

18/Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

19/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

20/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

21/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

22/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;

23/Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

24/Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

25/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

26/Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

27/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

28/Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

29/Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;

30/Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;

31/Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

32/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

34/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

35/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;

36/”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

37/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

38/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

39/Тээврийн ерөнхий хуулийн төсөл;

40/”Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

41/”Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/””Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

43/Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

44/Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

45/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

46/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

47/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

48/”Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

49/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

50/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

51/Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

52/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

53/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Хүний генетикийн тухай хуулийн төсөл;

55/Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

56/Цусны донорын тухай хуулийн төсөл;

57/Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

58/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

59/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;

60/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;

61/Эвлэрүүлэн зуучлалын тухайхууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;

63/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

​Дэлхийн ихэс дээдсийн цугларалт ба Л.Оюун-Эрдэнийн тактик!

0

Их Британийн Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол Монголын цагаар Даваа гаригт болж энэ арга хэмжээнд дэлхийн 500 орны удирдагч оролцсон нь сүүлийн арван жилийн турш зохион байгуулагдаагүй ихэс дээдэс, улстөрчдийн хамгийн том цугларалт болсныг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Уг ёслолд Монголыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон агаад үүнийг жижиг улсын хувьд “нэр төрийн” хэрэг гэж хэлж болно. Тэр тусмаа дэлхийн улс төрийн байдал тун эвгүй байгаа энэ үед Монгол Улсыг тоож урьсан нь манай дипломат бодлого зөв замаар явж буйн илрэл. Үндсэндээ, Их Британийн хатан хаан II Элизабет болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэг оршоох ёслолд Монгол Улс оролцох нь манай Үндэсний аюулгүй байдлын нэг бодлого  юм.

Авторитари дэглэмтэй хоёр их гүрний дунд орших Монгол Улс олон улсад нээлттэй, идэвхтэй гадаад харилцааг эрхэмлэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнхийн хоёр хөршөө гомдоохгүйгээр, мөн гуравдагч түншүүдтэйгээ “хүйтэн харилцаа” үүсгэчихгүйн тулд ёстой л 13 мэхээ ашиглаж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй ч биз.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-нд Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд ганцаараа оролцсон. Энэ үеэр Английн шинэ хаан Чарльз, түүний гэргий нар Ерөнхий сайдыг Хатан хааныг үдэх ёслолд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэхдээ хэзээ нэгэн цагт  Монголд очиж морь унах хүслээ дуулгасан гэх. Ардчилал, идэвхтэй гадаад бодлогын үр дүн шүү дээ.

 Тэрчлэн Ерөнхий сайд Англид хийсэн айлчлалынхаа үеэр Английн дэд Ерөнхий сайд /манайхаар бол Шадар сайд гэсэн үг/, Гадаад хэргийн сайд, болон дэд сайд, Лондон хотын захирагч, төв банкны ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, ковидын дараах улс орон бүрд үүсээд буй үнийн өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна. Их Британи бол Монголтой дипломат харилцаа тогтоосон Европын анхны улс. Ирэх жил манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо.  Жаран жилийн ойн хүрээнд Английн хааныг Монголдоо урьж авчраад морь унуулж хүслийг нь гүйцээвэл манай улсын хувьд “гоё” сурталчилгаа болно байх.

Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд уригдаж, Английг зорихдоо Л.Оюун-Эрдэнэ зөвхөн эмгэнэл илэрхийлэхээр яваагүй нь ойлгомжтой. Ард нь улсаа сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцаагаа идэвхжүүлэх давхар тактиктай явсан нь мэдээж.  Тиймээс  дэлхийн ихэс дээдсүүдийн энэхүү цугларалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улстөрчтэй уулзаж, хамтын ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.  Тэрбээр Японы эзэн хаан, гэргийн хамт уулзах үеэр тэд Монголын тухай сайхан дурсамж тээж явдгаа хуваалсан гэх албан бус мэдээлэл ч байна.  Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч, Европын холбооны Ерөнхийлөгч нартай уулзжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл “НҮБ-ын дарга Антонио Гуттерештэй уулзсаны дараа Гадаад хэргийн сайдаа Монгол руу илгээсэн тухай, цаашид хоёр орны харилцаанд илүү сайн анхаарч ажиллах, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахыг урьсан” аж. Мөн Ерөнхий сайд Европын холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэрт нь талархал илэрхийлсэн байна. Канадын Ерөнхий сайд Трудотой хоёр орны найрсаг харилцаа, тэр дотроо уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ирэх онд Оюутолгойн далд уурхайн нээлт болох гэж буйг дуулгасан бол Францын Ерөнхийлөгч Макрон, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда, Сербын Ерөнхий сайд, Бутаны  хаан зэрэг нэг үеийн залуу төрийн тэргүүн нартай уулзаж улс орон бүрд тулгамдаж буй цаг үеийн асуудал, гарц шийдлийн талаар ярилцсан байна.

