2025.06.22, Ням
spot_img

ЗГ: Цахимаар наадна

0

Засгийн газрын өнөөдрийн /2021.06.23/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт гарсан Үндэсний их баяр наадмыг нийслэлд үзэгчгүй буюу цахимаар, хугацаанд нь тэмдэглэх шийдвэр хэвээрээ байгаа.

Харин орон нутаг, аймаг сумдын наадмыг хязгаарласан шийдвэрт зарим сайд санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд болон Шадар сайдын зүгээс халдварын нөхцөл байдал, өдөрт илрэх тохиолдлын тоог харж байж болно.

Хэрэв халдвар буурвал зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдыг баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэлийг өгсөн. Гэхдээ энэ нь долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс шалтгаална” гэв.

МАН-ын тамгыг түр үүрэг гүйцэтгэгчдээ шилжүүлнэ

0

Монгол ардын намын Бага хурал энэ сарын 25-нд товлогджээ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөх ба түүнээс өмнө намын гишүүнчлэлээс татгалзах ёстой юм. Иймд Ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө Бага хурал хуралдаж, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчид тамгаа гардуулах аж.

МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэж заасан байдаг. Энэ дүрмээр бол Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох ёстой ч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Сү.Батболд гээд өрсөлдөгчид олон байгаа юм. Харин энэ удаад Д.Амарбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилж, намын даргын тамгаа шилжүүлэх магадлал хамгийн өндөр байгаа аж.

У.Хүрэлсүхийн сүх нь Х.Баттулга байв уу?

0

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэжээ. Тэрбээр АН-ын хуваагдалд  Ерөнхийлөгчийн судлаа удахгүй өгөх Х.Баттулгыг буруутгаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нь Х.Баттулга болсон гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа бололтой хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ.

Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон.

Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад” гэсэн байна.  Мөн тэд худлаа цаасан буу буудсанаас цаанаа нотой гэж хардаж байгаагаа нуусангүй нь “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ” гэх үг нь.

Өнгөрсөн хугацаанд үзэл бодол өөр, өрсөлдөгч бүхнээ шоронд хорьсон Х.Баттулга хамгийн их ганцаардаж явна. Түүний хажуу хавирга, бөөр бөгсөнд нь наалдаж явсан бүхэн өнөөдөр МАН-ын хаяаг бараадаж, хаялга горьдон амьдрах болсон нь худлаа биш. Херо Б.Баатар, Аса Д.Дагвадорж нараас эхлээд хоёр талд гарч, хор найруулан гүйх болсон юм.

Одоо АН-ыг  Х.Баттулгадаа өгөх үү, эсвэл ингээд гудамжинд нь үлдээх үү гэдгийг У.Хүрэлсүхийн улс төр шийднэ.

А.Анар

 

Наадам 21:Цахим бөхийг тогонд залгана

0

Энэ жилийн наадам цахим болох нь тодорхой болов. Гэвч хэрхэн морь бөхөө “цахих” нь тодорхойгүй байгааг жаахан тодрууллаа.

    Бөхчүүдээс асуухад хоёр янзын байр суурьтай байна. Тэд цахим наадмыг тог цахилгаанаас салгаж ойлгохгүй байна. Ухаандаа, “Цахилгаан Мөнхөө” гэж байсан шиг л барилдах юм гэсэн нэг хэсэг хэсэг байхад, нөгөөдүүл бөхчүүдээ тогонд залгаад барилдуулах юм гэсэн ийм хоёр янзаар цахим наадмыг ойлгосон байна.

   Тэд бас тус бүрдээ дэд ойлголттой байна. Жишээлэхэд, цахилгаан Мөнхөө шиг хурдан барилдана гэж үздэг хэсэг дотор “Заавал хурдан барилдах албагүй, барилдааны бичлэгийг хурдан дээр нь тавиад жирэлзүүлж үзүүлнэ” гэсэн зарчмын байр суурьтай фракци ч бас байна.

    Бөхчүүдээ тогонд залгадаг хэсэг бол нөгөөдүүлээсээ арай дэлгэрэнгүй тайлбар өгч байх юм. Бөхчүүдийг тогонд залгахдаа цолны эрэмбийг харгалзах гэнэ. Нэгийн давааны аманд гарч байгаа цэргийн хүүхдүүдэд хоёр ширхэг хуруун зай залгаад л болчих бол аймаг цэргийн цолтнуудад машины аккумлятор холбох ажээ. Орон нутагт бол цагны баттарей хаваасаг гэх хүн ч байна.

