2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР3Аравдугаар БОГДООС хүлээх ГУРВАН ШИНЭЧЛЭЛ

Аравдугаар БОГДООС хүлээх ГУРВАН ШИНЭЧЛЭЛ

Монголын Х Богдыг Далай лам тодруулаагүй.  Монголын иргэн байсан IX Богд жанч халахдаа Монголдээ эргэн төрнө гэсэн гэрээслэл ёсоор тодрсон хүүг Монголчууд хэдэн жилийн өмнө тодруулчихсан байсан.  Шарын шашны гурван ноён оргил гэгддэг Далай лам, Банчин Богд, Жавзандамба гурав нэгнийхээ тодорсон дүрийг мөн эсэхийг хүлээн зөвшөөрдөг уламжлалтай. Тэр ёсоор л сая XIV Далай лам Монголоос тодорсон Х Богдыг хүлээн зөвшөөрсөн хэрэг л дээ.

Шашин бол нийгэм, улс төр,  соёлын харилцаанд маш том зохицуулах нөлөөтэй. Энэ утгаараа Х Богдын тодорсон асуудал дээр нийгэмд нэлээн шуугиан үүсэх нь жас ёсных юм. Товчхондоо Монголчууд өөрийн шашны, бие даасан тэргүүнтэй болж байгаа гэдэг нь сайн хэрэг. Голлох шашин болох шарын шашны асуудлаа өөрсдөө мэддэг болох нь юун буруу билээ. Энэ үйлсэд Ц.Элбэдорж эхлээд У.Хүрэлсүх хүртэл ерөнхийлөгч нар идэвхтэй дэмжсэн шалтгаан нь үндэсний эв нэгдлийг билэг тэмдэг гэдэг утгаараа ерөнхийлөгчийн хариуцах ажлын нэг байдаг. Төрийн гурван өндөрлөгөөс ерөнхийлөгч л шашны асуудал эрхэлсэн зөвлөхтэй байдагийг анзаарсан байх.

Хэрвээ Монголоос Х Богд тодроогүй бол Төвд, Өвөрмонгол эсвэл Буриадын автономиос тодрох нь цаг хугацааны л асуудал байсан. Бид Далай ламд, Итгэлт хамбад мөргөдөг шиг урт цуваа монголоос гарч Төвд, Энэтхэг, Өвөрмонгол, Буриад уруу цувах нь сайн хэрэг биш биз дээ.

Мөн бид алийн болгон Энэтхэгээс Далай ламын  тодруулсан, Хятадаас Банчин Богдын санхүүжүүлсэн олон арван хутагт хувилгаадад сүсэгтнүүдийг мөргүүлж явах билээ. Ийм “лиценз”-ийг үндэсний шашны тэргүүн маань нэгдсэн байдлаар олгодог байж яагаад болохгүй гэж. Улс төр аюулгүй байдал талаасаа Х Богдын ач холбогдол нь ийм юм. Зуун жилийн өмнөх шиг жалга бүр нэг гаднаас тодруулсан хутаг хувилгаадтай байж болохгүй.

Монголын шашны тэргүүн болж буй хүү, түүний инстүүцэд ирээдүйд хийх гурван гол шинэчлэл байх болов уу гэж харж байна.

  • Нэгд, бурханы номыг төвд хэлээр биш монголоор сүм хийдүүд уншдаг болох ёстой. Ингэснээр сүм хийдүүд төвдийн соёлын нөлөөнөөс гарах төдийгүй сүсэгтэн бүр бие даан бурхантай харилцаж, бурханы ном зохиолыг танин мэднэ. Европ библийг латин хэлээр биш эх хэлээрээ уншиж эхэлсэнээр сэтгэлгээний ямар том үсрэлт хийгдсэнийг түүх гэрчилдэг. Мухар сүсэг багасна.
  • Хоёрт, Монголын буддизм бол төвдийн буддизмаас өөр, бие даасан шашны урсгал юмаа гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, монгол гаралтай ард түмнүүдийн шашны тэргүүн болох ёстой. Бид өөрийн гэрээ барих нь зөв юм. Далай инстүүцээс бие даах ажлыг хийж чадна.
  • Гуравт нь шашин улс төр хоёрыг зааглаж, бусад шашныг ч хүлээн зөвшөөрч улс төрд оролцохгүй гэдгээ зарлах ёстой. Түүнд шашны ном зохиолыг орчин үежүүлэх, сүм хийдүүдийг нэг стандарттай болгох, ариун цэвэр сахиулах, лам нарыг сахилаа хатуу сахиулах, архи, тамхи, луйвраас хол байлгах, авилгачны мөнгөөр сүм хийд барих, суварга босгологийг болилуах гэх мэт шашны асар олон шинэчлэл шаардсан ажлууд хүлээж байна.

Судлаач О.ЧУЛУУНБИЛЭГ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!