2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 156

Нэгдүгээр сард 3.5 тн алт, мөнгө худалдан авчээ

0

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2018 онд 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан. Монголбанк 2020 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

SOS: Архангайд коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ

0

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, яаралтай арга хэмжээ авсан байна. Өвчтөн 46 настай, эмэгтэй гэнэ.

Тодруулбал, энэ сарын 1-3-нд Хонконгийг зорьсон эмэгтэй өнгөрсөн шөнө халуурч тус эмнэлэгт хатгаа өвчний шинж тэмдэгтэйгээр ирж хэвтсэн байна. Тиймээс түүнийг коронавирусээр өвчилсөн байж болзошгүй гэж сэжиглэн, өвчтөнийг тусгаарлан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм байна. Энэ талаар Архангай аймгийн Засаг даргаас тодруулахад “Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр Хонгконг руу явж, нэгдүгээр сарын 3-ны өдөр нутагтаа ирсэн. Тэгэхээр коронавирусийн халдвар тархахаас өмнө яваад ирсэн гэсэн үг. Өнгөрсөн шөнө аймгийн эмнэлэгт халуурсан, хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр хандсан тул бид сэжигтэй байж болзошгүй гэж тусгаарласан байгаа. Өвчтөнөөс авсан шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Одоогоор биеийн байдал нь хэвийн, өндөр халуурч, хүнд байна гэдэг нь ташаа мэдээлэл. Өвчтөний ар гэрт хөл хорио тогтоогоогүй” гэж мэдээллээ.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдварт өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс вируслогийн шинжилгээ дахин авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.

Хятадад уг өвчнөөр 80 хүн амиа алдаад байгаа бөгөөд вирус маш хурдацтай тархаж байгаа тул Монгол Улс сургууль, цэцэрлэгүүдийг хааж олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа юм.

Сургууль цэцэрлэгийг 3 дугаар сарын 2 хүртэл хаахаар болов

0
Д.Сарангэрэл

БНХАУ-д коронавиурсын халдвар дэгдэж, олон зуун хүн өвчилж, цөөнгүй хүн энэ өвчнөөр амиа алдсан. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргасан юм.

Мөн эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тарианы нөөц бүрдүүлэх, урд хөрштэй хиллэдэг боомтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг Улсын онцгой комиссынхонд тавьжээ.

Сайдын хүсэлтийг Улсын онцгой комисс авч хэлэлцээд өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг ирэх Даваа гаригаас буюу энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө “ДЭМБ-аас өглөөний 10.40 цагийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдварын тохиолдол 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Дөнгөж сая биднийг хуралдаж байхад нас баралт нэгээр нэмэгдэж 26 боллоо. Тохиолдол нь 887 болсон. Тэгэхээр коронавирусын тархалт өдөртөө хурдацтай нэмэгдэж байна. Томуу томуу төст өвчний дэгдэлттэй байгаа энэ үед коронавирус орж ирэх юм бол хүүхдээр тогтохгүй насанд хүрэгчдийн ч амь нас эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхээр байна” гэлээ.

Хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад дипломат харилцааны шугамаар тухайн оронд түрүүлж мэдэгдэж энэ шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тиймээс Засгийн газарт явган болон нийтийн тээврийн хэрэгслээр түр зорчих хөдөлгөөнийг хязгаарлах саналыг оруулж Засгийн газар шийдвэрлэхээр боллоо.

Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол бүргэгдээгүй гэдгийг сайд онцоллоо. Тэрбээр “Өчигдөр галт тэргээр зорчиж ирсэн БНХАУ-ын хоёр иргэний нэг нь өндөр халуурсан гэсэн мэдээллээр Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага урд хөрштэй яаралтай холбогдож, халуурсан хоёр иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй Эрээн хотоос буцаасан. Ингээд шинжилгээ хийхэд нэгэнд коронавирусын халдвар илэрсэн. Энэ хүнтэй галт тэргэнд ойр явсан Монгол Улсын иргэдийг тусгаарласан. Нэг иргэнийг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулахад тэр хүнээс коронавирус илэрсэнгүй” гэлээ.

Тагнуулын албан хаагчид дээрэм хийсэн гэв

0

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд иргэдэд халдаж, их хэмжээний мөнгийг дээрэмдсэн гэх мэдээлэл байна.

Тэд энэ хэргийг зохион байгуулалттай үйлдсэн аж. Тодруулбал, ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 ам. доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас тодотголоо.

Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын харъяа Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан, баривчлан саатуулжээ. Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь харин ташаа мэдээлэл юм байна.

Ч.Сайханбилэг "Улс төрийн зорилгоор хэрэгт холбогдуулж байна” гэж мэдэгдлээ

0
Ч.Сайханбилэг-01

Монгол улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг өмгөөлөл хийлгэхээр Amsterdam & Partners ХТХ-ыг хуулийн зөвлөхөөр авч ажиллуулахаар болжээ. Монголын ардчилсан хүчийг сулруулж, байгалийн баялагийг гартаа оруулахын тулд өөрт нь хилсээр ял оноосон гэж Сайханбилэг мэдэгдсэн байна.

Ч.Сайханбилэг 2015 онд Рио Тинтотой хийсэн Оюутолгойн гэрээний улмаас дөрвөн төрлийн хэрэгт татагдаад байгаа.