Тэрбээр ирэх Ням гаригт Японыг зорьж,  Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх ёслолд оролцоно. Тэнд мөн л дэлхийн улстөрчдийн цугларалт болох байх.

Ямар ч байсан явбал хүрнэ, хийвэл бүтнэ, суувал хоцорно гэж монголчууд хэлдэг. “Явсан нохой яс зууна” гэсэн үг ч байдаг.  Дэлхийн улстөрчдийн цугларалт, уулзалт хаана болно, тэнд Монгол оролцож л байх ёстой. Тэгж байж л авторитари дэглэмтэй, дайн байлдаан, цар тахалтай байгаа хоёр их гүрний дундах Монгол ардчиллаа авч үлдэнэ.

Г.ИНГА

Алс Дорнодын маршрут Монголын маршрутаас түрүүлж хэрэгжих магадлалтай

0

Хөрш гурван улс Орос, Монгол, Хятадын өндөр албан тушаалтнууд энд ч, тэнд ч уулзалдаж, харилцаа хамтын ажиллагааны талаар сайхан мэдээ хэлэлцсэн өдрүүд болж өнгөрч байна. Эдгээр уулзалтын оргил хэсэг нь есдүгээр сарын 15-нд гурван улсын төрийн тэргүүн зургаа дахь удаагаа Узбекийн Самарканд хотод уулзсан явдал юм. Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийдэг формат 2014 оноос тогтсон нь хэн хэндээ чухал ач холбогдолтойг хэлэхэд илүүц биз. Гурав дахь удаагийн буюу 2016 онд Тажикистаны Душанбед гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах түүхэн баримт бичгийг баталж, энэхүү баримт бичгийн хүрээнд 30 гаруй төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд харамсалтай нь эдгээр төслөөс бүрэн хэрэгжсэн нь хараахан үгүй байна.

Харин энэ баримт бичигт багтаагүй өөр нэг төсөл хэрэгжих магадлал өндөр байгаа нь Оросоос Монголын нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх төсөл юм. Есдүгээр сарын эхээр Оросын Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр болон сая Самаркандад хийгдсэн уулзалт, ярианаас үзэхэд тэгж дүгнэж болохоор байгаа ч асуудал байсаар байна.

Үйл явцын өрнөлийг харахад Оросын тал Монголын талтай хоолой барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг шат дараатай хийж байна. 2019 онд Оросын тал Монголын талтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан, 2020 онд энэхүү магистралийн ТЭЗҮ-ийг төслийг хэрэгжүүлэгч “Газпром” компани Монголын талд танилцуулж проток зурсан, төслийг хариуцан ажиллах тусгай зориулалтын “Газопровод Союз-Восток” ХХК-ийг 2021 оны нэгдүгээр сард Монголд байгуулсан.

Самаркандад гурван улсын төрийн тэргүүн байгалийн хий дамжуулах хийн хоолойн төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцолж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгджээ.

