2025.05.13, Мягмар
spot_img
Нүүр хуудас блог хуудас 149

ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна

0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сараас хойш нийт 3325 хүн тусгаарлагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт Орхон аймагт 42, Баян-Өлгий аймагт 34, Дархан-Уул аймагт дөрөв, Сэлэнгэд хоёр, Дорнодод 18 иргэн ОХУ-тай хиллэдэг хилээр орж ирж, ажиглалтад орсон байна. Ажиглалтад байгаа иргэдтэй хамт тусгаарлалтад 297 хүн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Халдвар эхээс урагт дамжих, төрөлхийн гажиг бий болох гэсэн зүйл одоогоор нотлогдоогүй байна. Халдвартай иргэн амны хаалтаа зүүн, хүүхдээ хөхүүлж болно.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 19-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоо 200 гаруй хүнээс сорьц авч шинжилнэ. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна. Алтанбулагийн боомтоор өчигдөр /2020.03.23/орж ирсэн зорчигчдоос Орхон аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт гурван тохиолдлыг сэжигтэй гэж үзэн ажиглалт хийж байна. Сорьц Улаанбаатар руу гарсан .

А.Меркелийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

0

Германы Канцлер Ангела Меркельд үзлэг хийсэн эмчээс коронавирусийн халдвар илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Үүний дараа Канцлер өөрийгөө гэртээ тусгаарлаж, шинжилгээ өгсөн юм.

Тэгвэл Ангела Меркелийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай тус улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Өдгөө 65 настай Ангела Меркелийн биеийн байдал сайн, гэрээсээ ажиллаж байгаа, дараагийн шатны шинжилгээг удахгүй хийнэ гэж албаны эх сурвалжийн мэдээлэлд дурдсан байна.

Герман улс коронавирусийн халдварын тоогоор дэлхийд тавдугаарт жагсч байгаа ба нийт халдвар авсан хүний тоо 29,056 болж, нас барагсдын тоо 123-т хүрсэн байна.

Токиогийн зуны олимп хойшиллоо

0

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярьсан байна.

Тэрээр “ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч 7 дугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр “USA Today” сонинд ярьсан байна.

Тэрээр зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа мөн дурьджээ. Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого хүлээгдэж байгаа.

ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпын хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэхээр болсон юм. Учир нь өчигдөр л гэхэд Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо зарласан тул эцэст нь ийм шийдэлд хүрэхээс аргагүй болжээ.

Даширамд дурдахад олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй. Харин 1916, 1940, 1944 онуудад дайнаас үүдэн бүр мөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.

Гуравдугаар сарын 28-наас ихэнх нутгаар дулаарна

0

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна. Өчигдөр шөнөдөө Увсын нутаг, Завханы хойд хэсгээр цас орсон бол өнөөдөр өдөртөө Хөвсгөлийн зүүн хэсгээр их цас орно. Өдөртөө Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. Ховд аймагт өнгөрсөн шөнө анхны бороо оржээ. Увс аймагт цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Хур тунадасны хэмжээ 10 мм-ээс дээш орвол байгалийн гамшигт үзэгдэл гэж үздэг аж.
Гуравдугаар сарын 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус  хүйтэн байна. Гуравдугаар сарын 28-наас ихэнх нутгаар дулаарна.
 

Францад таван эмч нас баржээ

0

Францад шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас таван эмч нас барсан тухай France Info цахим хэвлэлд мэдээлжээ. Хамгийн сүүлд 70 настай эмч Кольмарт, 68 настай эмч Тревенанд нар нас баржээ.

Компьены эмнэлэгт шөнийн ээлжинд жижүүрлэж байсан 67 настай эмч энэ сарын 21-нд нас барснаар эмч нарын дунд анхны нас баралт бүртгэгдсэн юм.

Даваа гарагт халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан хоёр эмч нэмж нас барсан тухай Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдээлсэн.

Тэгвэл “Өнөөдөр Францын эмч нар дахин хоёр мэргэжил нэгт нөхдөө үүрд үдэж байна” гэж тэрбээр өдөр тутам хийж буй хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад коронавирусний 19,856 тохиолдол бүртгэгдэж, 860 өвчтөн нас барсан байна.

ӨНӨӨДӨР морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

Өнөөдөр: Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

12.00 цагт: МҮХАҮТ-д эдийн засагчид “COVID 19: Эдийн засаг дахь нөлөө буюу компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ, судалгаа” сэдвээр мэдээлнэ.

Улаанбаатар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-7 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

АН-ын даргын аймаар МЭДЭГДЭЛ

0

“Ардчилал бол Монгол Улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болоод байна”.

Гурван сарын өмнө, 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тавьсан илтгэлийн нэгээхэн эшлэл.