“Сайханбилэгт тулгасан ял ямар ч үндэслэл, нотолгоогүй” гэж Amsterdam & Partners ХТХ-ыг үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам хэлжээ.

“Шударга бус зүйл үйлдэхийн тулд авилгын эсрэг механизмыг буруугаар ашиглаж буй гол жишээг бид харж байна. Өрсөлдөгчөө унагахын тулд засгийн газрын өндөр албан тушаалтан шүүгчийг ашиглан улс төрийн зорилготой үйлдэл хийдэг. Ерөнхий сайд асан Сайханбилэг тэдгээр инээдмийн хэрэгт гэмт буруугүй. Бидний зүгээс түүнийг зохиомол хэрэгт унагаж байгааг ил болгох болно” гэжээ.

Сайханбилэгийг шүүгчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр саатуулаад байсан. Тэрбээр одоо АНУ-д байгаа. 2017 онд Халтмаагийн Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш сөрөг хүчин болох Ардчилсан намын олон гишүүн, хараат бус шүүх засаглал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихээхэн хэмжээний дарамттай нүүр тулах болоод байгаа. Трансперенси, Эмнести зэрэг олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Баттулгын эрх мэдэл ихээхэн ихсэж буйг анхааруулж байсан. Жишээ нь гэхэд л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргээр дамжуулж шүүгч, хуулийн томоохон албан тушаалтнуудыг үл тоох боломж олгосон шинэ хууль батлуулсан.

“Сайханбилэг уул уурхайн гэрээ хэлэлцээрийг хуулийн дагуу парламентын хараан дор, ил тод явуулсан. Түүнийг үндэслэлгүйгээр мөрдөж байгаа нь Монгол улсын хуулийн системд халдаад зогсохгүй, үндсэрхэг үзлийг дэвэргэж гадаадын хөрөнгө оруулалт ирэх боломжийг үгүй хийж байна” гэж хуулийн зөвлөх Амстердамаас мэдэгджээ.

Б.Ганхөлөг: Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа

0

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг болон өмгөөлөгч Ж.Батхуяг нар /2020.01.22/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Хуульч өмгөөлөгч Ж.Батхуяг: “Сүүлийн үед хэргийн талаар улс төржүүлэх, улс төрийн зорилгоор ашиглах зэргээр их ярих боллоо. Элдэв цуурхалгүйгээр баттай эх сурвалжийн үнэн мэдээллийг хүргэе. Энэ хэрэг дээр шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. Олон хуудас материал байгаа учраас дэлгэрэнгүй унших боломжгүй. Анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хүргэе. Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч хэрэглэснээр хөхрөл, хавдрал үүссэн байсан. Шүүх эмнэлэг өвчнөөс үүссэн харвалт гэж дүгнэсэн. Харин бид талийгаачийн харвалт гэмтлийн улмаас үүссэн гэж үзэж байна. Учир нь ар гэрийн зүгээс рентген зураг авахуулья гэхэд шүүх эмнэлэг зөвшөөрөөгүй, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон. Тухайлбал баруун нүдний хөхрөл ойлгомжтой байгаа. Гадны нөлөөтэйгээр гэмтсэн. Мөн УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүдээс үнэн худлын тест авсан. Дүгнэлтээр асуусан асуултанд хариулахдаа сэтгэл санааны гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад цагдаагийн газар гар утсыг нь хурааж авсан. Үзлэг шинжилгээ хийгээд хохирогчдод буцааж өгсөн.

Цагдаагийн газар эхлээд гадаргуун дээрх ул мөр, хурууны хээг шинжээчээр тогтоолгох ёстой байтал дотор нь юу байна вэ гэдэгт шинжээч тогтооцон байсан. Энийг одоо мөрдөн шалгах ажиллагааны зөрчил гэх үү эсвэл санаатай үйлдсэн хэрэг гэх үү.

Утсыг буцааж өгөхдөө гадаадаас ирдэг утас шиг ямар ч мэдээлэлгүй болгочихсон байсан.

Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэр лүү нэр бүхий этгээд мессэж бичсэн. Надад 13 секундын бичлэг байгаа гээд. Гэвч тэр хүн энэ хэргийн талаар мэдэхгүй гээд одоо өөр хэрэгт цагдаагийн газар шалгагдаж байгаа” гэв.

Хүү Б.Ганхөлөг: “Аавыгаа алдсанаас хойш нилээн урт хугацаа өнгөрлөө. Бид тэвчээртэйгээр хүлээлээ. Төрийн ордонд төрийн хамгаалалттай газар нас барсан. Бид үүнийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унан харвалт өгч нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ зүүн талаараа унасан байхад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Мөн  хүзүүн дээр гарсан улаалт. Мэдээж заамдалтын мөр гэж бодож байгаа. Өндрөөс унасан хүн хүзүүн дээрээ улаалттай байна гэж байхгүй.

Би ерөөсөө ойлгохгүй байна. Амьд явах баталгаагүй болчихсон юм бишүү, ямар нийгэмд амьдраад байна вэ, төрийн өндөр албан тушаалтан ажлын цагаар төрийн тусгай хамгаалалттай газар амиа алдсан байхад, жирийн иргэдэд ийм асуудал гарвал яах вэ. Өнгөрсөн найман сар маш хүнд өнгөрлөө. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань дуу ч гаргахаа байлаа. Ийм хэрэг болчихоод байхад 8 сарын хугацаанд бидэнд ямар ч шийдэл гарч ирсэнгүй. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бид нар төрдөө итгэж, итгэл найдвар тавьж хүлээж байна” гэлээ.