Гэвч төслийн талаар нарийн тодорхой мэдээлэл өнөөг болтол тодорхой болоогүй л байна. Ялангуяа Хятад улс байгалийн хий авах гэрээгээ Оростой хийгээгүй байгааг онцгой анхаарах шаардлагатай. Өмнөд хөрш авна гэдгээ хэлж байж, хойд хөрш манай газар нутаг дээгүүр хоолойгоо барих ажлыг эхлүүлэх учиртай. Энэхүү төсөл яригдаж байх хооронд нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, хэдийгээр байгалийн хийн хэрэгцээ Хятадад байгаа ч, худалдан авагч тал хямд үнийг худалдагч талд тулгах боломжтой болоод байна. Орос улс байгалийн хийн экспортын орлогоо Европын зах зээлээс голчлон олж байсан бол энэ оны хоёрдугаар сард Украины нутагт халдсанаас үүдэн Европын орнууд Оросын хийнээс татгалзаж, баруун чиглэлийн экспортын зах зээл нь тал хувь хумигдаад байна.

Монголын нутгаар дамжуулан авах “Союз-Восток” магистраль хоолой, “Сибирийн хүч-2” ч гэж бас нэрлэж байгаа энэ төсөл нь Хятадын хувьд Оросоос хий авах гурван төслийн нэг юм. Эхний “Сибирийн хүч” хоолойг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулсан. Энэ маршрут нь Монголын зүүн хилийн цаахнуур Оросын Алс Дорнодоос Хятадын зүүн хойд хилээр тавигдсан. Хоёр дахь маршрут нь одоо ид яригдаж байгаа Монголыг дайран өнгөрөх транзит шугам. Анх энэ маршрут нь Монголын баруун хилийн цаахнуур Оросын Алтайн хязгаараас Хятадын Шинжаан-Уйгур руу тавигдахаар яригдаж байсан ч олон хүчин зүйлийн улмаас цуцлагдан, чиглэл, нэрээ өөрчилсөн нь Монголыг дайран өнгөрөх магистраль шугам юм. Үүнээс гадна 2020 онд Хятадад зохиогдсон өвлийн олимпийн нээлтийн өмнөхөн хоёр хөрш гурав дахь маршрутын гэрээг үзэглэснийг мартаж болохгүй. Алс Дорнодын гэж нэрлэгдэж буй энэ маршрут нь “Сибирийн хүч-3” төсөл бөгөөд Оросын Сахалинаас Хятадын зүүн хойд чиглэлээр хий экспортлох хоолойн тавих юм. Энэ төсөл манай төслөөс шат илүү ахисан түвшинд байгаа төдийгүй богино хугацаанд хэрэгжин ажил хэрэг болох нөхцөл, магадлал өндөр юм. “Сибирийн хүч-3“ буюу Алс Дорнодын хоолойн ТЭЗҮ-г ерөнхийд дуусгасан тухай “Газпром” болон Хятадын төрийн мэдлийн CNPC компанийн 2022 оны есдүгээр сарын 6-нд болсон онлайн уулзалтаар ярьсан байна. Стратегийн бүтээгдэхүүнийг гуравдагч орноор дамжуулан авах ямар эрсдэлтэйг Европын орнуудын жишээ бэлхнээ харуулсан. Тиймээс “Сибирийн хүч-3” хэрэгжих магадлал монголчууд бидний хүлээж байгаа төслөөс илүү юм.

Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Союз-Восток” хоолой нь 962,9 км урт, хоолойн голч 1400 мм байх бөгөөд таван шахах станцтай байх юм. Хоолойн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум куб метр байх юм. 50 тэрбум куб метр гэдэг бол өндөр хүчин чадалтай байна гэсэн үг. 2021 онд хийн хоолой тавих зурвас газрыг тодорхойлох болон ТЭЗҮ-г боловсруулж дуусгах, “Газопровод Союз-Восток” компанид үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, 2022 онд инженер геодези, инженер геологи, инженер археологийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн талаар өмнө нь хэвлэлд мэдээлэл гарч байсан. Хоолойн маршрут ОХУ-ын Хиагтаас Сэлэнгийн Алтанбулаг, Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэл төмөр замын трассын дагуу тавигдана. Хий дамжуулсан төлбөр талаар тодорхой мэдээлэл гараагүй. “Манай улс уг хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Мөн байгалийн хийн эх үүсвэртэй болгох зорилгоор эхний ээлжинд 1-2 цахилгаан станц барих, магадгүй төмөр замын дагуу, хийн хоолойг дагасан суурьшлын шинэ бүстэй болох, тэдгээрийг цаашид өргөжиж хөгжихөд хийгээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аажмаар манай улс хийн хэрэглээнд шилжих зорилтыг тавьж байгаа” хэмээн Шадар сайд С.Амарсайхан 2021 оны сүүлээр мэдэгдэж байсан.

