2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 146

ЗАНДАНТАЙНМЕНТ ПОПУЛИЗМ

0

Бурханы шашин монголд гурвантаа дэлгэрчээ. Дэлгэрэх бүртээ нүүдэлчдийн соёл, сэтгэлгээ, ахуйд зохицсон хэлбэрийг олж үндэсний гэх тодотголыг олж авсан. Эдүгээ ямар ч санал асуулгаар монголчуудын үндэсний шашин юу вэ гэх асуултанд үнэмлэхүй олонх нь бурханы шашин хэмээн хариулдаг. Үүнтэй нэгэн адилаар популизм монголд гурван гол хэлбэрээр хөгжиж өдгөө монголын нийгэм улс төрийн гэх өвөрмөц шинжийг олсон байна.

Популизм нь огт байх ёсгүй зүйл биш юм. Учир нь популизмын зорилтот бай нь үргэлж нийгмийн олонх байдаг учир ямар нэгэн байдлаар улс төрчдийн зүгээс иргэдтэй холбогдож амьд харилцаа үүсгэж байдаг. Энэ харилцаа нь харин иргэдэд үр өгөөжтэй гэхээсээ тухайн популист улс төрчид эрх мэдэл, нийгмийн баялгийг дураар захиран зарцуулах эрх мэдлийг олгож байдгаараа илүү хорлонтой. Популизм үй түмэн хэлбэрээр бас дүрээр үргэлж байсаар ирсэн. Цаашид ч байна. Яг л сансарын хар нүх шиг. Гагцхүү түүнийг таньдаг байх нь сонгогчдын хувьд илүү аюулгүй юм. Монголын популизм мөн олон хэлбэртэй боловч гурван гол үндсэн сэдэвтэй өнөөдөр дэлгэрчээ. Улс төрд сэдэв үгүй бол популизм үгүй.

“ХЯТАДЫН АЮУЛЫН ЭСРЭГ” (SINOPHOBIA) ТЭМЦЭХ ТЭРГҮҮЛЭХ ПОПУЛИЗМ

Хятадууд Монгол орныг өөрийн нэг хэсэг болгож, хятад иргэд Монголд үй олноороо орж ирэх вий гэсэн айдас зөвлөлтийн үеийн үзэл суртлаар дамжин гурван үеийн монголчуудад гүн бат шингэсэн. Их хөршөөсөө зах зээлийн хувьд 93 хувийн хамааралтай жижиг үндэстний хувьд айдсын хүчин зүйл нөлөөлж байгааг буруутгах аргагүй. Хятадуудыг зоригтой шүүмжлэх, тэмцэхээ сошл орчинд болон нэг нэгэндээ илэрхийлэх нь жинхэнэ ориг монгол  хүн гэдгээг нотлож буйн нотолгоо хэмээн ойлгогдох хэмжээнд гажсан соёл манай нийгэмд буй болсон.  Социализмын үед аймаар ядуу гарал угсаатай гэдгээ бушуухан батлаж, баячуудыг үзэн яддагаа илэрхийлэхгүй бол тухайн нийгмийн гишүүн болж дэмжлэг авч чаддаггүй байсан тийм л харилцааны хэлбэр өнөөдөр анти чайна хэлбэрээр үргэлж буй.

Харин улс төрчдийн хувьд хятадын аюул гэх ойлголтыг машид прагматикаар ашиглаж олон нийтээс санал цуглуулдаг. Чөлөөт нийгэмд шилжээд ерөнхийлөгчийн сонгууль  долоон удаа болоход бүгдэнд нь өрсөлдөгчид нэгнээ гарал үүслийн хувьд хятад гаралтай хэмээн гүтгэх, цоллох дайралт хийжээ. Хамгийн сонирхолтой нь бүгдэнд нь энэ мессеж их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Хятадын аюулаар айлгах замаар өрсөлдөгчөө намнах, бизнесийн өрсөлдөөнд олон нийтийн дэмжлэгийг авах, эх оронч нэртэй үр ашиггүй бүтээн байгуулалтуудыг төсвийн мөнгөөр хийх зэрэгт хятадын аюул гэгчийг ашиглаж чаддаг нь үндэсний хэмжээний  том улс төрчид юм. Гэвч тэд үнэхээр эх орончид, хятадын нөлөөний эсрэг тодорхой шийдэл гаргасан төрийн зүтгэлтэнүүд байдаггүй гэхээр үгүй. Монголын том лидерүүдийн хувийн пр баг, тролл арми хятадын нөлөөг хэрхэн багасгах тухай шуугихаасаа илүү хятадтай “нөхцсөн” өөр нэг улс төрч, бүлэглэлийг л тойрч шүүмжилдэг. Үүнийг юу гэж ойлгох вэ гэхлээр монголын ямар ч том улс төрч, цогтой тэмцэгчид яг үнэндээ хятадын эсрэг биш бөгөөд өрсөлдөгч тайлтай нийлсэн “муу” хятадуудыг хөөж явуулаад өөрийн хамтрагч “сайн” хятадуудыг тухайн бизнес дээр оруулах тухай л популизм гээд ойлгочиход болно. Ингэхээр эцсийн дүндээ Хятад л ялаад байгаамдаа.

