2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголЭМЯ: Иргэд хоорондоо зодолдож байна

ЭМЯ: Иргэд хоорондоо зодолдож байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр 2020 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар  2310 иргэн тусгаарлалтад байна. COVID-19 өөр халдварласан хоёр монгол эмэгтэй эдгэрч, өчигдөр эмнэлгээс гаргажээ. Тэднийг  тусгаарлах байранд шилжүүлэн, ажиглалтад авсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ “Эрүүл мэндийн байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тогтмол цахимаар харилцаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэл авсан долоон хүн зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлж байна. Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна.

Коронавирус бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой. Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад Монгол Улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодоггүй юм. Тусгаарлагдаж байгаа бол үүргээ биелүүл. Хэрэв та шийдвэрээ гаргаж онгоцоор ирж байгаа бол үүргээ биелүүл” гэсэн шаардлага тавьсан юм.

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжиж байгаа тул амны хаалт зүүхийг ДЭМБ-аас зөвлөж буй билээ. Мөн өтгөн мөрийн замаар халдвар тархах магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Монгол Улсын хувьд урин дулааны улиралд хөрсний бохирдлын үед бохирын цооног, ил задгай нүхэн жорлонг ариутгах шаардлагатайг анхаарууллаа. Иргэдэд нойлын суултуурын усаа тагийг нь хаасны дараа татахыг зөвлөв. Түүнчлэн коронавирусийн халдвараар 0-15 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байгааг анхаарууллаа. Өвчний шинж тэмдэг 10-15 хоногийн дараа илэрдэг байсан бол 21 хоногт илрэх тохиолдол байна гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!