2024.10.4, Friday
spot_img
НҮҮР1Мөнхийн НАЙЗ ҮГҮЙ

Мөнхийн НАЙЗ ҮГҮЙ

“..Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгснөөсөө  таван жилийн дараа 2019 оны хоёрдугаар сард тэрбээр “Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог.Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа” тухай мөн л хэвлэлийнхэнд ярьж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар таван жилийн өмнө ба хойно ийм хоёр дүгнэлт хийж байв.  Х.Баттулгыг улс төрд хөтлөж оруулсан хүн нь “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат. Гэхдээ Ардчилсан намд алхаж ороход нь туслаж, Төрийн тэргүүн болтол нь “бойжуулсан” хүн нь амин найз Ц.Элбэгдорж нь.  Амин найздаа МоАХ-гоо алчуур болгон бэлэглэж, 2004 онд АН-аас нэр дэвших мандатыг нь авч өгч байснаа Ц.Элбэгдорж нуудаггүй.

Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хоёр жилийн дараа буюу 2019 онд амин найзыгаа Ц.Элбэгдоржийгоо шалгуулахаар “Тавантолгойн ордыг 100 жилээр гадныханд үнэгүй өгөх гэрээг байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн зохион байгуулсан” гэж 170 хуудас цаас УЕП асан М.Энх-Амгаланд аваачиж өгч байлаа.  Өдгөө амин найзуудын харилцаа дурдатгал болон үлдэж, нөхөд гэдэг ноход болдгийн жамаар тэд хоёр өөр замаар, хоёр тийшээ алхаж байна.

С.Эрдэнийг  жижиг биетэй З.Энхболд гэж харах хүн цөөнгүй байлаа. З.Энхболд УИХ-ын дарга,  С.Эрдэнэ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байх үед тэд Ардчилсан нам дотроо албан ёсоор  “Шонхор” фракц байгуулж, “Алтангадас”-ын алдсан боломжийг ашиглан намдаа нөлөөгөө тогтоож явсан дурсамж тэдэнд бас бий. С.Эрдэнийг Ардчилсан намын дарга болоход З.Энхболд хүчин зүтгэж, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгоход С.Эрдэнэ хүчээ хаяж явсан цаг бий. С.Эрдэнийн “Шонхор” тауэрт З.Энхболд байрлаж зөвлөгөө өгч явсан нь саяхан.  Гэвч, энэ бүх явдлаа эцэслэж, З.Энхболд, С.Эрдэнэ хоёрын хувьд “миний найзууд, миний дайсан” болцгожээ. З.Энхболд нь С.Эрдэнийгээ хонгилоор чирэх хүртлээ, С.Эрдэнэ нь З.Энхболдоо төрийн хутгуур гэж олонд зарлатлаа тэд муудаж, хоёр тийшээ болцгоосон юм. Энэ бол Монголын улстөрд байдаг л үзэгдэл, улстөрчид зөвхөн мөнхийн эрх ашиг дээр найзалдаг.

Үндсэндээ ардчиллыг өмчилдөг партизануудын мөнхийн сонирхол, нөгөө талдаа ардчиллын буянаар мөнгөжсөн бүлэглэлүүд Ардчилсан намын шүдний өвчин болоод удаж байна. АН-ыг ашиглаж албан тушаалтайгаа үлдэх хүрэх гэсэн хэсэг хүний хувийн сонирхол, улс төрийн шуналыг дааж Ардчилсан нам дааж гарч чадахгүй ч байж мэдэхээр нөхцөл байдалдаа хүрсэн.  Тиймээс амин найзуудын мафийн талаар амин найзуудын амин найз Төрийн соёрхолт Д.Сосорбарам baabar.mn сайтад “Амин найз нарын аль нь ч ялгаагүй шүүхийг завхруулж, хуулийг тэнхээгүй болгожээ. Ярьснаасаа ондоог хийдэг, хийснээсээ өөрийг ярьдаг хүн бол аюултай дайсан гэж би үзнэ. Манай улстөрчид сэтгэл мэдрэлийн хувьд орон гаран, бүр гаран гаран болоод удаж байгаа харагдана, чааваас. Өчигдөр ярьснаа маргааш нь мартдаг ужиг өвчин эдгэрэхээргүй тусчээ. Энэ бол тархины тураал. Бас амин найзуудын хувийн өшөө хорслоос үүдэн бүтэн үндэстэн хохирох ёсгүй” гэж бичиж байв.

Дэлхийн 193 орны 118 нь ардчилсан дэглэмтэй. Тэдгээр ардчилсан дэглэмтэй улсуудын 35 хувьд нь дүр эсгэсэн ардчилал биежин хүчирхэгжиж байгааг онцолжээ. Тэдний нэг нь Монгол Улс болохыг ч бичсэн байна.

Итгэсэн найз нь  хамгийн аюултай дайсан болж хувирсан тэдний явж буй замыг харахад Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёр голын нэг эргээр, Х.Баттулга, З.Энхболд хоёр нөгөө эргээр нь хамтдаа алхаж байна.  Энэ тэмцэлд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрын хоршил ялах уу, Х.Баттулга, З.Энхболд хоёрын хамтрал дийлэх үү гэдгийг хэлэхэд эртдэнэ. Магадгүй эсвэл бүр дөрвүүлээ шархдаад үлдэхийг үгүйсгэхгүй. Энэ бүгдийг цаг хугацаа харуулах биз. Харин тэдний  зодоонд хамгийн их хохирч, гэмтэж үлдэж байгаа нь Ардчилсан нам болжээ.

Улс төр судлаач Х.БҮРЭНЖАРГАЛ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!