2025.06.19, Пүрэв
spot_img

Б.Энх-Амгалан: Холимог ангиар хүүхдүүдээ авна

0

БСШУ-ны сайд М.Энх-Амгалан өнгөрсөн Баасан гаригт сургуулийн амралтыг наашлуулж, цэцэрлэгийг цахим хувилбарт шилжүүлэхээр болсныг  дуулгахдаа эцсийн шийдвэрийг Даваа гаригт гаргана гэж байлаа. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл өгөхдөө “Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Цэцэрлэгийг хоёр сарын хугацаанд хааж, цахимд шилжүүлэх үндэслэл бий. Энэ талаар холбогдох газруудтай хэлэлцсэн. Томуугийн дэгдэлт нэмэгдэх нэг сарын хугацаанд цэцэрлэг, сургуулийг хаах шийдвэрийг эрүүл мэндийн багийнхан зөвлөж байгаа. Гуравдугаарт, сурагчдын амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг юм байна. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн ирц 30-40 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Сурагчдын амралт эхлэхээр ирц үүнээс ч буурна. Боловсролын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй асаргаа сувилгаатай харах хүнгүй, хүүхдүүдийг дундын буюу холимог анги байгуулж авч магадгүй. Хэрэв холимог ангиар хүүхдүүдээ авах бол хувийн цэцэрлэг ажиллах нөхцөл үүснэ” гэв.

Мн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ирээдүй” цэцэрлэгийн дунд ангийн багш М нь хүүхдүүдийг зодож, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд тархсан талаар хариулт өгөхдөө “Хүүхэд зодсон багш болон цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой болох нь тогтоогдсон. Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, боловсролын байгууллагын ажилтнуудын дипломыг шалгахаар боллоо. Хүүхэд хүчирхийлдэг багш, сурагч, эцэг, эхчүүд тоймгүй болжээ. Тиймээс тохирох хариуцлагыг шат бүрт нь тооцоод явна” гэлээ.

"Илгээлт-2100"-ийн эзэд тодорлоо

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Монголын их, дээд сургуулиудын консорциумаас гадна иргэн, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, “Сайн сургуулийг таны дэргэд” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Наранбаяр, “Tomyo Edu Tech”-ын үүсгэн байгуулагч В.Баярсайхан нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсан тул эхний 428 хүүхдийн нэрийг зарлалаа.

Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар баталгаажуулж, Ажлын хэсгээр хэлэлцэн шийдвэрлэсний дараа зарлахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газар “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-ыг баталсан. Журмыг энд дарж үзнэ үү.

Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангах юм.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.

Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг их, дээд 100 сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“Илгээлт – 2100” хөтөлбөрийн болзол хангасан суралцагчид сайн дурын үндсэн дээр хамрагдах тул цахимаар бүртгүүлж, хүсэлтээ баталгаажуулна.

Бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагаас 12 дугаар сарын 09-ний  өдрийн 11:59 цаг хүртэл shorturl.at/uwD79  цахим холбоосоор хүлээн авах юм.

У.Хүрэлсүх: Намууд эвтэй байж, шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй

0

МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга Я.Содбаатар уншиж, танилцууллаа.

Мэндчилгээнд, Эрхэм хүндэт Их хурлын төлөөлөгчид өө, 

Журмын нөхөд өө, хүндэт зочид оо,

Эх орныхоо өнцөг булан бүрээс намын олон түмнээ төлөөлөн хүрэлцэн ирсэн Монгол Ардын Намын эрх барих дээд байгууллага Их хурлын бүрэн эрхт төлөөлөгчид Та бүхэнд болон МАН-ын нийт гишүүд, дэмжигчдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төв Азийн цээжинд байгуулагдсан анхны улс төрийн хүчин МАН-ыг үүсгэн байгуулж, тэмцэл ялалтын түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө амьдрал, залуу халуун нас, хөлс хүчээ зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, олон намын тогтолцоотой өнөө үед улс төрийн идэвхтэй байр суурь баримтлан улс орныхоо язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах,  ардчилал, хүний эрхийг дээдлэх үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зүтгэж буй Ардын намын нийт гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Бидний өвөг дээдэс тусгаар тогтнолоо тунхаглан, Бүгд Найрамдах улсаа байгуулж, эх орноо дэлхий ертөнцөд хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж,Төр улсаа сэргээн бадраасан агуу их үйл хэрэг нь хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа юм.

100 жилийн өмнөх “Тангаргийн гэрээ”-нээс шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлсэн нэгэн зууны түүхийг товчоолон дүгнэвээс Монгол Ардын Нам нь Ардын эрхэт, Бүгд Найрамдах Үндсэн хуульт төр засгаа эмхлэн байгуулж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө бүтэн зууны турш тэмцэн зүтгэж, шинэ зууныг өртөөлөн угтаж буй улс төрийн ууган хүчин болохыг илтгэн харуулж байна.

Энэ их тэмцэл, зүтгэлийн хүчинд Монголын хүн ам өсч, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болж, зуун зууны хоцрогдлыг түүх болгон үлдээж, соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлж, Монгол хүн сансарт нисэж, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, Орчин үеийн сайхан Монгол орон минь хөгжин мандсан түүхтэй.

