2024.10.13, Sunday
spot_img
НҮҮРСонгогчийн боловсролС.Зориг: Би монгол хүний саруул ухаанд итгэдэг

С.Зориг: Би монгол хүний саруул ухаанд итгэдэг

Түүх сөхөж, талийгаачийн 1990 онд "Уулзах цаг" нэвтрүүлэгт оролцож байсан ярилцлагаас хүргэж байна.

Өнөөдөр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны таалал төгссөн өдөр. Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт харамралтайгаар амиа алдсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлэх, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүний дотнын нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхний санаачлалаар 1998 онд “Зориг сан” төрийн бус, ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан юм.

Монголчууд бид түүнийг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг юм. Түүний төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, мөн бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсдаг юм.

-Тантай уулзаж, танилцах, ярилцах хүмүүсийн тоо их өссөн байж таарна. Цагт харам болчихсон энэ үед чухам юунаас цагаа ихээр харамлаж байна вэ?

-Их ярих дуртай хүмүүстэй уулзахад. Тэр хүний үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ түүнийгээ товчхон, голыг нь илэрхийлж чадахгүй, нуршаад хоёр цаг яриад суухад тэндээс нь авах юм 10-20 минутын л яриа байдаг. Тийм үед их цаг алддаг.

-Өөр?

-Өөр, замд их цаг алдаж байна. Явсаар байтал, нэг тийшээ юм хөөцөлдөж яваад, нөгөө тийшээ яваад, замдаа 30-40 минут, өдөрт аваад үзэхэд 2-3 цаг зөвхөн замд алдчихдаг. Нөгөө талаас техник, холбоо их муу хөгжсөн. Энэ бүх зүйлээс болоод асар их хэмжээний цаг алддаг.

-Машинтай болъё гэж бодож байна уу?

-Машинтай байх ёстой гэж бодоод л машинтай болчихдог юм биш. Амьдралын хэв маяг, хурдац нь тийм юманд сургадаг. Гэхдээ ямар машин барих вэ гэж бодох хэрэгтэй л дээ.

Албаных ч байж болно, хувийнх ч байж болно. Түүний тулд манайд хүнд эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй, хүнд өмчийг нь өгөх хэрэгтэй. Тэр хүн ажлаа бүтээхэд машин хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэрийг авахын тулд яах хэрэгтэй юм? Наад зах нь 40 мянган төгрөг, үгүй бол сүүлийн үеийн машин чинь 50 мянган төгрөг. Москвич гарсан гэж байгаа. 50 мянган төгрөг одоогийн нөхцөлд хүн олж чадах уу? Үгүй шүү дээ. Одоо миний сарын цалин гэхэд аспирантурынх 650 төгрөг гэж байгаа. Жилд би найман мянган төгрөг авч байна гэж бодъё. Хэдэн жил цуглуулах вэ? Таван жил юу ч идэхгүй, хувцаслахгүй, байранд амьдрахгүй, агаарт жингүйдэж байгаад 40 мянган төгрөг цуглуулаад, тэгээд энэ хангамжийн баазад машин байвал очер захиад, арын хаалгаар яваад бүтвэл би машинтай болно.

-Та өдөрт хэдэн цаг ажилладаг бэ?

-Тэрийг ялгахад хэцүү л дээ.

Аль нь ажил юм, аль нь амралт юм. Ерөөсөө ялгаа байхгүй. Амралт нь ажил, ажил нь амралт. Ер нь тийм юм байна лээ. Хүний хийж байгаа ажил өөрийнх нь санаанд нийцэж байвал түүний зааг алга болдог. Харин хүн дургүй, тэр хүний сэтгэхүй, биеийг нь боолчилсон ажил хийж байгаа бол яг тодорхой найман цаг хийдэг.

Найман цаг бол ажил нь, дараа нь илүү цагаар ажиллавал тэр нь бас ажил, бусад үе нь яг амралт. Харин ажил, амралт нь нийцсэн, нэг хэв маяг болчихсон хүн тийм зааг ялгаагүй болдог. Тэр хүн ядарна гэвэл зөвхөн бие махбод талаасаа л ядарна. Тэгэхээр биеийнх нь нөөц шавхагдаад ядарч болно, бусад зүйлээс бол ядрахгүй.

Таны хувьд тэгэхээр хамгийн дуртай, өөрийнхөө сэтгэлд нийцсэн ажлаа хийж байгаа гэж хэлж болох нь, тийм үү?

-Үгүй ээ, хамгийн дуртай гэх нь ч юу юм. Би бол улс төр судлаач. Тийм учраас тэр бол мэргэжлийн ажлынхаа нэгийг нь л хийж байна гэсэн үг.

Нэг ийм түүх байдаг юм л даа. Америкт нэг фирм байдаг юм байна, пүүс. Тэр нь Зөвлөлтийн дүрвэж гарсан хүмүүсийг ажилд оруулдаг. Нэг удаа том аж үйлдвэрийн нэгдлийн дарга нь очоод шалгасан байгаа юм, тэр хүний оюуны чадавхыг нь тестээр шалгаад үзсэн чинь их өндөр гарч байж.