     Чимэггүй начингуудад 110 вольт өгөхөд хаваасаг гэж байгаа бол арслан заанууд 220в-д холбуулаад зодоглоно. Харин чимэгт нь тааруулаад амперийг нэмж, хасна.

-Түрүүлсэн бөхийг цахилгаан сандлаар байлна(суулгана?!) ч гэх шиг… Юм юм л ярьцгааж байна.

    Ямар ч байсан, Допингийн комиссынхон сэргээш илрүүлэгчийн оронд вольтметр, амперметрээр зэвсэглээд ажилдаа орох гэнэ. Аа тийм, цахим наадам хийх учраас “бөхийн гал” гэж байсныг “бөхийн пэлээтэг” гэх болсон байна. Засуулуудыг асуултгүй, “Монгол бөхийн арзээтаг” хэмээнэ.

   Харин, хэн нь яаж шургуулсныг бүү мэд, бөхчүүдийн цахилгаан тоноглолд карт уншдаг поос машин орчихсон байх аж.

   Сониноос, Батэрдэн аварга зодоглохгүй гэсэн сурагтай. Гэвч залуу бөхчүүд “Цагийг эзэлсэн их аваргыгаа 380в-д залгаж хүндэтгэл илэрхийлнэ” хэмээн шаргуу шаардсан дуулдав.

      Цахим наадмын сургаар манай бөхчүүд боловсролоороо их гайхуулж байна. Ялангуяа, Доктор, Магистрын Дипломоор Шагнуулсан Бөхчүүдийн Эвсэл буюу ДМДШБЭ -ээс “Цахим наадам” гэдэг хөдөө маягийн үгээс татгалзаж “ Тхэ Электрон Наадамшн” хэмээн боловсронгуйгаар нэрлэх саналаа Үндсэн хуулийн цэцэд гаргажээ. Зөвлөлтийн үеийн нэгэн ахмад бөхчин “Үндэсний цахим бөхийг “Крепкий гамэ” хэмээн нэрлэсүгэй” гэсэн байр сууриа хамгаалж байна. Түүнчлэн, ДМДШБЭ-ийнхэн улсын наадам нь “электрон” юм чинь, аймгийн наадам “протон” байгууштай гэж үзсэн ажгуу.

      Бөхчүүд электрон барилдах нь тодорхой болсон ч цахим наадмын ажил зуун задгай, жаран хагархай хэвээрээ. Наад зах нь, тог хүчдлээ бөхийн юу руу залгахаас эхлээд шийдээгүй асуудал цаана нь зөндөө.

     Хурдан морины уралдаан жаахан асуудалтай байна. Морио тогонд залгах асуудал хамгийн түрүүнд яригдсан боловч цахилгааны эх үүсвэрээ хэрхэн цуг давхиулах тал дээр бэрхшээл гарчээ. Чинээлэг уяачдын Лиги болохлоор Биртлүүзнээс (Вертолет??) морины тоогоор хумлятор зүүгээд морин дээгүүрээ цуг нисгэх санал гаргажээ. Гэтэл морь нь гэнэт бусгаад залгуураа салгачихвал яах вэ гэдэг асуудлаас болоод гацсан байна.

    Эцсийн эцэст тус бүртээ спидометртэй гүйлтийн зам дээр морио гүйлгээд, бүгдийг нь наадмын комиссын монитортой холбох шийдэлд хүрчээ. Гэтэл, сорилгын үеэр гүйлтийн замынхаа хурдыг нэмээд морио өргөсөн бульхай гарсан нь энэ арга тийм ч төгс биш болохыг харуулж байна.

   Уг нь бүх мориндоо “ЖиПиЭс” зүгээд ганцааранг нь 30 км давхиулж, нэгдсэн монитороор хянах хувилбар яригдсан боловч туршилтын сунгаан дээр газрын уруу тавих, заримыг нь жипэндээ суулгаад давхих зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул болиулжээ.

    Эрлийз морины асуудал ёстой маапаантай болжээ. Эхэндээ ч яахав, эрлийз царайтай, акценттай янцгаадаг, ялангуяа хятадын эрлийз баймаар морьдыг хасаад болоод байсан аж. Гэтэл нэг солиотой шаар нь “бүх адуу азарга, гүү хоёрын эрлийз” болохыг нотлоод хамаг юмыг завааруулаад хаяжээ.