Охин Б.Цэлмэг: “Аавыгаа маш их санаж байна, эмээ өвөө маань өдөрт аавын минь зурагны өмнө олон цаг сууж залбирч, ээж маань насаараа ханилсан ханиа санан шимширч, 4 настай дүү маань аавыгаа нэхээд хоолноос гарч байна. Аав нь ороод ирлээ гээд ороод ирэх юм шиг санагдаж одоо ч итгэхгүй байна. Гэхдээ  Бид аавынхаа амийг нэхэх болно, шударга ёсны төлөө тэмцэнэ” гэв.

Ц.Нямдоржийн тушаалаар Б.Мөнхцэлмэгийг баривчилсан гэв

0

“Бид уучлахгүй” хөдөлгөөний залуус Хууль зүй, дотоод хэргийн яамны 52 сая төгрөгөөр тохижуулсан өрөө болон 626 саяын үнэтэй тавилгуудыг үзэх хүсэлт (2020.01.21) тавьжээ. Өмнө нь хоёр ч удаа хүсэлт гаргаад байсан тэд энэ асуудлын хүрээнд шинээр тохижуулсан өрөөгөө үзүүлэх хүсэлтийг тус яаманд хүргүүлсэн боловч татгалзсан хариуг дахин авсан байна.

Мөн тус яамнаас цагдаагийн хамгаалалт гарган, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг хүч хэрэглэн, 3034 УНУ улсын дугаартай, цагдаагийн бус машинд суулган баривчлан авч явсан байна.

Тус хөдөлгөөний залуусын мэдээлж буйгаар, баривчлах тушаалыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өгч, биднийг сүрдүүлэн айлгаж, тэмцлийг минь мохоох зорилготой байгаа гэв.

Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр, дээрх явдалтай холбогдуулан “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгээс тайлбар аваад явуулсан гэв.

С.Баяр: Залуу үедээ зайгаа тавьж өгдөг уламжлал МАН-д бий. АН-д бол алга

0

-Ном бичих болсон шалтгаанаас ярилцлагаа эхлэх үү?

-Ийм ном бичье гэж зорилго тавиад явсан хүн биш л дээ, би. Энэ ном хоёр бүлэгтэй. Эхнийх нь ойлгомжтой. 461 дүгээр ангид хоригдсон хоногийнхоо тоог тавьсан санаатай. Өдөр өдрийнхөө тэмдэглэлийг буулгасан. Нөгөөх нь мөн л тодорхой. Жар насалсан хүнд юу эс тохиолдох вэ, өөрт тэмдэглэлтэй зүйлсээ бичсэн.

Бичиж эхэлсэн түүх нь их сонин. 2005 онд би нүдэндээ мэс засал хийлгэсэн юм. Хоёр, гурван хоног нүд боолттой байсан л даа. Ном уншиж, телевиз харах бололцоогүй. Өвдөөд хэвтэж байгаа хүнд өнгөрсөн үеийн элдэв дурсамж орж ирдэг юм билээ. Тэр үед надад нэг жижиг компьютер байлаа. Нүдээ аниад ч бичиж чадахаар удаан хэрэглэсэн байсан юм. Өнөөхөө авчруулаад дурсамжаа буулгаж эхэлсэн. Гол сэдвүүдээ бичиж эхэлсэн түүх нь энэ.

Эхний бүлэг тодорхой, жаран хоногийн тухай өгүүлэмж. Хорих газар бол сөрөг орчин. Сөрөг энерги хуйларсан газар. Хүн л юм чинь сөрөг бодолдоо дарагдаад суухыг бодохгүй. Эерэг, өөдрөг юм бодох шаардлага гарна. Бас завгүй байх хэрэгтэй. Өнгөрсөн цагийн дурсамж, яаж яваад ийшээ орчихов, учир шалтгаан нь юу вэ гэх мэт зүйлс өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Үзэг цаас гуйж аваад өдөр өдрөөр нь тэмдэглээд явлаа. Бичсэнээ эргэж харах дургүй байсан л даа. Бичсэн зүйлсийг минь хорихоос гарахад авч үлдсэн юм. Сүүлд нь нэхэж байгаад авсан.

Тэнд нэг зүйлийг маш сайн ойлгосон. Дуугаа хураачихаад явах буруу гэдгийг. Цаг хугацаа бүхнийг шүүнэ, илүү дутуу юм яриад яах вэ гэж бодсон минь буруу байсныг ойлгосон. Ном хийсэн хугацаа маань их богинохон, хоёр cap орчим болсон байх.

-Танд нэг онцлог бий. 1990 оноос хойших 30 жилийн хугацаанд С.Баяр гэдэг хүний нэр улс төрийн тавцанд дуулдаж иржээ. Ийм хүн цөөхөн. Ийм хүний бичсэн ном яах аргагүй олны анхаарлыг татна. Таны бичлэг их ёсорхуу санагдсан шүү. Гарчигнаасаа эхлээд ахмад хүний нигүүлсэнгүй сэтгэлээр бичжээ гэсэн бодол төрсөн. 50 жилийн өмнөх үйл явдлыг өчигдөр мэт тод бичсэн нь гайхалтай санагдсан. Захиас өгөх маягтай, улс төрөөс явсан мэт өнгө аястай бичлэгүүд их анзаарагдлаа. Би зөв мэдэрсэн үү, буруу ойлгов уу?

