2025.06.19, Пүрэв
spot_img

Хөгжлийн банк ба гэр хороолол

0

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын мэдээлэл Цагаан сарыг хар нулимстай болгов. Гэхдээ, цагаа олсон маш чухал мэдээлэл.

Мандуул захирал сайтар нягтлан шалгасан мэдээлэл өгсөн бол Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд хүрсэн нь гол харлаж үхмээр тоо. Сайтар нягтлан шалгасан бол хэмээн тодруулахын учир нь зарим нэг компанийн зүгээс ташаа мэдээлэл өглөө гэх гомдол гарчээ. Ташаа мэдээллийг засаж болно. Харин 1.6 их наяд хүрсэн чанаргүй зээлийг засах нь маш хүнд хүчир зорилт. Боломжгүй бол биш. Засах аргаа зөв олбол мөнгө хөрөнгө оргүй хоосон руу алга болохгүй!

Хөгжлийн банкны эл будилаан төр эдийн засагт хутгалдан оролцох хэрэггүй гэдгийн том нотолгоо. Хөгжлийн банк хувийн банк байсан бол ийм явдал болохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ одоо юун үзэл санаа, суртлын маргаантай мантай. Алдсан мөнгөө олж авах асуудал “хоолойд тавьсан хутга” болчхоод байгааг Мандуул захирал дэндүү тодорхой хэллээ.

Миний бодлоор Засгийн газар яаралтай Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулах тухай хуулийг боловсруулан, түргэвчилсэн журмаар УИХ-д өргөн барих дэгийн заалтыг ашиглан, шууд хэлэлцүүлэн батлуулах хэрэгтэй. Хуулийн хүчээр өр барагдуулах ажлыг шуурхайлахгүй, гурван шатны шүүхээр явахдаа хүрвэл, тэгээд л өнгөрлөө гэсэн үг!

Олон түмэн баахан сенсаци болгон шуугьж байгаад л алсдаа сонирхохоо болино. Урьд урьдын ийм туршлага цөөнгүй бий. Тэр тусмаа, Хөгжлийн банкны эх үүсвэр хадгаламж эзэмшигчид, даатгалын сан зэргээс бүрдээгүй учир шууд биеэр хохирох иргэд үгүй. Ачааны хүнд нь хэдэн том татвар төлөгчид дээр л бууна.

Тийм учраас, олон түмний анхаарлыг, Хөгжлийн банкны өр барагдуулах үйл ажиллагаанаас холдуулж хөндийрүүлэхгүйн тулд хуулийн төсөлд ард түмнийг төлөөлөх хороо байгуулах заалтыг зайлшгүй оруулах нь зүйтэй санагдана.

Засгийн газар Хөгжлийн банкны өр барагдуулах ажилд АТГ-ыг дайчилж байгаа мэт мэдээлсэн. Ингэвэл алдаа болно. Үнэндээ Хөгжлийн банк ингэж хохироход хүрсэн нэг шалтгаан нь АТГ, прокурорын хариуцлагагүй, захиалгат нугалаа гэмээр үйлдлүүд байсан юм шүү! Үүний оронд тагнуул, цагдаагаас бүрдсэн шалгалтын баг, аудит, санхүүгийн шинжээч зэрэг мэргэжлийн туршлагатай хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллуулж тогтмол хугацаанд тайлагнуулах хэрэгтэй.

Хөгжлийн банкийг аврах тухайд товчхон санал гаргахад ийм байна. Эрх биш төрийн хуулийн боломжийг зөв ашиглавал шүүхийн хүндрэл энэ тэр гэж цаг алдахгүй богино хугацаанд асуудал шийдэгдэнэ.

Одоо гол санаагаа уншигчдадаа өгүүлсү. Дээр бичсэнчлэн, төр эдийн засагт оролцох нь тун муу. Энэ үнэнийг монголчууд бид олон удаа харлаа. Хашрахгүй л байна. Хөгжлийн өанкны дараа ч хашрахгүй үргэлжлүүлэх төлөвтэй.

Тэгвэл ядахдаа, төр эдийн засагт оролцох гэж дурлаад байгаа юм бол зөв талаас нь оролцох хэрэгтэй. Нийт нийлүүлэлт талаас нь бус зөвхөн нийт эрэлт талаас л оролцох ёстой. Төрийн макро эдийн засгийн менежмент нь нийт эрэлтийг дэмжих удирдлага.

Харин, нийт нийлүүлэлтийн тал нь хувийн хэвшлийн “дархлагдсан газар” юм. Эдийн засгийн нийлүүлэлт талд төрөөс оролцож болохгүй гэдэг бол макро эдийн засгийн бодлогын суурь зарчим.

Төр эдийн засагт буруу талаас нь оролцсоны тод жишээ нь Хөгжлийн банкны зээл. Нийт эрэлтээ дэмжихийн оронд Хөгжлийн банк эрэлт нь тодорхойгүй салбар, бүр тэр тусмаа ашиг нь тодорхойгүй төрийн бүтээн байгуулалт нэрээр зээл өгснөөр асар их хэмжээний мөнгийг түгжигдэх аюул руу түлхсэн билээ. 1.6 их наяын муу зээлийн цаана түгжигдэн гацсан хөрөнгө оруулалт их байх.