За, энэ бол нэг том пүүсийн менежер болох ёстой хүн байна. Тэгээд л 4-5 үйлдвэрээр орсон чинь ажилд авдаггүй. Тэгээд нөгөө хэд нь сандраад, юу болсон юм бол гээд тестийг нь хараад шалтгааныг нь аваад үзсэн чинь нэг л асуултад буруу хариулсан байж. “Та Зөвлөлтөд байхдаа хэдэн хүн удирддаг байсан бэ?” гэж. Түүний нэгдэл 5,000 хүнтэй байсан. “Би 5,000 хүн удирддаг” гэж хариулснаас нь хойш авахаа больчихдог.

Яагаад гэвэл Америкийн удирдлагын системийн үүднээс энэ бол утгагүй зүйл. 5,000 хүнийг хэзээ ч нэг хүн удирдаж чадахгүй. Гэтэл Зөвлөлт үнэхээр удирддаг байсан. Тийм учраас 5,000 хүн удирддаг, хамгийн дээд хүн нь бүх асуудлаа шийддэг тогтолцоонд тийм замбараагүй байдал бий болж, тэр эдийн засаг уналтад ордог.

Америкчууд яагаад ойлгоогүй вэ гэхээр тэнд бол нэг том үйлдвэрийн дарга дөрвөн хүнийг л удирддаг, дөрвөн орлогч. Бүгдээрээ яг үүргээ мэддэг, байраа мэддэг. Тэгэхэд хүнд амар. Нэг хүн дөрвөн хүнийг л сайн удирдаж чадна. Би өөрийнхөө хэдийг болж өгвөл ийм юманд сургах гээд байгаа юм л даа. Хараахан бас бүтэхгүй байна. Хүн болгон үүргээ ойлгоод, түүн дээрээ ажиллаж чадахгүй учраас дөрөв биш, арван хэд ч юм уу, 20- 30 болчих гээд байна л даа.

-Хувь хүний өөр өөрийгөө олох, өөрийгөө удирдах чадвар тэр тохиолдолд их нэмэгдэх ёстой юм байна шүү дээ, тийм ээ?

-Өөрийгөө зохион байгуулах чадвараас гадна тэр хүний мэдлэг хэрэгтэй. Яг тэр үүргээ биелүүлэх сахилга байх хэрэгтэй. Тэгээд ер нь зохион байгуулалт байх ёстой. Түүнийг нь хангасан санхүүгийн материалын нөхцөлүүд нь байх хэрэгтэй. Нөгөө талаас нь тэр хүний сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Сүүлийн үед сонгодог хөгжим, агуу их хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, сонгодог дууны урлагт нэлээд сонирхолтой болж. Дуурийг би өмнө нь нэг их ойлгодоггүй байсан.

Гэхдээ сүүлийн үед сонсоод байгаа. Тэр бол агуу урлаг гэдэг нь тодорхой. Сонгодог бүжиг үзэх их дуртай. Ер нь бүх сонгодог зүйлсийг хүн төрөлхтний авьяас, аливаа нэг үеийнх нь туйлын дээд хэмжээг харуулсан үе гэж болж байна. Түүнтэй харьцсан өөр урлаг байдаг бол түүнд тэмүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн сайн сайхантай харьцсан хүн чинь хэзээ ч муу үйлдэл хийхгүй. Ер нь бол яг тохирсон нөхцөлд хүн сонслоо гэхэд хэзээ ч тэр урлагийг муу гэж хэлэхгүй. Гэхдээ энэ бол бичиг үсэгтэй адилхан, тэрийг ойлгодог аргыг нь мэдэх хэрэгтэй.

Жишээ нь, хүүхдэд ном өглөө гэхэд бичиг үсэг мэддэггүй юм чинь үзээд зургийг нь харна, үсгийг нь ойлгохгүй шүү дээ. Ямар агуу юм байгааг нь мэдэхгүй. Харин бичиг үсэг зааж өгөөд, уншаад сурчихвал саяны тэр сонгодог хамгийн сайн бичсэн бүтээлүүдийг нь өгөхөд тэр хүүхэд ерөөсөө салахгүй уншина шүү дээ. Багадаа бид яадаг байлаа даа.

-Тэгэхээр та өөрийгөө ойлгох тэр аргыг зохих хэмжээгээр олчихсон гэж бодож байна уу?

-Тэрийг 100 хувь хэзээ ч олж чадахгүй л дээ. Гэхдээ энэ мэт олох, танин мэдэх үйл явц үргэлжилж байгаа, тэр нь улам тэлж байна. Тийм юм мэддэг хүмүүстэй уулзаад, тэдгээр хүмүүс надад үүнийг ойлгох аргуудыг зааж өгч байна, ийм маягаар хандвал гэж. Тэгэхээр тэнд юуг яаж илэрхийлж байгаа бүх дотоод зүй тогтлууд нь гарч ирж байна. Яг л бичиг үсэг тайлахтай адил.

