2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагӨмнийн говь дахь ШИНЭ СЭРГЭЛТ

Өмнийн говь дахь ШИНЭ СЭРГЭЛТ

Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч нарын хэлэлцээний эхний үе шат амжилттай үр дүнд хүрч, гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр Монголын эдийн засагт ШИНЭ СЭРГЭЛТийн цаг ирлээ. Товчхонлоо, өмнийн говь Монголын уул уурхайн төдийгүй эдийн засгийн гол бүс нутаг болох түүхэнд үлдэх үйл явдал өнөөдөр болов. Тус ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон юм. Тэрбээр  Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг онцлон тэмдэглэсэн.

Ерөнхий сайд хэлэхдээ “Харамсалтай нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюутолгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахааргүй байдал үүссэнээр хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюутолгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ.
Энэ нөхцөл байдлаас гарахын тулд 2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ.

Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна” гэв.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой аж Мөн Оюутолгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг “Оюутолгой” компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, өнөөдөр жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх гэнэ.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдад дуулгав.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!