    Харин, сурын харваа шиг цахим хувилбар нь амархан шийдэгдсэн юм алга. Та бидний сайн мэдэх “онгоц буудах” тоглоомын дүрмээр сур харвах ажээ. Наадмын комисс дөрвөлжин шоонуудад хуваасан байны аль нэгтэй хасаагаа нууцаар зурна. Харваачид утсаар “Би төдийн төд-д харвалаа” хэмээн мессеж бичнэ. Комиссынхон уг солбилцолыг самбартаа буулгаад оносон, оноогүйг хэлж өгнө.

    Ингээд л болоо. Сайхан цахилаарай…гэх ёстой юу, одоо ?

           Б.Цэнддоо /baabar.mn/

М.Энхсайханы "эрүүгийн хэрэг" гэх эмгэнэлт жүжиг

0

Алтан аргамжаа хураасан нь

Урьд цагт Чингис хаан элч төлөөлөгчөө алагдсанд “алтан аргамжаа тасдуулав” хэмээн ихэд хилэгнэж Сартуул улсыг дайлаар мордсон түүх бий. Гэтэл одоо цагт Монголчууд бид алтан аргамжаа өөрсдөө хурааж, элч төлөөлөгчөө хар гэрт хорьдог хонзонгийн улс төртэй болжээ. Үүний жишээ гэвэл Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд асан эрхмүүдийг элчин сайдаас буцаан шоронд дуудсан явдал юм. Тэдний нэг нь Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд асан орчин цагийн анхны улс төрийн хоригдол гэгдэх М.Энхсайхан. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүх 4 жил 6 сарын хорих ял өгсөн бөгөөд Улсын дээд шүүх ичихдээ зарим үйлдэл нь завдалт байна гээд 6 сарын хугацааг хасч “гийгүүлсэн” байдаг.

М.Энхсайханы үйлдсэн гэх “хэрэг” юу байв?

Ерөнхий сайд асан М.Энхсайханы үйлдсэн гэх хэрэг нь албандаа автомашин худалдан авсан болон УИХ-ын шийдвэрийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан гэх явдал байв. Таван толгойн цахилгаан станцын төслийн захирлаар ажиллаж байхдаа 2013 онд албандаа машин авсан гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг хүчээр яллахын тулд 2015 онд Таван толгойн гэрээний төсөл боловсруулахад сайдын ажил үүргийн дагуу оролцсон явдлыг гэмт хэрэг гээд яллачихсан. Амьхандаа албан тушаалын хэргээ үргэлжлүүлэн үйлдсэн гэж хүчээр яллаж байгаа ухаантай. Таван толгойд гадаадын хөрөнгө оруулалт татах оролдлогыг Монгол Улс 2011, 2014, 2016 онуудад хэрэгжүүлэх гээд чадаагүй. Уул нь УИХ, Засгийн газрын удаа дараагийн шийдвэр гарсаны дагуу энэ мега төслийг хэрэгжүүлэхийг бид хичээсэн боловч эцэст нь ажлаа хийж явсан төрийн албан хаагчид буруудаж шоронд орсоноор бүрмөсөн намжсан байдаг. Ямартай ч М.Энхсайхан Таван толгойн хөрөнгө оруулагчдаас авлига авсан, хувьдаа хөрөнгө завшсан гэж дуулдаагүй.

Зөвхөн “хохь тайж” хохирч үлдэх ёстой!

Алтан ургийнх атлаа хамжлагат албатгүй, ядуу тайжийг хохь тайж гэдэг байв. Одоогийнхоор бол яамгүй сайдтай төстэй бөгөөд тухайлбал М.Энхсайхан нь Засгийн газрын гишүүн, сайдын статустай байсан. Таван толгойн гадаадын хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалт хийх, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт Сангийн сайд, Хууль зүйн сайд, Уул уурхайн сайд тэргүүтэй олон сайд дарга нар багтсан ч яагаад ч юм яамгүй сайд буюу өнөөх хохь тайж М.Энхсайхан ганцаараа буруудаад үлдсэн. Бодоод үз дээ, үндсэн болон дэд ажлын хэсэгт хамтын шийдвэр гаргаж байсан хэдэн арван төрийн албан хаагчдын хариуцлагыг ганц М.Энхсайханыг дангаар үүрэхийг тэгээд шударга ёс гэх үү. Засгийн газрын кабинтетын зарчмаар гаргасан хамтын шийдвэрийн дагуу УИХ-д танилцуулсан төсөл нь яагаад яамгүй сайдын хохь болж ганцаараа буруудах ёстой гэж.

