Шүүхээс Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт 1-2 жилийн хорих ял шийтгэл оноохтой зэрэгцээд Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалд холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жиргэлээ.
Засгийн газрын шийдвэр гарснаас нэг хоногийн дараа Ц.Нямдорж хэдэн сэтгүүлч өмнөө суулгаж байгаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах тухай бүтэн цагийн “лекц” уншив. Ц.Нямдорж өстэй болгоноо шоронд суулгаж санаа нь амардаг хүн. Тэр жишгээрээ баяртай, бахдалтай нь аргагүй ярилцлага өгөв.
Түүнийг яриаг товчилбол “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүс нь сая ял авлаа. Тэгэхээр Улсын Дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой. Өөр ямар ч гарц байхгүй” гэв.
Өөр гарц байхгүйг нь Ц.Нямдорж яаж мэдээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг алуурчин биш болохыг хэрхэн нотлож байгаа юм бол.
Үүнээс хоёр хоногийн өмнө Мягмар гаригт УЕП-ыг орлогч асан Г.Эрдэнэбат “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо өгсөн ярилцлагыг үзсэн хүмүү Ц.Нямдорж хамгаалагч биш бүр хамжигч, захиалагч биш биз гэх хариултгүй хардлагатай үлдсэн нь үнэн. Чухамдаа, Ц.Нямдорж Т.Чимгээтэй ямар холбоотой болоод…? ингэтэл өмөөрч, өмгөөлөгчийн дүрд тоглоно вэ гэх асуултын хариулт нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг бүхэлд нь төрийн нууцаас гаргасан тохиолдолд олж болох аж. Гэвч, Ц.Нямдоржийг Төрийн ордонд байгаа цагт тийм зүйл болохгүйг клабхаусын нэгэн хэлэлцүүлгийн үеэр хуульчид санал бодлоо дэлгэв. Тэр байтугай л эрүүдэн шүүлт явагддаг, гэтэл Ц.Нямдорж хоёр гэмт хэрэгтний эрүүдэн шүүсэн асуудлыг л зөвхөн яриад байгааг хуулийн салбарынхан хүртэл гайхаж бас хардаж байна лээ.
Өнгөрсөн Ням гаригт тэтгэврийн өвгөний дүр хувирсан “бор хүрэмтэй” өвгөн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүсний дараа үнэн төрхөндөө орж зальжин улстөрч болж хувирчээ. Ямар амархан хувирал бэ энэ.
Ц.Нямдоржид тэднийг хамгаалах ашиг сонирхол асар их байна. Асар их нууцыг тэр тээж байна. Тиймээс л ингэтлээ үхэн хатан тэмцэж, өнөөдрийн “ялалт”-даа хүрч байгаа ч биз. “Эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн” нь шүүхээс тогтоогдсон тул Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой гэсэн улс төр цаашаагаа Ц.Нямдорж сценариар явах нь тодорхой ч биз. Гэхдээ “эрүүдэн шүүсэн нь буруу” гэж шүүх шийдсэн болохоос Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй гэсэн шийдвэрийг шүүх гаргаагүй байгаа. Үнэхээр тэд гэм буруугүй, хэлмэгдүүлсэн юм бол С.Зоригийн хэргийг Төрийн нууцаас бүхэлд нь гаргаж, тэдний нэрийг давхар цэвэрлэх ёстой биш үү. Тэгээгүй тохиолдолд Ц.Нямдорж захиалагч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчин нэртэй, хардлагатайгаа үлдэнэ.
Б.НИРУН