Даргын хүүхэд давуу эрхтэйгээр зээлэнд хамрагддаг, төлбөрөө төлүүлдэг төрд дарга болдог үзэгдэл Монголд бичигдээгүй хууль болсон. Энэ кастын систем иргэдийг бухимдуулах болсон. М.Оюунчимэгийн хүү, Шадар сайд С.Амарсайханы хүү, Д.Сарангэрэлийн хүү, Ө.Энхтүвшингийн хүү, Ц.Нямдоржийн хүү, Х.Баттулгын охин бүгд л эрх мэдэлтэй ээж, аавынхаа нэр нөлөөгөөр албан тушаалд очиж, арын хаалга эдэлж явна.
Амнаасаа үг унагах болгондоо ард түмний нэрийг барьдаг Х.Баттулгын охин Б.Намууны төрийн бус байгууллага төсвийн мөнгөөр Яармагт баригдсан шинэ хотын захиргааны байранд тухлахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэхгүй болсноо тайлбарлахдаа “Яагаад тэнд Эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын залуучуудын инновацын төв, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд байж болохгүй гэж. Би залуучуудаа, старт-ап компаниудыг дэмжиж, Монголын залуучуудын инновацын төв болгож, тэнд залуучууд цугласан, өөрсдийнхөө мэдлэг, чадвараа хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй уралдсан байдлаар хөгжөөсэй гэж хүсэж байна. АНУ-ын цахиурын хөндий гэдэг шиг Яармагийн хөндийгөөс дэлхийд Монголын старт-ап компаниуд, Монголын технологиуд гараасай л гэж бодож байна” гэсэн юм. Гэтэл үнэндээ үүний ард Ерөнхийлөгчийн охины бизнесийг дэмжиж, байраар хангах гэсэн хурган заль нуугдаг байсан ийнхүү баримтаар ил болж байна. Нарийндаа бол, хотын дарга сайндаа ч хотын захиргааны ажилчид албан хаагчдаа бодсон юм биш, Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунд ая тал зассан шийдвэр нь байжээ.
Тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1,000 мкв бүхий талбайд төр, хувийн хэвшлийн хамтарсан “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулж, өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж буй юм.
Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нь 2018 онд байгуулагдсан, тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын том охин Б.Намуун юм байна.
Ийнхүү ардын хүүхдүүд ипотекийн зээл авах гэж өдрийн бодол, шөнийн мөрөөдөл болж байхад Ерөнхийлөгчийн охины бизнесийг төр шууд тэтгэн, байр саваар нь хангах нь ШУДАРГА БУС юм. Су.Батболдын шийдвэрээр Яармагт хотын захиргааны шинэ байрыг барихаар болсон. С.Амарсайханы үед энэхүү барилгын ажил эрчимжсэн. Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэх бөгөөд татвар төлөгчдийн 97 орчим тэрбум төгрөгөөр босч буй юм.
Б.НИРУН