Түүнийг Монголын Ходорковский болгохоор шийдсэн үү?

Төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлсэний төлөө, өөрөөр хэлбэл Таван толгойн гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төсөл боловсруулахад оролцсоны төлөө түүнд Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх болон Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх ял тулгасан. Ингээд Хорлон сүйтгэх үйлдлийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж албан тушаалын гэх хэрэгт нь шүүхээс ял өгсөн. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оноодог хуулийн зарчим хаачсан бэ? Түүнийг хорих мөртөө сэтгэл нь ханахгүй яг тэр үйлдлээр нь дахиж нэмж Хорлон сүйтгэх гэсэн зүйл ангиар ял өгөхөөр улайрч байгааг үзэхэд Оросын Ходорковскийд хэрэглэсэн “хорьж байгаад нэмж ялла” гэдэг хэлмэгдүүлэлтийн технологи нэвт үнэртдэг. Хүний эрх, хуулийн талаасаа шүүх, прокурорын үйлдлийг зөвтгөх нэг ч үндэслэл байхгүй.

Нэг гэмт хэрэгт зөвхөн нэг удаа ял оноох зарчмыг арай энгийнээр тайлбарлах гээд үзье. Жишээ нь дээрэм, хулгай нь өмчийн эсрэг гэмт хэрэг юм. Хэрэв нууцаар авсан бол хулгай, харин илээр хүч хэрэглэж авсан бол дээрэм болдог бөгөөд хэзээ ч нэгэн зэрэг дээрэм бөгөөд хулгай байх боломжгүй. Дээрмийн хэрэгт ял өгчихөөд хоригдох хугацаанд нь бас хулгай юм байна гэж шалгадаггүй. Яг үүнтэй адилаар М.Энхсайханд албан тушаалын хэргээр ял өгчихөөд дахиад түүнийгээ Хорлон сүйтгэх гэдэг зүйл ангиар шалгаад байгаа нь эрүүл ухаанаар ойлгомгүй явдал юм. Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гээд цагаан дээр хараар бичсэн тул шүүх, прокурорынхон хууль бус үйлдэлдээ эртхэн нэг тайлбар бодно байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг урьсан бүтээгүй оролдого гэмт хэрэг мөн үү?

УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолын дагуу Таван толгойн ордод хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, гэрээний төслийг эргээд УИХ-д танилцуулсан хэргээр М.Энхсайхан ял эдэлж байна.

Монгол Улсын эрүүгийн шүүгч нар гэх эрдэм мэдлэг нь хэтийдсэн эрхмүүд сүүлийн үед гэрээ хэлцлийг, тэр ч бүү хэл байгуулагдаагүй гэрээний төслийг гэмт хэрэг гэж шүүдэг болсоор удлаа. Эрүүгийн шүүгч нар олон улсын мега төслийн хүрээнд байгуулагддаг эдийн засгийн томоохон төслийг сайн, муу гэж шүүх нь бүү хэл иргэд хоорондын гэрээ хэлцлийг ч сайн мэддэггүй юм. Энэ нь тэдний буруу биш бөгөөд шүүх угаасаа эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнан төрөлжсөн. Харин манай шүүгч нар өөрийн мэдэхгүй эдийн засгийн гэрээ хэлцлээ шүүдэг нь дэлхийн аль ч улсад байхгүй жишээ юм. Шүүх маань уламжлалт яллах аргаараа цагаатгах талын нотлох баримтыг ор тас мартаж, хохиролгүй гэмт хэрэгт ял өгөх зэргээр хэтэрхий яллах талаа илт баримталжээ. Угаасаа байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэрээний төсөлд ямар юмны хохирол байхав.

Манай шүүхээс бас их марзан шийдвэрүүд гарна. Юу гэхээр Таван толгойн төсөлд ийм ийм нөхцлүүд тусгаагүй нь буруу байна, дутуу байна гээд өөрсдөө зохиогоод хадуураад нэмж хачирлаад явдгыг нь харахаар цаашдаа эрүүгийн шүүхээсээ санал авч байж томоохон төслүүдээ явуулах хэрэгтэй юм байна гэж бодогдтол авна. Шүүх байгууллага Үндсэн хууль зөрчсөн хуулиар ял өгч байгааг хуульчид дор бүрнээ хангалттай сануулсан ч нүдээ аниад алхаа тогшчихсон нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж буруудаж байх шиг байна. Хамгийн гол нь хуулиа илт зөрчсөн шүүгч нартаа хариуцлага хэзээ хүлээлгэх вэ?!

