2024.04.24, Wednesday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Гол дүрд Ц.Нямдорж тоглов

Трэнд 7: Гол дүрд Ц.Нямдорж тоглов

Орчлонгийн нэгэн долоо хоног өнгөрч, Монголын улс төр “МНТ”-д гардагчлан ёстой л орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн байлдаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, МАН “жоомоо алахын тулд гэрээ шатаах”-аас буцахгүй болсныг Ц.Нямдоржийн үг үйлдлээс харагдав. Тэрбээр долоо хоногийн гол дүр болж чадлаа.

Даваа гаригт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зуу хоногийн “төрсөн өдөр”-өө даруухан тэмдэглэлж, өнгөрсөн хугацаанд болон ирээдүйд юу хийсэн, юу хийхээр төлөвлөж байгаагаа илэн далангуй мэдээлэв. Мэдээлэв ч гэж сэтгүүлчдийн асуултад хариулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн тайлангийн хурлын үеэр эдийн засаг, улс төр, нийгмийн онцлох дуулиан, үйл явдлуудын талаар илэн далангуй харалт өгснөөс гадна өмнө нь ” улс эх орны эрх ашгаас урвасан улстөрчдийг нэрлэнэ” гэж байсныхаа дагуу УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт цар тахлын эсрэг вакцинжуулалтад саад учруулсан болохыг нийтэд зарлалаа. Үүнийг С.Одонтуяа эсэргүүцэж хариу мэдээлэл хийгээд эрх баригчид сөрөг хүчнийг харлуулахаар улайрч байгааг шүүмжиллээ. Үнэндээ УИХ-ын дэд дарга вакцины нийлүүлэлтэд саад учруулах боломжгүй мест. Тэгэхээр тэдний хэн нэгэн гүтгэсэн байх нь тодорхой. Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга хоёулаа шүүхэд хандахаа ч мэдэгдсэн.

Удаах сенсааци нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг. Улсын баатар, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч гэж ялтан Ц.Амгаланбаатар хэлсэн тухай Ц.Нямдорж ярьсан биш ёстой л “хулгайгаа ярьчих” шахлаа. Мэдээж, олон жил МАН-ынхан улс төрийн сонгуульдаа С.Зоригийн хэргийг худалдаж идсэн. Э.Бат-Үүл хариу цохилт хийж Ц.Нямдорж өөрөө С.Зоригийн хэргийн захиалагч байх магадлалтай гурван үндэслэл хэллээ. Бие, биеэ захиалагч гэж зарласан улс төрийн хоёр намын, хоёр том улстөрчид ийнхүү бие биеэ дуэльд дуудлаа.

  Ийнхүү С.Зоригийн хэргийг зуун хоногийн дуулиан болгосон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зорилго биелэж, өнгөрөгч Баасан гаригт гурван шатны шүүхээс таван хүний амийг хороосон хэрэгт буруутгагдан 20-25 жилийн ял эдлэж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллалаа. Энэ бол долоо хоногийн гол дуулиан байлаа.

Үүний зэрэгцээ МАН-ынхан ажлын байрны бэлгийн дарамт охид бүсгүйчүүдэд учруулан асуудалд нэр холбогдон, хууль шүүх дээр дуудагдаж буй Ц.Анандбазарыг намаасаа түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргав. Өлсгөлөн зарлагчид гэнэт гэртээ харьцгаасан ч, улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Харин нэр дэвшигчдийн албан бус сурталчилгаа хэдийнэ эхэлжээ. У.Хүрэлсүх, Д.Энхбат хоёр өөрийгөө сануулах, таниулах ярилцлага өгч, С.Эрдэнэ лайваар МАНЖуудыг шүүмжлэв.  Ерөнхий сайд томилолтоор Эрдэнэт, Дархан, Сэлэнгэд ажиллаж, аж ахуйн нэгжүүд үүд хаалга шат дараатайгаар онгойж эхлэв. Гэхдээ цар тахлын аюул хэвээр, хоногт мянга, мянгаараа илэрдэг байсан халдварын тархалт бага зэрэг буурсан ч нас баралт өндөр, байдал дээрдээгүйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар. Гэтэл үүнийг нь үл тоон улстөрчид өлсөж, жагсаал зохион байгуулж, хүний бөөгнөрөл үүсгэж, шагнал бөөндсөөр л.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!