Өнгөрсөн ХХ зууны нөр их бүтээн байгуулалт, ололт амжилт нь манай ард түмний хөдөлмөр зүтгэлийн үр шим, Монгол Ардын Намын удирдан манлайлсан бодлого, үйл ажиллагааны бодит үр дүн байсан юм.

Өнгөрсөн зуун жилд монголчууд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулж, баталгаажуулж чадсан бол ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган, хүчирхэг эдийн засагтай хөгжилтэй улс болох  түүхэн зорилт та бүхний өмнө дэвшигдэн тавигдаж байна.

Эрхэм нөхөд өө,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Нам улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ ард түмнийхээ итгэл сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ. Мөн МАН ард иргэдийнхээ санаа бодол, шүүмжлэл, зэмлэл, шаардлагыг байнга сонсож, сонор соргогоор хүлээн авдаг, үнэлэлт дүгнэлт хийж, алдаа дутагдалаа засаж, амжилт ололтоо бататгадаг, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж чаддаг улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард иргэдийнхээ дунд амьдардаг ард түмнээрээ овоглосон ардын нам байж чадна гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэл төгс байна.

Аливаа улс төрийн нам нь нийгмийг бүрдүүлэгч эд, эс болохынхоо хувьд нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн төлөвшин хөгжиж байх учиртай.

Улс төрийн намууд нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэн, ард түмнээ улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах шаардлагатай цаг үе болоод байна.

Цаашид Монголын улс төрийн намууд нь улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал санаачилга гарган хөгжлийн бодлогоороо өрсөлддөг бодлогын институт болон төлөвшиж, гишүүд дэмжигчид нь ёс суртахуунтай нийгмийг манлайлагч байж, дэвшилтэт ардчилсан үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг орчин цагийн улс төрийн хүчин болохын төлөө чармайн зүтгэх ёстой.

Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно гэдгээ энд тэмдэглэн хэлье.

Эрхэм нөхөд өө!

МАН 2020 оны УИХ болон орон нутгийн сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээн төр засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа эрх баригч улс төрийн хүчин билээ.

Энэ их итгэлийг их хариуцлага гэж ойлгох ёстой. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг сэтгэл зүтгэлээр, ажил хөдөлмөрөөр, үр дүнгээр, их бүтээн байгуулалтаар хариулах ёстой гэдгийг байнга санаж, бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах учиртай.

Өнөөдөр дэлхий нийтээрээ цар тахал аюулт өвчинтэй тэмцэж, олон зуун иргэд амь насаа алдан,эдийн засаг хумигдаж, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгааг хүн болгон мэдэж байгаа. Монголчууд бид эвээ эрхэмлэж,  хүчээ нэгтгэж,эдийн засгаа сэргээн, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай амаргүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна.

Цар тахлын аюул, хөнөөлийг арилгаж, энх амгалан амьдрал, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө хүн бүр хүчин зүтгэж, үндэстнээрээ нэгдэн нийлж, хамтран ажиллах нь хамгаас чухал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орон, ард түмнээ гэсэн зөв зүйтэй санал, санаачилга, бодлого, үйл ажиллагааг ямагт дэмжин, хамтарч ажиллах болно.

Их жанжин Д.Сүхбаатар:

“Бидний улс эв саналаа нэгтгэж,

Нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн,

Нэгэн зэрэг зориглон хөдөлвөөс

Үл хүрэх газаргүй бөгөөд

Мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж,

Үүрд цэнгэлийн манлайг олж болохыг

Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.” хэмээн одоогоос 100 жилийн тэртээ хэлсэн билээ.

Улс эх орон, үндэсний эрх ашиг гэдэг бол та бидний хүндэтгэн дээдлэх үнэт зүйл юм. Тийм учраас аливаа асуудалд гагцхүү  улс эх орон, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэн шийдвэр гаргаж  байх нь чухал.

Шинэ зуунд МАН болон улс төрийн бүх нам, хүчин, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататгаж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь  аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхийн төлөө манлайлан зүтгэхийг та бүхэнд уриалж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө анх үүсгэн байгуулагдсан улс төрийн ууган хүчин Ардын намын түүхт 30 дугаар Их хуралд дахин амжилт хүсье. Бүрэн эрхт Монгол Улс, бүтэн заяат ард түмний минь цог хийморь босоо байж Монгол Улс мандан бадрах болтугай.

Л.Оюун-Эрдэнийн ШИНЭ СЭРГЭЛТИЙН ЗУРГААН БОДЛОГО

0

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын 30 дугаар их хурал болж байна. Энэ их хурлаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах юм. Тэр их хурлын индэр дээрээс “ЗУУНЫГ ЭХЛҮҮЛЭХ ЗУРГААН СЭРГЭЛТ” нэртэй цоо шинэ хөтөлбөр танилцууллаа.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

                                                    Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх 

             ”Зууныг эхлүүлэх 

              Зургаан сэргэлт”

Эрхэм Монголчуудаа,

Намын Их хурлын төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо,

Журмын нөхөд өө,

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын 278 мянган гишүүдийг төлөөлж, намын 30-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй Та бүхэндээ чин сэтгэлийн мэнд дэвшүүлье.

