2025.05.15, Пүрэв
spot_img

Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан эрхзүйт нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай

0

Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг зорилго, зорилтын талаар УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Түүний хэлсэн эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


-Авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.

-Ёс суртахуун, сахилга хариуцлага, ардчилсан эрхзүйт нийгмийн манлайлал энэ танхимаас эхлэх учиртай.

-Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөө бэхжиж томорсон, системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой.

-Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагад шигтгэсэн хувалзуудаараа хугацаа хожих, зэргээр авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд эцсийн мэхээ хэрэглэх байх.

-Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглоно.

-УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн Ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагуудын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.

-Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх эхлэл тавигдана.

Л.Энх-Амгалан: Дүн тавина гэдэг хуурамч тогтолцоо

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Тийм учраас хөтөлбөрийн шинэчлэл хийхээр хуулийн төсөлд тусгасан. Дараагийн асуудал нь багш бэлтгэх тухай юм. Багш бэлтгэх 40 орчим сургууль байсан бол 20 болж цөөрсөн.

Цаашид заавал магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Багшийг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Багш өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг ажлын байран дээрээ үргэлж авдаг болно. Мөн хөдөлмөрийг бодитой үнэлдэг болох юм.

Түүнчлэн үнэлгээний шинэчлэлийн асуудал байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл үнэлгээний тогтолцоогоо бий болгож чадаагүй. Хүүхдэд дүн тавьж байгаа байдал бол боловсролын салбарын шударга бус, хуурамч тогтолцоо. Хүүхэд бүрийн суралцах чадвар, хурдад тулгуурласан ахиц, дэвшлийн үнэлгээний тогтолцоонд шилжүүлье гэж байгаа. Хүүхдийн, багшийн, сургуулийн гэсэн үнэлгээний тогтолцоонд шилжүүлнэ” гэдгийг хэллээ.

Харин боловсролын салбарын засаглалын тухайд “Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг улс төрөөс хэт хараат байдлаар томилдог. Энэ асуудлыг мэргэжлийн чадвар дээр нь үндэслэсэн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй” хэмээв.

Авлигын “менежер” анд нөхдөө барьж өгөх үү?!

0

Филиппинээс Засгийн газрын “шувуу”-нд шүүрүүлж, АТГ-ын ажилтнуудад баривчлагдаж ирсэн Т.Бадамжунайг хориод нэг сар болж байна. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ. Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.

Авлигын менежер ийнхүү сүр дуулиантай баригдсан нь олон хүнийг нойргүйдэлд хүргэсэн бололтой, зарим нь эхнээсээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг огцруулахаар сэм хуйвалдаан өрнүүлэх болсон гэх. Учир нь, саяхан ШЕЗ-өөр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан гэж албан тушаалаас нь огцруулах асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргахаар ярилцсан мэдээлэл цацагдсан.  Үнэндээ Т.Бадамжунай ирснээр хамгийн их сандарч байгаа хүн Х.Баттулга болохыг хуулийн сайд шууд нэрлэсэн. Х.Баттулгаас даалгавар авдаг шүүгчид Монголын шүүхэд одоо ч ажиллаж байгаа.

Т.Бадамжунай ам нээвэл Х.Баттулгатай ёндоо хувааснаа ярих байх. Амиа бодвол Т.Бадамжунай авлига нэгтэй нөхдөө барьж өгөөд ял наймаалцах сонголтыг хийж магадгүй. Учир нь шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан шугмаар шийдэх боломжгүй болсон. Тиймээс 70 гарсан хүний хувьд Т.Бадамжунайн хэн, хэнийг нэрлэж “амиа аврах” нь улс төрийн хүрээнийхнийг сандаргаж эхэлсэн. Ингээд Т.Бадамжунайн талаарх 20 эшлэлийг сонирхуулъя.

