2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 147

Марс уу Монгол уу???

0

Орос, Хятад үүдээ хаалаа

0
Орос-Хятад

Шинэ коронавирусын халдвар дэлхийн 201 орон тархаж, улс орнууд хаалга, үүдээ түгжиж эхэллээ.  Ихэнх улс орон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, зарим ч тусгай үүргийн онгоц нисгэхгүй гэдгээ ч зарлаад байна. Монголын хоёр хөршид байдал эвгүйтэж, Хятад улсад гаднаас халдвар зөөвөрлөгчдийн тоо нэмэгдэж байгаа тул мөн л хилээ хаах шийдвэр гаргажээ.

ОРОС

Хойд хөршид коронавирусийн халдвар авсан хүний тоо хоногийн дотор 182-оор нэмэгдэж, 840 болов. Орос гурван хүн уг халдвараар өвчилж нас барсан. Тиймээс В.Путины засаг захиргаа 2020 оны гуравдугаар сарын 27-ны шөнөөс олон улсын болон чартерийн бүх нислэгээ түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ талаар Оросын иргэний агаарын тээврийн “Росавиация” мэдэгдэж, Засгийн газраас тусгайлан зөвшөөрсөн чартер нислэг  хийгдэхийг зарлажээ.  ОХУ-ын Засгийн газраас гадаадад хөл хорионд орж, эх орондоо эргэн ирэх боломжгүй болсон иргэдээ аль болох халдвараас сэргийлэх арга хэмжээг авч, эсэн мэнд байхыг зөвлөсөн байна. ОХУ өнгөрсөн долоо хоногоос гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Москва хотод илүү хатуу арга хориг тавьжээ.

ХЯТАД

Хятад улсад гадаадаас зөөвөрлөгдсөн бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдэж буй тул өнөөдөр /2020.03.27/-өөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Хятад руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад улсын иргэд, тэдгээрийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа гэнэ.

Ням гаригаас эхлэн Хятадын иргэний нислэгийг удирдах газар шинэ хязгааарлалтын журам хэрэгжүүлэхээр болжээ. Уг журамд зааснаар,

  • Хятадын бүх авиа компани гадаадын нэг улсаас нэг хотын чиглэлд долоо хоногт ганц удаа нисэх
  • Нислэгийн суудал нь 75 хувиас хэтрэхгүй дүүрэлттэй байх
  • Гадаадын авиа компани бүр долоо хоногт нэг удаа Хятадын ганцхан хотын чиглэлд нислэг үйлдэх шийдвэрийг гаргасан байна.

УИХ-ын чуулганы цахим хуралдааны дэгийг тогтооно

0

Хуульд зааснаар УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 6-ны Даваа гаригийн 12.00 цагт нээлтээ хийнэ. Гэвч, цар тахлын халдвараас сэргийлж, олон нийтийн цугларалт, хурал чуулганыг УОК-оос хориглосон. Тиймээс чуулганыг хуралдааныг цахимаар явуулахаар болсон. УИХ-ын чуулган, байнгын хороодын цахим хуралдааныг хэрхэн зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан “Хурлын ажиллагааг УИХ-ын нэгдсэн хуралдааны болон А, Б, В, Г танхимуудад зохион байгуулна. Шаардлагатай бол Нээлттэй сонсголын танхимыг ашиглах боломжтой. Нэг танхимд 20 хүртэл гишүүн байхаар тооцож байгаа. Тусгай программ ашиглаж, танхимуудад байгаа дэлгэцээр дүрсийг харуулах байдлаар зохион байгуулна” гэжээ.

Мөн цахим хуралдааны дэгийг тогтоосон нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нарын зэрэг гишүүн ажиллаж байна. Төслийн талаар хэлэлцүүлэг хийж, гишүүдээсээ санал авна. Улмаар УИХ-ын даргад өргөн барьж, Байнгын хороо, Нэгдсэн чуулганаар хэлэлцэж батална.

COVID-19: Өмнөд Солонгост 96 настай эмэгтэй эдгэрчээ

0

Шинэ коронавирусийн халдварт хамгийн ихээр өртөж, амиа алдаж байгаа хүмүүс бол ахмад настнууд. Гэхдээ ахмад настнууд ч эдгэж болохыг Швейцарийн 80 настай эмэгтэй, Өмнөд Солонгосын иргэн 96 настай эмэгтэй нар харууллаа. Тэд COVID-19 өвчний дараа бүрэн эдгэрсэн улсынхаа хамгийн өндөр настай өвчтөн болжээ. Өмнөд Солонгосын Чёндо аймгийн оршин суугч эмэгтэй өчигдөр буюу Лхагва гарагт эмнэлгээс гарч, гэртээ харьсан байна. Тус аймаг нь Өмнөд Солонгосын коронавирусийн тархалтын гол төв Дэгү хоттой ойрхон оршдог юм. Гуравдугаар сарын 13-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон эмэгтэй Дэгү хотын Похан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байжээ.