Хэрэв зээ, энэ 1.6 их наяыг нийт нийлүүлэлтийг дэмжих монетори хэрэгсэл болгож чадсан бол, тодруулбал гэр хорооллын хашааны газрын М2-ыг үнэлж барьцаалан ипотек, хөрөнгө оруулалтын хэлбэрээр зээл өгсөн бол өнөөдөр хамгийн багаар бодоход 10 орчим их наяын үл хөдлөх хөрөнгийн зах зээл бий болчихсон, ажилгүйдэл, ядуурлыг мартчихсан сууж байх байлаа. Капиталын увдис гэж үүнийг хэлдэг юм.

Манайх шиг орон сууц асар их дутагдалтай, сүүдрийн эдийн засаг томтой улсад ипотекийн зээл шиг найдвартай зээл байдаггүй. Орон сууцны нийлүүлэлт ханачихсан барууны оронд бол ипотек найдваргүй л дээ.

Ингээд бодоход 1.6 их наяд хашааны газар дээрх хаус, таунхаус, олон давхар орон сууц, хотхон, хороолол гэх мэтийн барилга байгууламж үл хөдлөх хөрөнгө болчихсон байсан бол одоо олон улсын санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банк гангарч, зээл аваач гэж гуйсан сангуудын эздийг хойноос гүйлгэж байхгүй юу!

Хөгжлийн банкны эх үүсвэрээс газраа барьцаалж зээл авсан хэдэн түмэн газрын эзэд зээл, хүүгийн төлбөрөө төлөхүйд тасралтгүй орлогын эх үүсвэртэй даналзах байв. Зээлдэгчид газар, байшингаа үүрээд зугтах ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас газар, барилгыг үл хөдлөх хөрөнгө гэдэг юм. Өндөр хөгжилтэй оронд зээлийг яг үнэндээ газарт олгож, эзнээр нь төлүүлдэг ёстойн учир энэ бөлгөө.

1960-2000 оны хооронд Швед улс яаж хөгжсөн, алдарт “IKEA” хэрхэн бий болсон учрыг маш бүдүүвчлэн өгүүлье. Ерөнхий фоныг нь гаргах зорилготой учраас маш бүдүүн тойм, бараг л үлгэрлэн зураглаж буйгаа дахин онцлон сануулъя.

Швед улсын Ардын банк, олон улсын санхүүгийн зах зээлээс 305 тэрбум долларыг 20-40 жилийн хугацаатай маш бага хүүтэй зээлийг босгон авч иргэддээ хашааных нь газраар барьцаалан ипотекийн зээл болгон өгчээ. Зээл авсан иргэд газар дээрээ хаус, таунхаус, орон сууцны хотхон, бусад барилга байгууламж гэх мэт үл хөдлөх хөрөнгө уралдан босгожээ. Өөрөөр хэлбэл, бүх нийтээрээ үл хөдлөх хөрөнгийн “үйлдвэрлэл” эрхэлжээ. Иргэд буюу зах зээлийг ингэж мөнгөжүүлснээр эдийн засгийн нийт эрэлт гозойн өсөж өгөв. Шинэ орон сууцанд орж байгаа олон мянган залуу гэр бүлүүдэд хямд төсөр тавилга хэрэгтэй болж зах зээл дээр гэрийн тавилганы эрэлт суга өсжээ. Энэ эрэлт дээр дөрөөлөн “IKEA” хэмээх, сүүлдээ дэлхийн сүлжээ болон мандсан брэнд нэртэй компани бий болсон түүхтэй. Ганц “IKEA” ч биш Шведийн үндэсний үйлдвэрлэл, банк санхүүгийн тогтолцоо, хувийн хэвшил өсөж өндийсөн.

2000 он гэхэд Шведийн ДНБ нь 279 тэрбум долларт хүрсэн. Ардын банкны зээлийн багцын зарим хэсэг нь 40 жил хүрсэн 305 тэрбум долларын ипотекийн зээл ингэж жилдээ 297 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөрөнгө оруулалт болон хувирсан ажээ. Газар хэмээх капитал ийм увдистай байна.

Харин сүүлийн үед Шведийн эдийн засаг зогсонги байдалд орох гээд сандраадаг болсон. Иргэдийнхээ орон сууцны асуудлыг үндсэнд нь шийдсэнээс хойш ийм байдалд хүрчээ.

Шведийн мэргэжилтнүүд манай гэр хорооллыг хараад атаархдаг юм. Танай хөгжлийн гол нөөц энэ шүү гэнэ. Манай гэр хороолол бол Монголын эдийн засгийг Швед шиг болгох “Оюу Толгой” гэдэг нь үнэн.

Хөгжлийн банкны 1.6 их наядын зээл чанаргүй болсон гэх Мандуул захирлын мэдээллийг сонсоод би маш их амаа барьсан. Чингис бондын мөнгө орж ирэхэд уг мөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд бүгдийг оруулах хэрэгтэй гэж санал гаргаж байсан юм. Тэр үедээ л санал дээрээ тууштай зогсож хүчээр зүтгүүлсээр 1.6 их наядыг гэр хорооллын хөгжил рүү нийлүүлж санхүүгийн тогтолцоог нь бүрдүүлэх ёстой байжээ. Тэгсэн бол өнөөдөр утаа ярих биш Шведийн араас мөшгөж явахгүй юу. Хөгжлийн банк олон их наядын активтай супер банк болчихсон байх байлаа.