-Би 1956 онд төрсөн хүн. 63 гэдэг бол балчир нас биш л дээ. Тэгэхээр залуу хүний бичлэгээр бичихгүй. Зориудаар бичсэн зүйл биш. 1990 оноос 30 жилийн турш улс төрд байсан гэж ярилаа. Ташаа ойлголт л доо.

Би улс төрд 20 жил болсон. Сүүлийн арван жилд жирийн нэгний амьдралаар амьдарч яваа. Одоо хүртэл улс төрд яваа мэт боддог хүн байж болох юм. Гаръя гэж гараагүй, тодорхой учир шалтгаан байсан. Гарчихаад эргэж оръё гэж өнгөлзсөнгүй.

Амьдрал бол улс төр биш. Улс төр бол амьдралын нэг л хэсэг. Тийм ч учраас номны хоёрдугаар хэсэгт амьдралаа бичсэн. Хүн хүний амьдрал өвөрмөц, давтагдашгүй.

Энэ номыг бичихдээ их эргэлзэж байсан. Миний амьдрал учраас надад бүх юм нь чухал, чухал гэж бодсон болгоныг минь хүмүүс сонирхох уу гэж бодсон. Сүүлдээ зориг шулуудсан л даа.

Том цаг үеийн гэрч, тодорхой хэсгийнх нь оролцогч, бүр тодорхой хэсэгт нь маш идэвхтэй оролцогч нь байж ирсэн минь үнэн. Тийм учраас надад тохиолдсон бүхэн С.Баяр гэж хувь хүний өмч биш. Цаг үеийн нэгэн гэрчийн хувьд үзсэн, харсан, бодсон, дуулснаа үлдээх нь миний үүрэг гэж бодоод л бичсэн. Бид нэг талаасаа азтай. Хоёр төрийн нүүр үзсэн. Үзсэн, харсан, сонссон, дуулсан, алдсан, оносноо бичиж байж түүх маань бүтэн болно гэж харсан. Бичлэгийн хувьд МОНЦАМЭ-гаас сурсан эрдэм. Олон зүйлийг яагаад санаад байна вэ гэсэн асуултад хариулъя. Би оюутан ахуйдаа украин оюутантай хамт нэг өрөөнд байсан юм. Надаас гурван насаар ах. Нямбай гэж жигтэйхэн.

Надад нэг удаа “Чи их салан задгай хүн юм. Өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлж бай. Тэгвэл амьдрал чинь цэгцтэй болно. Оройдоо таван минут суугаад тухайн өдрийнхөө юмыг тэмдэглэвэл маргаашид чинь хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Өдөр бүр бичээгүй ч гол гол үйл явдлаа бичиж тэмдэглэдэг болсон нь ийм түүхтэй. Надад дунд хэмжээний чемодан дүүрэн тэмдэглэлийн дэвтэр байна. Сонирхолтой нь товч тэмдэглэснээ сөхөөд харахад тэр өдрийн дурсамж сэргээд ирэх юм.

-Айлын цонх хагалсан агшнаа маш тод гаргасныг тань уншаад гайхаж суулаа…?

-Хүүхэд үеийн санамж сайн. Техникийн хэлээр яривал файл маань вирусгүй цэвэр байж дээ. Тэмдэглэл хөтлөөгүй бол дараа үеийг нь санахын аргагүй юм байна.

-Таны номонд “Байгалийн хууль нийгмийн зүй тогтлынхоо эсрэг биш дагуу өрнөж байгаа үйл явц юм. Тиймээс байх цагтаа байсан шиг асаад явах цагтаа явсан шиг арил гэж хэлээд байдаг маань тэр. Амжсан амжаагүй цаг нь болсон бол явах л хэрэгтэй. Хийж амжаагүй, гүйцээж чадаагүй юм байдаг бол дараагийн үедээ үлдээнэ биз ээ.

Дүү нартаа амар заяаг нь үзүүлэх ёстой” гэсэн хэсгүүд бий. Найдвар хүлээж ачаа даахаар хэмжээний залуус байна уу. Зүй нь дараа үеийнхэн биднийг цохиод, түрээд гарч ирэх ёстой. Түүнээс биш амар заяаг нь үзүүлэх маягаар бүгдийг хойч үедээ даатгамааргүй санагдаад байгаа юм.

-Байх үедээ байсан шиг оршоод явах цагтаа явсан шиг яв гэдэг бол амьдралдаа баримталдаг зарчим маань. Улс төр, урлаг, спорт бол их өрсөлдөөний талбар. Тамирчин хүн залуудаа амжилт гаргаад насны эрхээр хасагддаг. Улс төр ч ялгаагүй. Салж өгөхгүй зууралдаад явах нь буруу гэж боддог. Би залуугаасаа том шийдвэрүүд гаргадаг местэн дээр очсон хүн.

Өмнөх үеийнхэн маань зам тавьж өгч байсан. Би 31 насандаа БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж орлогч сайдын хэмжээнд очсон түүхтэй. 34 насандаа Улсын бага хуралд Байнгын хорооны дарга болж байлаа. Үеийн харьцаа гэж бий. Манай үеийн зарим хүмүүс өнөөг хүртэл улс төрд яваа. Мэдээж хэрэг хүн бүр өөр бодолтой, би өөрийнхөө зарчмыг л хэлж байгаа юм.