  1. Т.Бадамжунай нь Хадгаламж банкны 14 тэрбумд холбогдож байсан ч уснаас хуурай гарсан.
  2. Тухайн үед Т.Бадамжунайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тавьж байсан боловч намынх нь нөхдүүд олонхиороо авч үлдсэн.
  3. 2000 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч нам руу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хатуу эсэргүүцэж  байсан ч дийлээгүй гэдэг.
  4. Т.Бадамжунай тус бүр нь  800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг Швейцарийн алдарт  “Ulysse Nardin”-аар хийлгэхээр захиалж байжээ.
  5. Т.Бадамжунай  нь албан тушаалаа урвуулан ашиглаж  “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун) төгрөг  завшсан гэх мэдээлэл гарч байв.
  6. Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
  7. Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.
  8. Т.Бадамжунайг барьц алдуулсан казиногийн хэрэг тэгтлээ хуучраагүй байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
  9. Алтжингийн Г.Алтан хатагтайгаас хүртэл Т.Бадамжунай авлига авч байсныг Г.Алтан хатагтайн экс нөхөр С.Жамъянсүрэн хэвлэлийнхэнд дэлгэж байв.

10.  Төрийн эзэмшилд байсан Лениний музей хэний мэдэлд байдаг нь тодорхой бус ч саяханаас тус музей нь Т.Бадамжунайн мэдэлд байдаг гэх “бор шувуу” нисэв.

11.  Н.Энхбаярын гэх алдарт хэрэгт Т.Бадамжунай  нарыг гэрчээр оролцуулахыг хүссэн юм. Тэрбээр эл аалзны торонд холбоотой бололтой.

12.  Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг бас л бүрхэг. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Харин Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай гэж байгаа.

13.  Нэгэн цагт ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганболдын өрөөнд улаан галзуу амьтан давхиж ороод заамдаж аван дөвчигнөсөн гэдэг яриа ч бий.

14.  Тоон доторх үсэг. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу FILA-гийн “Алтан одон”-гоор ХХААХҮЯ-ны сайд байхдаа Т.Бадамжунай шагнагдсан.

15.  Тэрбээр моринд нугасгүй. “Ер нь морьтой холбоотой болгон гэгээн ариун байдаг” хэмээн боддог хэмээн ярьсан байдаг. Тэр гэгээн ариун хүн.

16.  Хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг овоо хэдэн төгрөг болгож халаасалж чадсан Т.Бадамжунай хариуцлага хүлээж, хэрэгт татагдах нь бүү хэл улам л тэнгэр өөд мацсаар байна.

17.  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг ул­сын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэж байсан боловч өдгөө энэ асуулал таг чиг.

18.  Т.Бадамжунай казино байгуулахаар нэг хэсэг том зүйл мөрөөдөн таваргаж байсан боловч өөрийнх нь казинотой холбоотой хэрэг нэг л өөр тийш нь чангаагаад байсан учир саваагүй нохой саранд хуцахын үлгэрээ мартахад хүрсэн.

19.  Түүнийг Т.Бадамжунай бус “Дон Жунай”, “Авлига Жунай” гэх зэргээр цоллодог.

20.  Тэрбээр бурхан цуглуулах хоббитой. Үүнийгээ бурханлиг үзэлтэй холбон тайлбарладаг.

“Эх орныхоо тухай дэлхийд ярьж өгье” уралдаанд монгол хүүхэд гуравдугаар байр эзэлжээ

0

“Эх орныхоо тухай дэлхийд ярьж өгье” нэртэй олон улсын V уралдааны шагнал гардуулах ёслол 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Москва хотноо боллоо. Уралдаанд дэлхийн 35 улсаас 6000 гаруй хүн оролцлоо.

Уралдаан зохиогдож эхэлснээс хойш энэхүү уралдаанд оролцсон улсын тоо 52-д хүрчээ. “Жил ирэх уралдаанд оролцогчдын бүрэлдэхүүн, газар зүйн төлөөлөл тэлж байна. Энэхүү уралдаанд төлөөллөө оролцуулсан улсын тоо 52-д хүрлээ. Энэ жилийн тухайд гэхэд есөн улс анх удаа уралдаанд оролцлоо. Тухайлбал, Гүрж, Босни-Герцеговина, Панам, Тажикстан, Өмнөд Солонгос, Кипр, Туркменистан, Сан Томе-Принсипи, Румын гэсэн есөн орон анх удаа оролцлоо” хэмээн зохион байгуулагч онцоллоо.

