Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.06.11/ гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн талаар хэлэлцжээ. Зургадугаар сард нийт найман нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас танилцуулж байсан бол нислэгийн тоо нэгээр нэмэгдэж, есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон байна. Одоогоор гурван нислэг үйлдэгдсэн.
- Зургадугаар сарын 6-нд Австрали руу МИАТ компани нислэг үйлдсэн. Оюутолгойд ажиллаж байгаа “Рио Тинто”-гийн зарим инженер, техникийн ажилтныг болон Австрали улсын иргэдийг эх оронд нь хүргэх саналыг тус улсын ЭСЯ болон Рио Тинтогийн захиргаанаас Монгол Улсад хүсэлт болгож тавьсан байна. МИАТ-ын онгоцыг түрээсэлж хийсэн уг нислэгээр 262 монгол иргэнээ авчирсан.
- Зургаадугаар сарын 10-нд 175 иргэн Казахстанаас ирсэн.
- Зургаадугаар сарын 11 буюу өнөөдөр Япон руу нислэг үйлдсэн. Орой Улаанбаатарт газардана.
Цаашид төлөвлөсөн нислэгүүд нь
- Зургадугаар сарын 12-нд Энэтхэг рүү нислэг үйлдэж, шашны сургуульд сурч буй 256 ламхайг татан авна. Замдаа Лаост бууж, 10 монгол иргэнээ авчрахаар төлөвлөжээ.
- Зургадугаар сарын 17-нд Сөүл рүү транзит нислэгээр эх орондоо ирэх иргэдээ авна. Уг нислэгийг үйлдэхийг зөвшөөрлийг өнөөдөр өглөө албан ёсоор ирүүлсэн байна. Уг нислэгээр бусад орноос Сөүлд ирсэн иргэдээ татан авна.
- Зургадугаар сарын 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж, БНСУ-д ажиллаж, амьдарч байсан болон түр хугацаагаар зорчсон иргэдээ авчрахаар төлөвлөсөн.
- Зургадугаар сарын 19-нд Франкфурт руу нислэг үйлдэж, европт байгаа 260 орчим иргэнээ татан авчирна.
- Зургадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийхээр судалж байна. Ойролцоох улсуудад байгаа иргэдээ цуглуулж чадвал нэг нислэг хийх боломжийг судалж байна.
- Зургадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу нислэг үйлдэхээр болсон.
Ингэснээр нийт есөн удаагийн нислэгээр 2300 иргэнээ татан авахаар төлөвлөсөн байна.