ЗАНДАНТАЙНМЕНТ ПОПУЛИЗМ

Улс төр, энтертайнментаа хийсээр санхүүгийн хувьд хүндрэлд орсон тухай Ж.Батзандан гишүүний гомдоллодог нь үнэний ортой. Популизм өртөг өндөртэй. Ялангуяа популизмын сүүл үеийн хэлбэр болох политайнмент нь улс төрөөс гадна урлаг энтертайнмент нөхцлийг шаарддаг учраас өртөг хоёр дахин өсчихөж байгаа юм. Политик энтертайнмент хоёрын нийлбэр политайнмент хөгжих болсон шалтгаан нь улс төрийн намуудын ялгарал багасаж, сэдэв давхцах болсноор улс төрчид ялгарахын тулд сонгогчдын анхаарлыг татахын тулд жүжиглэх шаардлага гарсантай холбоотой юм. Фитнесс дасгал хийж буй зургаа түгээдэг, нэвтрүүлгээр орж уйлдаг, амь насаа алдахаас айхгүйгээ зарладаг эсвэл сүүлчийн цамцаа урагдтал тэмцэхээ зарладаг, намын одонтой цэргийн хувцас өмсөж ёслодог бол агуулга байхгүй ч энтертайнмент хэлбэрийн жишээнүүд юм.

Ийм төрлийн популизмын үндсэн аюул нь асуудал босгож ирдэг боловч шийдлийг санал болгодоггүй. Зандантайнмент бол иргэдийн дуу хоолой “болж” иргэний нийгмээс анх гарч ирсэн боловч эргээд иргэний нийгэмдээ үйлчилдэггүй, иргэний нийгмийн нэртэй улс төрийн олон төрийн бус байгуулллага, хөдөлгөөнүүийн урсгалын ерөнхий нэр юм. Монголд байгаль орчин хамгаалах чиглэлээр байгуулагдсан ихэнх төрийн бус байгууллага уул уурхай судлаачид болж яваандаа төв талбай дээр улс төрийн өлсгөлөн, жагсаал цуглаан хийж нийгмийг хувьсгалт хүчирхийлэлд уриалаад эхлэдэг. Бүх жагсаал дээр явж байдаг 200 орчим тэмцэгчийг бид реалити шоу үзэж буй мэт л мэдээллэийн хэрэгсэлээр харсаар ах дүүгээсээ илүү таньдаг болсон. Гэвч жинхэнээсээ иргэдийн эрх ашигт үйлчилж буй, байгуулагдсан үндсэн зорилгоо биелүүлэхээр ажиллаж буй олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжихөд тэд хамгийн том садаа болж иргэд, ард түмний нэр барьсаар эрх мэдэлд хүрдэг. Хүрсэн эрх мэдлээ улс төрийн наймаа, баян тансаг амьдрах орлогын эх үүсвэрээ болгодог.

АМ МЭХ БОЛ ПОПУЛИЗМ

 Монголд популизм ялсан. Учир нь хамгийн өндөр рейтингтэй гэгдэх ерөнхий сайд нь ажил хийдэггүй үргэлж “ам мэх”-ээр иргэдтэйгээ барилдаж унагасаар удлаа. Цаг өнгөрөх тусам иргэдийн хүлээлтэнд хүрэхгүй рейтинг нь тогтмол уруудаж байгаа боловч нэг л судлагааны байгууллагын сар бүрийн дүнгээр рейтинг нь тогтмол өсдөг нь сэжигтэй. Иргэдийн амьдрал сайжраагүй, эдийн засгийн орчин улам муудсаар байгаа, шударга ёс тогтоогүй, хүмүүс ажлын байраар хангагдаагүй байхад л эсрэгээрээ ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг судалгаагаар өсөөд л, сошлд хэдэн зуугаараа шүтээд уйлалдаад байдагт би лав үнэмшдэггүй.