Оросын Хятадад одоо хий нийлүүлж байгаа “Сибирийн хүч-1” хоолойн дамжуулах хүчин чадал нь жилдээ 38 тэрбум куб метр. Гэвч төслийн бүрэн хүчин чадалдаа хараахан хүрээгүй байгаа ч хүчин чадлыг хоёр тал үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг “Газпром” албан ёсны сайтад мэдээлжээ. 2024 оноос төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөж байгаа юм.

Яригдаж буй гурван хоолойгоор дамжих хийг гурван өөр ордоос татна. 3000 гаруй км урт “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулж байгаа хийг Эрхүү, Якутын ордоос татаж байгаа. Монголоор дамжуулах “Союз Восток” хоолой нь Ямалын ордоос хийгээ авна, харин “Сибирийн хүч-3”-ын хийн эх үүсвэр нь Сахалин байх юм. Алс Дорнодын маршрут Оросын талд ч, Хятадын талд ч ашигтай тусахаар байна. Нэгдүгээрт, хий татах үндсэн дэд бүтцийн нэлээдгүй хэсэг бэлэн хийгдсэн байгаа, хоёрдугаарт, маршрутын хувьд дөт, гуравдугаарт, Сахалин арлын хавьд “Газпром”-ын эзэмшиж байгалийн хийн ордуудад хөрөнгө оруулах сэдлийг энэ гэрээ өдөөх учраас хөрөнгө санхүүгийн хувьд саад багатай гэж үзэж байна. “Газпром” нь Сахалин хавьд Киринский болон Южно-Киринский гэсэн хоёр ордыг эзэмшиж байгаа. Киринскийн ордыг 2014 оноос олборлож эхэлсэн бөгөөд төслийн хүчин чадал нь жилдээ 5,5 тэрбум куб метр. Өнгөрсөн 2021 онд уг ордоос 1,2 тэрбум куб метр олборлосон нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт байжээ. Харин Южно-Киринскийн олборлолтыг ирэх 2023 оноос эхлэхээр төлөвлөж байна. Южно-Киринскийн ордыг 2010 онд нээсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 611,7 тэрбум куб метр хэмээн нөөцийг тогтоосон.

Монголын нутгаар тавих “Союз Восток” хоолойн хувьд уг хоолойн Оросын нутгаар дайран өнгөрөх маршрут нь дотооддоо маш их шүүмж дагуулсан. Энэ маршрут нь хийн хэрэглээнд холбогдоогүй Сибирийн оршин суугчдын эрчим хүчний хэрэгцээг хангах давхар зорилго агуулж байгаа ч Ямалаас Сибирь рүү татах газар нутаг нь байгалийн хүнд ширүүн нөхцөлд явагдах бөгөөд, тэр чинээгээр зардал, цаг хугацаа шаардана.

Д.Нарантуя

Чимээгүй алуурчин: Даралт зөвхөн ахимаг насны "дарамт" биш

0

Бурханы алга шиг зүрхэн хэлбэртэй навч сул салхинд салхийж, зам дагуух улиас, хайлаас өнгө уусан ганхаад “бусад нь улирал, энэ харин урлаг” гэдэг цаг Улаанбаатарт минь айлчлав. Намрын өнгөөр тунарсан Улаанбаатарын гудамжинд та бидэнтэй таарч зөрөх таван хүн тутмын хоёр нь хориос дөч шүргэм насныхан. Энэ бол найрагчийн дуулдгаар шувууны сүүдэрт л дайруулаад өнгөрчихөж мэдэх шунхан улаан өнөөх үе. Энэ үеийнхэн ид асна, шатна, шантарна, ганхана, гунхана, унана, дахиад ургана. Яг л, намар бол навч болгон цэцэглэдэг хоёр дахь хавар гэдэг шиг.