-Залуус залуу гэдгээрээ түрий бариад яваа нь анзаарагддаг. Оюун санаа, мэдлэг боловсролоороо хүч түрээд ороод ирвэл өөр хэрэг. УИХ дээр гэхэд О.Баасанхүү гэж гишүүн “Та нар хөгширсөн” энэ тэр гээд биологийн юм л яриад суудаг. Залуу насаараа түрий барих иймэрхүү байдал бүх түвшинд байна. Гэтэл бид биологийн амьтад биш. Таныг гээд ярихад ид ажиллах цаг чинь гэж хараад байна л даа, би. Бид залуу үеэс хэнийг ирээдүй гэж харах вэ?

-Ном хэвлэгдсэний дараа санал бодлоо илэрхийлье гэж бодсон л доо. Номтой холбоотой асуултууд ч миний хувийн мэйл хаягаар ирсэн. Тийм учраас твиттерт албан ёсоор данс аккаунтаа нээлгээд жиргэж эхэлсэн. Твиттерт саяхан яг энэ сэдвээр жиргэсэн байгаа. Би залуусыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоосой гэсэн байр суурьтай явдаг хүн.

Гэтэл улайм цайм биднийгээ ад үзээд, адлаад яваа хандлагад би дуртай ханддаггүй. Зай тавьж өгснөөр тэр залуугийн зам засагдаа ч уу, үгүй ч үү. Энэ бол туйлшрал. “Та нар болоогүй, бид л байхгүй юу” гэж суудалдаа шигдэх нь нөгөө талын туйлшрал. Хоёр намыг харьцуулсан хэсгээс та сая дурдах шиг боллоо.

Миний хувьд өөрийн намаа магтаж, өрөөлийн намыг муулаад явдаг хүн биш. Дэмий хандлага. Дүндээ дүн хоёр нам байгаа юм. Монголчуудад байдаг сайн, муу чанар хоёуланд нь бий.

Би элчин сайд болоод явснаасаа хойш намын бүртгэлдээ ороогүй яваа хүн л дээ. Миний харьяалагддаг намд нэг ялгаа бий. Залуу үедээ зайгаа тавьж егдөг уламжлалтай. 1990 оноос хойш залуу үедээ зайгаа тавьж өгөөд явсан түүх харагддаг юм.

Гэтэл бидэнтэй олон жил өрсөлдөж яваа, заримдаа хамтарч засаг барьж байсан АН-д энэ үзэгдэл алга. 1990 онд байсан хэдэн нөхөд л хоорондоо үзээд залуустаа зайгаа тавьж өгөхгүй байна уу даа гэсэн шүүмжлэл надад бий. Бодлогоор зайгаа тавьж өгөх ёстой. Ц.Нямдоржийн надад хэлсэн үг шиг санагддаг юм. “Ирж яваа цагийн дууг явж байгаа үеийнхэн дуулахгүй” гэж.

2005 билүү 2007 оны намын их хурал дээр надад хандаж хэлсэн үг. Тэр үед сонсоход таагүй байсан ч үнэн үг. Шинэ үе гэдэг бол шинэ мэдээлэл. Шинэ цагийн юмыг мэдрэх, түүнийх нь дагуу зөвхөн өөрийнхөө биш нийгмийн амьдралыг өөрчлөх боломж бололцоо нь залууст илүү байна гэж хардаг.

-Энэ номонд эр хурга, эрийн хуйх гэх мэт үгс бий. Таны эрхэмлэдэг чанар юм байна гэж харсан. Эр хүн гэж яг юуг, хэнийг хэлээд байна вэ?

-С.Баярынх гэхээсээ монголчуудын л үнэт зүйл гэх ёстой байх. Гэхдээ үүнд шинэ цагийн хандлагад нийцэхгүй юмс бий. Хүн л бол хүн. Зарим зүйр үгний агуулгатай санал нийлдэггүй. “Муухан эрээс дээр эмэгтэй” гэж ярьдаг даа. Миний ээжийг нэг хүн тэгж хэлсэн юм. Үнэхээр дургүй хүрсэн. Ямар ч эр хүнтэй харьцуулшгүй мундаг хүн байхгүй юу.

Эр, эмдээ биш хүний чанар гэж бий. Ажилсаг, элдэв бэрхшээлд сөхөрдөггүй, амьдралд нь бэрхшээл тохиосон ч гоншгоноод байдаггүй чанар эр, эм ямар ч хүнд хэрэгтэй. Миний хэлээд байгаа эр хурга, эр хүн гэсэн үгсийн хувьд монголчуудын уламжлалт ойлголтын хүрээнд л бичсэн хэрэг. Миний ном бол талархлын дурсамж.

Амьдралд минь таараад тусалсан, эр хүн гэдгээрээ надад хандсаны хүчээр би өдий зэрэгтэй яваа. 461-ийн харгалзагч охины минь зургийг оруулаагүй. Хориотой зүйл биш л дээ.

Өмгөөлөгчид маань “Хэрэггүй дээ сэтгэл нь сэмэрчихнэ” гэсэн юм билээ. Сайн хүн, эр хүний чанарын үүднээс хэлсэн үг. Хүнийг сайн муу гэж эцэслэж дүгнэх бололцоогүй. Хүн л бол хүн. Надтай харилцахдаа сайн талаараа нийлж, өгөөжөө өгөөд явсан бол талархан дурсах ёстой. Мууг нь санаад явдаг улс бий.