Гэр хорооллынхон ядуу учраас зээлээ төлж чадахгүй гэсэн маш буруу ойлголт манай эдийн засагчдын дунд хавтгай байдаг. Энэ бол марксист эдийн засгийн ойлголтын л нэг хэлбэр. Яг үнэндээ тэд газрын эзэд нь баялаг бүтээгч хөдөлгүүр, тэдний өмчлөлийн газар бол жинхэнэ өсөж арвижих баялаг юмаа гэдгийг ойлгодоггүйн хар гай. Өнөөдрийн Монголчуудыг хөгжлийн гацаанд оруулчхаад байгаа гол хар нүх бол гэр хорооллын ядуурал гэдгийг бид харахгүй утаа л ярьсаар тэднийг ад үзсээр өнөөдрийг хүргэлээ.

Эцэст нь дахин хэлье! Утааны цаана ядуурал бий. Ядуурал бол архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, дээрэм хулгай, өр ширэндээ баригдсан нийгмийн гадуурхагдсан давхарга, цаашлаад нийт Улаанбаатарчуудын эрүүл мэнд, хөрсний бохирдол, хорт утаанд бойжих ирээдүй үр хүүхдүүдийн өвчин зовлон юм шүү дээ!

Тэр Марксистууд хүндээ чиглэсэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт нийгмээ ядуурлаас гаргаж төлбөрийн чадвартай болгодог чөлөөт зах зээлийг ойлгохгүй байгаа юм. Бид тэмцэлдэн байж малыг үнэгүй хувьчилсан, өнөөдөр малчид маань ямар болов? Орон сууцыг үнэ төлбөргүй хувьчилж эргэлтэд оруулснаар Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжсөн юм.

Тэгвэл манай гэр хорооллын сүүдрийн эдийн засаг ойролцоогоор 7 тэрбум доллартой тэнцэнэ гэдгийг 2000 оны үед гаднынхан судалж тогтоосон билээ. Тэдэнд дэд бүтэц татаад өгсөн бол өнөөдөр газрын үнэ нь хэд хүрсэн байх бол? Цаг алдахгүй эхлүүлэх ёстой нийгмийн тулгамдсан ажлыг улс төржүүлж болохгүй гэдгийг би ахин дахин хэлсэн. МАН ч бай АН ч бай энэ бүтээн байгуулалтыг эрчимтэй хэрэгжүүлэх ёстой байсан юм. Өнөөдөр “утааны эсрэг ямар ч нүүрс түлээд” тэрхүү шийдэл хол явахгүй гэдгийг Улаанбаатарчууд маань эрх биш харлаа.

Э.Бат-Үүл

2022 оны 02-р сарын 03

Ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудад бодит дэмжлэг болно

0

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслүүдийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.

Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна. Цар тахлын хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөгийг зарцуулж, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарч чадлаа.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66.7 хувь нь бүрэн тунд, зорилтот бүлгийн 52 хувь нь 3-р тунд, 78.345 иргэн 4-р тунд хамрагдсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоолгүйгээр эдийн засгаа үе шаттай идэвхижүүлэх суурь нөхцөл бүрдэж, Монгол Улсын 2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 102.7 хувийн биелэлттэй, үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа.

Хэдий тийм боловч тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх энэхүү шийдвэр нь Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхижиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Цар тахлын хүндрэлээс үүдэн хилийн боомтууд бүрэн нээгдээгүй төдийгүй олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширсан хямралт нөхцөл байдал цаашид дэлхий даяар хэр удаан хугацаанд үргэлжлэхийг бүрэн тооцох боломжгүй, цар тахлын хувилбар ч хэдэн удаа хувьсан өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн хамгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын гишүүдийн саналыг Засгийн газар хүлээн авч, энэхүү шийдвэрийг гаргалаа.

2022 оны 02 сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээгдсэн төдийгүй цаг үеэ олсон бодит дэмжлэг хэмээн үзэж байна.

Монгол Улсын эдийн засаг туйлын амаргүй цаг үед тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд шаардагдах 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Засгийн газарт хүндхэн сорилт гэдгийг ухамсарлаж, ахмадуудаа дэмжиж буй энэхүү шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна.

Төсвийн зарлага талаа нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн орлогоосоо бүрэн хамаарах нь ойлгомжтой. Тиймээс л бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн суурийг тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх их бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас цаг алдалгүй эхлүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлж дэмжин ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс дахин хүсье.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Тодотгол: Богд Зонхова,айрагны өргөөг царцаана

0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болов. Ерөнхийлөгч Сар шинийн өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу ийн Засгийн газар 2022 оны төсвийн тодотгол хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Харин одоо төсвийн тодотголыг МАН-ын бүлэгт танилцуулж байгаа юм.

2022 оны төсөв суулгасан хэд хэдэн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг царцаах замаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, олны шүүмжлэл дагуулж байсан айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийн танах, царцаахаар тусгасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэг суманд барихаар төлөвлөсөн хоёр усан бассейн, Соёлын төвүүд, зарим урсгал зардлуудыг хасахаар болсон байна.

