Хөл хориотой зэрэгцээд нас баралт огцом өсч магадгүйг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мэдээлсэн. Тэрбээр “Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Маш хүнд өвчтөнүүдийг хүчилтөрөгчийн хэрэгцээгээр хангадаг. Сард хэрэглэх хүчилтөрөгчийг 7 хоногт хэрэглэж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байна. Гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа тохиолдол 45-50 хувь байна. Хамгийн их халдвар тарааж байгаа насныхан 25-54 насныхан. Тэд хүүхдүүддээ халдвар тарааж байна. 17-оос доош насны хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ цагийг өнгөрөөж байгаа ч нийт халдвар авсан хүмүүсийн таван хүн тутмын нэгийг эзэлж байна” гэв.