2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж сайн барилгачин хүн юм билээ

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдорж сайн барилгачин хүн юм билээ

УИХ-ын сонгуулиар Орхон аймагт өвдөг шороодож, Төрийн ордны хаалгаар гарч явсан Ц.Нямдорж тооноор нь орж ирлээ.

Тэрбээр шинэ засгийн гал тогоог хариуцах юм. Өмнө хуулийн сайдаар дөрвөн удаа ажилласан Ц.Нямдорж анх удаа ЗГХЭГ-ын даргаар ажиллахаар боллоо. Өдгөө 65 настай түүнд шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуус хорооллыг барих ажлыг хариуцуулах болсноо өнөөдөр барилгынханд мэдэгдсэн байна. Тодруулбал, 200 мянга орчим иргэнийг орон сууцжуулах зорилготой “Залуус” 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоор ахлуулахаар болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Ерөнхий сайд энэ талаар хэлэхдээ “Ц.Нямдорж даргыг хууль зүйн сайд гэдгээр нь хүмүүс олон жил харсан. Угтаа бол сайн барилгачин хүн юм байна лээ. Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын газар зэргийг харж болно. Харин ажлын хэсгийн дэд даргаар нь Сангийн сайд, Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга ажиллана” гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Яаралтай ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ, Сангийн яам, нийслэл, ЭХЯ, Монголбанк болон Монголын Барилгын Үндэсний Ассоциациас хэдэн хүн оруулаад ажлын хэсгээ хурдан ажилд нь оруулах хэрэгтэй гэж бодогдлоо.

Дараах асуудалд эхлээд анхаарах хэрэгтэй.

  1. Газрын асуудал
  2. Эрчим хүчний шугамын асуудал
  3. Дулааны шугамын асуудал гэх гурван зүйлийг нэн тэргүүнд шийдэж, хэн мөнгийг нь гаргаж, яаж санхүүжүүлж, хэн гүйцэтгэхээ бодох
  4. Хэн орох вэ гэдгээ тогтох хэрэгтэй” гэв.

Түүнчлэн анх удаа байр авахаар болж буй залуу гэр бүлүүдэд зориулсан уг хорооллын  метр квадрат нь ямар үнэтэй байх тухайд төрөөс үнийн саналаа хэлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх бөгөөд бусад ажил нь зах зээлийн журмаар явна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

Ямартай ч Ц.Нямдоржийн үед Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газрын барилгуудыг шинээр барьж, ашиглалтад орсон нь үнэн.  Эсрэгээрээ түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед хуулийн салбарын шинэчлэл гацаж, “Босоо хөх”-ийнхөн болоод цэнхэр үстүүд цагдаа, шүүхийн ажлыг хийх болсон нь ч үнэн.  Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа Ц.Нямдорж хуулийн сайд биш С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажилласан нь бүр үнэн. Ямар ч байсан Ц.Нямдоржийг сонгогчид улс төрөөс явуулсан ч тэрбээр улс төрөөс холдоогүй энэхүү томилгоо харуулсан биз.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!