Харин 2022 онд дуусах төслүүдийн зардлыг тодотголоор танахгүй, царцаахгүй байхаар тодотголд тусгасан байна. Урсгал зардлын хувьд цар тахалтай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлж буй салбараас бусад салбарын дөрвөн тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 10 хувийг царцаах замаар нийт 50 тэрбум төгрөгийн зардлыг бууруулахаар тооцжээ.

Засгийн газар сар шинийн БЭЛЭГ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Тэгвэл Засгийн газар, Сангийн яам энэ асуудлаар судалж, тодорхой шийдвэр гаргах юм байна. Өөрөөр хэлбэл, Сар шинийн өмнө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргах нь.

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл, инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж буй юм. Ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас ийн шийдвэр гаргах судалгааг Сангийн яам хийж буй юм байна.

Ингэхдээ Засгийн газар төсөвт тодотгол хийхгүйгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр судалж байгаа гэнэ.

Өмнийн говь дахь ШИНЭ СЭРГЭЛТ

0

Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч нарын хэлэлцээний эхний үе шат амжилттай үр дүнд хүрч, гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр Монголын эдийн засагт ШИНЭ СЭРГЭЛТийн цаг ирлээ. Товчхонлоо, өмнийн говь Монголын уул уурхайн төдийгүй эдийн засгийн гол бүс нутаг болох түүхэнд үлдэх үйл явдал өнөөдөр болов. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон юм. Тэрбээр  Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг онцлон тэмдэглэсэн.

Ерөнхий сайд хэлэхдээ “Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй байдал үүссэнээр хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.
Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна” гэв.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой аж Мөн Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг “Оюутолгой” компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх гэнэ.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдад дуулгав.

Авлигатай үндсээр нь тэмцэх Ерөнхий сайдын амлалт

0

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан.  Өнгөрсөн 2021 оны  хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэлээ. Мөн тэрбээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” хэмээсэн юм.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлж байлаа. Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарчээ. Тодруулбал 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Ерөнхий сайд энэ үеэр онцлоод 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгаж, И-Монгол системээс авдаг болохоор ажиллаж байгааг хэллээ. Одоо төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм.

Б.Жавхлан: Гурван хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

0

Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх онд нэг их наяд төгрөгөөр үргэлжлүүлэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр “Удахгүй 2022 оны Төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулж зарим тогтоолын төсөл батлагдсан байгаа. Энэ нь 2022 оны Төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах утга агуулгатай тогтоол гарлаа. Тогтоол маань найман хэсгээс бүрдсэн.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгая гэж байгаа. Хуулийг нь сунгая гэж байгаа. Өнөөдөр бүх заалтуудыг хөндөөгүй.

Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан.

Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа. Зөвхөн төсөвтэй холбоотой заалтыг өөрчилье гэж байгаа” гэв.

Мөн тэрээр “Нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа олгогддог тэтгэмж бүх албан хаагчдын тоогоор жил бүр тусгагддаг хэвээр байна. Үүнд ямар ч өөрчлөлт орохгүй” гэлээ.

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй

0

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл даргад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж дөрвөн жилийн ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн.

Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан.

Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд “Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон” гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй.

Энэхүү 1.3 тэрбум төгрөг мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм. Энэ мэтчилэн прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хийгдсэн олон хууль бус үйлдлүүдийг тухайн үед гаргаж тавьсан. Үүнтэй холбоотой болоод шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон хэмээн мэдэгдэж байгаа асуудлуудын хүрээнд бид давж заалдах болно.

-Хэзээ давж заалдах вэ?

-Шүүхийн албан ёсны тогтоол гарахыг хүлээж байна. Мөн өмгөөлөгч, хуульчдынхаа байр суурийг илэрхийлж олон нийтэд хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэнэ. Яг одоо тантай ярилцаж байхдаа хэргийн холбогдолтой баримт материалын талаар нарийн зүйл ярих боломжгүй байна. Учир нь эргээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж мэднэ.

-Иргэд таны аавыг шударга шүүхээр шүүлгэсэн гэдэгт итгэхгүй байгаа гэдгээ цахим орчинд тасралтгүй илэрхийлсээр байна. Тийм ч учраас Э.Бат-Үүл даргыг нэн даруй суллахыг шаардаж байна. Та шүүх хурлаас гарч ирмэгцээ “Аавыг минь хэлмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Та одоо ч энэ байр суурин дээрээ бат зогсож байна уу?

-Одоо ч хэвээрээ. Учир нь аав минь энэ хэрэгт огт холбоогүй. Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй.

-Та тэгэхээр огт гэм буруугүй, хууль бус ажиллагаанд оролцоогүй хүнд шүүхээс ял өгчихлөө гэж хэлэх гээд байна уу?

-Тийм учраас л бид давж заалдах гэж байна. Миний аав Монгол Улсынхаа шүүх байгууллагад итгэдэг. “Монгол Улсын шүүх хараат бус байх нь бидний тусгаар тогтнолд хэрэгтэй. Миний хувьд шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ” гэдгээ үргэлж хэлдэг байсан. Тийм учраас шүүх байгууллагаа үргэлж хүндэтгэж ирсэн. Харин миний хувьд бусадтайгаа адил шүүх энэ хэргийг шударга шүүсэн гэдэгт эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

-Ер нь 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл, хаанаас, юунаас эхтэй юм бол?