-Ухаан, аввяас хоёрын хооронд ялгаа гэж байх уу?

-Ухаан бол өөрөө авьяас л даа.

-Сэтгэл их хөдлөх үед яруу найрагч хүн бол үзгээ шүүрч аваад, шүлгээ бичдэг. Танд шүлэг ч юм уу, сайхан юм бичих юмсан гэж бодогддог уу?

-Залуудаа янз бүрийн юм хийж байсан байх. Одоо бол цаг зай алга л даа. Тэгээд энэ улс төрөөр оролдож байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Шүлэг бичдэг хүн бол асар их сэтгэлийн хөдлөлийн өндөр түвшинд, дээр нь гарч ирээд оргилж байх үед юмаа бичдэг. Бид бол сэтгэлээ барих ёстой хүмүүс юм. Сэтгэлээ бариад, оюундаа сэтгэлээ захируулах ёстой.

-Гэхдээ хүн юм чинь сэтгэл хөдлөл нь түүгээрээ баярлаж, хөөрч байгаагаа илэрхийлэгдэж болно. Үргэлж сэтгэлээ барьж байх хэцүү юу?

-Хэцүү гэх нь ч, амархан гэх нь ч юу юм бэ. Тэгэх ёстой, өөр аргагүй юм.

-Өнөөдөр, одоо энэ их хэцүү ажил шүү гээд халширмаар тийм ажил байдаг уу?

-Халшрах ажил ч юу байх вэ, улс орны байдал маань л их хэцүү байна даа.

Одоо энэ шилжилтийг давах бол хамгийн хэцүү үе нь. Тэрийг яаж давах вэ гэдэг хамгийн хүнд асуудал болж байна. Гэхдээ Засгийн газар зохих байр суурь, ажлын хөтөлбөр гаргаад явах байх.

Би Засгийн газрын гадна байгаа учраас гаднаас нь ажиглаад юу болж байна, зөв алхам хийж байна уу, буруу алхам хийж байна уу, яах ёстой байсан юм – тэр талаар алдаа хийвэл зөвлөж өгөх ч юм уу, ер нь болох чиглэлээрээ түүнд нь тус дөхөм болохыг оролдоно.

Гэхдээ хүн болгон яг өөрийн байрандаа байгаа учраас тэр байрных нь эрх хэмжээ нь түүндээ зохицсон байна. Түүнээс илүү хийж чадахгүй. Гүйцэтгэх байгууллагын ажлыг би шүүрээд хийж чадахгүй шүү дээ.

Миний хийх ажил бол жишээ нь Ардчилсан холбоондоо зохион байгуулалтын ажил хийх ч юм уу. Үгүй бол парламент, үгүй  бол гадаад харилцаа, НҮБ-ын зарчмуудыг парламентын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлэх, ийм зорилтыг шийдвэрлэх.

Энэ чиглэлээр гол юмаа хийж чадна шүү дээ. Нөгөө талаас Засгийн газрыг хараад зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, бага хурал ч юм уу, түүнд зарим үед нь нөлөө үзүүлэх бололцоо байвал нөлөө үзүүлэх замаар ингэж л оролцоно.

-Улс төр судлаач болоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бэ?

-За ёстой бүү мэд ээ, физикч болох байсан байх.

Та өнөөдөр ээжтэйгээ, дүүтэйгээ гурвуулаа амьдарч байна, тийм үү?

-Бас ахынх, хоёр тийшээ явдаг л даа. Ахын хүүхдүүд нь гэр бүлээрээ. Би өөрийн байргүй учраас хоёр тийшээ нүүж явдаг, нүүдэлчин аймаг болчихсон. /Инээв/

-Тэгвэл энэ гэр бүлийн амьдралд таны үүрэг гэвэл юу байх вэ?

-Миний юу? Өглөө гардаг, орой ирдэг л үүрэгтэй байна.

-Ирж хонодог уу?

-Тийм ээ, ирж хонодог. Гэхдээ бас хааяа юм ярьж өгдөг, санал бодлоо хуваалцдаг.

Хүний сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмж, сайхан хэсэг нь юу вэ? Сэтгэлийн хөдлөлүүд нь гэх юм уу даа…

Хүнд итгэх явдал хамгийн чухал. Анх харангуутаа л “Өө энэ чинь одоо яасан нүдэнд хүйтэн нөхөр вэ” гээд л зарим хүмүүс тэгдэг шүү дээ.

Анхнаасаа тэр сэтгэгдэл нь өөр болчихдог. Үгүй бол ингээд л манай хүмүүс гэж ёстой авах юм байхгүй, ерөөсөө хүмүүжилгүй, бүдүүлэг, соёлгүй ч гэдэг юм уу, энэ ингэсэн, тэгсэн гэдэг. Ер нь хүнд итгэж сурах хэрэгтэй. Ялангуяа, монголчууд цөөхөн. Тийм учраас байгаа 2 сая хүн дотроо бие биедээ итгэж байж бие биенээ татаж байж хөгжинө шүү дээ. Итгэл ерөөсөө байхгүй.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!