М.Энхсайханыг буруутгасан улс төрчид хэн байв?

Уул нь Таван толгойн гэрээний төслийг яамгүй сайд М.Энхсайхан биш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг төлөөлөн УИХ-д танилцуулсан юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индрээс гэрээний төслийг хэлэлцэхгүй гээд буцаасан. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Улсын ерөнхий прокурорын ширээн дээр шалгахыг үүрэгдэж шидсэн. Тэгээд Х.Баттулгад шадарладаг улс төрчид болох А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нар нь М.Энхсайханыг буруутгасан гэрчийн мэдүүлэг өгсөнөөр үйл явдал өрнөсөн байдаг. Өвөр зуураа өрсөлдөж байдаг улс төрчдийн хувийн байр суурийг гэрчийн мэдүүлгээр үнэлж ял өгөөд байвал гэмт хэрэг үйлдээгүй улс төрч үлдэх үү? Таван толгойн гэрээний төсөлд оролцсон мэргэжилтнүүдээс тайлбар авахгүй атлаа зөвхөн төслийг эсэргүүцэж улс төр хийдэг хэсэг нөхдийн үгийг нотлох баримт болгосон нь М.Энхсайханыг улс төрийн хоригдол гэж нэрлэх нэг шалтгаан болсон.

Таван толгойн гадаадын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд юу туссан бэ?

Хэрэв Таван толгойн мега төсөл Монгол Улсад хэрэгжсэн бол бид хоёр дахь Оюу толгойтой болох байв. Гэхдээ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа, онооноос сургамж авч Монгол Улсын эрх ашигт илүү нийцсэн, сайжруулсан нөхцөлтэй гэрээ байгуулагдахаар дуншиж байжээ. Төсөл хэрэгжсэн бол нүүрсээ угааж баяжуулах үйлдвэртэй болж, нэмүү өртөг шингэсэн өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах байв. Энэ гэрээгээр өнөөгийн нүүрсний ашигтай хэсгийг сорчлон олборлож хаягдал их гаргаж байгааг бүрмөсөн зогсоож, байгаль орчинд халтай автомашины тээвэрлэлтийг төмөр замаар сольж, овоолсон шороог хувийн хөрөнгө оруулалтаар төмөр зам болгон дуусгаж, Чалкогийн өрийг төлж барагдуулах зэргээр төр засагт дарамт үүсгэхгүйгээр хувийн хэвшилд түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах байв. Төслийн 51 хувь нь Монголын төрд тодорхой хугацааны дараа шилжих нөхцөлтэй байжээ. Цаашлаад зөвхөн урд хөрш гэхгүйгээр олон улсад бүтээгдэхүүнээ худалдаалах нөхцөлтэй байв. Монгол Улсад уул уурхайн компанийн төлвөл зохих 13 төрлийн татвар хураамжийг төлж, эдийн засгийг 10 хувиар тэлэхийн зэрэгцээ хэдэн арван мянган иргэнийг ажлын байраар хангаж, мөн хэдэн зуун туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг орлоготой болгох байв. Харамсалтай нь энэ бүхэн цаасан дээр үлдэж, ажил хэрэг болгохыг хичээсэн М.Энхсайхан шоронд хоригдож байна. Бусдад нь сургамж болгож байгаа гунигт дүр зураг.

Төрөөгүй гэрээний төлөөс буюу М.Энхсайханы ял захиалга дээрээс шидсэн чулуу юу?

‘Таван толгойн гадаадын хөрөнгө оруулалтай зэрэгцэн хойд хөршөөс Якунины захидал гэх заавар ирлээ. Монголчуудын хэрэгжүүлэхээр зорьж байгаа нарийн царигтай төмөр зам барих Таван толгойн төсөл нь Оросын эрх ашигт нийцэхгүй байгааг цохон тэмдэглэж өргөн царигтай зүүн тийш чиглэсэн төмөр зам барихыг үүрэгдсэн даалгавар байв. Монгол улсын эрх ашиг тэдэнд огт хамаагүй. Чухамдаа Оросын Эльга гэх коксжсон нүүрсний ордоос Хятад руу нүүрс экспортлоход Таван толгойн төсөл өрсөлдөж саад учруулж байгааг биднээс нуудаггүй бөгөөд энэ зорилгодоо өнөөдөр хүрч, өөрсдөө нарийн царигаар өдөр шөнөгүй нүүрсээ зөөж байгаа.