Одоогоос зуун жилийн тэртээ, улс орны маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан хүнд цаг үед манай намын анхдугаар их хурал хуралдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх явдал бол гол зорилт хэмээн тунхаглаж байжээ.

Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн 2-р дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй Цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байна.

Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, Шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг  ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг Та бидэнд ногдлоо.

Эрхэм журмын нөхөд өө,

1921 онд Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын эх орончид нэгдэн Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн билээ.

Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30-р их хурлын индрээс хүндэтгэн дурсаж байна.

1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголын гал голомтыг сэргээн мандуулах тэмцэл байсан юм.

1911 онд VIII Богд Жавзандамба хутагт болон Минжиддоржийн Ханддорж, Гомбын Цэрэнчимэд, Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй эх орончид Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй.

Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд тусгаар тогтнолоо хамгаалж, 1945 оны бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04 цаг 15 минутад төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулж, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд дахин тунхагласан нь Монгол Ардын Намын түүхэн үнэн, мартагдашгүй гавьяа билээ.

Монгол Ардын Намын 100 жилийн түүх бол Монгол Улсын хөгжлийн түүх юм. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнхийн удирдсан он жилүүдэд Соёлын довтолгоон, Атрын аяныг өрнүүлж, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, шинжлэх ухааныг хөгжүүлж, Аж үйлдвэр – хөдөө аж ахуйн орон болох Их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, сансарт хүртэл ниссэн гайхамшигт түүхийг бүтээж чадсан юм.

1980-аад оны сүүл үеэс Зөвлөлт Холбоот Улсад эхэлсэн Перестройка буюу Өөрчлөн байгуулалтын нөлөөг социалист орнууд өөр өөрийн онцлогт нийцүүлэн хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлсон юм. Жамбын Батмөнх, Цэрэндашийн Намсрай тэргүүтэй Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд эх орондоо ардчилсан өөрчлөлт хийхийг эрмэлзсэн залуусын дуу хоолой, нийгмийн захиалгыг соргогоор мэдэрч, тайван замаар нийгэм, эдийн засгийн шилжилтийг удирдан зохион байгуулж чадсан түүхтэй.

Хүний эрх, эрх чөлөө, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн эдийн засаг, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зэрэг ардчилсан үнэт зүйлсийг тунхагласан 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын депутатуудын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүд өөрсдөө байсан.

Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын хүсэл, бас зориг байлаа.

Ардчилал бол ард түмний засаглал. Ардчилал бол хувь хүн биш, хууль засагладаг нийгэм. Ардчилал бол эрх чөлөө, үүрэг хариуцлагын нийлбэр. Ардчилал бол иргэн бүрийн идэвхтэй оролцоо юм.

Ардчилал бол амьдралыг тэтгэгч амьсгалах агаар мэт анзаарагддаггүй ч алдрах цагтаа эрүүл нийгмийн аминд хүрэх нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой үнэт зүйл юм.

Тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийг цогцлоож, өнөөдрийн Монголыг бүтээлцсэн үе үеийн эх орончид, нэр нь үлдээгүй ч үйлс нь мөнхөрсөн баатрууддаа улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын 30-р их хурлын индрээс гүн хүндэтгэл илэрхийлье.

Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий.

Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр Монгол Ардын Намын даргын хувьд уучлал гуйж байна.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,

Монгол Ардын Намын хоёр зууны түүхэн солбицолд Та бид Цар тахлын амаргүй сорилттой нүүр тулгарлаа. Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэ хүндрэл бэрхшээл манай улсыг ч тойрсонгүй ээ.

Цар тахлаас улбаалж, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200  гаруй мянган ажлын байр бодитой эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаараа дүйцэх цаг үе байлаа.

Цар тахлын үед Монгол Ардын Нам 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд 82.9 хувь, орон нутгийн сонгуульд 57.6 хувь, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 67.7 хувиар ялалт байгуулж, мөн Улсын Их Хурлын нөхөн сонгуульд амжилттай оролцлоо.

Амаргүй цагт ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Хоёр зууны түүхэн заагт намын даргаар ажиллаж, намынхаа шинэ зууныг ялалтаар буухиалан залгамжлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд баярлалаа.

Ялалтын буухиаг манлайлсан журмын нөхөддөө, энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ талархал илэрхийлж, баяр хүргэе.

Эрхэм журмын нөхөд өө,

Ялалт бол хариуцлага, сорилт бол боломж юм.

Би илтгэлийнхээ эхэнд Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулна гэж онцолсон.

Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.

Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ.

Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна.

Ийм ч учраас Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох намын 30-р их хурлын үндсэн илтгэлийг Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого хэмээн нэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлого нь шинэ зууны гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөн. Шинэ Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого нь “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.

Хөгжлийг боомилогч хүчин зүйлсийг богино хугацаанд шийдвэрлэж, эдийн засгийн суурь багтаамжийг цаг алдалгүй тэлж чадвал “Алсын хараа – 2050” бодлогод тусгасан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ.

Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжих болно. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ.

Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана. Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ.

Монгол бол залуучуудын орон. Өнөөдрийн залуучууд зорилготой, орлоготой, орон сууцтай, хуримтлалтай байх нь Монголын ирээдүйн баталгаа юм.

21 дүгээр зуун бол хурдны зуун. Хурдыг бүтээмж, бүтээмжийг хөгжил цэцэглэлт дагадаг.

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, хиймэл оюун, блокчейн зэрэг технологийн хөгжлийн эрин үед Монголын үндэсний давтагдашгүй онцлогт тулгуурласан дэлхийн дэвшилтэт ололтыг дэмжиж, шинжлэх ухаан, инноваци, техник технологийн салбарын үсрэнгүй хөгжлийг эхлүүлнэ. Тийм учраас шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн инженерүүдийг төрөөс бодлогоор бэлтгэнэ.

Өнөөдөр миний бие Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг ярихаар бэлтгэлээ. Учир нь эдгээр хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт цаасан дээр царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч “Алсын хараа – 2050” хөгжлийн бодлого ч энэхүү зургаан асуудалтай ус агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай юм.

Нэг. Боомтын сэргэлт

Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. 

Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, улирлын чанартай бүтээн байгуулалт зэрэг хөгжилд саад болдог хүчин зүйлс багагүй бий. Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсч цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм.

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм.

Өнөөдөр дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна.

Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.

Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулцгаая.

Шинэ нисэх онгоцны буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлж, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийн хэмжээний иргэний болон ачаа тээврийн компаниудтай нээлттэй, харилцан ашигтай түншлэн ажиллацгаая.

Товчоор хэлэхэд боомтын боймыг тайлах болно.

Хоёр. Эрчим хүчний сэргэлт

Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг болсон байна.

Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.

1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.

Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.

Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.

Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт

 Аль ч улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь Аж үйлдвэржилт билээ. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого бол манай намын зуун дамнасан бодлогын үргэлжлэл юм. 

 Бид хийж чаддаггүй зүйлээ сурахаас илүүтэй хийж чаддаг байсан зүйлээ сэргээх нь чухал билээ. Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна.

Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна.

Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ.

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё.

Үйлдвэржсэн Монголын үйлс бүтэх болтугай.

Дөрөв. Хот, хөдөөгийн сэргэлт 

Эрхэм төлөөлөгчид өө,

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох нь бидний нэн тулгамдсан асуудал боллоо. XIII зуунд Монгол хүн морин дэл дээр дэлхийг эзэлсэн түүхээр бид бахархдаг, харин XXI зууны Монголчууд машиндаа түгжирсээр насыг барвал юутай харамсалтай. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.

Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна.

Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн гучин жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс юм.

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан хууч өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсныг ард иргэд маань хүлээн зөвшөөрч ойлгоно гэдэгт итгэж байна. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарц үлдсэнгүй.

Зарим томоохон асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна.

Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлнэ.

Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээж, орон нутгийн удирдлагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.

Цар тахлын нөхцөл байдал тогтворжих үед Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлаж, бие даан хөгжих боломж бүхий эдийн засгийн асуудлыг аймаг бүрд шийдвэрлэж, орон нутагт Ерөнхий сайдын хувиар ажиллах болно.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжинэ. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлнэ.

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн нь нийслэлээс төсвөөс түгжрэлд зарцуулсан 10 жилтэй дүйцэж байгаа нь бид энэ асуудалд хэрхэн хайнга хандаж ирсний бас нэгэн илэрхийлэл юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэх учиртай.

Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ.

Суусан хотоо алхаатай хот болгоход төр-иргэний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Тав. Ногоон хөгжлийн сэргэлт

Хөгжил бол байгаль өөрөө юм. Цар тахал дэлхий ээжтэйгээ буруу харьцсанаас үүдэж, хүн төрөлхтөнд өгч буй сануулга байхыг ч үгүйсгэхгүй. 

Монголчууд бид эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилдээ тулгуурлаж, дэлхийн чиг хандлагад нийцсэн ногоон хөгжлийн дэвшилтэт загварыг одоо л тодорхойлохгүй бол оройтно.  

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байгаа юм.

Бидэнд өөр сонголт байхгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн  гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна.

Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, Төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая.

Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно.

Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна.

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна.

Бид өвөг дээдсийн унаган байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн Их сэргэлтийн эрин үед олон улсын чиг хандлагатай нийцүүлэн үргэлжлүүлж, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлж чадна.

Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлт

 Монгол ахан дүүс ээ,

Эрхэм журмын нөхөд өө,

 Миний бие Монгол Улсын хөгжлийг боомилж буй 5 асуудал, түүний шийдлийн тухай товч дурдлаа. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн өнөөдөр хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь Төр өөрөө болсон байна. 

Төр иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч, боомилогч биш, харин дэмжигч, урамшуулагч байх учиртай.  

1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.

Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засч төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ.

