2024.04.20, Saturday
spot_img
НҮҮР1Н.Алтанхуягийн АМБИЦ ба АЛТАН БОЛОМЖ

Н.Алтанхуягийн АМБИЦ ба АЛТАН БОЛОМЖ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд явагдана. Энэ удаагийн сонгууль мөн л хоёр даваатай болж магадгүй дүр зураг харагдаж байна.

Парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн дөрвөн нам нэр дэвшигчээ сойх эрхтэй.

Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр У.Хүрэлсүхийн тавьсан урхинд гүйгээд орчихвол  “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөлтэй С.Ганбаатар “сеск бодох”-оос өөр замгүй үлдэнэ.

Тэгэхээр Н.Энхбаяртай наймаа тохирвол У.Хүрэлсүх нэг өрсөлдөгчөө “халаасандаа” хийчихлээ гэсэн үг.

Одоогоор гол зодоон У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд өрнөж байна.   Боксын дүрмээр бол хэн, хэн нь хэн, хэнийгээ нокаутад оруулах чин хүсэлтэй.  Аль аль нь адилхан характертай, арга барил ойролцоо.  Гэвч, тэднийг өөр хоорондоо “алалцах” зуур өөр горилогчид морио хэдийнэ эмээлээд, хазаарлах болсон гэх.

 Нэг нь АН-аас нэр дэвших горьдлого тээж яваа З.Энхболд. Нөгөө нь Н.Алтанхуяг.

Хэдийгээр тэд хоёулаа наанаа Х.Баттулгыг балиашиглаж байгаа ч, цаанаа түүнийг мурих бэлтгэлдээ орсон бололтой.

Тувааны талаас АН-ын даргад нэр дэвшсэн О.Цогтгэрэлийг гурван хүн балиашиглаж, дэмжсэн нь Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг.  Түүнийг намын дарга болгосон нөхцөлд бүгд өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвших боломжоо өвөртөлнө гэж төсөөлсөн. Гэхдээ хэнийг нь О.Цогтгэрэл “түших”-ийг тэд тооцоогүй.  Бизнесмен хүний ухаанаар гурвуулангийнх нь дэмжлэгийг авсан.

О.Цогтгэрэл Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. Нутаг нэгтэй. Тэгээд ч Увсынхан “амь нэгтэй”, нутгархаг хүмүүс.

Тэгэхээр АН-ын даргаар О.Цогтгэрэлийг Улсын дээд шүүх бүртгэсэн нөхцөлд  Н.Алтанхуягт Ерөнхийлөгчид нэр дэвших боломж гарч ирж байна гэсэн үг.

Нөгөө талаар, Н.Алтанхуяг АН-аас нэр дэвшиж чадахгүй бол ахиад нэг хувилбар бий. Тэр нь ХҮН. ХҮН-ын дарга Т.Доржханд Увс чигийнх. Бас л нутаг ойр хүмүүс. Тиймээс Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын байлдаан дундуур Н.Алтанхуяг гүйгээд гарчихаж мэдэхээр байна.

Н.Алтанхуягийг нэр дэвшлээ гэхэд Х.Баттулгын талынхан дэмжинэ. Өөрөө ч багагүй дэмжлэгтэй хүн. С.Ганбаатартай ч ойр.

Хоёр барын зодооныг уулын орой дээрээс ажиглангаа хоёуланг нь агнахаар дурандаж суугаа хүн нь Н.Алтанхуяг байх вий. Мэдээж, хэрэвзээ алтан боломж олдвол Н.Алтанхуяг яахин алдах.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!