-Энэ бол тухайн үед “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийг хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах журмын дагуу Гранд Лайн компани хамгийн олон иргэдийн санал авч уг төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдож, БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн.

Төсөл шалгаруулах журмын дагуу явсан сонгуулийн хүрээнд иргэдийн саналаар манай “Гранд Лайн” компани шалгарсан. Иргэд манай компаниар дахин төлөвлөлт хийлгүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байдаг. Оршин суугчид УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаатай адил өрсөлдөгч компаниудаас сонгож саналаа өгсөн. Ингээд шалгаруулалтаар манай компани шалгарсныг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч мөн л журмын дагуу батламжилсан.

Тухайн компани дахин төлөвлөлт явуулах талбарт хамрагдах иргэдийнхээ 70-аас дээш хувьтай гэрээ хийсэн тохиолдолд тэр батламжийг олгодог. Энэ үзүүлэлтийг хангаж. шалгаруулалтад сонгогдсон 17 компанийн нэгэн адилаар манай компани энэ шалгуурыг хангасан байдаг. Үүнийг Төслийн удирдах хороо хянаж үзээд батламж олгосон. Энэ Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал. оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.

-Төслийн удирдах хороо гэдэг нь хаанаас бүрдсэн ямар байгууллага байсан юм бол?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Таны компани уг төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Манай компани “Зуншин”, “Сайранбулган” компаниудтай хамтарч консерциумын гэрээ байгуулж оролцсон. Энэ хоёр компани хоёулаа Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон туршлагатай компаниуд байсан.

-Тэгвэл яагаад заавал таны хамаарал бүхий “Гранд Лайн” компанийн нэрээр гэрээ хийчихсэн юм бол?

-Манай “Гранд Лайн” компани консерциумын гэрээн дээр нөгөө хоёр компаниа төлөөлж гарын үсэг зурж, иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаас гадна удирдан зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох гэх мэт үүргүүдийг хүлээсэн юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу консерциумыг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн.

Гэтэл зөвхөн манай компанийг давуу эрх эдэлсэн мэтээр мушгин гуйвуулсан байдаг. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниуд консерциум хэлбэрээр буюу хэд хэдэн компани хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн шалгуурыг дахин төлөвлөлтийн журамд тусгасан байсан.

-Танай компани иргэдэд ямар нөхцөл боломж санал болгосон учраас иргэдийн дэмжлэгийг авсан юм бэ?

-Бусад компани иргэдэд ямар нөхцөл санал болгож байсныг мэдэхгүй. Харин манай компани нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120 метр кв байр, хоёрдугаарт, нийгмийн хариуцлагын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах санал тавьсан. Бид тухайн хороонд байгаа ажилгүй. орлогогүй иргэдийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэж энэ саналыг гаргасан.

Бид тэдэнд өөрсдийн амьдрах орон сууцныхаа бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож. орлоготой болох санал тавьсан. Цаашлаад иргэдийг бүлэг хоршоо байгуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцох саналыг тавьж байсан. Мөн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах Худалдааны төвөөс таван метр кв үл хөдлөхийн талбайг нэмж иргэддээ олгоё гэсэн. Энэ нь бусад компаниудын тавьсан саналуудаас илүү иргэдийн хүсэл шаардлагыг хангасан байх.

Нөгөөтэй гүүр дахин төлөвлөлтийн ажлын гол хүсэл зорилго нь энэ л байх ёстой гэж бид ойлгож байсан. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага. эх оронч бүтээн байгуулалтын ажил гэж бодож явлаа.

-Айл өрхүүдэд танай тавьсан санал таалагдаад танайхыг сонгожээ. Тэгвэл амласан шигээ хэрэгжүүлж чадсан болов уу?

-Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан.

Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа cap бүр түрээсийн байрны төлбөрийг нь төлж явсан. Энэ хугацаанд барилгын олон тооны техник, хүнд даацын машин механизм, бусад хэрэгслүүдийг авсан. Зам талбай чөлөөлж, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахаас авахуулаад барилгын суурь, хэв хашмал, хашаа хороо, хяналтын систем, оффисын барилга гээд барилгын ажил хийхэд шаардлагатай бүхнийг бүрдүүлж, ажилчдын байр барьж, сургалтад хамруулж, тэдний цалин хөлсийг нь шийдсээр явсан.

-Та өөрийнхөө “Гранд Лайн” компаниа “Бэрэн” компани руу шилжүүлэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ. Үүнээс л асуудлын ээдрээ эхэлсэн юм биш үү?

-Одоо хүмүүс санах эсэхийг мэдэхгүй байна л даа. Хамгийн гол шалтгаан бол тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг “Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон” гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.

-“Бэрэн групп” газраа чөлөөлсөн айлуудыг байранд оруулсан юм уу. Хохирсон, орон гэргүй болчихсон иргэн байгаа юм уу?

-Газраа чөлөөлсөн айлууд маань “Бэрэн групп”-ийн барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж “Бэрэн” групптэй тохирсон юм билээ.

-“Бэрэн” групп яагаад төслийн талбар дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэггүй юм бэ?

-“Бэрэн” компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Хамгийн гол нь төслийн талбар дахь дэд бүтцийн ажлыг нь нийслэлээс хийлгэхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг нь нийслэл өгөхгүй байгаа.