Энэ хүмүүсээс артерийн даралт ихсэлтийн талаар асуувал юу гэж хариулах бол? “Ээжийнхээ даралтыг битгий ихэсгэчих, аавынхаа даралтны эмийг аваачаад өг, эмээ өвөө нарын даралт ихэсдэг” ийм бодлууд зурс зурайж мэдэх юм. Ингээд төсөөлөхөөр даралт гэдэг үг дарамт ч юм шиг санагдаж болох. Энд хүртэл гоёчилсон, далийлгаснаа шулуутгаад гол яриандаа оръё.

Цусны даралтыг артерийн судасны хананд цусны урсгал ямар хэмжээтэй даралт үзүүлж буйгаар хэмжиж тодорхойлно. Бидний биеэр цус байнга эргэж байхын тулд бидэнд мотор бас нацос хэрэгтэй. Тэр нь зүрх, судас. Тараах болон хураах хоёр замаар цус бидний дотор 24/7 эргэлдэнэ. Тараагаад байгаа судас нь артерийн судас бол, хурааж байгаа судас нь венийн судас болой. Тэгвэл артерийн даралт гэдэг нь зүрх агших болон сулрах үед таруугаар судасны хананд үзүүлж буй цусны урсгалын даралтын хэмжээг хэлдэг байх нь. Хэмждэг нэгж нь миллиметр мөнгөн усны багана (мм.муб). Бид дээд болон доод даралт гэж ярьж заншсан.

Дээд доод гэхээр нэг нь толгойнд байх даралтыг хэмжээд нөгөө нь хөлний даралтыг хэмжээд байгаа хэрэг биш л дээ. Түрүү нь дурьдсанчлан дээд даралт гэдэг нь зүрх агших үед үзүүлэх даралт, анагаахын нэршлээр систолын даралт, харин доод даралт гэдэг нь зүрх сулрах үеийн даралт буюу диастолын даралт юм.  Хүн болгоны хүүхэн хараа өөр гэдэг шиг бидний даралт ч бас хувь хүний нас, хүйс зэрэг онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Систолын даралт 80-120 мм.муб байдаг бол диастолын даралт 60-80 мм.муб хооронд тогтоно. Систолын даралтыг хуваах тэмдэгний (/) дээр бичдэг учраас дээд даралт, диастолын даралтыг энэ тэмдэгний дор бичдэг болохоор доод даралт гэж хэлж заншжээ. Хүн болгонд байдаг тогтсон энэ тоо 10 мм.муб ба түүнээс дээш ихсэхийг артерийн даралт ихсэлт гэж нэрлэдэг байх нь ээ.

Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн энэ өвчнөөр шаналж байгаа бөгөөд монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 байгаагийн цаад шалтгааны жинтэй хэсгийг артерийн даралт ихсэх өвчин эзэлнэ. Нэг нь нөгөөдөө уялдаагүй ганц ч эрхтэн бидний биед байдаггүй. Амин чухал энэхүү үзүүлэлт зүрх судасны төдийгүй, тархи, бөөр, дотоод шүүрлийн эрхтнээс үүдэлтэй үхэлд хүргэж болзошгүй. Даралт яг яагаад, яаж ихэсдэг, бидний бие дотор ямар ямар механизм явагддаг вэ гэдгийг нарийн тайлбарлавал бидэнд анагаахын бүтэн зузаан боть хэрэгтэй. Биеийн темпаратур, амьсгалын тоо, зүрхний цохилт, артерийн даралт хүний амьд байгаа шинжийг илтгэдэг амин үзүүлэлт болдог гэчихээр хичнээн чухал вэ гэдэг нь аандаа ойлгогдоно.

За тэгэхээр, хэний ч даралт ямар ч шалтгаанаар 10 мм.муб ба түүнээс дээш ихэсчихэж магад. Тиймээс даралтыг зөвхөн нас ахисан хөгшин хүнд л тохиолддог дарамт гэж бодоод тоомжиргүй орхиж ер болохгүй.

