2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын горилогчид

Ерөнхийлөгчийн сонгууль ба АН-ын горилогчид

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар өмнөх 4 Ерөнхийлөгч ба өнөөдрийн Төрийн тэргүүн Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ынхан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг дэмжих нь тодорхой. Тиймээс Ардчилсан нам шинэ хүн нэр дэвшүүлэх сонголттой нүүр тулж байна.  Хоёр том “бүлэглэл” болон хуваагдсан Ардчилсан намаас хэн нэр дэвших вэ гэдэг улс төрийн хүрээний сонирхлыг татаж байгаа. Одоогоор таван хүний нэр сонсогдож байна.

Р.Амаржаргал

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Р.Амаржаргалыг АН-аас нэр дэвших боломжит хувилбаруудын тоонд оруулж буй. Тэрбээр 2017 онд Ерөнхийлөгчийн төлөөх нам доторх сунгаандаа Х.Баттулгатай ана, мана үзэлцэж байлаа.   Улс төрийн хүрээнд түүнийг “Зөөлөн хүч” гэж тодорхойлдог ч үнэндээ ялгарах, товойх харизмгүй.  Эдийн засгийн ухааны доктор. Төрийн тэргүүнээр сонгогдвол Х.Баттулга шиг улсаа хоёр хуваагаад “алалцаад” байхгүй, жинхэнэ “Зөөлөн хүч” байж мэднэ. Харин түүнийг масс дэмжих эсэх нь эргэлзээтэй. Хэтэрхий “бөөрөнхий” зан нь түүний сул тал нь болж харагддаг.  Өнгөрсөн хугацаанд намынхаа гал тогооноос хол байсан. АН-ын аль нэг талыг дэмжиж гүйгээгүй. Х.Баттулгын занаанд ороогүй,  “бүтэн нэр бүлээн зүстэй” нь үлдсэн АН-ын цөөн гишүүдийн нэг юм.

З.Энхболд

УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж байсан. Намаа ялагдал хүргэсэн “шийтгэл”-ээ хүлээж С.Эрдэнэд тамгаа шилжүүлсэн. Түүнийхээ дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар томилогдож, гурван жилийн дараа “төрхөмдөө” эргэж ирсэн. УИХ-ын 2020 оны сонгуульд Баянзүрхээс нэр дэвшээд ялагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй болсны гол буруутнаар нэрлэгдэж байгаа. Хэтэрхий яхир, хатуу зан нь түүний хамгийн сул тал болдог. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч нь түүний давуу тал юм. Ордны “тайган” нэр хоч автлаа Х.Баттулгад зүтгэсэн ч, эцэст нь түүнийг муриж, Ерөнхийлөгчийн сонгуульд горилж байна. Тэрбээр Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болохыг хамгийн сайн гадарлаж явсан хүний нэг байх. Тиймдээ ч О.Цогтгэрэлийг  АН-ын дарга болгохоор үхэн хатан гүйсний шалтгаан энэ болов уу. Сүүлийн өдрүүдэд түүний суудал хазайсан нь Ц.Анандбазараас болсон. Бизнесийн хамтрагчийнх нь бэлгийн дарамтын асуудал өнөөдөр ч нийгмийн нэг трэнд сэдэв болсоор байгаа. Тэдний “дотны” харилцаа Ерөнхийлөгчийн сонгуульд түүнд хасах оноо авчирч болзошгүй юм.

Ц.Оюунгэрэл

АН-аас нэр дэвших хамгийн зөв хүнд тооцогдож байгаа. С.Эрдэнийн талын АН-ын сунгаанд өрсөлдөж, М.Тулгатад ялагдсан. Намынхан нь дарга болох итгэл үзүүлээгүй гэхээр Ерөнхийлөгч болох дотоод сунгаандаа дэмжих магадлал бага.  Магадгүй, эмэгтэй хүн, дээр нь гадаад нөхөртэй гэх гэр бүлийн асуудал нь түүний улс төрийн карьерт сөргөөр нөлөөлж магадгүй байна. “Жорлонгоо өөрчилье” төслөөрөө өнгөрсөн хугацаанд өөрийгөө “сануулсаар” ирсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ аль эрт, шинэ оны маргааш зарласан.  Өмнөх сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж ажиллахдаа Элчин сайдаар явах тохироотой байсан гэх хов жив сонсогдсон. Гэхдээ Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа амлалтаа зөрчиж, намынхнаасаа нүүр буруулсан байдаг.

Боловсрол, мэдлэг, мэдрэмжийн хувьд Х.Баттулгаас хамаагүй илүү Ерөнхийлөгч байж чадах болов уу.

Х.Тэмүүжин

АН-ын хоёр бүлэглэлийн алинд нь ч хамааралгүй болохоо зарладаг ч тэрбээр О.Цогтгэрэлийн талыг дэмждэг нь илэрхий харагддаг. Н.Алтанхуягийн засагт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшээд ялагдсан байдаг.  Багийн гэхээсээ ганцаарчилсан тоглолттой. Л.Гантөмөрөөс өөр “найз” АН-д байхгүй. Хэн нэгэн даргад үйлчлэхээс илүү хууль ягштал баримталдаг нэгэн. Х.Баттулгын бай болж, өнөөгийн Ерөнхийлөгчтэй хонь, чоно болж явсан үе түүнд бий.

Н.Алтанхуяг

АН-аас гарч, Эрдэнэт хотод бие дааж нэр дэвшээд ялалт байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын даргаар ажиллаж байсан. Засгийг нь огцруулсны өсийг өдий хүртэл зангидаж яваа нэгэн. Шудар бусын хонгилоор орсон гэж өөрийгөө үздэг. МАНАН бүлэглэлийг байнга ярьдаг ч өнгөрсөн хугацаанд МАН-тай хамтарсан засаг барих бүрд АН-ын Н.Алтанхуяг сайдын суудалд алтангадас шиг зоолттой явсан. Ардчилсан нам дотроо нэр хүнд сайтай, дагагч, дэмжигч олонтой. О.Цогтгэрэлтэй нэг нутаг. Цаашлаад түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед О.Цогтгэрэл улс төрийн зөвлөх нь байсан. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийг улс төрд хөтлөн оруулж, төдийгөөс өдий зэрэгт хүргэсэн хүн бол Н.Алтанхуяг. Түүнийг АН-аас нэр дэвшихэд гайхах асуудалгүй.

А.ЧАНДМАНЬ

Холбоотой мэдээ

2 СЭТГЭГДЭЛ

  1. Оюунгэрэл дээрээ эрчүүдийг хангалттай дэмжтж гаргалаа тэд юу хийв талцал хагарал оффшоор, зодоон нүдээн хүчин, цэргийн яргалал бэлгийн хүчирхийлэл гэх мэт бузао булай бүхнийг тэд толгойлдог

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!