2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хотын удирдлагууд тухайн төслийн дэд бүтцийн ажлын санхүүжилтийг олгоогүйгээс болоод энэ ажил зогссон. Үүнд бухимдсан иргэдийг ашиглаж, эсрэгээрээ биднийг буруутган улс төрийн ашиг хонжоо хийсээр өнөөдрийг хүргэлээ.

-Та компаниа хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлэх боломжтой юу. Зарим хүмүүс “Бэрэн” компаниас таны мөнгийг гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дорвон тэрбумыг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хардлага байдаг л даа?

-“Бэрэн” компани 2013 онд гарсан Засгийн газрын тогтоолоор Утаагүй Улаанбаатар, 40 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрийн хүрээнд ТОСК-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, долдугаар хороололд зорилтод бүлэгт зориулсан орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байдаг юм байна. Энэ нь нийтдээ зургаан блок, 700 айлын орон сууцны хорооллыг, нэг метр квадратыг нь 850 мянган төгрөгөөр тооцож, иргэдэд олгохоор зорьж ажиллаж байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээнийхээ дагуу төслийн мөнгийг ТОСК-иас “Бэрэн” рүү шилжүүлсэн юм билээ. Үүнийг нь олон нийтэд ойлгуулахдаа мөнгө угаасан гэдэг. Гэтэл хийгдсэн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд манайхтай ямар ч хамааралгүй байдаг.

-Шүүх хурал нэлээд хугацаанд хойшилж байгаад Ерөнхийлөгч ОХУ-д айлчлах үеэр богино хугацаанд шийдлээ. Таны аавыг энэ үеэр хорьсон нь улс төрийн өнгө аястай гэж бас харах хүмүүс ч байна. Та юу гэж бодож байна?

-Тэр хүмүүсийн л бодол байх. Миний хувьд тийм биш байгаасай л гэж найдаж байна. Хэн мэдэх билээ.

-Тантай холбоотой энэ хэрэг нийт хэчнээн жил үргэлжилж байна вэ?

-Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна. Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан. өмгөөлөгчид халдвар авсан. хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадалгаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчхээд боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ.

-Та өчигдөр аавтайгаа уулзаад ирсэн юм байна. Биеийн байдал нь ямар байна. Танд юу захив?

-Аавын минь бие сайн байгаа. Аав маань “Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна” гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хорооллын дахин төлөвлөлт хоёр бүү ялагдаасай гэж л хүсэж байгаагаа аав минь хэлж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

ЗГ: Цагаан сараар Төрийн золголт хийхгүй

0

Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.

Энэ үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Омикрон хувилбар тархсан болон тархахаас сэргийлж улс орон бүр янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байна.

Монгол Улсын хувь нэр бүхий 11 улсаас ирэх гадаадын иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийг 10 хоногийн тусгаарлалтын байранд тусгаарлан хяналт тавьж байгаа.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь 3 хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан саналыг Ерөнхий сайд дэмжиж энэ ажлыг зохион байгуулахыг Улсын Онцгой комисст үүрэг өглөө.
Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбоотой шийдвэр, яг хэзээнээс хэрэгжиж эхлэх зохион байгуулалтын асуудлаар УОК хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Энэхүү шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг танилцуулъя.
1. Нэгдүгээрт, өнөөдрийн байдлаар 90 гаруй улсад Омикрон хувилбар тархаад байна.
2. Хоёрдугаарт, хилийн боомтод хийж буй хяналт буюу гадаадаас ирж байгаа иргэдээс авч буй шинжилгээгээр халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Тодруулбал, Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 11-р сарын 27-ноос гадаадаас ирж байгаа иргэдээс авч байгаа PCR шинжилгээнд өнөөдрийн байдлаар 5680 хүн хамрагдсанаас 180 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.
3. Гуравдугаарт, 11 улсаас бусад улсаас ирж байгаа иргэдийг 10 хоног гэрийн тусгаарлалт хийж 4 дэх хоног дээр давтан PCR шинжилгээ авч байгаа ч өнөөдрийн байдлаар гадаадаас ирэн гэрийн тусгаарлалтад байгаа иргэд 4 дэх хоногт шинжилгээнд хамрагдаж буй хувь ердөө 30 хувьтай байна. Гэтэл Омикрон хувилбар, коронавирусийн халдварын шинжилгээнд илрэхгүй байх нууц хугацаа 2.5 хоног байна.
4.Дөрөвдүгээрт, Омикрон хувилбарын тухайд олон улс дахь судалгаанууд үргэлжилсээр байна. Эрүүл мэндэд учрах эрсдэл нөлөөллийн судалгаанууд үргэлжилсээр байна. Хамгийн түрүүнд тодорхой болсон зүйл нь халдварын тархалт дельтай хувилбартай харьцуулбал 2-3 дахин их байна. Мөн амьсгалын дээд замыг гэмтээж байгаа нь энэ өвчнөөр хүүхдүүд хүндээр өвчлөх эрсдэлтэй судалгаанууд гарч байна. Өөрөөр хэлбэл өвчлөл хөнгөн байна гэж дүгнэхэд эрт байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.
Их Британи, АНУ-д Омикрон хувилбараар халдварласан иргэний нас баралт бүртгэгдээд байна.
5. Ерөнхий сайдын зүгээс дотоодод Омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа өнөөгийн нөхцөлд аль болох хатуу хөл хорио тавихгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах зорилготойгоор гадаадаас ирж буй иргэдийн богино хугацаагаар тусгаарлах саналыг ийнхүү дэмжлээ.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүргийг УОК-т өглөө.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-нд тохиож байна.
Цагаан сарын баяртай холбоотойгоор холбогдуулан зарим чиглэлийг өглөө.
Нэгдүгээрт, Цагаан сарын баярын Төрийн золголтыг энэ удаад дахин зохион байгуулахгүй байх, мөн айл өрх, иргэдийг цомхон хүрээнд буюу зөвхөн гэр бүлийн хүрээнд баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зөвлөмжийг УОК-ыг боловсруулж танилцуулах үүргийг өгөв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч Омикрон хувилбарын хурдтай тархалттай холбоотойгоор баяр, наадам, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах уриалга, зөвлөмжийг гаргаад байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мөн вакцины III тунгийн хамралтыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, хүүхдийн вакцины нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох сайд нарт өглөө.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 27% вакцины III тундаа хамрагдсан бол энэ нь зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 45.6 хувь (870,175) байна.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР МАНЛАЙЛАГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР

0

Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа…” гэдэг үгийг  үйлдвэрийн ажилтан бүр хэлэхийг хүсдэг болов уу. Сэтгүүлчийн хувьд, “Буянтай бор уулынхаа хишгийг хүртэх хувьтай хүмүүс шүү, бид…” гэх үгийг их ажлын ард эгэл даруухан оршдог баялаг бүтээгч олон хүний амнаас сонсож явлаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж буй цогц бодлогын үр шим, өгөөжийг хүртээгүй ажилтан үгүй. Хамгийн сүүлийн жишээ нь, үйлдвэрийн ажилчдад зориулсан 1000 айлын орон сууцны “Уурхайчин” хорооллын цогц хөтөлбөр. Үүний инженерийн шугам сүлжээ, зам талбай, тохижилтыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр шийдэж буй нь үйлдвэрийн ажилчдад зах зээлийн үнээс хямд, тохь тухтай орон сууцанд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.Түүнчлэн зорилтот бүлэгт чиглэсэн олон талын дэмжлэг, тусламж, хөнгөлөлт бий. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн ажилчид,  ахмад ажилтан, тамирчны төлөөлөл ийн ярьж байна.   

Эрдэнэт үйлдвэрийн хишгийг хүртээгүй нэг ч Монгол хүн үгүй…


Хүний нөөцийн хэлтсийн дарга асан, ахмад ажилтан  Д.АДЪЯА: Эрдэнэт үйлдвэр биднийг ажиллаж байх үеэс л  ажилтнууд, ахмадууд, залуучууддаа  чиглэсэн олон сайхан дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Одоо ч энэ уламжлал хадгалагдаж  байгаа нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг.  Уул уурхайн салбарт төдийгүй, Улсын хэмжээнд ч ховор нэгэн дэмжлэг бий. Тэр нь ахмадуудад  олгодог тэтгэврийн нэмэгдэл. Сар бүр 162-оос 218 мянган төгрөгийг үндсэн тэтгэвэр дээрээ нэмж авч, энэ сайхан уулын буяныг эдэлж байна. Нөгөө талаас, ахмадуудыг ганцаардлаас хамгаалах,  амьдралын орчныг сайжруулах чиглэлээр соёлын болон спортын ордонтой урлаг соёл,  биеийн тамир дасгал хөдөлгөөний тусгай хөтөлбөр, хуваарьтай ажиллаж хэвшсэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн жил гаруй хугацаанд гэртээ байхаас аргагүй байдалд хүрсэн. Ахмадуудад Засгийн газрын болон төрийн дээд шагнал, цол хэргэм хүртэхэд нь ажилтнуудтайгаа яг адилхан урамшуулал дагалдуулан өгдөг. Түүнчлэн, биднийг Олон улсын ахмадын өдөр болон сар шинийн баяраар хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Өвдөж зовох үед ч  мөнгө санхүүгийн тусламж үзүүлдэг. Сувилуулахад зориулан жилд 300 мянган төгрөг олгож байна. Зөвхөн ахмадад үзүүлж буй дэмжлэгээс харахад нийгмийн хариуцлагын чиглэлээр ийм гайхалтай  ажиллаж байгаа үйлдвэр Монголд өөр байхгүй л болов уу. Би Нийгмийн хариуцлагын тайлангийн анхны загварыг 2 жил хийгээд тэтгэвэртээ гарсан. Энэ чиглэлээр  Эрдэнэт үйлдвэр 2006, 2007 онд Улсдаа  тэргүүлсэн. Одоо ч мөн тийм л яваа. Хамгийн сүүлд гэхэд л бидний гэрэл цахилгаан, унд усны хамаг зардлыг бүтэн хоёр жил Эрдэнэт үйлдвэр маань хариуцлаа. Ийм болохоор Эрдэнэт үйлдвэрийн хишгийг хүртээгүй нэг ч Монгол хүн байхгүй. Манай ахмадууд үйлдвэрийнхээ дэмжлэг, тусламжид  үргэлж сэтгэл хангалуун явдаг.