Энэ жилийн уралдаанд Монгол Улсаас 17 бүтээл өрсөлдсөнөөр уралдаанд идэвхтэй оролцогч орны нэгд тооцогджээ. Монгол Улсын Улаанбаатар хотоос оролцсон Ильин Дамир “Эх орныхоо тухай дэлхийд ярьж өгье” уралдааны бичлэгийн төрөлд 8-11 насны ангилалд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр өөрийн бүтээлдээ Монголын амьдралын тухай, сургуулийн найрсаг хамт олныхоо тухай, Улаанбаатар хотоос 18 км-т байдаг хүүхдийн олон улсын “Найрамдал” амралтын тухай бичжээ.

Олон улсын ийм уралдаан зохион явуулах нь оролцогч улсууд өөрийн улс орны түүх, соёлыг дэлхийд сурталчлах, дэлхийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой байгааг уралдаан зохион байгуулагчид болон оролцогчид шагнал гардуулах ёслолын дараа хэлсэн үгэндээ тэмдэглэж байлаа.

Энэхүү уралдаан нь “Русский мир” сангийн дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш дэлхийн улс орнуудын орос хэл сурч буй хүүхэд залуучуудад зориулан жил бүр зохиогдож байгаа бөгөөд уралдааны бүтээлийг бичлэг, видео гэсэн хоёр төрлөөр хүлээн авч шалгаруулдаг.

М.МАРГАД

“Хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм”

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалт 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ний өдөр хүний эрхийн сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэ уулзалтаар хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан нар оролцов.

Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр ХЭҮК-ын дарга Ж.Хунан илтгэл тавьж, тус комиссын зөвлөмж шаардлагыг биелүүлдэг байх, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Олон улсын нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, авлигын эсрэг арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярив.  Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг сэргэж, нийт экспорт 12.5 тэрбум доллар болж, өмнөх оноос 36 хувь өссөн, ДНБ 2022 онд 52.8 их наяд төгрөг болж 4.8 хувь өссөнийг онцлов. Мөн Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж авлигын эсрэг  “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж буйг танилцуулахдаа хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига юм гэдгийг тэмдэглэлээ. Засгийн газар авлигатай тэмцэхдээ хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарна гэдгийг онцлоод иргэний нийгмийн байгууллагууд хяналтын үүргээ гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал, “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал: “Алсын хараа 2050″ хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжилд хөтөлж байгаа бодлого гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ гэж амласан ч хориг болсон хуулиуд гарч байна. Үүнд анхаарах шаардлагатай байна”.

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг: “Ерөнхий сайдын авлигатай хийж буй тэмцлийг 100 хувь дэмжиж байгаа. Амжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд анхаармаар байна. Ядуурал, тэгш бус байдлын суурь нь энэ болж байна”.

Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал: “Засгийн газрын зүгээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсье. Сонгогчдын боловсрол тааруу байгаа нь засаглалын хямралын нэг шалтгаан болж байна”.

Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал: “Чадвартай, залуу сувилагч нар ажлаасаа гарч, гадагшаа дайжиж байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлогоо эргэн харахыг хүсэж байна”.

Онцгой дэглэм тогтоосноос хойш  12.4 сая тонн нүүрс борлуулжээ

0

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоогоод таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 26-наас 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус компани нийт 1,188.0 сая ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тн нүүрс борлуулжээ. Үүнээс 771.9 сая ам.доллар бэлнээр, 138.1 сая ам.доллар оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлжээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” ХК баталсан төсвөөс долоон сая тн- оор илүү буюу 13.5 сая тн нүүрс экспортолж, улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. Харин энэ оны төсөвт тус компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцоолжээ. Гэхдээ гуравдугаар сарын 25-ны байдлаар 7.0 сая тн нүүрс борлуулснаар жилийн эцэс гэхэд хамгийн багадаа 24-30 сая тн нүүрс борлуулах төлөвтэй байна.Мөн  нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. Уурхайн ам нөхцөлөөр тн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллароор борлуулж эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт 96 мянган тн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Өмнө нь коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулаад байсан юм. Эрчим хүчний нүүрсийг 2020 онд тн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам доллароор худалджээ.

