УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
Д.Нарангэрэл: Дэлхийн 211 оронд халдвар тархаад байна. АНУ, Итали, Иран, Турк, Япон улсад сүүлийн 24 цагт 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 4000 гарлаа. Манай улсад 14 хүн халдвар авснаас 2 эрүүлжиж, 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 2075 хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа 21 хоногтой хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.
Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон орон даяар халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уулд аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
ХӨСҮТ-д 248 хүн тусгаарлагдаж байна. Бид өнөөдөр Токио-УБ-ын онгоцоор ирж, ажиглаглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна.
ЗУРХАЙ: Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Харин гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
ҮЙЛ ЯВДАЛ:
ЦАГ АГААР: Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 10 градус дулаан, шөнөдөө 0 градус хүйтэн ба салхины хурд 9м/с байна.
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл өглөө. Монгол Улс гадаадаас иргэдээ татан авахын тулд найман нислэг үйлджээ. Ес дэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэл рүү нисэх юм байна. Энэ удаагийн Шуурхай штабын мэдээлэлд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцсон юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-аар дамжуулан илэрхийлээд байна. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визний хугацаа дуусах эрсдэлтэй 135, байрны асуудалд орж байгаа 375, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орж байгаагаа мэдэгдсэн 54, бусад шалтгаантай 3954 иргэн байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Нийтдээ есөн бага насны хүүхэд ирж байна. Японы Шизүока мужид пара олимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй. Дараагийн нислэгээр ирэх боломжтой” гэв. Өнөөдрийн нислэгээр ирсэн 263 зорчигч шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа аж. Япон улсад 37.5 хэм халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас шинжилгээ өгсөн иргэд ирэх боломжгүй болжээ.
Өнгөрсөн хугацаанд УОК-т нийт 2 сая 530 мянган төгрөгийн хандив цуглажээ. Үүний 2 сая 235 мянга нь мөнгөн хэлбэрээр үлдсэн нь бараа материал хэлбэрээр орж ирсэн байна. “Говь хангай” амралтын газарт тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй, улс даах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тиймээс тэдний нэрсийг гаргаад цагдаагийн байгууллагад өгөх гэнэ.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтийг өнөөдөр /2020.04.03/ өгсөн байна. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас их хэмжээний мөнгийг өөрийн хамаарал бүхий компанидаа болон УИХ-ын гишүүд, сайд нарт өгсөн гэх хэрэгт холбогдоод байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий болон эхнэр, хүүхдийнхээ компанид их хэмжээний зээл авч өгсөн гэх дуулиан 2018 онд дэгдэж, үүнээс болоод зарим сайд, дарга нар албан тушаалаасаа огцорсон. Б.Батзориг энэ хэргээс бол ХХААХҮ-ийн сайдын суудлаасаа огцорсон байдаг.
Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.
УИХ-ын хаврын чуулган ирэх Даваа гаригт нээлтээ хийнэ. Г.Занданшатарын парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган гэж хэлж болно. Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдах болсон бөгөөд хаврын чуулганы гол дуулиан Б.Батзоригийг чөлөөлөх асуудал байх бололтой. Түүний өргөдлийг 3 хоногийн дотор УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.
Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Та бүхэнд мэдээлэл хүргэснээс хойш сүүлийн 24 цагийн дотор Дэлхийн 207 улс, бүс нутагт Covid-19-ийн халдвар бүртгэгдлээ. Малива улсад шинээр нэгэн зэрэг 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар НЭГ САЯ гаруй хүн өвчилж, 53190 хүн нас бараад байна.
Өвчлөл АНУ, Итали, Испани, Герман, Франц, Швейцарь зэрэг орнуудад голомтлон тархаж байна. Япон улсад сүүлийн гурван хоногт эрчтэй тархах хандлагатай байна.
Манай улсад нийт 14 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 2314 хүн байна. Ажиглалтын ажиллагаанд 324 эмнэлгийн эмч, мэргэжилтэнгүүд тусгаарлах, хянан ажиллаж байна. Эмнэлгийн тусламжын үйл ажиллагаа хэвийн байна.
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.03/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг мэдээллээ.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор буюу Улаанбаатар хот, аймгийн эмнэлгүүдэд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс цуглуулсан 81 сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд илрээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй байна. Нийт 326 шинжилгээ хийжээ” гэсэн мэдээллийг өглөө.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдрүүдийг 4 дүгээр сарын эцэс хүртэл сунгахаар болсон тухайгаа мэдэгджээ.
“Вирус судлаачдын үзэж байгаагаар, цар тахал дэлхий дахинаа, тэр дундаа манай улсад оргил үедээ хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан амралтыг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа”
хэмээн тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Амралтын өдрүүдийг хөдөлмөр эрхлэгчид цалинтай өнгөрүүлэх хэвээр байгааг В.Путин онцлон тэмдэглэжээ. Цалинтай амрах долоо хоногийн хугацааг өмнө нь В.Путин 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 5 хүртэл хэмээн зарлаж байсан юм. Коронавирусний нөхцөл байдал сайнаар эргэвэл цалинтай амралтын хугацааг наашлуулах боломжтойг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Дөрөвдүгээр сарын 30-наас хойш ОХУ-д Хавар болон хөдөлмөрийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 1-нээс 5 хүртэл баярын амралт эхлэх юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллийн эхэнд өнгөрсөн оны ажлын үр дүнгийн талаар товч танилцуулга хийв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Өнгөрсөн онд 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллан түүхэн дээд амжилт тогтоож улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан байна.
Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ.
Тэрээр “Стандарт” банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, “Балхашмыс” компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэлээ.
2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм.