2024.04.19, Friday
spot_img
НҮҮР2Д.Сумъяабазарын “сумтай” УЛС ТӨР

Д.Сумъяабазарын “сумтай” УЛС ТӨР

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын сэтгүүлчидтэй хийсэн уйтгартай бөгөөд урт ярилцлагыг телевизээр үзлээ. Цар тахал гээд дээр дооргүй сандарч байхад хотын дарга чухам ямар зорилготойгоор ажлаа пиардсаныг бол мэдэхгүй. Ямар ч байсан Улаанбаатарын үе, үеийн дарга нар шиг сайхан, гоё мөрөөдлөө дэлгэв.

Гэвч,  түүнд бодлого, төлөвлөгөө бүр боршуур ч алга.

Хоногтоо зуу зуугаараа халдвар авч, хотын эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, байдал бишдэж байх цагт Улаанбаатар хотын захирагч нь өөрийгөө хэвлэлээр рекламдаад суух завтай байгаа нь даанч гуниг.

Цаашдаа хоногтоо мянга, мянгаараа халдвар авч, хүндрэл, нас баралт нэмэгдэнэ гэж ЭМЯ анхааруулсаар байхад  улстөржөөд сууж буй Улаанбаатар хотын захирагчаас юу ч хүлээх хэрэггүй бололтой. Тэр ч бүү хэл харанхуй шөнөөр улстөржөөд халаа сэлгээ хийж суугаа даргаас шүү дээ.

УИХ-ын гишүүний суудлаа Улаанбаатар хотын захирагчаар сольсон Д.Сумъяабазарт төсөв захиран зарцуулах хүсэл шунал байснаас төв хотоо өөрчлөх амбиц байсангүй. Э.Бат-Үүл шиг гэр хорооллыг барилгажуулах, Су.Батболд шиг нийслэлийн захиргааны байрыг нүүлгэн шилжүүлэх, адаглаад л С.Амарсайхан шиг алдсан газраа эргүүлж авах төлөвлөгөө алга, түүнд. Зөвхөн ашиг сонирхлоор энэ албан тушаалд очжээ гэмээр харагдаж байна.

Үнэндээ, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш УОК болон НОК хоорондоо үл ойлголцолтой, ойлголцлын зөрүүгээс болж дунд, доод шатанд алдаа эндэгдэл гарах болсонд хамгийн гол буруутан нь Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гээд нэрлэчихэд буруудахгүй ч биз. 22 товчоонд дээр нэгэн эмэгтэй амиа алдахад УОК-ыг буруутгаад өнгөрсөн болохоос үнэндээ НОК-ын буруу шийдвэрээс болсон нь тодорхой байсан.

Үндсэндээ, УОК-ын өмнөх дарга Я.Содбаатартай ч, одоогийн дарга С.Амарсайхантай ч ойлголцож чадахгүй, эрх мэдлээ булаацалдсан НОК-ын дарга Д.Сумъяабазарын амбиц, ашиг сонирхлоос болж цар тахлыг хяналтаасаа алдсан.

Машины бар код олгох, нөөцийн мах зарах зэргээр хүний бөөгнөрөл үүсгэсэн нь санамсаргүй явдал уу, санаатай үйлдэл үү гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан түүний өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн арга үр дүнгүй, буруутан нь өнөөдөр УОК болоод дуусч байгаа.

Гэтэл эрх мэдлээ булаацалдаж, нэгдсэн стратеги, багийн тоглолтоор биш ганцаарчилж пиардсан Д.Сумъяабазарын цагаа олоогүй улс төр Улаанбаатарын хотыг халдварын үүр уурхай болгоход хүргэлээ.

Ядаж байхад ганц хорооны Засаг даргыг харанхуй шөнөөр ажлаас нь халсан нь түүнд цар тахлаас илүү халаа сэлгээ чухал болохыг харуулав.

Д.Сумъяабазарыг хотын дарга болсноос хойш нийслэлийн Засаг даргын Тамгын газарт халаа сэлгээ үргэлжилсэн хэвээр байгаа бололтой. Харамсалтай нь, хотын дарга халаа сэлгээнд ач холбогдол өгөх хойгуур мянга, мянгаараа халдвар авах эрсдэл хэдийнэ бий болсныг ЭМЯ анхааруулсаар.

Үнэндээ 1.5 сая хүн амтай хотын эрүүл мэнд, эдийн засгийг авч явах нь дэвжээн дээр бөх барилдахаас амаргүй билээ.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Э.Бат-Үүл шиг гэр хорооллыг барилгажуулах, Су.Батболд шиг нийслэлийн захиргааны байрыг нүүлгэн шилжүүлэх, адаглаад л С.Амарсайхан шиг алдсан газраа эргүүлж авах төлөвлөгөө алга, түүнд.
    ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!