Ийнхүү эхний хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрч, төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрэв олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл тогтвортой байвал эхний хагас жилийн байдлаар төсвийн нийт орлого 300 орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой аж.

 

 

Социалист үнэ тогтоох КОМИСС

0

Социалист нийгэм-улс төрийн байгуулалттай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоож байсан. Иймээс тухайн бараа нь есийн тос, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр гэх мэтчилэн үнээрээ нэрлэгдэж хэвшсэн байв. Бид ардчилсан нийгэм, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн хэдий ч нийтийн тээвэр, цахилгаан, дулаан, эрчим хүч зэрэг төрийн хэт оролцоотой цөөн салбар хэвээр үлдлээ. Үнийн хатуу зохицуулалттай эдгээр салбарын алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр татаас хэлбэрээр санхүүжүүлж, хүчээр амь тариа хийж гол зогоосоор өдийг хүрлээ. Нэг үгээр бол ажил хийж байгаа иргэн, аж ахуй эрхэлж байгаа байгууллагын нуруун дээр алдагдлыг үүрүүлсээр яваа. Эрдэнэтийн галт тэргээр ганц аяга кофены үнэ хүрэхгүй мөнгөөр зорчоод байгаагийн цаад шалтгаан энэ. Гэвч урт хугацаандаа үнийг хүчээр барих нь тухайн салбараа борцолж орхидог гэмтэй учир энэ салбарууд зах зээлийн хуулиар үнэнд гүйцэгдэж өвдөг сөхөрч байх шиг байна.

***

Үнэ чөлөөлөгдсөн бусад бүх салбарт өрсөлдөөний зарчмаар эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтож байгаа. Худалдаа наймаа нь хууль эрх зүйгээс өмнө үүссэн төдийгүй өөрийн жам ёсны зүй тогтолтой. Чөлөөт зах зээлийн энэ амин сүнсийг ямар ч хуулиар, ямар ч албан тушаалтан зохицуулах боломжгүй. Гэвч хүчээр үнийг барих бодлого явуулах, мөн чөлөөт үнийг баримталсаны төлөө торгож хураадаг хуучин нийгмийн сэтгэхүй, арга барил амь бөхтэй хэвээр.

Чөлөөт эдийн засагт маш цөөн тохиолдолд тухайлбал монополь, давамгай аж ахуйн нэгжүүдийн хувьд үгсэн тохиролцож үнэ тогтоох картель болон үнийг өртгөөс нь санаатай бууруулж өрсөлдөгчөө шахах демпинг хийх зэрэгт төр оролцдог. Бусдаар бол бизнест төр оролцож, үнэ тогтоохыг хуулиараа хориглосон. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжвэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа бодит үнэ тогтож, бараа элбэгшиж эцсийн дүндээ хэрэглэгч хождог.

***

Сүүлийн жилүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т хошуу дүрэхгүй бизнес гэж алга болж. Гурил, цемент, мах, интернэт үйлчилгээ, шатахуун гээд оролдохгүй салбар үлдээгүйн зэрэгцээ сүүлдээ цагаан сараар ууц буузны хэрүүлд хутгалдаад орох боллоо.

Нэртэйгээр нь бизнесийн бүх салбарт үнээ яг хэдэн хувиар нэмэх ёстойг, мөн хэрхэн тогтоох тухай урьдчилсан заавраа нэг мөр өгөөд түүнийгээ мөрдүүлээд явчихвал бизнесийнхэн хэзээ торгуулах бол гэж яс хавталзаж суухгүй амар баймаар юм. Гэхдээ ашгийг нь төрөөс хорьж байгаа бол алдагдлыг бас нөхөх нь шударга ёсонд нийцнэ.