Бидэнд мөнгө шаардахгүй ч, бүтээмжээ сайжруулах олон боломж бий. Ийм л байх ёстой гээд дасчихсан асуудал, хэвшсэн сэтгэлгээ ч цөөнгүй байна.

Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог.

Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж?

Тиймээс төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд төр, иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтарч, хязгаарлаж буй хүчин зүйлсээ зөв тодорхойлж, шийдэл олох нь нэн чухал юм.

Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

Авилгатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн нэг бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай.

Өнөөдөр намын даргын хувьд Монгол Ардын Намын их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргах үндсэн дөрвөн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай юм.

Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх учиртай. Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр төлөөллийн зарчим алдагдаж, нийгмийн бухимдал үүсч байна. Парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр юм.

1992 онд Үндсэн хууль батлах үед Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 14 мянга орчим сонгогчийг төлөөлж байсан бол өнөөдөр 26 мянга орчим сонгогчийг төлөөлж байна.

Хууль батлагдах үйл явц тооцоо судалгаатай, чанартай, амьдралд нийцсэн, харин батлагдсан хууль заавал хэрэгждэг байх ёстой. Шүүх засаглал хараат бус, шүүхийн процесс иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх учиртай.

Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.

Эрхэм журмын нөхөд өө,

Манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын нэн чухал зангилаа болсон зургаан багц асуудлыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд товч танилцууллаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө.

Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.

Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ 2 дахин томорно.

Эдийн засгийн цар хүрээ тэлэгдсэнээр хүний хөгжлийн зорилтууд хангагдаж,  эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирч, иргэдийг орон сууцжуулах асуудал шийдвэрлэгдэж, Монгол хүний цалин орлого нэмэгдэж, чинээлэг дундаж давхарга тэлж, амьдралын чанар эрс сайжирна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр дангаараа бүрдүүлэх боломжгүй нь ойлгомжтой.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Үндсэндээ төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно.

Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” хэмээн тунхаглаж байлаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого ч “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэсэн агуулгатай байсан.

Монгол ахан дүүс ээ,

Иргэн, аж ахуйн нэгжүүд ээ,

Хөрөнгө оруулагчид аа,

Өнөөдөр бид “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх Их үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.

Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөрш орнууд, олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллах болно.

Монгол Улс гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн зарчимдаа “Монголын андгай за буй заа” хэмээх язгуурын зарчмыг хатуу баримтлана.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол гэж байхгүй. Хэдийгээр бид үзэл бодол, баримтлах зарчим, байр суурь зөрүүтэй ч Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө нэгдмэл эрх ашигтай билээ. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахыг улс төрийн бүх намууд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.

Цар тахал дэлхий нийтэд тодорхойгүй ирээдүй, төсөөлөөгүй сорилтыг учруулсаар байна. Цар тахлын хүндрэл цаашид хэр удаан үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй.

Цар тахлын халдвараар 1943 хүний эрдэнэт амь эрсэдсэнд туйлаас харамсаж байна.

Монголчууд бид хүнд үедээ эвлэлдэн нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж чаддаг ард түмэн билээ.

Цар тахлыг хамтдаа даван туулж, энгийн амьдралын хэмнэлээ эргүүлэн авчирч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар Цар тахлын эсрэг вакцины бүрэн тунд нийт хүн амын 66 хувь, нэмэлт 3-р тунд зорилтот бүлгийн 39 хувь хамрагдсан нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй амжилт юм.

Цар тахалтай тэмцэх амаргүй ажилд, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан цагаан нөмрөгт баатрууддаа, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчиддаа, олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах вакцинжуулалтын ажлыг зохион байгуулалцсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Монгол Ардын Намын 30-р Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,

Өнөөдөр Та бүхэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргана. Мөн Монгол Ардын Намын шинэ зууны дэвшилтэт зорилтуудын хүрээнд намын эрхэм зорилго, үнэт зүйл, үзэл баримтлал, хичээн эрмэлзэх зүйлийг тодотгон шинэчлэх болно.

Та бүхэн мэргэн оюундаа тунгаан, ухаан бодлоо уралдуулан, санал шүүмжлэлээ чөлөөтэй өрнүүлж, энэхүү бодлогыг хэлэлцэхэд идэвхтэй оролцоно гэдэгт итгэл төгс байна.

100 жилийн түүхийг бүтээлцсэн Монгол Ардын Намын үе үеийн дарга нартаа намын 30-р их хурлын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Эвлэлдэн нэгдэх бүрдээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх нотолдог. Намынхаа түүхт 100 жилийн ойгоор үндэсний язгуур эрх ашгийн төлөө Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам эргэн нэгдсэн нь түүхийг бүтэн болгосон чухал үйл явдал байсныг онцлон тэмдэглэж байна.

Монгол Ардын Намын эв нэгдэл, бодлогын залгамж чанарыг хадгалах үүрэг бүхий үе үеийн намын дарга нараас бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулах асуудлыг намын их хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэх боллоо.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, Их бүтээн байгуулалтыг өрнүүлэх алдаж үл болох алтан боломж 12 жилийн дараа ийнхүү тохиолоо.