-Хүний тухай бичсэн бичлэгүүд онцгой санагдсан. Нэг тал нь зэмлэнгүй өнгөтэй, нөгөө тал нь магтсан сайшаасан аястай. Ер нь таны номонд багтсан хүн гомдохгүй баярлах байх…

-Хувь хүний л дүгнэлт. Надтай таарсан тохиол нь энэ дээ гэсэн тэмдэглэлээ л үлдээж байгаа хэрэг. Хувь хүний дүгнэлт субьектив. Буруу байж болно, маргахгүй. Би номондоо ч тэр, амьдралдаа ч тэр хүнийг магтах муулах хоёроос зайлсхийхийг хүсдэг. Би хүнийг магтаж, муулдаг хэн билээ.

Амьдралд хав хар, цав цагаан гэж байхгүй. Улс төрд хав хар, цав цагаантай нүүр тулна гэдэг тун ховор. Ихэнхдээ зэгэл саарал юмтай зууралддаг.

-Балчиндорж гэж хүнийг хэд хэдэн хүнээс сонирхож асуулаа. Таатай хариу өгөх хүн таараагүй. Та номондоо “Тэр хүнд баярлаж талархаж явдаг гэж худлаа хэлээд яах вэ. Түүнд гомдож өсөрхөх зүйл надад одоо ч байхгүй” гэсэн байсан. Та үнэхээр гомддоггүй хүн үү?

-Насны л юм даа. Сургуулиасаа хөөгдөхөө дөхөөд байх үедээ Балчиндорж гуайд гомдохын дээдээр гомдож байсан. Балчиндорж гуай манай ээжтэй их сургуульд хамт сурч явсан.

Нэг ангийн хоёр учраас манайхаар орж гарна. Хамгийн гол нь би охинтой нь нэг ангид сурч байсан. Гэхдээ олон жил өнгөрсний дараа эргээд бодоход тийм зүйл дундуур туучиж байж л хатуужиж хэрсүүжсэн болов уу.

-Оюу толгойн гэрээний хувьд олон шүүмжлэл дуулддаг. Таны номонд ч дурдагдсан сэдэв. Гэрээний талаар бодлоо хэлээч?

-Энэ номны хувьд Оюу толгой төсөл хөндөх учиртай сэдвийн нэг байсан. Учир нь 461-т хоригддог нэг шалтгаан болсон юм. Оюу толгойн гэрээг хийхдээ цаад талдаа санаатайгаар давуу тал бий болгож, авлига авсан байж магадгүй гэсэн үндэслэлээр намайг хорьсон.

2015 онд би хууль хүчний байгууллагад хандаж шалгуулсан юм. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч байна. Албан тушаалаа урвуулан ашигласан гэж нотлогдсон юм алга. Монголчууд энэ гэрээг буруу гэж үздэг гэсэн үгтэй би санал нийлэхгүй. Энэ гэрээг хорвоогийн хамгийн сайн гэрээ болсон гэх дүгнэлт ч байхгүй. Монголчуудын 99.9 хувь нь энэ гэрээг мэдэхгүй, уншаагүй.

Харамсалтай нь УИХ-д сууж байгаа өнөөгийн гишүүдээс энэ гэрээг хууль тогтоомжтой нь харьцуулж үзсэн хүн олон биш юм билээ. Оюу толгойн гэрээний хувьд буруу ойлгоод буруу хийсэн зүйл байхгүй. Саяхан Оюу толгойн гэрээг сайжруулах талаар хэлэлцэж байхад УИХ-ын зарим гишүүн алдаатай юм ярьж харагдсан.

Ордын 34 хувийг айлд алдсан юм шиг зүйл яриад яваа. Үгүй л дээ. Газар доорх зүйлийг гаргаж ирэхийн тулд хөрөнгө босгоод яваа компанийн 34 хувийг авчихаж байгаа юм. Гарч буй зардлын 34 хувийг манай тал гаргаад тэр хэмжээндээ ногдол ашгаа авна гэдэг л ойлголт. Гэтэл уул уурхай асар их эрсдэлтэй салбар. Нөөц нь олдоо ч уу, үгүй ч үү, зам зуураа юу ч болоо билээ. Ер нь зардлаас нь хуваалцах зарчим буруу. Мэдээж цаад санаа нь буруу биш байх.

Оюу толгойн үндсэн нөөцийн 80 хувь километрийн дор бий. Тийм эрсдэлтэй зүйл рүү заавал зардлыг нь хуваалцаж орох хэрэг байна уу, үгүй юу. Уг нь манай Засгийн газар элдэв зардлаа больё, энгийн гэрээ хийе, миний хашаан дотор орж ирээд ухаад гаргаж байгаа бол дөрвөн төрлийн татвараа л өгчих, дээр нь АМНАТ-аа өгчих, төсөл дуусахад би 54 хувийг нь авна шүү гэсэн.

Өөрөөр хэлбэл, бид нэг ч мөнгө гаргахгүйгээр олсон нийт өгөөжийн чинь 54 хувийг авна гэж ярьж байсан. Хэрэв тэр хувилбараар хийсэн бол өнөөгийн хэрүүл гарахгүй байсан.

