Бурханы алга шиг зүрхэн хэлбэртэй навч сул салхинд салхийж, зам дагуух улиас, хайлаас өнгө уусан ганхаад “бусад нь улирал, энэ харин урлаг” гэдэг цаг Улаанбаатарт минь айлчлав. Намрын өнгөөр тунарсан Улаанбаатарын гудамжинд та бидэнтэй таарч зөрөх таван хүн тутмын хоёр нь хориос дөч шүргэм насныхан. Энэ бол найрагчийн дуулдгаар шувууны сүүдэрт л дайруулаад өнгөрчихөж мэдэх шунхан улаан өнөөх үе. Энэ үеийнхэн ид асна, шатна, шантарна, ганхана, гунхана, унана, дахиад ургана. Яг л, намар бол навч болгон цэцэглэдэг хоёр дахь хавар гэдэг шиг.
Энэ хүмүүсээс артерийн даралт ихсэлтийн талаар асуувал юу гэж хариулах бол? “Ээжийнхээ даралтыг битгий ихэсгэчих, аавынхаа даралтны эмийг аваачаад өг, эмээ өвөө нарын даралт ихэсдэг” ийм бодлууд зурс зурайж мэдэх юм. Ингээд төсөөлөхөөр даралт гэдэг үг дарамт ч юм шиг санагдаж болох. Энд хүртэл гоёчилсон, далийлгаснаа шулуутгаад гол яриандаа оръё.
Цусны даралтыг артерийн судасны хананд цусны урсгал ямар хэмжээтэй даралт үзүүлж буйгаар хэмжиж тодорхойлно. Бидний биеэр цус байнга эргэж байхын тулд бидэнд мотор бас нацос хэрэгтэй. Тэр нь зүрх, судас. Тараах болон хураах хоёр замаар цус бидний дотор 24/7 эргэлдэнэ. Тараагаад байгаа судас нь артерийн судас бол, хурааж байгаа судас нь венийн судас болой. Тэгвэл артерийн даралт гэдэг нь зүрх агших болон сулрах үед таруугаар судасны хананд үзүүлж буй цусны урсгалын даралтын хэмжээг хэлдэг байх нь. Хэмждэг нэгж нь миллиметр мөнгөн усны багана (мм.муб). Бид дээд болон доод даралт гэж ярьж заншсан.
Дээд доод гэхээр нэг нь толгойнд байх даралтыг хэмжээд нөгөө нь хөлний даралтыг хэмжээд байгаа хэрэг биш л дээ. Түрүү нь дурьдсанчлан дээд даралт гэдэг нь зүрх агших үед үзүүлэх даралт, анагаахын нэршлээр систолын даралт, харин доод даралт гэдэг нь зүрх сулрах үеийн даралт буюу диастолын даралт юм. Хүн болгоны хүүхэн хараа өөр гэдэг шиг бидний даралт ч бас хувь хүний нас, хүйс зэрэг онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Систолын даралт 80-120 мм.муб байдаг бол диастолын даралт 60-80 мм.муб хооронд тогтоно. Систолын даралтыг хуваах тэмдэгний (/) дээр бичдэг учраас дээд даралт, диастолын даралтыг энэ тэмдэгний дор бичдэг болохоор доод даралт гэж хэлж заншжээ. Хүн болгонд байдаг тогтсон энэ тоо 10 мм.муб ба түүнээс дээш ихсэхийг артерийн даралт ихсэлт гэж нэрлэдэг байх нь ээ.
Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн энэ өвчнөөр шаналж байгаа бөгөөд монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 байгаагийн цаад шалтгааны жинтэй хэсгийг артерийн даралт ихсэх өвчин эзэлнэ. Нэг нь нөгөөдөө уялдаагүй ганц ч эрхтэн бидний биед байдаггүй. Амин чухал энэхүү үзүүлэлт зүрх судасны төдийгүй, тархи, бөөр, дотоод шүүрлийн эрхтнээс үүдэлтэй үхэлд хүргэж болзошгүй. Даралт яг яагаад, яаж ихэсдэг, бидний бие дотор ямар ямар механизм явагддаг вэ гэдгийг нарийн тайлбарлавал бидэнд анагаахын бүтэн зузаан боть хэрэгтэй. Биеийн темпаратур, амьсгалын тоо, зүрхний цохилт, артерийн даралт хүний амьд байгаа шинжийг илтгэдэг амин үзүүлэлт болдог гэчихээр хичнээн чухал вэ гэдэг нь аандаа ойлгогдоно.
За тэгэхээр, хэний ч даралт ямар ч шалтгаанаар 10 мм.муб ба түүнээс дээш ихэсчихэж магад. Тиймээс даралтыг зөвхөн нас ахисан хөгшин хүнд л тохиолддог дарамт гэж бодоод тоомжиргүй орхиж ер болохгүй.
Нийтлэлийнхээ эхэнд Улаанбаатарын гудмаар алхаж байгаа залуу үеийнхнийг онцолж цохсон маань учиртай. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн нэг зорилт буюу урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс шалтгаалсан үхлийг таслан зогсоохын тулд төрийн болон олон улсуудын хөрөнгө оруулалтаар айл болгонд ойр байх өрхийн эмч, өрхийн эмнэлэг хүртэл шат шатандаа олон улсын байгууллага, төрийн захиргаа, хувь мэргэжилтнүүд бүгд дүр бүртээ тохирох ажлыг дор бүрнээ хийж байгаа. Гэхдээ иргэдийн оролцоо ялангуяа залуучуудын оролцоо үгүйлэгдээд байна. Ийм үзэгдлийг нийгэмд хурцаар тавигддаг сонгуулийн оролцоотой ч адилтгаж болох.