Энэхүү үйл явдлаас хойш яг дөрвөн сарын дараа тэрбээр “Цар тахлын бодит аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад Ардчилсан нам санал нэгдэхгүй байна” гэсэн нь хамгийн мэдрэмжгүй хийгээд намдаа төдийгүй өөртөө хасах оноо цуглуулсан үг, үйлдэл болов.

Улс төр талаасаа сонгуулийн өмнө, хүн талаасаа онцгой гамшгийн үед С.Эрдэнэ ийм үг хэлэх ерөөсөө болохгүй юм. Учир нь, түүний хэлэх үг бүр Ардчилсан намд очиж наалдана. Тиймээс С.Эрдэнэ дарга цагаа олж, үгээ бодож хэлэх ёстой байлаа.

С.Эрдэнэд хайртай, дуртайдаа Ардчилсан намыг хүмүүс дэмждэг юм биш ээ. Хүний эрх, эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйл, Ардчилсан нам нь Монголын ардчиллаар овоглодгийн хувьд энэ намыг дэмжиж ирсэн нь ирсэндээ бараг ичиж, харамсах шахсан биз, өчигдрийн хувьд.

Хувь хүний хамгийн том эрх нь амьд явах эрх. Хэн ч хэзээ ч хөндөж болохгүй жам ёсны заяамал эрх. Гэмт хэрэг хийсэн хүн ч амьд эрхтэй. Энэ бол ардчилал. Монгол ардчилсан улс. Иргэнээ хэлмэгдүүлж бас хаяж болохгүй. Ядуу, баян байхаас үл хамаараад аль ч улс иргэнийхээ амьд явах эрхийг хамгаалах нь үүрэг.

Тийм ч учраас дэлхийн 173 оронд тархаж байгаа цар тахлын үед олон орон гаднаас иргэдээ авчирч байна. Монголын төр ч ялгаагүй монгол хүний амьд явах эрхийг хуулиар болон эдийн засаг, нийгмийн хувьд бодитойгоор хамгаалах ёстой. Үүрэг нь ч тийм. Үүргээ биелүүлж, гамшиг зовлонтой үед гадаадад байгаа иргэдээ ээлж дараагаар авчирч байгаад нь хууль тогтоох УИХ-ын гишүүн, хүний эрхийг дээдлэгч намын дарга С.Эрдэнэ талархаж мэдэхгүй юмаа гэхнээ “Нийт монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу” гэх үг амнаасаа унагах нь ичгэвтэр байлаа.

Хэрэвзээ Засгийн газар иргэдээ гадаадаас авчрахдаа авлига авсан, эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхдүүдэд илүү боломж олгосон бол асуудал нь өөр болно. Арай ч С.Эрдэнэ даргын хардаж байгаачлан ийм муухай үйлдэл гаргаагүй байлгүй дээ, УОК-ынхон.

Жишээлбэл, МИАТ-ын тусгай үүргийн онгоцоор Сөүлээс нийтдээ 244 хүн ирсний 55 өндөр настан, 82 нь эрүүл мэндийн, 13 нь жирэмсэн, зургаа нь хөгжлийн бэрхшээлтэй, 79 нь бага насны, ес нь хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ.  Засгийн газрын зүгээс эхний ээлжинд эрсдэлт бүлгийн иргэдээ авчирч байгаа, энэ яагаад С.Эрдэнэ даргад таалагдсангүй вэ?

Олон хүн хайртай бүхэндээ “баяртай” гэж хэлэх эрхгүй, хамгийн сүүлийн удаа харж ч чадахгүй амиа алдаж байна. Энэ вирусээр өвчилчих вий гэсэн айдас хүн болгонд бий, үнэн. Гэхдээ тэд санаатайгаар тусаагүй. Харин санаатайгаар өвчнөө нууж, бусдад халдвараа тараасан бол өөр хэрэг. Үндэстний эсрэг гэмт хэрэг. Монголын төр харин иргэдээ эрүүл өвчтэйгээр нь ялгаварлан гадуурхах эргүй. Ингэвэл төр байхын шалтгаан үгүй болно. Монгол Улсын иргэн гэж явахын итгэл алга болно.

Дэлхийд нийтийг хамарсан энэ цар тахал баян, ядуу, хар, шар цагаанаар нь ялгахгүй халдварлаж, улс орон бүр нэг ч гэсэн иргэнээ вирусээс хамгаалах, туссан иргэдээ эмчилж эдгээхийн төлөө чардайж, чармайж байна. Монгол Улс ч цар тахлыг тархааргүй, иргэдээ хамгаалахын төлөө гурван сар гаруйн хугацаанд мэдрэмжтэй, шуурхай ажиллаж байгааг бас үгүйсгэж болохгүй.