Хойд хөрш маань Тавантолгойд гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж өөрсдийнх нь төсөлтэй өрсөлдөхийг үзэж чадахгүй байсан бол дотоод дэмжлэг авах шалтгаан нь Энержи ресурс компани уг төсөлд оролцсон явдал байв. Энэ компанийг үзэж чаддагүй улс төрчид бас байна.

Юутай ч Таван толгойд гадаадын хөрөнгө оруулалттай мега төсөл мөд хэрэгжихгүй нь бололтой. Хэрэв тэгвэл юу болдгийг М.Энхсайханаар үзүүлэн болгов. Ер нь Монголчуудыг томоохон уул уурхайн төсөлтэй болохыг үзэж чаддагүй хөршүүд маань хэсэгтээ биднийг айлгаж өөрсдийн хүслээ дархлаажуулж байх шиг байна.

Манай төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд дандаа гадаадын хөрөнгө оруулалт татах тухай гардаг боловч түүнийг нь ажил болгох гэж зорьсон болгон шоронд ордог гаслантай дүр зураг хөвөрсөөр.

Хэрэв шударга ёс гэж байдаг бөгөөд тэр нь алагчлалгүй ханддаг бол Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын Тавантолгойн 30 хувийг олон нийтэд санал болгох төсөл яагаад шалгагдсангүй вэ? Бас л М.Энхсайханы нэгэн адилаар улс орноо өөд нь татах төсөл хэрэгжүүлж, ажил хийх гэсэн санаачилга байсан санагдах юм?

Хуульч Б.Баяраа 

ДЭМБ: Дельта мутацид вакцин хийлгээгүй хүмүүс илүү өртөж байна

0

Энэтхэгээс гаралтай Ковид-19-ийн мутаци буюу дельта вариант дэлхийн 92 улсад тархаж, дараагийн хүчтэй давлагаа үүсч болзошгүй байгааг ДЭМБ анхуулж байна. Монголд ч энэхүү мутаци аль хэдийнэ орж ирснийг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөмөр анхааруулсан. Энэхүү мутацийг Энэтхэгээс Монголд ирсэн мэргэжилтнүүд аваад ирсэн юм биш байгаа гэх хардлага ч иргэдийн дунд байгаа.  Хоногтоо 2000 давж халдварлаж байгаа цар тахлын гамшгийн үед иргэдийн амь насаа хамгаалах цорын ганц аврал нь вакцин болж байна. Вакциныг голж шилэлгүйгээр хийлгэхгүй бол амиа алдах эрсдэл байгааг Монголын эрдэмтэн судлаачдаас гадна ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулсаар.

 Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэснээр иргэд халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэл нь буурч байгаа юм.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусийн дельта вариант нь халдварлах, тархах чадвар нь хэдэн дахин хурдан бөгөөд вакцинд хамрагдаагүй эмзэг бүлгийн хүмүүс илүү өртөж улмаар хүндрэх, үхэлд хүргэх эрсдэл өндөр байгааг дахин анхааруулжээ. ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райан “Дэлхийн маш олон оронд дельта вариантын олон омог, хувилбар хурдтай тархаж байна. Ялангуяа вакцинжуулалт бага түвшинд байгаа улс орнуудад өргөн тархах эрсдэлтэй. Цаашлаад олон хүн хүндээр өвдсөнөөс болж эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, нас баралт ихсэх аюул бидний өмнө байна. Ялангуяа болзошгүй эмзэг бүлгийнхэн өртөх магадлал өндөр байгаа учраас дэлхийн удирдагчид хөгжил буурай орнуудад ковидын вакциныг хандивлах, тараах замаар эмзэг бүлгийнхнийг хамгаалахад анхаарах хэрэгтэй” гэв.

Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд вакцины гурав дахь тунгийн асуудлыг нь хөндөж эхэллээ.