Өнгөрсөн 100 жилд Монгол Ардын Нам эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан шигээ, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоох эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт бат итгэж байна.

Их хурлын төлөөлөгчид, намын нийт гишүүд Та бүхэн Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн 30-р их хурлаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.

Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж,

Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж,

Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж,

Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж,

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож,

Ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж,

Өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн,

Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэнтэй улс болж хөгжих болтугай!

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болон хөгжин мандах болтугай!

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

0

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн шуурхай хуралдаж, үйлдвэрлэлийн ажил, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ковидын нөхцөл байдалтай холбоотой сүүлийн 72 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн хэмжээнд 9 тохиол батлагдаж, тархалт харьцангуй буурсан ч хүн бүрийн анхаарал, болгоомж чухал хэвээр байгааг анхааруулав. Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрлэлийн явц хэвийн үргэлжилж, төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэхийн төлөө уурхайчид хичээнгүйлэн ажиллаж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн бол Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс Хаягдлын аж ахуйн хуурайшилттай талбайд норголт хийж, цагаан тоосны дэгдэлт дарах ажлаа үргэлжлүүлж байна гэв.

Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, төлөвлөөт ажлууд биелсэн талаар цех нэгжийн удирдлагууд мэдээлэв. Амралтын өдрүүдээр Дулааны цахилгаан станц 95 вагон нүүрс татан авч, өнөөдрийн байдлаар 27500 тонн нүүрс нөөцлөөд байгаа аж. Энэ сард нийт 45 мянган тонн нүүрс татаж авахаар төлөвлөсөн байна. Ус хангамжийн цехэд хийгдэж буй цэвэрлэх 3-р шугамын бүтээн байгуулалтын ажилд цехийн зүгээс байнгын хяналт тавьж бөгөөд шахмал түлшний үйлдвэрт ашиглах Шарын голын нүүрсний дээжийг лабораторид өгөөд байгаа юм байна.

Барилга, байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэс Уурхайчин-1,2,3 хорооллын гүйцэтгэлд хяналт тавьж, Уурхайчин-3 хорооллын цахилгаан холболт хийгдэж эхэлснийг мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, Цахилгаан цехийн удирдлага өндөр насны тэтгэвэртэй гарсантай холбогдуулан томилгоо хийгдсэн байна. Тус цехийн Ерөнхий инженер Г.Цогт-Очирыг цехийн даргаар, ХАБЭА хариуцсан орлогч Э.Ганзоригийг Ерөнхий инженерээр тус томилсныг ЗХНБГ-аас танилцууллаа.

Мөн ковидын нөхцөл байдлын улмаас Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ удаа үйлдвэрийн зүгээс шинэ жилийн баяр зохион байгуулахгүй бөгөөд оны шилдэг ажилтнуудаа цахимаар шалгаруулан урамшуулна гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээлэв. Түүнчлэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа амжилттай биелүүлэх, хангамж нийлүүлэлт зэрэг тулгарч буй цаг үеийн хүндрэл бэрхшүүлүүдийг цаг тухай бүрд нь шийдвэрлэж, хамтран ажиллахыг Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор шуурхайн төгсгөлд онцгойлон анхаарууллаа.

Д.ҮҮРИЙНТУЯА: 240 САЯ АМ ДОЛЛАР ОРСОН ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ БОЛНО

0

Дэлхий нийтийг хамарсан ковидын үр дагавар, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, үйлдвэрлэлийн тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг  ханган ажиллаж байна. Гэвч сүүлийн өдрүүдэд тус үйлдвэрийг тойрсон андуу ташаа мэдээлэл зарим сайт нийтэлж, олон нийтэд түгээж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн  Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа  сэтгүүлчдийн асуултад хариулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө үү?  

– Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91-р тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, өнөөг хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон 2017 оноос хойш жил бүр үйлдвэрлэл, эдийн засгийн батлагдсан зорилтот түвшний үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлж ирсэн. Ялангуяа төрийн өмчит үйлдвэрийн газраар ажилласан сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гаргалаа. Тухайлбал, 2016 онд 126.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 онд 263 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,  улс орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум төгрөг, 2020 онд 1 их наяд 5.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Энэхүү уурхайчид, баялаг бүтээгч хамт олны маань ажил үйлсийг төр, засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхны Монгол Улсын баатар үйлдвэр болсон.

2020-2021 онд Коронавируст халдварын цар тахал тархаж, бидний гэр бүл, орон нутаг, улс үндэстэн, дэлхий нийтэд хүнд сорилт тулгарсан, амаргүй цаг үед уурхайчдаа болон тэдний гэр бүлийн эрүүл энх, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй, хэвийн жигд явуулах, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрээ бууруулахгүйн төлөө бид хичээж ажиллаж байна.

Цар тахал нүүрлэсэн хүнд жилүүдэд “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийн сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга давуулан биелүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр  биелүүлж ирлээ.