Нийтлэлийнхээ эхэнд Улаанбаатарын гудмаар алхаж байгаа залуу үеийнхнийг онцолж цохсон маань учиртай. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэг зорилт буюу урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс шалтгаалсан үхлийг таслан зогсоохын тулд төрийн болон олон улсуудын хөрөнгө оруулалтаар айл болгонд ойр байх өрхийн эмч, өрхийн эмнэлэг хүртэл шат шатандаа олон улсын байгууллага, төрийн захиргаа, хувь мэргэжилтнүүд бүгд дүр бүртээ тохирох ажлыг дор бүрнээ хийж байгаа. Гэхдээ иргэдийн оролцоо ялангуяа залуучуудын оролцоо үгүйлэгдээд байна. Ийм үзэгдлийг нийгэмд хурцаар тавигддаг сонгуулийн оролцоотой ч адилтгаж болох.

Улс төрийн сонгууль болгонд залуучуудыг, ялангуяа 18-25 насныхныг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалдаг хэдий ч залуусын оролцоо сонгууль болгонд сэтгэл гонсойлгодог. Сонгуульдаа очиж оролцдоггүй. Иргэд төрийг хамгийн ухаантай нь биш сонгуульд саналаа өгсөн хүмүүсээс хамгийн их оноо цуглуулсан хүн л удирддаг гэдгийг хайхардаггүй. Тэгээд дараа нь дөрвөн жил тутмын мөчлөгт улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, хөгжил дэвшил мэлхийн хурднаас ч удаан байгааг гайхан шогширч, энэ улсыг л орхиод явчихбал бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Хөгжиж дэвших гээд, харьд гарчих гээд залуус завгүй. Ийм завгүй, оролцоогүй хандлага нь артерийн даралт ихсэлт дээр ч анзаарагдана.

Завгүй болохоор артерийн даралт нь хэвийндээ хэд байдаг нь бүү мэд, нэг л мэдэхэд завгүй стресстэй явж байгаад тархинд цус харваад амь нас эрүүл мэндээрээ хохирчихож мэдэх. Хувь хүн өөрийн биеэрээ очихгүй л бол эмнэлэгт даралт хэмждэг сайн аппарат, чадварлаг эмч мэргэжилтэн байгаад, өндөр санхүүжилттэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тусыг эс олох шүү дээ.

…гэж төсөөлье, Бат зуун далан сантиметр өндөртэй, бор царайтай хүн гэдгийг хэн ч хараад хэлчихэж чадах,.. Харин Бат лав 120/80 мм.муб даралттай хүн шүү гэдгийг гаднаас хараад хэлэх боломжгүй. Тиймээс л анхан шатны нэгж буюу өрхийн эмчид залуучууд очих хэрэгтэй. Сэргийлэлт, хяналт, арчилгаа гэдэг ямар ч сэхээн амьдруулах, нөхөн сэргээх, эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй, мөн эдийн засаг, цаг хугацааны хувьд ач холбогдолтой. Өөрийн чинь даралт хэд байдгийг мэдэж байж “аа миний даралт их байна, арга хэмжээ авъя” гэж хөдлөнө үү гэхээс “аа даралт 120/80 байна, хэвийн” гээд хаячихаж болохгүй.

Дээр өгүүлсэнчлэн магадгүй хэвийн даралт нь 90/60 мм.муб байдаг хүнд 120/80 мм.муб бол тархинд цус харвачихаж мэдэх өндөр эрсдэл гэдгийг та харж байна. Байнга толгой яагаад байгаа нь мэдэгдэхгүй хөшиж өвдөөд, нүд бүрэлзэж ухаан балартахаасаа өмнө, гэнэт л хорвоог орхиод одчихгүйн тулд бид өөрийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Техник, технологи хурдтай хөгжсөн, мэдээллээр баялаг эл үед засрашгүй, эмчлэгдэшгүй өвчин ховор. Харин хожуу оношлогдсон, эмчлэх цаг хугацаа хүрэлцэхгүй байх зэрэг шалтгаан элбэг. Тиймээс энд дахиад нэг давтъя, сэргийлэлт, хяналт, арчилгаа асар чухал.

