Хүүк нь ялагдаасай, ерөнхийлөгчийн сонгуульд. Учир нь тэр МАН-ын нэр дэвшигч. Ардчиллын гучин жилийн түүх бол түүний даргалдаг намын “МАХН байхдаа үлдээсэн өв”, “МАН болсны дараахь нөлөө” энэ хоёртой л хийсэн тэмцэл байлаа, уг нь. Ийм учраас, “Хүүк” хэмээх Ухнаагийн Хүрэлсүх ялагдах явдал Монголын ардчиллын гучин жилийн зорилго юм.
Гэвч, хүслээр минь болохгүй нь. Яагаад ? Ард түмэн олонхиороо ардчиллыг сонгох гэж, ардчилсан үзэлтнүүд ардчиллаа аврах гэж санал өгөх боловч, “хар машин” нь луйвардахгүй боловч МАН ялах нь.
Санал тоолох “Хар машин” хамгийн шударга Монгол нам, хүн хоёроос л лав шударга. Хэрвээ хар машин луйвар хийдэг байсан бол АН намын нэр дэвшигчид Монгол улсын төрийг тасралтгүй 12 жил тэргүүлэхгүй л байсан. Дээр үед, уралдаант шалгалтанд унасан хүүхэд болгон “Арын хаалгадуулчихсан” гэж ярьдаг байсан шиг ялагдсан нам, нэр дэвшигч хоёрын л ярьдаг үг, “Хар машинд луйвардуулаад ялагдлаа” гэх гомдол.
Тэгвэл яагаад, Хүүк ялна гэж??? Сонгуульд ялагдагчид өрсөлдөгчөөсөө болж унадаггүй юм. Ялагдах нам эхлээд өөрийн гишүүддээ ялагддаг, ялагдах нэр дэвшигч хамгийн түрүүнд өөрийнхөндөө ялагддаг. Энэ бол сонгуулийн алтан дүрэм.
Алтан дүрэм гэснээс, түрүүчийн ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч “Монгол ялна” уриатай сонгуульд ороод, Ардчилсан нам ч, Монгол ч ялсан бүлгээ. Ардчиллын алтан хараацай Со анд маань (Догмидын Сосорбарам) “Би 59-тэй байхдаа тэнэг байжээ. 60 хүрээд ухаан орлоо” хэмээн хойтон нь халагладаг тэр сонгуулийг хэлж байна.
Со маань, Монгол, АН хоёр хоюулаа ялсны дараа 2020 оны УИХ-ын сонгуульд, Шинэ Монголын эдийн Засгийн шинэчлэлийн эцгүүдийн нэг Да.Ганболдыгоо дэмжихээр Хөвсгөл явсан юм. Гэтэл, намын гишүүд зугтаад цуглардаггүй гэнэ. Арай гэж нэг партизанаа чихдэж аваад асуусан чинь “Дээрээс,(гэж чихтэй толгой руугаа заагаад) Да. Ганболдыг битгий гарга гэж үүрэг өгсөөн. Бид яаж ч болохгүй байна. Та нар маань дээрээ нэг учраа олоод өгөөч. Бидэнд үнэхээр хэцүү байна” хэмээн халаглан ярьжээ. Аа тийн, Да.Ганболд хэдхэн хоногийн өмнө шоронгоос гарсан. Яагаад шоронд орсныг нь та бид байтугаа тэр өөрөө ч ойлгохгүй яваа.
Уул нь АН-ын 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн ирээдүйтэй нэр дэвшигч болно гэж олон жилийн өмнөөс яригдсан нэг хүн байсан юм. Тэр хүн бас л шоронд. С.Баярцогтыг хэлж байна. Түүнээс дутахгүй нэр нөлөөтэй эдийн засгийн шинэтгэгч М.Энхсайхан бас шоронд. Ардчиллын сор болсон бусад зүтгэлтнүүд шоронд болон шоронгийн хаалганаас хэдхэн алхмын зайд орших шүүхийн үүдэнд чулуу нясалж суугаа. Элбэгээ, Үүл нарыг ярьж байна.
МАН-ын нөлөө бүхий лидер, өнөөдөр ерөнхийлөгчид нэр дэвшихэд хэн ч гайхахгүй улстөрч С.Баяр бас л шоронд. Гэнэтхэн, “Ерөнхийлөгчид нэр дэвших болзол хангасан байсан нь тэдний “гэм буруу” байсан юм биш байгаа” гэж бодогдоод явчих чинь. ХХ зууны гучаад онд “Алтан ургийн удамтай л бол буудан алуулах болзол хангаж байсан” шиг.