-Цар тахал хаа сайгүй санхүүгийн хямрал, эрсдлийг дагуулж байгаа ч Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлого тасалдаагүй. Улс орон, ард иргэдийн ахуй амьдралд хамгийн бодитой дэмжлэг үзүүлж буйг хүн бүхэн мэдэрч байгаа. Харин энэ бүхэнд өнөөдрийн байдлаар, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, орлого төвлөрүүлсэн бэ?

– Монгол Улсын Засгийн газар 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоол нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан баталгаажуулсан чухал баримт бичиг болсон. Энэ хүрээнд ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлийг баталсны дагуу бид хэтийн зорилтоо тав таван жилийн төлөвлөгөөтэй боловсруулан жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө тодотгон тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 80 орчим хувь нь элэгдэлд орсон байсан үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг шинэчиллээ.

Хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөж чадсан. Өөрөөр хэлбэл, бид геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдлээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах, олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, улс орны ирээдүй, үйлдвэржилтийн бодлого, хөгжлийн асуудал юм.  Тиймээс үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр шимийг Монголчууд бүгд хүртэх боломжтой. Иймд Эрдэнэт үйлдвэрийг цаашид  үр ашигтай ажиллуулахын төлөө  бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө  үзүүлэлт бүрээр давуулан биелүүллээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100-138.2 хувиар, ашгийн төлөвлөгөөг 2.5 дахин давуулан биелүүлсэн.

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улс орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын хүрээнд нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын тог цахилгаан, дулаан уур ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөгийг төлөөд байна.

-Сүүлийн өдрүүдэд зарим сайтад тавигдсан мэдээллийг тодруулахыг хүсэж байна. “Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа” гэх гарчиг бүхий мэдээлэл хэр бодитой вэ?

-Ийм агуулга бүхий мэдээлэл Toim.mn сайтад  2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр нийтлэгдсэн байна.  Энэхүү мэдээлэлд гурван зүйлээр  тайлбарлая. Нэгдүгээрт, бид Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллуулж эхэлсэн 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүх өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш буюу 2019, 2020, 2021 онд нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй, зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2021 оны бизнес төлөвлөгөөг ТӨБЗГ-аас 2020 оны 12 сард баталсан. Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Харин гүйцэтгэлээр өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн зээл авалгүй ажиллаж байна. Тиймээс дээрх 240 сая долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирсэн, үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь худал мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар үйлдвэрийн дансанд зээлийн санхүүжилт гэх нэг ч төгрөг, нэг ч ам.доллар ороогүй байна.  Сүүлийн нэг сарын хугацааны дансны орлогын мэдээллийг харж болно.

Эцэст нь хэлэхэд, харин бид 2022 онд төлөвлөсөн том төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчид болон шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр татах асуудлыг судалж байна. Ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийхэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд шаардлагатай. Энэ бол бизнесийн зарчим. Тодорхой хэмжээнд үр ашигтай зээл, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бизнесийн шийдэл, боломжууд байдаг. Энэ зарчмаар бид 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусгаад, ТӨБЗГ-ын ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлээд ажиллаж байна.

У.Хүрэлсүх: Соёл урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулна

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, хүндэт зочид оо!

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд аа, олон улсын байгууллагын төлөөлөгчид өө!

Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх, соёлоо хамгаалан хөгжүүлж, монголчуудынхаа оюун санааны дархлааг бэхжүүлж байдаг соёлын салбарын Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм.

Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл.

Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Соёлын бүтээлч сарын хүрээнд соёл, урлагийн салбарын олон асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, соёл, урлаг, соён гэгээрлийн олон арга хэмжээ зохион байгуулсан нь цаашид Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримттай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно.

Тухайлбал, Үндэсний хөгжлийн бодлогод хүний хөгжил, соёлын хөгжлийн асуудал чухал хүчин зүйл болон орж ирж байгаад Төрийн тэргүүний хувьд талархаж байна. Учир нь хөгжлийг хүнгүйгээр, хүнийг соёлгүйгээр төсөөлөх боломжгүй юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн жил” болгон зарласантай холбогдуулан дэлхий нийтээрээ бүтээлч хандлага руу чиглэж байгаа билээ.

ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний “соёл”, “хөгжил” хоёрын харилцаа, хамаарлыг тодорхойлохыг зорьж, соёлыг хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна.

Дэлхий нийтийн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага техник технологийн хөгжил, хүний хөгжлийн хүчин зүйл хоёрыг хослуулсан эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэхэд оршиж байна.

Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна.

Улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан.

Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна.

Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн, Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын төлөө хүчээ нэгтгэн хамтдаа зүтгэе! Монголын баялаг – Монгол соёл үүрд мандан бадрах болтугай!