***

Цементээр жишээ авья. Цементийн импортын гаалийн татварыг 20 хувиар тогтоож, Хөтөлийг нийгэмчилж, Дарханы зам руу дотоодын цементийн ихэнхи хувийг хүчээр татсан макро хүчин зүйлсээс шалтгаалж урт хугацаанд улс даяар цементийн хомсдол үүсч эхэлсэн. 2022 оны 6 сараас ачаа тээврийн хомсдол, нийлүүлэлтийн хязгаарлалт, уутны хомсдол зэрэг богино хугацааны шокууд нэмэгдэж улсын хэмжээнд нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлт явагдсан. Эцэст нь улсад очсон Хөтөлийн үйлдвэр маань анхдугаар таван жилийн гавшгайчаар тодрох гэж улайрч байгаад үйлдвэрээ шатаасны гороор цементийн үнэ 9 сард оргил цэгтээ хүрсэн. Найр наадмын дараа ид барилгын ажлын сёзоноор “Үйлдвэр төлөвлөгөөт засварт орсон” гэж бүлт үсэрсэнийг та бид харсан. Барилга бүтээн байгуулалтын салбар амсхийж, цементийн үйлдвэр ч дагаад сул зогсдог өвлийн улиралдаа засварын ажлаа хийдэггүй юм гэнэ.Эцэст нь Засгийн газар импортын гаалийн 20 хувийн татвараа яаран тэглэсэн.

Барилгын үндсэн талх гэгддэг цемент, бетон зуурмагын салбарт хомсдол үүсч, үнэ нэмэгдсэний улмаас дагаад орон сууцны үнэ өссөнд Засгийн газрын бодлого, шийдвэр нөлөөлсөн гэдэг нь тодорхой.

Харамсалтай нь ичсэн хүн хүн алахын үлгэрээр улсын хэмжээнд “цементийн хомсдол үүсгэж, үнэ өсгөсөн хэрэг”-т зах зээлийнхээ мянганы нэгд ч дөхөхгүй жижиг лангууны худалдаачдыг буруутган ченжүүд гэх нэр хоч өгч, торгож шийтгэж, шонд өлгөж үзүүлсэн шоуг улс даяар үзүүллээ. Үүр цүүрээс үдшийн бүрий болтол хүртэл хэдэн уут цемент зарчих санаатай өвөр зуураа өрсөлдөж яваа завгүй хэдхэн худалдаачдыг элэг барих амар бололтой. Бизнес эрхлэгчид тэртэй тэргүй зовж зүдэрсэн он жилүүд өнгөрч байхад манай төрийнхөн нэмж зодоод маньяктаад байх юм.

***

Өрсөлдөөний тухай хуульд зааснаар “бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулах”-ыг төрийн байгууллагуудад хориглосон нь ШӨХТГ-т шууд хамаатай. Хуулиараа төр нь бизнесийн үйл ажиллагаанд хутгалдахгүй гэсэн үг.

Гэвч ШӨХТГ нь “хэрэглэгчийн хохироосон хууль бус худалдааны арга” гэх тангад ном шиг цээжилсэн үгээр түрий барьж үнэ өсгөсөн болгонтой үзэж тарж эхэллээ. Хууль бус гэхээр ямар нэгэн хууль зөрчсөн байж таарна. Гэтэл барааны үнээ өөрөө тогтоох, үнэ нэмэхийг хориглосон хууль хаана байна? Хохирсон гэх хэрэглэгч нь хувийн хэвшлийн чөлөөт худалдаанд өөрөө зөвшөөрч сонголт хийгээд байхад л төрийн байгууллага өмнөөс нь санаа нь зовоод нойр нь хүрэхгүй байгаа юм байх. Байтлаа чөлөөт эдийн засагтай зах зээл дээр нийлүүлэгч үнээ өөрөө тогтоосон, нэмэгдүүлсэн шалтгаанаа үндэслэлтэй эсэхийг шүүхээр шүүлгэх юм гэнэ. Орлого, өртөг зардал, үнэ, ашиг, өгөөж тэдэн хувь гээд бизнесийн ноу-хаугаа дэлгэж үзүүлэх болж байна уу? Үнэ үндэслэлтэй, үндэслэлгүй гэсэн яг ямар шалгуур байна вэ, ер нь орлого ашиг нь хэмжүүртэй байх ёстой юу?

Дэлхий нийтээрээ хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашигтай ажиллахыг хамгийн ашигтай амжилттай яваа бизнес гэж үздэг.

***

Улс даяар инфляцид нэвт идэгдэж, бүх барааны үнэ өссөн суурь хүчин зүйл нь мөнгөний хэт нийлүүлэлтээс шууд хамааралтай. Улсын төсвийнхөө тэн хагастай тэнцэх хэмжээний 10 их наяд төгрөгийг хэвлэснээс шалтгаалж юмны үнэ өсөх нь энгийн зүй тогтол. Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав.

***

Төмс шиг бодлоготой төртэй учраас ойроор нь төмсөн дээр жишээ авья. Өнгөрсөн зун улс даяар төмс хомсдоод сүйд болсон. Төмсний үнэ 5000 төгрөг хүрч тэнгэрт хадаад хагас кило махтай тэнцээд л, сошиалоор дүүрэн нийслэл саладны мөрөөсөл, рестораны хачираас төмс хасагдсан өдөр хоног үргэлжилсэн. Энэ бол барааны нийлүүлэлт багасах нь үнэ өсдөгийг харуулсан хэвийн үзэгдэл бөгөөд эсрэгээр барааны илүүдэл үүсвэл үнэ буурна гэхчлэн ямартай ч зах зээл өөрийн зарчмаар эрүүл байгаагийн шинж юм. Гэтэл манай төрийн нийтлэг байр сууринаас бол төмсний үнэ өссөнд төмс зарсан этгээдийн шууд буруу гэж хардаад торгоод байгаад асуудал байна.

***

Сар шинийн баяраар манай малчид онд тарган тавтай орсон малынхаа тарга тэвээргийн тайлан болох үхрийн өвчүү, хонины ууцнаасаа шилэн зочдоо дайлдаг сайхан уламжлалтай.

Гэтэл мал ахуйгаас хол хотожсон хэсэг нь огт танихгүй айлын малын өвчүүний зузаан, өөхний таргыг өөр бусдад гайхуулах нэрэлхүү зангаа тавьж чадахгүй атлаа “ууц бүтэн хонины үнэтэй” боллоо гэж гоморхоцгоов. ШӨХТГ нь хэрэглэгчдийн хямд авах, бүр болж өгвөл үнэгүй хүртчих санаатай далай шиг их хүсэл шуналыг нь далимдуулан ууцан дээр ээлжит улс төрөө хийсэн сурагтай. Эрэлт нь байгаад зарж чадвал тэр л биз дээ, харин төрийн нэр барин дөвчигнөж өөрсдийн “ууцаа хугалах” хэрэг юун.

Удахгүй та бидний хаалгыг тогшоод “Иргэн та өөрийн байраа анх авсан үнээсээ яагаад өндрөөр зарж орон сууцны үнэ хөөрөгдөөд байна” гэж зандарвал юугаа хэлж хуйхаа маажнаа!?

***

Францын Сангийн сайд Жан Баптиз Голберт 1681 онд бизнесийн төлөөлөгч Ли Жендре гэх эрхмийг хүлээн авч уулзаад Засгийн газрын зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хамгийн сайнаар туслах вэ гэж эелдгээр асуужээ. Хариулт нь “Төрийн хамгийн сайн тус бол Laissez- faire – юунд ч битгий оролц, биднийг тайван орхи” гэв.

Нийтлэлч Б.БАЯРАА

Л.Оюун-Эрдэнийн онцлох ЭШЛЭЛҮҮД

0

Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эшлэлүүдийг тоймлон хүргэе.

-Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн  уурхайчид, инженер техникийн ажилтнууд баяр хүргэе.

-Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ.

-Оюутолгой Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт, гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.

-2022 онд Оюутолгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

 -Оюутолгойн төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, эрхэм хөрөнгө оруулагчдад  гүн талархал илэрхийлье.

-Хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна.

-Эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газар хариуцлагатайгаар зарлаж байна.

-2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.

