“Эх орныхоо тухай дэлхийд ярьж өгье” нэртэй олон улсын V уралдааны шагнал гардуулах ёслол 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Москва хотноо боллоо. Уралдаанд дэлхийн 35 улсаас 6000 гаруй хүн оролцлоо.
Уралдаан зохиогдож эхэлснээс хойш энэхүү уралдаанд оролцсон улсын тоо 52-д хүрчээ. “Жил ирэх уралдаанд оролцогчдын бүрэлдэхүүн, газар зүйн төлөөлөл тэлж байна. Энэхүү уралдаанд төлөөллөө оролцуулсан улсын тоо 52-д хүрлээ. Энэ жилийн тухайд гэхэд есөн улс анх удаа уралдаанд оролцлоо. Тухайлбал, Гүрж, Босни-Герцеговина, Панам, Тажикстан, Өмнөд Солонгос, Кипр, Туркменистан, Сан Томе-Принсипи, Румын гэсэн есөн орон анх удаа оролцлоо” хэмээн зохион байгуулагч онцоллоо.
Энэ жилийн уралдаанд Монгол Улсаас 17 бүтээл өрсөлдсөнөөр уралдаанд идэвхтэй оролцогч орны нэгд тооцогджээ. Монгол Улсын Улаанбаатар хотоос оролцсон Ильин Дамир “Эх орныхоо тухай дэлхийд ярьж өгье” уралдааны бичлэгийн төрөлд 8-11 насны ангилалд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр өөрийн бүтээлдээ Монголын амьдралын тухай, сургуулийн найрсаг хамт олныхоо тухай, Улаанбаатар хотоос 18 км-т байдаг хүүхдийн олон улсын “Найрамдал” амралтын тухай бичжээ.
Олон улсын ийм уралдаан зохион явуулах нь оролцогч улсууд өөрийн улс орны түүх, соёлыг дэлхийд сурталчлах, дэлхийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой байгааг уралдаан зохион байгуулагчид болон оролцогчид шагнал гардуулах ёслолын дараа хэлсэн үгэндээ тэмдэглэж байлаа.
Энэхүү уралдаан нь “Русский мир” сангийн дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш дэлхийн улс орнуудын орос хэл сурч буй хүүхэд залуучуудад зориулан жил бүр зохиогдож байгаа бөгөөд уралдааны бүтээлийг бичлэг, видео гэсэн хоёр төрлөөр хүлээн авч шалгаруулдаг.
М.МАРГАД