Хөгжих, боловсрох, сайхан амьдрах бүх боломжоор хангадаг


Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн цахилгаан хийн гагнуурчин Б.АНХБАТ: Би Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Анхнаасаа, Эрдэнэт үйлдвэрт хүн хөгжих, сурах боловсрох, сайн ажиллах, сайхан амьдрах бүх боломж байгаа гэж итгэж үнэмшин,  өөрийгөө дайчлан, хоёргүй сэтгэлээр ажилласан. Энэ зун төрөлх үйлдвэрт  маань Монгол Улсын баатар цол хүртээсэн. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж буй таван залуу ажилтанд байр бэлэглэсэн. Тэдний нэг нь би. Энэ бол залуу ажилтан надад өгсөн их итгэл, урам, том хөрөнгө оруулалт. Би туйлаас их баярлаж байна. Манайх гэр хороололд амьдардаг байсан. Саяхан шинээр ашиглалтад орсон “Уурхайчин-1” хороололд гурван өрөө байрандаа төвхнөөд гэргий, хоёр хүүхэд маань ч бөөн баяр. Ажилд ороод 4 жил гаруй болж байхад минь бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцож,  санаачилгатай ажилласан гэж Япон улсад туршлага судлах эрхээр шагнасан. Мөн цехийнхээ захиалгаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцаж, механикч мэргэжлээр магистрын зэрэг хамгааллаа. Хөгжих, боловсрох, сайхан амьдрах бүх боломжоор хангаж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олонд баярлалаа. Цаашид улам хичээнгүйлэн ажиллаж, шинээр ажилд орж буй залуус дүү нартаа өөрийн мэддэг чаддаг бүхнээ зааж сургана.

Тохилог байртай болсондоо баяртай байна


Барилга засварын цехийн будаг найруулагч Б.АНУЖИН: Би  ханьтайгаа нэг цехэд  ажилладаг.  Бидэн шиг залуу гэр бүлд Эрдэнэт хотод байр орон сууцны асуудал хүндрэлтэй, түрээс өндөр, олдоц бага, худалдан авахад хэт өндөр үнэтэй байдаг. Яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гярхай харж, ажилтнуудаа ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангах орон сууцны цогц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манайх энэ хөтөлбөрт хамрагдан орон сууцны “Уурхайчин-1” хорооллын шинэ байрандаа саяхан нүүж орлоо. Энэ нь бидэн шиг  гал голомтоо бадрааж буй залууст маш том боломж юм. Үйлдвэрийн ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлт 12 сая төгрөгийг хоёулаа авсан. Ингэснээр, санхүүгийн хүндрэлд орохгүйгээр урьдчилгаа төлбөрийн ихэнхийг төлсөн. Зах зээлийн үнээс харьцангуй хямд, Баян-Өндөр хайрхны урд, байгалийн сайханд орших тохилог байртай болсондоо бид их баяртай байна. Залуус биднийг тав тухтай, сайхан амьдрах боломжоор хангасан Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.

Хүүхдээ асарч буй эхчүүдэд сар бүр 500 мянган төгрөг олгодог


Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн конвейерын машинч Т.ЦЭЦЭГМАА: Би 2006 оны 7-р сард  Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт  конвейерын машинчаар ажилд орсон. Нөхөр маань ч бас манай хэсэгт ажилладаг. Одоогоор би гэртээ хүүхдээ асарч байгаа. Манай үйлдвэр хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхчүүдэд сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж олгодог нь санхүүгийн хямралд орохгүй сэтгэл тайван байж, үр хүүхдээ өсгөхөд их дэм болдог. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хосуудыг гэрлэлтээ батлуулахад 300 мянга, шинээр төрсөн хүүхдийг 200 мянган төгрөгөөр мялаадаг нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа, сувилуулахад нь зориулан жил бүр мөнгө олгож, рашаан сувилалд амрахад нь хөнгөлөлт үзүүлдэг, гээд л тоочвол их л олон дэмжлэг туслалцааг нь хүртдэгтээ бид баяртай байдаг.

Миний амжилтад баялаг бүтээгчдийн хөлс, хүч хөдөлмөр шингэсэн


Боксын спортын Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин М.НАНДИНЦЭЦЭГ: Би долоон жил бокс тоглоод 2010 оноос Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчин болсон. Энэ цагаас миний амжилтын гараа эхэлсэн. Улсын аваргын тэмцээнд 11 удаа түрүүлж, Азийн аваргаас гурван хүрэл, Азийн болон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль, Монголын боксчин эмэгтэйчүүдээс ДАШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. Энэ бүх амжилт Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой. Тамирчин хүнд санхүүгийн дэмжлэг хамгаас чухал. Эрдэнэт үйлдвэр надад цалин хөлс өгч,  заал танхим,  амин дэм, хувцас хэрэглэлээр хангаж, зарим тэмцээнд зардлыг минь хүртэл  даадаг байсан. Би Эрдэнэтэд ирээд С.Баттулга багш дээрээ бэлтгэл сургуулилт хийдэг, тэмцээн уралдааны тактикаа ч багштайгаа хамтран боловсруулдаг. Гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрын ард Эрдэнэтийн баялаг бүтээгчдийн хөлс, хүч хөдөлмөр шингэсэн гэж би боддог.