Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд вакцинаас болж хүн нас барсан гэх албан бус мэдээлэл цацагдаж, иргэдийг төөрөгдүүлэх болсон билээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгөхдөө “Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакцинтай холбоотой хуурамч мэдээллүүд хэд, хэдэн удаа гарлаа. Вакцинаас болж хүн нас барсан эсэхийг цагдаа нар албан ёсоор тодруулах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар вакцинаас болж хүн нас барсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй. Тиймээс хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье. Цар тахлын үед хуурамч мэдээллийг санаатай, санамсаргүй түгээсэн бол хариуцлага хүлээх хуультай. Тиймээс аливаа мэдээллийг нягталж, албан ёсны мэдээллийг авсны үндсэн дээр түгээж байхыг хүсмээр байна.
Дахин хэлэхэд вакцинтай холбоотойгоор хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж, баталгаажаагүй байна. Хүндэрсэн тохиолдол гараагүй байна” гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” хэсэгт зааснаар “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэлтэй аж.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн “Худал мэдээлэл тараах”-заалтаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлэх” аж.