Бүтээн байгуулагч ерөнхий сайд болж цэвэрлэх байгууламжаа барьж, нефть боловсруулах үйлдвэрээ босгож, хийн хоолойг монголоор дайруулах тухай түүний байнга ярьдаг гурван ажил одоо болтол дуусаагүй л байна. Тэгэхээр иргэд түүнд нь итгэж дэмждэггүй байх вэ. Түүний иргэдийн хамгийн их уур хүргэдэг дээд, дунд шатны хүнд сурталтай дарга нарыг сэгсийтэл сайхан загнадаг чадвар, муусайн баячууд, баян компаниудын хөрөнгийг хураахаар үе үе мэдэгддэг, хэн нэгэнд юу юугүй хариуцлага тооцох гээд сэлмээ сугалаад дахиад хийчихдэг үйлдэл зэрэг хэлбэрт олон нийтэд таалагддаг. Бас нэг энтертайнментийн төрөл л дөө.

Гэвч ийм энтертайнмент хэлбэр нь иргэдийн амьдралыг сайжруулахгүй, ажлын байр нэмэгдүүлэхгүй, шударга ёс тогтоохгүй. Цаг явах тусам иргэдийн хүлээлт унаж сүүлдээ үзэн яддаг болоод л дуусна. Өмнөх популистууд ч тэгж байсан. Хамгийн харамсалтай нь энэ бүх хугацаанд алдсан боломжийн өртөгийг иргэд л дахиад нуруун дээрээ үүрнэ. Популизмын өртөгийг нь үргэлж популистаа дэмжсэн жирийн иргэд л үүрдэгээрээ муухай юм.

Улс төр судлаач О.Чулуунбилэг

 

З.Энхболд Л.Наранбаатарт "ялагдав”

0

З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед оймс шидсэнээсээ болоод эдийн засагч Л.Наранбаатар хорхойтой араанд нь зуугдсан. Тэд сав л хийвэл бие, биенээ АТГ, шүүх цагдаад өгч байдаг. Тэгвэл Л.Наранбаатар энэ удаад З.Энхболдыг ялсан байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн Л.Наранбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг торгох шийтгэлийг эс зөвшөөрч иргэн Л.Наранбаатар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх гомдлыг хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянаад Л.Наранбаатар нь иргэн З.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг нийтийн сүлжээгээр тарааж “Гүтгэх” зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна.

Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд Үндсэн хуулиа уншаагүй байна

0

Хуульч Ч.Өнөрбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэлтэй холбоотой хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хийлээ.

Ч.Өнөрбаяр “Монгол улсын Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө бүрдүүлэхтэй холбоотой заалтууд ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөгдөнө гэж Үндсэн хууль дээр буй. Ерөнхий сайдад ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацааг зөв хэлээд өгөөч. Тавдугаар сарын 24-өөс мөрдөгдөнө гээд буруу яриад байна. Тэгэхээр Ерөнхий сайд та Үндсэн хуулиа уншаагүй байна” гэв.

Тэрээр засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл нэгэнт бий болсон гэж үзэж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд мэдэгдэл хийхдээ “Монгол улсын Засгийн газар огцрохгүй. Батлагдсан шинэ Үндсэн хууль тавдугаар сарын 24-нөөс эхлээд үйлчилнэ. Гэхдээ Үндсэн хуулийг дагуулаад бусад хуулиуд гарах ёстой. Энэ хуулийн хүрээнд Засгийн газар огцрох шинээр бүрдүүлэх эсэх тухай асуудлыг тэр дагавар хуулиудаар шийдвэрлэнэ. Харин энэ хуулийг УИХ яаралтай баталж шийдвэрлэх ёстой” хэмээсэн.

Харин Ч.Өнөрбаяр “УИХ-аас Ерөнхий сайд танд гэрийн даалгавар өгсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сарын 9-ны өдөр УИХ-д батлан гаргасан. Энэ тогтоолоор Ерөнхий сайдад Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг хариуц гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр хуулийн төслийг УИХ биш Ерөнхий сайд та өөрөө боловсруулах ёстой” гэсэн юм.

Катараас 43 цэргийн алба хаагч тусгай үүргийн онгоцоор ирлээ

0

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа. Тэднийг 21 хоног тусгаарлах юм.

Энэ талаар  ЭМЯ-наас мэдээлэл өгөхдөө “Катараас үүргийн онгоцоор 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Шинжилгээ аваад хариуг нь та бүхэнд мэдээлэх болно” гэв.

ЭМЯ: Иргэд хоорондоо зодолдож байна

0

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр 2020 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар  2310 иргэн тусгаарлалтад байна. COVID-19 өөр халдварласан хоёр монгол эмэгтэй эдгэрч, өчигдөр эмнэлгээс гаргажээ. Тэднийг  тусгаарлах байранд шилжүүлэн, ажиглалтад авсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ “Эрүүл мэндийн байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тогтмол цахимаар харилцаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэл авсан долоон хүн зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлж байна. Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна.

