2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР1Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчдийн албан бус танилцуулга

Ерөнхийлөгчийн сонгууль: Нэр дэвшигчдийн албан бус танилцуулга

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар парламентад суудалтай нам эвслүүдээс нэр дэвшүүлсэн гурван нэр дэвшигчийг СЕХ бүртгэж авсан. Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэрийг дэвшүүлж, СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ”гэсний дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна.

Ингээд МАН, АН, ХҮН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын талаар танилцуулъя.

У.Хүрэлсүх

Түүнийг хаан болоогүй байж хаан болсон хүн гэж ганц өгүүлбэрээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дүгнэсэн.  Улс төрийн орлогчоос ажил амьдралын гараагаа эхэлж байсан тэрбээр Монголын улс төрийн тоглогч болтлоо унаж, боссон түүх түүнд бий.  Тэрбээр хүссэн үедээ ухарч, хүссэн үедээ довтолж чаддаг улстөрч. Анх Ерөнхий сайдаар томилогдож байх үетэй харьцуулах юм бол У.Хүрэлсүхийн рейтинг уруудсан. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сард өөрөө танхимаа огцруулж, Ерөнхий сайдын албан тушаалаа хуурай дүүдээ өгсөнтэй холбоотой. Тэрбээр дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтнээр нүцгэн шалдан гүйлгэсэн гэх асуудалд хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ засгаа огцруулсан ч түүний олон нийт хариуцлагаас бултлаа гэж шүүмжилсэн.  УИХ, Засгийн газрыг бүхэлд нь “атгасан” том намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болбол дарангуйлал тогтоно гэж олон хүн эсэргүүцэж байгаа. Тэгвэл нэр дэвшигч У.Хүрэлсүхийн зүгээс саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг” талаараа ярьсан бий.

С.Эрдэнэ 

Цайзаа хамгаалж үлдэх тулалдаанд Женко Баттулгын эсрэг дөрвөн жил байлдсан түүний хувьд улс  төрийн хамгийн хүнд сорилттой нүүр тулж яваа. Хажуу хавиргынх нь нөхөд нь урваж, итгэсэн “найз” нь хамгийн том дайсан болсон, журмын нөхөд нь өөрийнх нь эсрэг өлсгөлөн зарласан гээд түүний хувьд асуудалтай өдрүүд үргэлжилж байгаа. Гэхдээ ясны улстөрч зангаараа энэ бүгдийг даван туулж, ямар ч байсан АН-ыг хамгаалж үлдсэн. Үүнийх нь төлөө түүнд баярлалаа гэж хэлэх цаг АН-ын гишүүд, дэмжигчдэд ирэх биз.  Түүнийг У.Хүрэлсүхийн захиалга гэж харах хүмүүс бий. Гэвч, түүний хариулт нь “Ялалт байгуулах боломж бүрэн бий. Өнөөдөр нийгэмд Ардчилсан намыг хүлээсэн, Ардчилсан намд асар их итгэл найдвар тээсэн, нийгмийн уур амьсгал хүчтэй байна. Монгол улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ талд дуугардаг, ард түмнээ өмөөрдөг, шударга ёсыг шаарддаг, аль нэг улс төрийн намд үйлчлээд байдаггүй, хүний хувийн өмчийг дээрэмдээд байдаггүй, яг хууль дээдлэх зарчмаар шаардаж чаддаг, Монгол хүн бүрийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж чаддаг тийм л Ерөнхийлөгчтэй байх ёстой. Тэр утгаараа би энэ зорилтыг хангах, бодлого шийдвэрээ олон түмэнд хүргэж ойлгуулж чадвал олон түмний дэмжлэгийг авч чадна гэж бодож байна” гэх үг.

Д.Энхбат

Сонголттой сонгууль болгож өглөө хэмээн ХҮН-ын дарга Т.Доржханд мэдэгдсэн.Ёстой л нэр цэвэр нэр дэвшигч гэж хэлж болно. Түүнийг масс төдийлөн танихгүй. Харин олон нийтийн сүлжээнд сургааль үгийг нь дэмждэг, сонсдог хүмүүс олон. Мэдлэгтэй, харизм багатай, булчинлаг биш, шинжлэх ухаан, боловсролыг шүтдэг нэгэн. Түүний эхнэртэйгээ алхаж яваа энгийн нэгэн зургийг “бахдах” болсон нь дөрвөн жил тэргүүн хатагтайнхаа царайг нэг ч хараагүй холбоотой байх. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Женко Баттулга эхнэр гэр бүлээ ихэд нуусан бол Д.Энхбат ил гаргаж байгаа нь түүний сонгуулийн нэгэн пиар гэж хэлж болно.

Тэрбээр Ерөнхийлөгч болбол юу хийх талаараа  “Би Ерөнхийлөгчийн ажлын эв нэгдэл гэдгийг өөрөөр томьёолж байгаа. Эв нэгдэл гэдэг бол бие биедээ хайртай байх тухай яриа биш, эв нэгдэл бол нэгдсэн үзэл санаа, зорилготой, нэг үнэт зүйлтэй, дээрээс нь нэг дүрэмтэйгээр дэлхий дээр тоглох тухай яриа. Би шинэ Ерөнхийлөгчийн ажлыг тэгж харж байна. Би улс төрөөс санаатайгаар хоцроогүй. Боломж олж хараагүй бол миний дутагдал тэр биз. Харин өнөөдрийн боломжид би чадлаараа сонголт хийхийг хүсэж байна” гэсэн байдаг.

А.Чандмань

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!