2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Х.Баттулга “самарч”, С.Эрдэнэ “хашгирч”, Х.Нямбаатар “айлгав”

Трэнд 7: Х.Баттулга “самарч”, С.Эрдэнэ “хашгирч”, Х.Нямбаатар “айлгав”

Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд болсон долоо хоног бүрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг “ТРЭНД 7” булангийн ээлжит дугаарыг хүргэе.

Өнгөрөгч буй 7 хоногийн улс төр, эдийн засгийн трэнд дүрүүд нь Х.Баттулга, С.Эрдэнэ, Х.Нямбаатар байлаа.

Мөн Ардчилсан намын шинэ даргын сонгууль улс төр сонирхогч болгоны анхаарлыг татсан бас нэгэн трэнд сэдэв болов. Монголын улс төрийн тулах хоёр баганын нэг нь хөл дээрээ босох эсэх нь энэ дотоод сунгаанаас хамааралтай юм.

Х.Баттулга Цэцийг самрав

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоогийн хууль бус үйлдэл Үндсэн хуулийн Цэцийг талцуулав. Мэдээж, ард нь Х.Баттулга байгаа гэж хэвлэлийнхэн нэр цохов. Ш.Цогтоо нь МоАХ-ны хүн. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний  бүрэн эрхийн хугацаа жил гаруйн өмнө дууссан. Тиймээс оронд нь Улсын дээд шүүхээс нэр дэвшсэн Ж.Эрдэнэбулганыг УИХ-ын олонх дэмжсэн юм. Гэхдээ Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавив. Албан сайтад нь мэдээлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга уг томилгоог “үзэмжээр хандсан” гэж буруутгаж байгаа аж.

С.Эрдэнэ “хашгирав”

Заадсаараа зад хуваагдчхаад байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  шүгэл үлээж, өөрт нь хэрэг тохож, Ардчилсан намаар наймаалцахыг хүссэн хүмүүс бол Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд болохыг зарлалаа.  Хоёр жил гаруй С.Эрдэнэд үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийн хоёрхон цагийн дотор хэрэгсэхгүй болгосон хүн нь НП-ын орлогч Ц.Насанбат болохыг зарласнаар Ерөнхийлөгчөөс даалгавар авдаг прокуроруудын нэг ил болов. Нөгөөх нь Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж. С.Эрдэнэтэй наймаа тохироогүй тул Ерөнхийлөгчийн захиалгаар хэргийг нь буцаагаад сэргээжээ. Энэ бол Монголын хууль, шүүхийнхэн хуульдаа биш эзэндээ захирагддагийн тод жишээ юм.

Х.Нямбаатар “айлгав”

Монголын эдийн засагт эрсдэл дагуулж болохуйц  мэдэгдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хариуцлага тооцно гэж хэлэлцээрийн өмнө мэдэгдсэнээрээ асуудлыг хүндрүүлэхэд хүргэж болзошгүй.

Учир нь, Оюутолгойн хэргээр хөрөнгө оруулагчдыг хариуцлага тооцох нь барьж хорино гэсэнтэй агаар нэг сонсогдсон юм. Тэр тусмаа, хуулийн сайд нь ингэж мэдээлсэн нь ийм ойлголт төрүүлэхээс  ч аргагүй.  Оюутолгойтой хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч нь Х.Нямбаатар. Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж бол Оюутолгойн гэрээг цуцлахын эсрэг байдаг. Х.Нямбаатарын энэ “айлгалт” Монгол Улсад эдийн засаг, улс төр аль ч талаас нь бодсон ашиггүй юм.

АН-ын талцал үргэлжлэв

АН эвлэж нийлэхгүй байсаар сунгаагаа дуусгав. Нэр дэвшсэн 9 хүнийг хэнийг  АН-ын дарга болгох вэ гэсэн өрсөлдөөн сүүлдээ ширүүсч, Ц.Тувааны талын 4 нэр дэвшигч бие, биеийнхээ эсрэг хар пиар хийцгээв. Эндээс харахад АН хоёр хуваагдах нь тодорхой, харин шүүх дээр нөгөө л би дарга, чи биш гэсэн маргаан сунжрах шинжтэй.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!