Коронавирус бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой. Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад Монгол Улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодоггүй юм. Тусгаарлагдаж байгаа бол үүргээ биелүүл. Хэрэв та шийдвэрээ гаргаж онгоцоор ирж байгаа бол үүргээ биелүүл” гэсэн шаардлага тавьсан юм.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжиж байгаа тул амны хаалт зүүхийг ДЭМБ-аас зөвлөж буй билээ. Мөн өтгөн мөрийн замаар халдвар тархах магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Монгол Улсын хувьд урин дулааны улиралд хөрсний бохирдлын үед бохирын цооног, ил задгай нүхэн жорлонг ариутгах шаардлагатайг анхаарууллаа. Иргэдэд нойлын суултуурын усаа тагийг нь хаасны дараа татахыг зөвлөв. Түүнчлэн коронавирусийн халдвараар 0-15 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байгааг анхаарууллаа. Өвчний шинж тэмдэг 10-15 хоногийн дараа илэрдэг байсан бол 21 хоногт илрэх тохиолдол байна гэв.

Японоос ирэх иргэдийн АНХААРАЛД

0

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хийхээр болсон.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Л.Болд ХӨСҮТ-д тусгаарлагджээ

0

Ордны тэмцэгч тавын нэг, ШИНЭ намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд ХӨҮСТ-д тусгаарлагджээ. Тэрбээр гуравдугаар сарын 16-ны Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. Түүнийг гэр бүлийн хамт ирсэн, охин нь коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар ч албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Ямар ч байсан гишүүний өөрийнх нь шинжилгээ сөрөг гарсан гэнэ. Голомтот бүсээс ирсэн, сэжигтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа бөгөөд одоогоор тус эмнэлэгт 280 хүн тусгаарлалтад байгаа юм.

 
 

У.Хүрэлсүх: СОНГУУЛЬ ХОЙШЛОГДОХГҮЙ

0
U.Hurelsuh

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.03.27/ хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд “Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарч байна. Коронавирусийн халдвар хяналтад байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан тайван байна. Төрийн удирдлагын байгууллагууд ард иргэдийн хүчээр коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа. Цаашдаа бид 159 тэррбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан 200 тэрбум төгрөг зарцуулсан”-ыг онцлоод эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авсныг зарлалаа.

    1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
    2. Мөн энэ хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
      1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна.
    3. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
    4. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
    5. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна.
    6. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
    7. Төсөв тодотгохгүй
    8. Сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох шалтгаан харагдахгүй байна.
    9. Засгийн газар огцрохгүй

Төлбөрөө бүрэн барагдуулсны дараа онгоцонд суулгана

0

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Доорх загварын дагуу дээрх төлбөрийг БНСУ-аас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй байхыг анхааруулж байна. Та төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана. Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэжигтэй хүнийг онгоцонд оруулахгүй

0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамнаас агаар дуслын замаас гадна өтгөн, бохироор халдварлах өндөр магадлалтайг сэрэмжлүүллээ. Коронавирусийн халдвар нь амьсгалах найтаах үед хамар ам, нүдний салстаар болон ахуйн халдвараар тархаж байгаа тул гараа сайн угааж, хүний гар хүрдэг хэсгийг арчиж цэвэрлэх нь халдварын тархалтыг бууруулах хамгийн найдвартай арга гэж ДЭМБ-аас зөвлөжээ.

УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 хүртэлх хоногоор сунгасан. Тусгаарлах байрыг ганцаарчлах нөхцөлөөр шийдвэрлэсэн.

Тусгаарлагдаж буй иргэдийг шинжилгээнд хамруулах, сөрөг тохиолдолд онгоцонд зорчуулах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцоор зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгахаар болсон. Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ярилаа. Мөн “ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолт өөрчлөгдөж 16 хоног болсон. Тиймээс өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг сэжигтэй гэж үзэж, тусгаарласан. Халдвар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй. Халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж ДЭМБ-аас үзэж байна. Халдварын нууц үеийн дээд хугацаа 15-28 хоног гэж судлаачид үзсэн учраас тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчиллөө. Европын орнуудад 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвартай өвчтөнүүдээс халдвар авсан байх магадлалтай байна. Өвчлөлийн 38 хувь 20-54 насны иргэд байна. Тиймээс бид иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл маск зүүж, гараа угаан эмнэлэг рүү холбогдож тусламж үйлчилгээ авах хэрэгтэй” гэж ахааруулж байна.  Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороотой хамтран уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх талаар өнөөдөр туршлага солилцох хурлыг зохион байгуулах гэнэ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн зүгээс “Токио-УБ онгоцоор ирсэн 96 зорчигчоос сөрөг хариу гарсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Берлин-УБ, Сөүл-УБ, Берлин-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг үе шаттай зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна” гэв.