Нээлттэй сонсгол: ХБ-наас авсан зээлээрээ MCS өрөө төлжээ

0

Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн “хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол өнөөдөр /2023.03.13/ болж байна. Нээлттэй сонсголын үеэр олон асуудал ил болж байгаа юм. Жишээ нь, өмнөх нээлттэй сонсголоор “Эрэл” болон “Бэрэн” компанийн эзэд мөрийтэй тоглосон байж болзошгүй гэх асуудал ч хөндөгдөж байсан.

“ACEM ВИЛЛА” төслийн санхүүжилт, шийдвэр гаргалттай холбоотой асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Скай ресорт” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, Оранж капитал ХХК-ийн захирал Т.Баяраа, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийг гэрчээр дуудсан байна. Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар нь гадаадад байгаа учраас биеэр оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

 Мөн сонсгол даргалагчийн урилгаар НПГ-ын прокурор Мөнх-Од, АТГ-аас комиссар Дамдинсүрэн, ЦЕГ-аас Болд, Нямбаяр, Сангийн яамнаас Ш.Бат-Эрдэнэ, Н.Батбаатар нарын албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагууд оролцов.

Шинжээч : “Асем Вилла” хотхон төслийг хэрэгжүүлэхээр “Скай ресорт” ХХК нь нийт 125 тэрбум төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авчээ.

2014 онд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтыг зохион байгуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан Үндэсний зөвлөл байгуулагдсан байдаг. Зөвлөлд, тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЕТГ-ын дарга П.Цагаан, Замм тээврийн  сайд М.Зоригт, ХЗ-ийн сайд Д.Дорлигжав, Хотын захирагч Э.Бат-Үүл нарын албан тушаалтнууд багтсан байна. “Асем Вилла” хотхон барихад болон зочид буудлуудад хөнгөлөлтэй зээл олгох шийдвэрүүд Засгийн газраас гарч, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгосон байгаа юм. Ингээд 2015 онд “Скай ресорт” ХХК-тай гэрээ байгуулж, АСЕМ ВИЛЛА хотхон барих зээл олгожээ.

Хөгжлийн банкнаас олгосон 125 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкны урт хугацаат репо хэлцлээр 65 тэрбум төгрөгийн, төв банкнаас банкинд олгох барьцаат зээлээр 60 тэрбум төгрөгийг  4-7.8 хувийн хүүгийн түвшинд мөнгөжүүлсэн аж.

Энэ нь Худалдаа хөгжлийн банкинд ойролцоогоор 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэж үзэж болохоор байгаа аж.

АСЕМ ВИЛЛА төсөл нь Богдхан уулын Хүрхрээгийн амны тусгай хамгаалалттай газарт байршсан бөгөөд газар ашиглах гэрээний дагуу ашиглаагүй гэж үзсэн байна. Одоогоор нийт 53 хувийн орон сууц баригдаж, 53 иргэнд борлуулсан байна.

АСЕМ ВИЛЛА-г эзэмшигч нь Скай Ресорт ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Ж.Оджаргал бүртгэлтэй, гүйцэтгэх удирдлагаар А.Батсуурь ажилладаг гэжээ.

АСЕМ ВИЛЛА төслийн санхүүжүүлэхээр авсан 125 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалтыг шинжээч:

  1. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49,2 тэрбум төгрөгөөр Скай ресорт ХХК-ийн ХХБ дахь бизнесийн зээл хаасан.
  2. 806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүнд буцаан олгосон.
  3. 8 тэрбум төгрөгийг Скай ресорт ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд дахь зээл хаасан.
  4. MCS холдингийн таван дансаар дамжуулан 34.4 тэрбум төгрөгийг Энержи ресурс ХХК-аас гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр хаасан учраас зориулалт бүрэн бус гэж үзэж байна гэв.

Аравдугаар БОГДООС хүлээх ГУРВАН ШИНЭЧЛЭЛ

0
Монголын Х Богдыг Далай лам тодруулаагүй.  Монголын иргэн байсан IX Богд жанч халахдаа Монголдээ эргэн төрнө гэсэн гэрээслэл ёсоор тодрсон хүүг Монголчууд хэдэн жилийн өмнө тодруулчихсан байсан.  Шарын шашны гурван ноён оргил гэгддэг Далай лам, Банчин Богд, Жавзандамба гурав нэгнийхээ тодорсон дүрийг мөн эсэхийг хүлээн зөвшөөрдөг уламжлалтай. Тэр ёсоор л сая XIV Далай лам Монголоос тодорсон Х Богдыг хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ.

