Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн шуурхай хуралдаж, үйлдвэрлэлийн ажил, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ковидын нөхцөл байдалтай холбоотой сүүлийн 72 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ хугацаанд үйлдвэрийн хэмжээнд 9 тохиол батлагдаж, тархалт харьцангуй буурсан ч хүн бүрийн анхаарал, болгоомж чухал хэвээр байгааг анхааруулав. Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрлэлийн явц хэвийн үргэлжилж, төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэхийн төлөө уурхайчид хичээнгүйлэн ажиллаж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн бол Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс Хаягдлын аж ахуйн хуурайшилттай талбайд норголт хийж, цагаан тоосны дэгдэлт дарах ажлаа үргэлжлүүлж байна гэв.
Үйлдвэрийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, төлөвлөөт ажлууд биелсэн талаар цех нэгжийн удирдлагууд мэдээлэв. Амралтын өдрүүдээр Дулааны цахилгаан станц 95 вагон нүүрс татан авч, өнөөдрийн байдлаар 27500 тонн нүүрс нөөцлөөд байгаа аж. Энэ сард нийт 45 мянган тонн нүүрс татаж авахаар төлөвлөсөн байна. Ус хангамжийн цехэд хийгдэж буй цэвэрлэх 3-р шугамын бүтээн байгуулалтын ажилд цехийн зүгээс байнгын хяналт тавьж бөгөөд шахмал түлшний үйлдвэрт ашиглах Шарын голын нүүрсний дээжийг лабораторид өгөөд байгаа юм байна.
Барилга, байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтэс Уурхайчин-1,2,3 хорооллын гүйцэтгэлд хяналт тавьж, Уурхайчин-3 хорооллын цахилгаан холболт хийгдэж эхэлснийг мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, Цахилгаан цехийн удирдлага өндөр насны тэтгэвэртэй гарсантай холбогдуулан томилгоо хийгдсэн байна. Тус цехийн Ерөнхий инженер Г.Цогт-Очирыг цехийн даргаар, ХАБЭА хариуцсан орлогч Э.Ганзоригийг Ерөнхий инженерээр тус томилсныг ЗХНБГ-аас танилцууллаа.
Мөн ковидын нөхцөл байдлын улмаас Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ удаа үйлдвэрийн зүгээс шинэ жилийн баяр зохион байгуулахгүй бөгөөд оны шилдэг ажилтнуудаа цахимаар шалгаруулан урамшуулна гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээлэв. Түүнчлэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтуудаа амжилттай биелүүлэх, хангамж нийлүүлэлт зэрэг тулгарч буй цаг үеийн хүндрэл бэрхшүүлүүдийг цаг тухай бүрд нь шийдвэрлэж, хамтран ажиллахыг Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор шуурхайн төгсгөлд онцгойлон анхаарууллаа.