Артерийн даралт ихсэлт бол амин чухал эрхтнүүдийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулчихаж дөнгөдөг айхтар зүйл. Тиймдээ ч эмнэлэгийнхний дунд “чимээгүй алуурчин” гэдэг нэр зүүсэн байдаг. Жигүүрэндээ хүчтэй идэрхэн залуу танд энэхүү нийтлэл хэвийн даралтаа мэдэх сэдэл, сонирхол төрүүлсэн хэмээн итгэж байна.

Улаанбаатарын түгжирдэг зам шиг бужигнасан өдрүүд ар араасаа алсарч завгүй, амжихгүй хоёр байнга дөрөө хоршино. Гэхдээ энэ зуураа өөртөө цаг гаргаад хаа нэг өрхийн эмч рүүгээ ороод хэвийн даралтны хэмжээгээ мэддэг болоорой, хэрвээ даралт ихсэлттэй бол эмээ тогтмол ууж хянадаг байгаарай. Эцэст нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, эмчид ганцхан үзүүлээд “аа миний даралт тэд” гэдэг тогтсон тоо олж авахгүй, дор хаяж гурван удаа хэмжүүлж байж хувь хүн өөрийн хэвийн даралтны хэмжээг мэднэ.

Бас эмнэлгээс “өргөс” авах мэт хурдан үйлчилгээ битгий хүлээж байгаарай. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд стандартын дагуу чанартай үйлчилгээг хүргэх үүрэгтэй болохоос гал унтраах, ум хум түргэн үйлчилгээний цэг биш юм шүү.

Б.Бүжинлхам



Хаан банк сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зориулан нийтлэв.

У.Хүрэлсүх: ШХАБ-д Монгол ажиглагчийн статусаа хадгална

0
ШХАБ-ын ээлжит уулзалт Узбекистаны Самарканд хотноо болж байна. Монгол Улс ч ажиглагчийн байр сууринаас уг хуралдаанд оролцож ирсэн билээ. Х.Баттулга байхдаа ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэх асуудлыг хөндөж, олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулж байв.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-д Монгол Улсыг төлөөлж оролцохдоо төвийг сахисан байр сууриа хамгаалж чадлаа.
Тэрбээр “Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн.
Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа”-гаа илэрхийлжээ. Монголыг ШХАБ-д элсүүлэх сонирхлоо удаа дараа илэрхийлж ирсэн их гүрнүүдэд тэр энэ үгээрээ төвийг сахисан байр сууриа товч бөнөөд тод илэрхийлж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж чадлаа. Тэрчлэн Монгол Улс Ази, Европыг холбосон транзит Монгол болох амбицаа ч илэрхийлжээ.

У.Хүрэлсүх улсаа сайн сурталчилж байна

0

Монгол Улс энэ жил айлчин гийчид ихтэй байна. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монголд айлчиллаа. Үүний өмнө Японы, Оросын, Хятадын Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Гутерреш Монголд айлчилсан билээ. Эдгээр айлчлал болгон өөр, өөрийн онцлогтой, Монголд тодорхой үр дүн авчирсан агаад манай улсын хувьд том сурталчилгаа, үндэсний аюулгүй байдлын маань нэгээхэн хамгаалалт болж байна.

Мөн энэ бүхэн У.Хүрэлсүхийн улс төртэй холбогдох нь гарцаагүй.
Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоны дараагаас Монголын олон талт гадаад харилцаа буцаад идэвжсэн, сэргэсэн юм.

Тэр тусмаа дэлхийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хөрш орнуудын гадаад, дотоод улс төр тунд хүнд байгаа үед жижиг улсын Төрийн тэргүүн бодлоготой бодолтой байгаагийн нэг нь гадаадын элч төлөөлөгчийг урих, хүлээн авах зэргээр Монголыг олон улсад таниулах, сурталчилах, үндэсний аюулгүй байдлаа хангахад анхаарч буй явдал. Үнэндээ хоёр их гүрний дунд орших жижиг улсын зовлон их. Эдийн засгаа хөгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлаа хангахын тулд хөршүүдийнхээ, гуравдагч орнуудын арга эвийг олохоос эхлээд Төрийн тэргүүний хувьд У.Хүрэлсүхийн төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлогыг хангасан, ардчиллаа хамгаалсан том тоглолт хийж байгаад талархууштай.