Шашин бол нийгэм, улс төр,  соёлын харилцаанд маш том зохицуулах нөлөөтэй. Энэ утгаараа Х Богдын тодорсон асуудал дээр нийгэмд нэлээн шуугиан үүсэх нь жас ёсных юм. Товчхондоо Монголчууд өөрийн шашны, бие даасан тэргүүнтэй болж байгаа гэдэг нь сайн хэрэг. Голлох шашин болох шарын шашны асуудлаа өөрсдөө мэддэг болох нь юун буруу билээ. Энэ үйлсэд Ц.Элбэдорж эхлээд У.Хүрэлсүх хүртэл ерөнхийлөгч нар идэвхтэй дэмжсэн шалтгаан нь үндэсний эв нэгдлийг билэг тэмдэг гэдэг утгаараа ерөнхийлөгчийн хариуцах ажлын нэг байдаг. Төрийн гурван өндөрлөгөөс ерөнхийлөгч л шашны асуудал эрхэлсэн зөвлөхтэй байдагийг анзаарсан байх.

Хэрвээ Монголоос Х Богд тодроогүй бол Төвд, Өвөрмонгол эсвэл Буриадын автономиос тодрох нь цаг хугацааны л асуудал байсан. Бид Далай ламд, Итгэлт хамбад мөргөдөг шиг урт цуваа монголоос гарч Төвд, Энэтхэг, Өвөрмонгол, Буриад уруу цувах нь сайн хэрэг биш биз дээ.

Мөн бид алийн болгон Энэтхэгээс Далай ламын  тодруулсан, Хятадаас Банчин Богдын санхүүжүүлсэн олон арван хутагт хувилгаадад сүсэгтнүүдийг мөргүүлж явах билээ. Ийм “лиценз”-ийг үндэсний шашны тэргүүн маань нэгдсэн байдлаар олгодог байж яагаад болохгүй гэж. Улс төр аюулгүй байдал талаасаа Х Богдын ач холбогдол нь ийм юм. Зуун жилийн өмнөх шиг жалга бүр нэг гаднаас тодруулсан хутаг хувилгаадтай байж болохгүй.

Монголын шашны тэргүүн болж буй хүү, түүний инстүүцэд ирээдүйд хийх гурван гол шинэчлэл байх болов уу гэж харж байна.

  • Нэгд, бурханы номыг төвд хэлээр биш монголоор сүм хийдүүд уншдаг болох ёстой. Ингэснээр сүм хийдүүд төвдийн соёлын нөлөөнөөс гарах төдийгүй сүсэгтэн бүр бие даан бурхантай харилцаж, бурханы ном зохиолыг танин мэднэ. Европ библийг латин хэлээр биш эх хэлээрээ уншиж эхэлсэнээр сэтгэлгээний ямар том үсрэлт хийгдсэнийг түүх гэрчилдэг. Мухар сүсэг багасна.
  • Хоёрт, Монголын буддизм бол төвдийн буддизмаас өөр, бие даасан шашны урсгал юмаа гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, монгол гаралтай ард түмнүүдийн шашны тэргүүн болох ёстой. Бид өөрийн гэрээ барих нь зөв юм. Далай инстүүцээс бие даах ажлыг хийж чадна.
  • Гуравт нь шашин улс төр хоёрыг зааглаж, бусад шашныг ч хүлээн зөвшөөрч улс төрд оролцохгүй гэдгээ зарлах ёстой. Түүнд шашны ном зохиолыг орчин үежүүлэх, сүм хийдүүдийг нэг стандарттай болгох, ариун цэвэр сахиулах, лам нарыг сахилаа хатуу сахиулах, архи, тамхи, луйвраас хол байлгах, авилгачны мөнгөөр сүм хийд барих, суварга босгологийг болилуах гэх мэт шашны асар олон шинэчлэл шаардсан ажлууд хүлээж байна.

Судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