Эх сурвалж: president.mn

"Эрдэнэт" 4-р тунд иргэд, аж ахуйн нэгжүүдийг уриалж байна

0

Дөрөвдүгээр тун нь дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл зөв хоололт, эмчийн зөвлөгөө, инээмсэглэл хайр юм…

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ уйтгар гунигтай амьдарлаа. Ам хаалттай, хөл хориотой, зайн харилцаатай, хүүхдээ ч үнсэхээс болгоомжилсон, хөндий хүйтэн уур амьсгалтай ажиллаж, амьдрах нь хүнийг сэтгэл гутралд оруулж, дархлаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид ярих болсон.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын 1, 2-р тунд хамгийн түрүүнд хамрагдсан. Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийн баялаг бүтээгч шүү дээ гэх ухамсар сэтгэлгээ ажилтан бүрт гүн бат төлөвшсөн учраас тэр. Одоо Ковидын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд иргэдээ хэрхэн хамруулах тухай дөнгөж яригдаж байхад зууны манлай үйлдвэрийнхэн аль хэдийнэ 98 хувьтай хамрагдаж, бүр “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлчихсэн явна. Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын 4-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөнөөр, соёл урлагаар, амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлээр, бие биедээ үзүүлэх халамж, хайр хүндлэлээр бие, сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна уурхайчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцсан, спорт, урлаг, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэцтэй Монголын цорын ганц үйлдвэр. Энэ нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхад том нөлөө үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх үйлдвэрийн газрынхаа энэ онцлог, давуу талд тулгуурлан, ажилчдынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цар тахлын үеийн уур амьсгалыг зөөллөсөн, хүн бүрийн сэтгэлд хүрсэн “сэргээш” болон түгэж байна. Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн нь өнөөдөр 7000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ. Долоон өнгөнөөс солонго бүрддэг шиг “Дархлаажуулалтын 4-р тун” аян долоо хоног бүр өөр өөр өнгө аяс, хэмнэлээр баяжигдан үргэлжилсээр… Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон аяныг “Дархлаажуулалтын 4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсан нь өнөөдөр 10:10, 15:10 цагт тогтмолжин, үйлдвэрийн соёлын хэмжээнд хэвшлээ. Олныг хамарсан тайлангийн хурал хийж байсан ч цаг нь болоход түр завсарлан дасгалдаа нэгддэг болсон нь том үр дүн, хөгжил юм. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээрээ зохион байгуулдаг нь одоо цехийн нэрэмжит болон өргөжлөө. Спорт цогцолбор секц дугуйлангуудынхаа үйл ажиллагааг сэргээж, эхний ээлжинд ажилчдадаа үйлчилж байна. Дараагийн долоо хоногоос Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Дархлаажуулалтын 4-р тун нь соёл, урлаг юм” хэмээн зарлаж өөрийн үйл ажиллагаагаар өнгө нэмсэн. Мэргэжлийн урлагийнхан, ардын авьяастан ажилчидтайгаа хамтран өглөө бүр уурхайчдынхаа сэтгэлийн дархлааг сэгхийтэл өргөн дэмжиж байна. Ажилдаа ирэхэд морин хуурын чуулга “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлж угтах нь юутай сайхан. Маргааш нь төгөлдөр хуурын аяз, сэтгэл сэргээсэн дуу, бүжиг, нөгөөдөр нь ардын хөгжим, хөөмий уянгалж угтана. Үүний дараа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон шим тэжээлтэй хоол, дархлаа сэргээх ундааг нийтийн хоолны үйлчилгээндээ нэвтрүүлж, эрүүл зөв хооллолтын цахим зөвлөгөөний челенжээр аянд нэгдсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар “Дархлаажуулалтын 4-р тун нь зөв дадал, зөв хэвшил юм” сэдвийн хүрээнд ажилчдад сургалт, мэдээлэл хүргэж, инээмсэглэл бэлэглэх талархлын өдүүдийг үргэлжлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны фейсбүүк групп үүссэн. Тэндээ халуун ам бүлээрээ эерэг мэдээлэл, дүрс бичлэгээ хуваалцан, бие биедээ урам дэм хайрлаж байгаа нь дархлаа сэргээх бас нэгэн сонирхолтой хэлбэр хэдийнэ болжээ. Уурхайчид цех, нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “Дархлаажуулалтын 4-р тун”-д сайн дураар хамрагдсаар… Энэ нь цар тахлын хөл хориотой нэгэн хэвийн уйтгарт амьдралыг сэргээх, бие, сэтгэлийн дархлаагаа өөрсдөө дэмжих цаг нэгэнт болсныг харууллаа. Эрдэнэт үйлдвэр “Дархлаажуулалтын 4-р тунд”-д аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна.

Бага ангийн сургалт хэт хүнд байна гэжээ

0

45 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна.

Дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болов.

Сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсгээс сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатай байгааг зөвлөлөө.

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо.

Өөрөөр хэлбэл, орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа.

Арванхоёрдугаар сард цас мөс хайлж болзошгүй!

0

Арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дундажаас/ОЖД/ дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар ОЖД–аас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар ОЖД–ийн орчим байна.

Хэдийгээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, харин цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдээд байгаатай холбоотой хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгааг ард иргэдэд анхаарууллаа.

Тухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрд авч ашиглахыг анхааруулж байна. Цаашдаа нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн бүс нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүс болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас  дулаан, хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төвийн хойд хэсгээр ОЖД–ийн  орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн  эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ.

Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас  дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.

Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Салхи зарим газраар түр зуур 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүртэл ширүүсэх төлөв гарчээ.

Эх сурвалж: ЦУОШГ