Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г нь байлдагч Б-г зодож, хүндээр бэртээсэн хэрэг гарсан.
Байлдагч Б нь Төрийн тусгай эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авах боломжгүй, бэртлээ даалгүй өнгөрсөн Лхагва гарагт шилжих шөнө нас барсан байдаг. Салаан дарга Г нь согтуугаар уг хэргийг үйлдсэн байдаг. Талийгаач Б нь удаа дараа хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэргийн сэжүүр ч илэрч байна.
Талийгаачийн ээж Б.Баттулга хэвлэлд хандаж “Миний хүү зодуулсны улмаас тархиндаа цус харваж, маш их цус алдаж, амнаас нь хөөс сахарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Хүү минь маш харамсалтайгаар бусдын гарт амиа алдлаа. Миний хүү цэрэгт явснаасаа хойш ойр ,ойрхон мөнгө шилжүүлээч гэдэг болсон” хэмээн мэдүүлжээ. Цагдаагийн мөрдөн шалгалтаар талийгаач Б нь ар гэрийнхнээсээ “Итгэлийн Энхтөгс” гэх хүний данс руу мөнгө шилжүүлэхийг байнга гуйдаг байсан гэх. Түүнчлэн зодуулахынхаа өмнөх өдөр нагац ахынхаа гар утас руу залгаж, “Ах аа, над руу яаралтай 60 мянган төгрөг явуул” гэж хэлээд утсаа тасалсан гэнэ. Тэгэхээр тус ангийн захирагч, дарга нар байлдагчдаа дарамталж, ар гэрээс нь мөнгө нэхдэг байсан бололтой.
Д.ШООВДОР