Похан эмнэлэгт одоо 103 настай бас нэг өвчтөн эмчлүүлж, бие нь сайжирч байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй

0

Улсын онцгой комисс/УОК/ өчигдөр /2020.03.26/  гадаадад байгаа Монгол иргэдээ татах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах талаар хуралдсан билээ. Улмаар БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэхээр болсон. Тэгвэл Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.


Өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй

УОК-ийн /2020.03.26/ хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт  гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ын төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

-Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн  шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг ЭНЭ холбоосоос авна уу.

– Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа (1 сая 50 мянган төгрөг) төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

-Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.

– Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөлөө.

Х.Баттулга: Ард түмнээ айлгаж байгаа юм биш, сонгуулийг хойшлуулъя

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна.

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Турк, Герман Монголоос онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн

0

Улсын онцгой комиссын шуурхай штаб ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.26/ хийлээ.  Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улс гадаадад буй иргэдээ татаж авч байна. Австралийн Засгийн газар өнөөдөр /2020.03.26/ Монгол Улс дахь зургаан иргэнээ татаж авах хүсэлтээ илгээж, шийдвэрлэсэн. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-ын Засгийн газар Монгол Улсаас 200 гаруй иргэнээ татаж авахаар болсон.

Гадаадад буй Монгол Улсын 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн. Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван онгоц ниснэ. Эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өглөө 08.00 цагт Сөүл,  дөрөвдүгээр сарын 3-ны шөнийн 01.00 цагт Токио руу ниснэ. Ингээд  дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 08.30 цагт Сөүл рүү дахин ниснэ. Сөүлээс 2000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан тул тусгай үүргийн онгоцыг хоёр удаа нисгэж байна.

Энэхүү гурван нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлана. Мөн тухайн улсдаа шинэкоронавирусийн шинжилгээ өгөхийг шаардаж байна.

Турк улс дэлхийн 65 орноос онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Нөхцөл байдал хэвийн болсон үед онгоц хүлээн авна гэсэн тул Турк рүү онгоц нисгэхгүй. Герман мөн адил онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн байж болох хувилбар Франкфурт гэж тооцоолсон ч Германд нөхцөл байдал хүндэрч байгаа тул цаашид онгоц нисэхгүй. ОХУ-ын Улаан-Үд хотод шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс бид хилээ хаахаас өөр аргагүйд хүрч байна. Хилээ хаах, тусгаарлах байр гэх мэт асуудлыг судалж байна.

Тусгаарлалтын хоногийг сунгах эсэхийг өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комиссын хурлаар шийднэ.

Ц.Сандуйг батлан даалтад гаргажээ

0

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд гуравдугаар сарын 24-нд батлан даалтаар гаргажээ. Одоогоор энэ тухай шүүхийн албан ёсны хэвлэлийн мэдээ хараахан гараагүй байна.

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Харин Ц.Сандуй анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох гомдлыг хэлэлцээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм.

Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг энэ оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэж байсан ч Давж заалдах шатны шүүх хурлаас батлан даалтад гаргажээ. А.Ганбаатарыг суллаагүй юм байна. Мөн бичлэг хийсэн Г.Доржзодовыг прокуророос яллагдагчаар татсан юм.

Коронавирусээр халдварласан тохиолдол Монголд 11 боллоо

0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 200 оронд бүртгэгдэж, Гвиней, Мали зэрэг африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Шинээр дөрвөн улсад өвчлөл бүртгэгджээ. Өвчлөлийн хувьд АНУ голомтыг тэргүүлж эхэллээ. Мөн Испани улсад өвчлөл шинээр эрчимтэй нэмэгдэж байна. Тус улсад бүртгэгдэж буй тохиолдол БНХАУ-ыг давах магадлал өндөр байгаа аж. ДЭМЯ-аас өвчлөлийн тав дахь үеийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Энэ дүнгээр Монголд халдвар тархах эрсдэл маш өндөр гэж гарсан байна. Өнөөдрийн байдлаар 2126 иргэн ажиглалтад байна. 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол ирснээс хоёр тохиолдол сэжигтэй хэмээн үзэж, тусгаарлагджээ. Биеийн байдал нь хэвийн байна.

Замын-Үүдээс ирсэн 33 иргэнийг тусгаарласан. Тусгаарлах байранд 309 эмч, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна.

Тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тусгаарлах байр сувилал амралт, оюутны дотуур байр гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд 20 мянган хүнийг хэрхэн тусгаарлах вэ гэсэн чиглэлд судалгаа гаргаж, бэлтгэл хангаж байна. Орон нутгийн галт тэргэнд мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Галт тэргээр зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж байна. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол галт тэрэг дотор гараагүй байна.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нийт 221 хүний шинжилгээний хариу гарсан. Тэднээс нэг иргэн шинэ коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нэг сэжигтэй тохиолдол өчигдөр ХӨСҮТ-д ирсэн. Нийт 184 хүн ХӨСҮТ хянагдаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Хаврын чуулган цахимаар хуралдана

0

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.

Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.

ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.