Монголчуудын хувьд вакцины хоруу чанарт олон хүн эргэлзэж, үүнээсээ болоод амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг ЭМЯ-наас анхааруулж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалсаар байгаа юм.  Тус яамнаас өгсөн мэдээгээр Монголд бүртгэгдэж буй нас баралтын дийлэнх нь вакцин хийлгээгүй, эсвэл вакцины нэг тунтай хүмүүс байгаа ажээ. Тэгэхээр голж шилж, анти үзэл гаргаж, улстөржүүлж, харлуулалгүйгээр  хайртай бүхнээ хамгаалах хамгийн том аврал бол өнөөдрийн хувьд вакцин болж байна.

Б.Нирун

 

 

 

Б.Энхбаяр: Наадмыг ёслол төгөлдөр хийх ёстой

0

Цар тахалтай холбоотойгоор энэ жилийн Улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэх, ингэхдээ хөдөө орон нутагт баяр наадам хийхгүй байх, эсвэл хойшлуулах тухай ярьж эхлээд байна.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улс төр ёсныхоо наадмыг ёслол төгөлдөр хийх ёстой. Хойшлуулж бол болно. Хийхгүй байж болохгүй. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсаа чангаар хэлж байх ёстой. Түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтойгоо бид бахархах ёстой. Бахархлаа гээж болохгүй. Омогшиж, огшиж, нэгдэж байх ёстой” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. 1

 

Л.Энх-Амгалан: Харанхуй үе гарч ирэх бодитой эрсдэл нүүрлэсэн

0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танхимаар орох хичээл хуульд заасны дагуу есдүгээр сарын 1-нээс эхэлнэ хэмээн хэллээ.

Тэрбээр “Танхимын сургалт есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Учир нь хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэх хуультай. Энэ хуулийнхаа дагуу л явах ёстой.

Биднийг хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бол хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол. Өнөөдрийн байдлаар Монголын боловсролын салбарт гурван төрлийн хоцрогдол үүссэн.

Үүнд, хамгийн эхэнд, COVID-19 өвчин гарахаар өмнөх боловсролын хоцрогдол. Энэ хоцрогдлын улмаас гурван хүүхэд тутмын нэг л сайн сурч байсан.

Түүнчлэн цар тахлын улмаас гэрэл цахилгаан, интернэтгүйгээс шалтгаалсан болон танхимаар хичээллэж чадаагүйгээс болж хоцорсон хоцрогдол үүссэн байгаа юм. Дээр дурдсан хичээлийн хоцрогдол есдүгээр сарын 1-н гэхэд нөхөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, уг хоцрогдлын нөхөхийн тулд гурван жил шаардлагатай. 

Дэлхийн улс орнууд хичээлээ нээж, хоцрогдлоо нөхөх концепцыг шинээр гаргаж байна. Үүнтэй адил бид ч яаж боловсролыг нөхөх вэ гэдэг дээр үндэсний хэмжээнд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил хийх ёстой.

Бид хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг нөхөхгүй бол ирээдүйд хоёр жилийг алдсан бүхэл бүтэн “харанхуй үе” гарч ирэх бодитой эрсдэл нүүрлээд байгаа.​

Дэлхийн банкны хийсэн судалгаагаар, зөвхөн COVID-19-тэй холбоотой хичээлийн хоцрогдлоос улмаас Монголын эдийн засагт ирээдүйд 2 их наяд төгрөгийн бодитой хохирол үүснэ гэж дүгнэсэн байна гэв.

А.Анар

Баянхонгор аймагт байдал хүндэрчээ

0

Сүүлийн 24 цагт 11.295 шинжилгээ хийхэд халдварын 2268 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 95.819 болж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 81.2 хувь буюу 1404 нь Улаанбаатарт (Нийт-78.662), үлдсэн нь орон нутагт 864 (Нийт-16.351) бүртгэгджээ. Орон нутгийн мэдээллийг задалж үзвэл сүүлийн 24 цагт Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт ковидын халдвар бүртгэгдээгүй байна. Дорноговь аймгийн хувьд тавдугаар сарын 27-оос хойш халдвар нэмж бүртгэгдээгүй. Харин Баянхонгор аймаг 131 хүн халдвар авсан нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн их тоо юм.