Энэ бүхэн Ардчилсан нам, Монгол хоёр давхраараа ялсан дөрвөн жилийн хугацаанд болоод өнгөрч байгаа хэрэг шүү дээ.
Жамаараа бол хоёр гуравдугаар эгнээнд байх учиртай улс төрчид нүүрэнд гарч ирсний учир энэ. Гучаад онд хамаг сэхээтэн, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжнуудаа хядаж бараад дөнгөж бичиг үсэг сурсныгаа дарга болгож, цэргийн сургууль дөнгөж төгсмөгц нь генерал цол зүүлгэж байсан шиг.
У.Хүрэлсүх зодоон зохион хийдэг, хэрэг түвэг тарьж явдаг сахилгагүй этгээд үү гэвэл, тийм. Гэхдээ л тэр өнөөдөртөө МАН-ын мундаг нь.
С.Эрдэнээ нь хэрэг түвэгт орж, сууж барьж явсан уу гэвэл бас тийм. Гэвч, аанай л Хүүк шигээ намынхаа сор нь бас мөн. Учир нь жинхэнэ “сор”-уудыг ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжаад “цэгцэлсэн” учраас иймдээ тулжээ.
Дээр нь, Ардчилсан нам сонгуулийн өмнө хоёр хуваагдав. Хоёр тамгатай, хоёр даргатай болоод авсан. Аль нь “жинхэнэ жогорхой” болохыг шүүхээр ялгуулсан боловч намын гишүүд хоёр хуваагдсан хэвээр үлдэв. Эрдэнээгээ “хуурамч Дамбийжаа” болохыг нотлох гэж төв талбайд өлсгөлөн зарласан Алтанхуяг, Цогтгэрэл, Батсуурь нар болон тэдний дэмжигчид С.Эрдэнийг дэмжиж санал өгнө ч гэж юу байх вэ?
Сая С.Эрдэнээгийн сонгуулийн штабынхан “орон нутгийн сонгуулиар АН ялсан аймгуудад очиж ажиллахгүй, шууд л намыхандаа итгэн үлдээнэ” гэж ярьж байна. Гэвч тэр ялсан гэгдэх аймгуудад Цогтгэрэл, Алтанхуяг, Батсуурь нарын уугуул нутаг, сонгогдсон тойрог болох Увс, Сүхбаатар зэрэг аймаг багтаж байгаа нь нэгийг өгүүлэх мэт ээ.
Ингээд харахаар АН-ын гишүүд “тамгатай ба тамгагүй хутагтын шавь”-д нэгэнт хуваагдсан. Тамгагүй хутагтын шавь нар саналаа МАН, Энхбат хоёрт хувааж өгөх биз ээ.
Хэдийгээр, АН-ыг алдчихалгүй аваад үлдсэн Эрдэнээд талархах боловч түүний гараас намаа эргүүлэн авахыг хүссэн гишүүд олон. Энэ хэсгийнхэн “Сонгуульд түүнийг унагааж байж л намаа С.Эрдэнээгийн нөлөөллөөс эргүүлж авна” хэмээн тооцоолсон нь лав.
Ер нь бол АН-ын олонхи гишүүдийн хувьд хөлөг онгоцоо далайн дээрэмчдэд булаалгасан усан цэргүүд шиг байдалтай байгаа. Тийм хувь тохиосон цэргүүдэд гурван зам байдаг. Нэгд, бууж өгөөд далайн дээрэмчин болох. Хоёрт, хөлгөө эргүүлэн булааж авах. Гуравт, хөлөг онгоцоо эргүүлж авч чадахааргүй бол далайн дээрэмчидтэй нь хамт живүүлэх, ийм л сонголт байдаг.
Тэд ч ийм л гурван замаар явсан. Гуравны хоёрынх нь сонирхолд нэр дэвшигч нь ялагдсан байх явдал нийцэж байгаа.
Дээр нь түр ялагдсан “тамгагүй хутагтууд” нь Эрдэнээгээ мөн л сонгуулиар хойтохыг умшаад, намыг нь булаан авна гэж тооцоолж байгаа. Энүүхэндээ гэхэд, сонгуулийн дараахь АН-ын доторх “иргэний дайн”-ыг бодохоор зүрх шимшрэм. Учир нь энэ дажин Монгол улс эн тэнцүү улс төрийн хүчнүүдтэй байх уу, эсвэл нэг том ба бэлгэ тэмдэг маягийн дагавар нэг хоер намтай явах уу гэдгийг шийдэх юм. Нэг хүний дэглэмтэй хоёр хөрш маань албан ёсоороо олон намтай юм шүү дээ, дашрамд сануулахад.