0
Хоолыг эм мэт хэрэглэхгүй бол хожмоо эмийг хоол мэт хэрэглэх үе ирнэ гэдэг. Нэг ёсондоо хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл ч байна гэсэн үг.
Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгал хийх санал санаачилга гаргаж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг хууль тогтоомждоо анхаарч тусгахыг чиглэл болгосон. Үүний хүрээнд урдаас орж ирдэг төмсний импортын татварыг нэмсэн билээ. Ингэснээр нэг талаар үндэсний үйлдвэрлэл өргөжиж, нөгөө талаар эрүүл хүнсээр иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжтой болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой” юм.
Ямартай ч түүнийг НҮБ-ыг чуулганаас ирээд газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэр тариаланчид хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” санаачлагад талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Энэ жил төмс, хүнсний ногооны тариалалт хоёр дахин нэмэгдсэн нь үүний үр дүн юм.

Х.Баттулгын үлгэр үнэнд гүйцэгдэв

0

Ван И-гийн айлчлалаар Х.Баттулгын гацаасан Гашуунсухайтын төмөр замын асуудал Монголд нааштайгаар шийдэгдэж байна. Хятадуудтай төмөр замын холболтын цэгээ эцэслэн баталгаажуулна гэдэг нэг том асуудлаа шийдэж чадлаа гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Х.Баттулгаар дамжуулан оросуудын монголчуудтай хийсэн төмөр замын дайн дуусч, Монгол өмнөд хөрштэйгөө олон боомтоор холбогдохоор болж байна.

Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг эцэслэн шийдэж Зам тээврийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Элчин сайд Элчин сайд Цай Вэньруй нар гарын үсэг зурсан юм. Энэ жилдээ багтаж, Ханги-Мандалын төмөр замыг ашиглалтад оруулахаа Л.Оюун-Эрдэнэ амалсан. 1955 оноос өнөөдрийг хүртэл төмөр замын экспортын ганцхан шугамтай байсан бол таван чиглэлд төмөр замын экспортын гарцтай болох боломж нээгдэж байна. Мэдээж,  Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд нэн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой.

Хятад судлаач Х.Баатархүү дүгнэхдээ энэ бүхний эхлэл Ерөнхий сайд Бээжинд олимп үзэхээр явах үед тавигдсан гэж. Явсан нохой яс зуудаг гэдэг.  Ямар ч байсан эдийн засгийн хямралын араас хонгилын үзүүрт гэрэл цухалзаж л байна. Өрийн тааз, өрхийн амьдрал, үнийн өсөлт гээд Шри-Ланкын араас бараг гулсаад орчихно гэсэн үгүй бололтой, Монголд дефолт арай ч нүүрлэчихсэнгүй, ангижирч байх шиг.

Нөгөөтэйгүүр төр засаг тогтвортой байж гэмээнэ том төслүүд хөдлөх хэрэгжих боломжтой. Ялсан нам нь ялагдсан намынхаа бодлогыг хэзээ үргэлжлүүлж байлаа даа, энэ утгаараа гадаадынхан ч тогтвортой төртэй хамтрах хүсэл сонирхлоо илэрхийлдэг. Ван И ч Монголын улс төрийн тогтвортой байдлыг дэмжиж ажиллана гэсэн байна лээ. Ерөнхийдөө тогтвортой засагтай хамтарч ажиллана гэсэн далд мессеж байх. Нэг засагтай ажил төрөл яриад явж байтал өнөөх нь огцроод яриа, хөөрөөгөө ахиад эхнээс нь хийхээр хэн дуртай байхав. Ямар сайндаа л, манай дарга нарыг очихоор өмнөх ярьсан, хэлснээ хэрэгжүүлэхийг хэлж, сануулах нь ч байдаг.

Ийнхүү Монгол Улс өнөөдөр дэлхийн анхаарлын төвд, олон улсын сонирхлын цэг болжээ. Энэ боломжийг нь ашиглаж, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Ашгүй нэг элстэй гялгар уут цоолдог  стратеги дуусч байна. Үүнийг ойлгох гэж их ч хугацаа, их ч мөнгө алдлаа.