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР

(Сүүлийн 24 цагийн байдлаар)

  • Дархан-Уул+96, (Нийт-1422)
  • Эрдэнэт+40 (Нийт-1781)
  • Баян-Өлгийн +5, (Нийт-138)
  • Увс+49, (Нийт-421)
  • Ховд+32, (Нийт-464)
  • Хөвсгөл+67, (Нийт-642)
  • Завхан+43, (Нийт-780)
  • Булган+34, (Нийт-518)
  • Архангай+0, (Нийт-954)
  • Баянхонгор+131, (Нийт-1323)
  • Говь-Алтай+24, (Нийт-1183)
  • Өвөрхангай+31, (Нийт-985)
  • Сэлэнгэ+33, (Нийт-118)
  • Төв+98 (Нийт-2403)
  • Хэнтий+50, (Нийт-713)
  • Говьсүмбэр+25, (Нийт-227)
  • Дундговь+22, (Нийт-423)
  • Дорнод+47 (Нийт-323)
  • Сүхбаатар+37, (Нийт-659)

Ц.Оюунгэрэл: АН ардчилсан бус болсон

0

АН яах вэ, цаашдаа эвлэх үү, хагарах уу. Энэ асуулт хүн болгоны анхаарлын төвд байна. Энэ талаар тус намаас өрх тусгаарласан Ц.Оюунгэрэл байр сууриа илэрхиийлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намын дотоод сунгаандаа ялагдсаныхаа дараа шинэ гэр барин гарч байгаагаа зарласан. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сонгуульд удаа дараа ялагдана гэдэг бол систем чинь буруу байна, системээ сайжруул гэсэн дохио гэж бодож байгаа. Бид дараа дараагийнхаа азыг, аврагчийг хүлээгээд суугаад байвал азгүй явдал үргэлжлээд л байна. Аврагч хүлээхгүйгээр, азанд найдахгүйгээр ажлаа л хийх хэрэгтэй. Бидний хийх ажил бол систем сайжруулах. Ардчилсан намын систем болохгүй байгаа учраас гараад би өөр систем босгоод сууж байна.

Ардчилсан нас дотроо системийг сайжруулах тал дээр хуралдаад, системээ сайжруулбал сайж байна. Тал талдаа системээ сайжруулах хэрэгтэй. Шударга, ил тод болгох хэрэгтэй. Мөнгөнөөс бага хараат болгох ёстой. Ер нь бол ардчилсан болох хэрэгтэй. Ардчилсан нам гэдэг гэртэй боловч дүрэм нь ардчилсан бус болчихоод байгаа шүү дээ. Суурь нь ганхсан учраас азгүй мэт харагдаад байгаа юм. Энэ бол азны асуудал бус. Бодитой системийн гажуудлыг үр дүн. Энэ гажуудлыг засахын тулд өдөр алгасахгүй ажиллах хэрэгтэй байна. 2024 он одоохон хажууд хүрээд ирнэ. Тэгэхэд эвдэрхий системтэйгээ байвал дахиад азгүйтэл үргэлжилнэ.

Хүмүүс надад хэлдэг. “Чи нэг тугийн дор явах ёстой байж яагаад олон туг мандуулаад байна” гэдэг. Буруу систем, буруу тогтолцоон дор явж болохгүй. Тийм учраас тогтолцоо засах ажлыг хэн нэг нь хийх ёстой. Тэр засвар хажуугийн жижигхэн засварын цехэд болж байна уу, том намд болж байна уу гэдгээс үл хамаараад, бид зогсоо зайгүй системийн засвар хийж байх учиртай. Системийн засвар хийж байгаадаа би сэтгэл өег байгаа. Энэ засварыг би АН дотор хийж чадаагүй гэдэгтээ жаахан гунигтай байгаа. Гэхдээ гадна талд нь ч хамаагүй системийн ардчилсан хувилбарыг гаргаж ирэх ёстой учраас ажиллаж байна. Энэ хувилбар маань бусад намуудад таалагдвал энэ системийг аваад хуулаад, сайжруулаад явбал системийн сайжруулалтад том хувь нэмэр оруулна гэсэн үг. Суурь нь тэгширсний дараа бол нийлэх хамтрах гэдэг бол цаг хугацааны асуудал байдаг. Гэхдээ эвдэрхий, буруу, ардчилсан бус суурин дээр эв нэгдэл болж өгөхгүй байгаа юм. Олон намууд нэгдэж нэг хүч болох нь битгий хэл нэг нам дотроо учраа олж чадахгүйгээр эвдрэлцэж байна шүү дээ. Энэ бол системийн гажуудлын үр дагавар” гэсэн байна.

А.Анар