Арван жилийн өмнө миний зүтгүүлээд чадаагүй зүйлийг УИХ одоо хийнэ гээд тогтоол гаргалаа. Арван жилийн дараа УИХ хэлэлцээд ерөнхийдөө ханатайдуу шийдвэр гаргачих шиг боллоо. Хожимдсон ч гэсэн зөв дүгнэлт хийж байгаад баяр төрсөн.

Оюу толгойн гэрээ бол Монголын улс төрд ороод гаргасан хамгийн том шийдвэр маань. Би ийм шийдвэр гаргасандаа сэтгэл дүүрэн явдаг.

-Ц.Элбэгдоржийн тухай ганц өгүүлбэр харагдсан. Яагаад бичсэнгүй вэ?

-“Жаран”-ы бутархай дотор 12, 13 өгүүлэл орсон. Цаана нь эхэлчихсэн яваа жар орчим сэдэв бий. Бэлэн болсон гэвэл 20 орчим өгүүлэл байна. Ц.Элбэгдоржийн тухай бичсэнгүй гэлээ. Үргэлжлүүлж бичих зөндөө юм байгаа. Долдугаар сарын 1 гэхэд бүлэг шиг юм явж байснаа тусдаа номны хэмжээнд хүрсэн. Бараг дууссан.

Хувь хүний бодол гэхээс илүү албан ёсны баримтад түшиглэж бичвэл илүү хүртээлтэй болов уу гэж харж байна. Гэтэл тэнд орсон бичиг баримтын ихэнх нь нууц, зарим нь маш нууц, ганц нэг нь маш нууц, онц чухал гэж нууцын хамгийн дээд зэрэглэлд бий. Тэнд хоёр байгууллагын хурлын тэмдэглэл байгаа. Нэг нь ҮАБЗ-ийн хурлын тэмдэглэл.

Тэр нь маш нууц.

Нөгөөх нь УИХ-ын хаалттай чуулган. Гурав дахь нь энэ асуудлаар томилогдсон ажлын хэсгийн материал. Энэ гурвыг нууцын зэрэглэлээс гаргачихвал болчих гээд байгаа юм. Албан ёсоор хандсан, хариу аваагүй байна. Гэх мэтээр хийж байгаа ажлууд бий.

-Н.Энхбаяртай, Х.Баттулгатай ярьсан ярианууд бий. Яг тэгж ярьсан эсэх дээр эргэлзэж суугаа хүн олон байгаа байх…?

-Ном хэвлэлтээс гараад бараг хагас жил болчихлоо. Өнөөдрийг хүртэл ямар нэг асуудал гарсангүй. Хэрвээ энэ номонд бичсэн ярианууд худлаа байсан бол ямар нэг зүйл болох байсан. Торх зөгийн бал дотор нэг шанага балин хийгээд яах вэ дээ.

-Энэ номонд Оюу толгойгоос гадна Н.Энхбаяр, Х.Баттулгын тухай их орсон анзаарагдсан. “Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрыг хар пиараар гүйцэх хүн Монголд гарахгүй” гэсэн өгүүлбэр бий. Би үүнтэй санал нийлээгүй. Ц.Элбэгдорж гэж хүнийг бас ингэж ярьдаг. Таны номонд Оросын хэлсэн нэг үг бий. “Хар пи аргүй сонгууль байхгүй” гэсэн үг. Таны номноос уншихад сонгууль бүр хар пи араар дүүрэн байдаг, МАН-ын олон сонгуулийг өөрөө удирдсан. Цаашдаа ч оролцох байх. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Тэр орос нөхөртэй би 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр таарч байсан юм. Тэр хүний үгтэй би санал нийлээгүй. Надаас гадна тэнд нэр дэвшсэн, Хөвсгөл аймгийн сонгуулийг зохион байгуулж байсан манай намынхан ч санал нийлээгүй.

Манайхан тухайн үед “Монгол хүний сэтгэлгээ ондоо, муулаад яваа хүн өөдтэй харагддаггүй” гэх мэтээр тайлбарласан л даа. Өнөө орос “Та нарт сөрөг талын чинь материал бий байх. Хар пи ар хий гэхээр хөдөлж өгөхгүй юм.

Яах гэж баахан материалтай байдаг юм. Үгэнд орохгүй байна” л гэсэн. Энэ бол монгол, орос хүний сэтгэлгээний ялгаа. Харамсалтай нь 2004 оноос хойш сонгуулийг заавал харлуулж хийдэг, нөгөө талаа авах юмгүй болтол нь муугаар хэлдэг арга яваад байна л даа. Одоо миний оролцдог сонгууль гэж юу байх вэ.

Өмнө нь иргэд мэдээллийг телевиз, хэвлэлээс авдаг байсан. Тийм учраас бидний гол сурталчилгаа телевиз, сонины хүрээнд л эргэлддэг байлаа. Нэмэх нь сонгогчидтой хийх уулзалт. Ийм гурван хэлбэр л байсан. Одоогийн Монгол өөрчлөгдсөн. Нийгмийн сүлжээнээс гол мэдээллээ авчихаж байна.