Дээр өгүүлсэн дээ, нам, нэр дэвшигч хоёр эхлээд өөрийнхөндөө ялагддаг гэж. Энэ дүрмээр АН гишүүддээ, нэр дэвшигч нь намыхандаа аль хэдийнэ ялагдсан харагдана. Гунигтай ч үнэн.
Нөгөө талаас, ХҮН намаас, нийгмийн сүлжээний сэхээтэн хэсгийн од болсон Д.Энхбат “иргэний мөрөөдөл” маягтайгаар нэр дэвшив. Болдог бол болж болох хувилбар. Гэхдээ, шинэ тулгар тэдний эвсэлд суурь хөл үгүй. Монгол орны хамгийн бөглүү жалганд очиход, улаан цэнхэр хоёр туг хатгаастай хашаа байж байдаг л байхгүй юу. МАН, АН-ын гишүүдийн энэ сүлжээг суурь хөл гээд байгаа юм.
Дээр нь Д.Энхбат зохих хүндэтгэлийг хүлээсэн этгээд мөн боловч “Мценск гацаандаа л Макбет авхай”(Н.Лесков) гэгчээр явцуу хүрээнд алдартай түүнийг ихэнх сонгогчид мэдэхгүй байгаа нь харагдав. Уул нь нэр нөлөө бүхий ИЗН-ын удирдагч, УИХ-ын гишүүн байсан хүн л дээ. Тэр үедээ нэг их танигдахаар байгаагүй бололтой юм.
Нүдэнд дулаахан түүнийг харсан, уулзсан сонгогчид сайхан сэтгэгдэлтэй үлдэж, ялангуяа намбалаг сайхан гэргийг нь юу юунаас илүү магтаж “тэргүүн хатагтай байхад гайхах юм алга” хэмээн ярьж байна. Хэдийгээр “төрийн тэргүүн сонгох гээд байна уу, авгайг нь сонгох гээд байна уу” хэмээн шоолж байгаа ч үндэстэй юм, Монголчууд тэргүүн хатагтайгаар цангасан нь.
Хутагт лам Богд гэгээнийг төрийн тэргүүн болгохын тулд албан ёсны хатантай болгож, тэрийг нь нас барахаар хөгшин хуврагт залуу гэргий авч өгч хүртэл байлаа шүү дээ, Монголчууд.
Гэхдээ Энхбат, сонгуулийн кампанийн ахархан хугацаанд өөрийгээ болон гэргийгээ сонгогчдод хангалттай харуулж чадах нь юу л бол?
Ингээд, өөрийн намынхаа болон, удирдагчаасаа салахын мөн болсон АН-ын гишүүдийн үлэмж хувийн саналыг нэмж авах Хүрэлсүх илт давуу байдалтай байгаа юм. Ардчилсан намыг МАН ялж байгаа хэрэг биш, АН өөрийн гишүүддээ ялагдаж байгаа үзэгдэл гэдгийг анзаараарай.
Ийм л сонгууль болох нь.
Сонгуулийн дүнгээр тоглож, “долоон сарын сарын нэгэн” хийчихэлгүй, үймээн самууныг мөрөөдөн хүлээж байгаа улсын идэш болж, төлөвлөсөн онц байдлыг тогтоолгочихолгүй цаашаа явбал сайхан зун, ковидгүй маргааш хүлээж байгаа.
Яршиг, сонгуулийнхаа ард бушуухан гараад, нутгийн зүг жолоогоо залах минь. Угаасаа энэ завхарсан орчлонг би зохиочихсон ч биш.
Сонгууль дахиж барьж заваарахаас бол үнэндээ залхаж байна. АН маань 12 жил тасралтгүй л ерөнхийлөгч хийлээ. Эзний алба ээлжтэй гээч л болно биз.
Нэг үг байдаг юм. “Энэ хорвоог болдогсон бол нэг сайн өшиглөөд авах юмсан” гэж. Болдог байлаа ч гэсэн хөл л өвдөхөөс орчлон ямар ёолох биш дээ.
…Ардчилсан тогтоцоо л хамгаалж үлдвэл сонгууль нэгээр дуусахгүй ээ.
Нийтлэлч Б.Цэнддоо 2021.05.28