Их гүрнүүд хүртэл барьц алдаж, сандарч, хяналтаа алдаж байгаа энэ хүнд, хэцүү үед хүнээ аврах, хүмүүсээ хамгаалахын төлөө цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын олон хүн нойр, хоолгүй ажиллаж байна. Тэглээ гээд тэд гомдол нэхээгүй. Хүнээ авчирч, эмчилж эдгээнэ л гэж сууна.

Хагаралдаж улстөржих цаг үе гэж байдаг ч биз, хамтарч эвлэлдэх цаг гэж бий. Яг өнөөдөр аюулт цар тахлаар улс төр хийж, сөрж, сөрөг хүчин болох шаардлагагүй, муухай харагдана. Эсрэгээрээ С.Эрдэнэ дарга хамтарч, дэмжиж, хандив мөнгө болсон бол гоё харагдаж, эерэг оноо илүү цуглуулах байж. Харамсалтай нь, ардчиллыг өмчилж ирсэн АН-ын даргаас айхын шалтгаан өчигдөр харагдав

Нүүрс тээвэр эхэллээ

0

Энэ сарын 15-наас эхлэх байсан нүүрс тээврийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээвэр эрхлэгч компаниуд хамтран хэрэгжүүлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор нүүрс экспортлох ажил хоёр сар зогсоод байсан юм.

Тус боомтоор нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийнэ. Мөн жолооч нар халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Түүнчлэн эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй чингэлгээр нүүрсийг тээвэрлэх бөгөөд одоогоор шаардлага хангасан компаниудын автомашин тээвэрлэлтэд явж эхлээд байна.

ОХУ-аас ирэх монголчуудыг ирэх Бямба гаригаас оруулахгүй

0

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасныг танилцууллаа.  Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 30 хүртэл агаар, газрын замын боомтуудаар зорчих тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. ОХУ дахь монголчууд эх орондоо ирж буйтай холбогдуулан уян хатан бодлого гаргасан. Тухайлбал:

  • Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас хаана.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаах юм байна
  • Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.

ОХУ-ын Ташантай боомт, Цагаан нуур боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан 36 оюутан байна.  Үүнээс 11 өнөөдөр Монголын хилээр орж ирж байгаа,  тэднийг байрлуулах тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Хятадтай хил залгаа боомтуудын үйл ажиллагааг  хязгаарлажээ. Харин ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:Он гарснаас хойш Монгол Улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар хилийн чанадад 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өдөр бүр иргэддээ түгээж байна. Юуны өмнө иргэд олон нийтэд хэлэхэд  ОХУ болон гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. БНХАУ гадаад улсаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас гадаадаас ирж байгаа иргэдэд өндөр хяналт тавьж 14 хоног тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс БНХАУ болон ОХУ-аар дамжин эх орондоо ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа иргэдийг чартер нислэгээр татан авах асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.
ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр: Тусгаарлах байранд хүмүүс тасралтгүй ирж байгаа. Нэг дор бөөнөөрөө ирж байгаа тохиолдол ховор. Дамжин өнгөрөх байрыг бэлтгэчхээд хүмүүсээ тусгаарлах байр руу 40-45 хүний суудалтай автобусаар тээвэрлэж байна. Нэг хүнийг тухай бүр тээвэрлээд явах нь хүндрэлтэй учраас бөөгнүүлж байгаад тээвэрлэж байгаа. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөө дураар байдаг зүйл биш. Одоо л  жигдэрч эхэлж байна. Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байруудыг хөндлөнгөөс ажиглах ажлыг зохион байгуулж байгаа. Бага баян амралт дээр очиж үзсэн. 2-3 хоног хүн байхгүй үед жавар хурсан хүйтэн байсан учраас халаалтыг нэмэгдүүлж шаардлагатай гудас хөнжлийг нэмж  өгч байна. Тусгаарлах байранд сүүлийн   ирж байгаа хүмүүсийн ихэнх нь ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа.  Тэдний ар гэрийнхэнд хандаж хэлмээр байна. Хүүхдүүддээ тусгаарлах байранд байхдаа дүрэм журам зөвлөмжийг чандлан биелүүлээрэй гэж  дамжуулж хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудлууд гарсан.

УИХ-ын гишүүн Н.Учрал МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцана

0

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч долоо хоногт хуралдаж, Бага хурлаа өнөөдөр цахимаар хуралдуулахаар болжээ. Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирусын улмаас ийнхүү цахимаар хуралдаж байгаа юм.

Тэгвэл энэ удаагийн Бага хурлаар УИХ-ын 2020 сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээс гадна хэд хэдэн томилгоог эцэслэх аж.

Тодруулбал, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН-ын УИХ-ын 2020 сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар Н.Учрал, нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг томилохоор Удирдах зөвлөл дээрээ тохиролцжээ.

Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрүүдийг өнөөдрийн Бага хурлаар эцэслэх юм. Дашрамд дурдахад, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд 3 дугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх ёстой.