-Та хоригдох үедээ Орос, Монгол, Хятадын тухай ном уншсан байдаг. Энэ номын тухай өгүүлэмж явсаар Х.Баттулгын ОХУ-тай харилцах харилцаа руу орж байна лээ. Сүүлдээ “Энэ номыг Х.Баттулгад зориулж бичсэн юм биш үү” гэсэн хар төрсөн…

– Манай улс хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө харилцахдаа туйлширч болохгүй л гэж боддог. Тусгаар улс болсон, өдий хэмжээнд хөгжсөн, ер XX зуунд туулсан түүх маань хуучнаар Зөвлөлт холбоот улстай салшгүй холбоотой. Би номоо нэг хүнд зориулж бичээгүй. Нэг хүнд зориулж ном бичдэггүй, захиа л бичдэг.

Би номоо хүмүүст зориулж бичсэн. Тийм учраас таашаал авч байна. Миний бодож явсан зарим зүйлтэй санал нийлэх хүмүүс байна. Миний бичсэн зарим зүйлтэй санал нийлэхгүй, энэ чинь ямар учиртай юм гэж маргаж байгаа хүмүүст бүр их баярлаж яваа. Шүүмжлэлийг би хүлээж авна. Учир нь надад шүүмжлэл хэрэгтэй. Дэмжиж хэлсэн нь надад урам өгч байгаа.

Дахин хэлье, би үнэнийг мэдчихээд хүмүүст хэлээд байгаа хүн биш. Үнэн гэдгийг хувь хүнийхээ хувьд хайж яваа л хүн. Хэн нэгэн хүнд зориулж бичээгүй, бас хэн нэгнийг муулж магтъя гэсэн бодлоор хандаагүй. Эхний жаран хоногт яах гэж барьж хорьж байгаа юм бэ гэдэгт төвлөрсөн. Би өөрөө шалгуулъя гээд ирсэн. Ийш тийш зугтах санаа өвөрлөсөн бол Англид үлдэж болох байсан.

Англи гэдэг улс аль нэг хүнийг цаад улсынх нь шахсанаар “Май” гээд тушаадаг орон биш. Би тэр улсад элчин сайдын тушаалтай байхдаа хүрч ирээд “Шалгуулъя” гэсэн. Тийм байхад хорьсон. Олон түмэнд харуулах шаардлага байсан байх.

Анх сарын хугацаанд хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Цаашдаа батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдэг асуудал яригдсан л даа. Үргэлжлүүлэн хорих гэдэг асуудал дээр шүүгч нь Төрийн ордон, Тамгын газар руу гүйж очсон.

Тэгээд тэр өдрийн өглөө нь гарсан батлан даалтад гаргах шийдвэрийг цуцлаад, үргэлжлүүлж cap хорих шийдвэр гаргасан. Ингэхээр тэнд суугаа хүн надад нэлээд бодол, асуулт төрүүлнэ ээ дээ. Товчхондоо өөрөө өөрөөсөө асууж байгаа зүйлээ тэмдэглэсэн санаатай. Би андуурсан, буруу дүгнэлт хийсэн байж магадгүй. Тэр бүхнийг шүүх хүн нь уншигч.

Авсралид хүчтэй шороон шуурга дэгдэв

0
Австрали шуурга
Зургийг @Bureau of Meteorology, Australia

Австралийн Нью Саут Уэльс мужид болж буй хүчтэй шороон шуурганы улмаас зарим хотод өдрийн цаг шөнөтэй адилхан болж хувирчээ.

Цаг уурын газраас хүчтэй салхи шуургатай, аянга цахилгаантай бороо мужийн төв, хойд, зүүн хэсгээр орохыг өнгөрсөн ням гарагт анхааруулж байсан. Нью Саут Уэльс мужийн Паркес хотод салхины хурд 94 км/цаг байсан бол Дуббо хотод 107 км/цаг хүртэл хүчтэй шуурга дэгджээ. Викториа мужид орсон бороо, мөндрийн улмаас 1500 гаруй тусламжийн дуудлага ирснээс барилга байшин сүйдсэн гэх дуудлага 1000 гаруй байна.

Сүүлийн хэдэн өдөр орсон аадар борооны улмаас Нью Саут Уэльс мужид тохиолдоод байсан гангийн асуудлыг зөөллөж, гал сөнөөгчдөд түймэр дахин асахаас өмнө арга хэмжээ авах боломж олгожээ.

Даваа гарагт аадар бороо үргэлжлүүлэн орно. Борооны улмаас зарим газарт үеэр болж магадгүй. Гэвч хүчтэй бороо асч буй түймрийг зогсоож чадахгүй гэж албаныхан мэдэгдээд байна.

Ерөнхий сайд зөвлөхөө дэд сайдаар шагнав

0

Гадаад харилцааны дэд сайд асан Б.Батцэцэгийг Италид суух Элчин сайдад явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан тул түүний оронд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг Б.Мөнхжинг томилохоор болжээ.

Б.Мөнхжинг дэд сайдаар томилох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан талаар Удирдах зөвлөлийхөө хуралд танилцуулж, дэмжлэг авсан байна. Ирэх Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар түүнийг томилно гэсэн мэдээлэл байгаа юм. Б.Мөнхжин 2008 оноос ГХЯ-д ажилласан, Лондонд дипломатчаар сууж  байсан 10 гаруй жилийн ажлын туршлагатай нэгэн юм. Тэрбээр сүүлийн хоёр жилд Ерөнхий сайдын зургаан гадаад айлчлалд оролцсон. Оксфордод мэргэжлийн зэргээ дээшлүүлсэн тэрбээр одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.