Улс төрийн сонгууль болгонд залуучуудыг, ялангуяа 18-25 насныхныг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалдаг хэдий ч залуусын оролцоо сонгууль болгонд сэтгэл гонсойлгодог. Сонгуульдаа очиж оролцдоггүй. Иргэд төрийг хамгийн ухаантай нь биш сонгуульд саналаа өгсөн хүмүүсээс хамгийн их оноо цуглуулсан хүн л удирддаг гэдгийг хайхардаггүй. Тэгээд дараа нь дөрвөн жил тутмын мөчлөгт улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, хөгжил дэвшил мэлхийн хурднаас ч удаан байгааг гайхан шогширч, энэ улсыг л орхиод явчихбал бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Хөгжиж дэвших гээд, харьд гарчих гээд залуус завгүй. Ийм завгүй, оролцоогүй хандлага нь артерийн даралт ихсэлт дээр ч анзаарагдана.
Завгүй болохоор артерийн даралт нь хэвийндээ хэд байдаг нь бүү мэд, нэг л мэдэхэд завгүй стресстэй явж байгаад тархинд цус харваад амь нас эрүүл мэндээрээ хохирчихож мэдэх. Хувь хүн өөрийн биеэрээ очихгүй л бол эмнэлэгт даралт хэмждэг сайн аппарат, чадварлаг эмч мэргэжилтэн байгаад, өндөр санхүүжилттэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тусыг эс олох шүү дээ.
…гэж төсөөлье, Бат зуун далан сантиметр өндөртэй, бор царайтай хүн гэдгийг хэн ч хараад хэлчихэж чадах,.. Харин Бат лав 120/80 мм.муб даралттай хүн шүү гэдгийг гаднаас хараад хэлэх боломжгүй. Тиймээс л анхан шатны нэгж буюу өрхийн эмчид залуучууд очих хэрэгтэй. Сэргийлэлт, хяналт, арчилгаа гэдэг ямар ч сэхээн амьдруулах, нөхөн сэргээх, эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй, мөн эдийн засаг, цаг хугацааны хувьд ач холбогдолтой. Өөрийн чинь даралт хэд байдгийг мэдэж байж “аа миний даралт их байна, арга хэмжээ авъя” гэж хөдлөнө үү гэхээс “аа даралт 120/80 байна, хэвийн” гээд хаячихаж болохгүй.
Дээр өгүүлсэнчлэн магадгүй хэвийн даралт нь 90/60 мм.муб байдаг хүнд 120/80 мм.муб бол тархинд цус харвачихаж мэдэх өндөр эрсдэл гэдгийг та харж байна. Байнга толгой яагаад байгаа нь мэдэгдэхгүй хөшиж өвдөөд, нүд бүрэлзэж ухаан балартахаасаа өмнө, гэнэт л хорвоог орхиод одчихгүйн тулд бид өөрийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Техник, технологи хурдтай хөгжсөн, мэдээллээр баялаг эл үед засрашгүй, эмчлэгдэшгүй өвчин ховор. Харин хожуу оношлогдсон, эмчлэх цаг хугацаа хүрэлцэхгүй байх зэрэг шалтгаан элбэг. Тиймээс энд дахиад нэг давтъя, сэргийлэлт, хяналт, арчилгаа асар чухал.
Артерийн даралт ихсэлт бол амин чухал эрхтнүүдийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулчихаж дөнгөдөг айхтар зүйл. Тиймдээ ч эмнэлэгийнхний дунд “чимээгүй алуурчин” гэдэг нэр зүүсэн байдаг. Жигүүрэндээ хүчтэй идэрхэн залуу танд энэхүү нийтлэл хэвийн даралтаа мэдэх сэдэл, сонирхол төрүүлсэн хэмээн итгэж байна.
Улаанбаатарын түгжирдэг зам шиг бужигнасан өдрүүд ар араасаа алсарч завгүй, амжихгүй хоёр байнга дөрөө хоршино. Гэхдээ энэ зуураа өөртөө цаг гаргаад хаа нэг өрхийн эмч рүүгээ ороод хэвийн даралтны хэмжээгээ мэддэг болоорой, хэрвээ даралт ихсэлттэй бол эмээ тогтмол ууж хянадаг байгаарай. Эцэст нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, эмчид ганцхан үзүүлээд “аа миний даралт тэд” гэдэг тогтсон тоо олж авахгүй, дор хаяж гурван удаа хэмжүүлж байж хувь хүн өөрийн хэвийн даралтны хэмжээг мэднэ.
Бас эмнэлгээс “өргөс” авах мэт хурдан үйлчилгээ битгий хүлээж байгаарай. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд стандартын дагуу чанартай үйлчилгээг хүргэх үүрэгтэй болохоос гал унтраах, ум хум түргэн үйлчилгээний цэг биш юм шүү.
Б.Бүжинлхам
Хаан банк сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зориулан нийтлэв.