2025.06.21, Бямба
spot_img

"Намаа нэгтгэх энэ цагийн түүхэн хариуцлага Цогтгэрэл, Тулгат хоёрт очсон"

0

Манай нам дотроо хагаралтай байгааг Монгол улсын иргэн бүр харж, бас мэдэж буй. Харин, энэ хагарал даамжирсаар өдгөө, Ардчилсан Нам “орших уу, эс орших уу” гэдэг хязгаарт хүрч ирээд байгааг олон хүн мэдэхгүй. Тэр бүү хэл, намын олон гишүүд, цөөнгүй манлайлагчид хүртэл асуудал иймдээ тулсныг сайтар ойлгоогүй яваа мэт санагдах юм!

Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд; Монгол Улсын үндэсний эрх чөлөө, жинхэнэ тусгаар тогтнолыг түших улс төрийн хоёр багана нь “Монголын ХХ зууны түүхийн дуудлагаар гарч ирсэн Ардчилсан Нам болон МАН юм” хэмээх “далд ухамсар” манай нийгмийн улс төрийн харилцааг тогтоон барьж ирсэн байдаг. Ардчилсан Нам, МАН хоёрын хооронд үзэл санааны том зөрүү, засгийн эрх мэдлийн төлөө тус тусын хүчтэй амбиц байсан хэдий ч хэзээд “модон сэлмээр л байлддаг” байв. Сонгуулиар ялсан нэгэндээ засгийн эрхийг тайван замаар шилжүүлэн өгч, бие биеийнхээ засаглах эрхийг хүлээн зөвшөөрдөг байв. Нэн чухал нь, хэн хэнийхээ оршихуйн эрх, түүний ач холбогдлыг гүнзгий ухамсарлан, хүндэтгэн үзсээр ирсэн. Гэтэл, Амарбаясгалант тэргүүтэй МАН-ын шинэ үеийн удирдлага гарч ирснээс хойш “хоёр баганын зарчим” хөсөрдөж, манай намыг “чадвал устгах” зорилготой үйл ажиллагаа, явуулгууд эхэлсэн. Хамгийн харамсалтай явдал нь тэдний гар хөл бологсод манай нам дотор бий болоод, улам бүр хүчийг авахдаа хүрсэн байна. Ардчилсан Намыг “хорлон сүйтгэх” нь МАН-д “зардаг” бизнес болж байгаа юм биш биз?! гэж хардмаар, хармаар явдлууд сүүлийн үед манай нам дотроос олон гарах болсон. Үүний нэг тод жишээ нь дөнгөж нөхөн сонгууль эхлэх үетэй зэрэгцүүлэн, УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хэсэг журмын нөхдийг хөөсөн, зориудын санаатай хорон акц мөн болно. Сонгуульд эв нэгдэл хамгийн чухал гэж мэдсээр атлаа шүү!

Коммунист, фашист намуудад л “гишүүнээ хөөнө” гэсэн бүдүүлэг ойлголт байдаг юм. Харин, ардчилсан намууд, тэр тусмаа баруун төвийн үзэлтэй намуудад, хүний улс төрийн эрхийг намын удирдлага нь үгүйсэгдэг балай явдал үгүй билээ. Зөвхөн үзэл санаанаасаа “урвасан” тохиолдолд, гишүүнийхээ улс төрийн карьерийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх төдий л арга хэмжээ авдаг!

2016 оны намрын Үндэсний Бодлогын Хорооны Хурлын хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, намын дарга асан С.Эрдэнэ нарыг Ардчилсан Намаас хөөх тухай шийдвэр гаргах гэж тухайн үеийн удирдлага муйхарлаж байхад нь миний бие зад эсэргүүцэж таслан зогсоосны гол шалтгаан бол, миний ардчилсан баруун төвийн үзэл маань байсан бөлгөө. Тэр үед Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг хөөсөн бол нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Ардчилсан Намын дарга болох тухай мөрөөдөх ч эрхгүй үлдэх байсан юм. Өдгөө МАН-ын даргын зөвлөх болоод байгаа Х.Баттулга, Тувааныг “хөөсөн” С.Эрдэнэ хоёр тэр өдрийг тод санах ёстой!

Манай намд, жирийн гишүүн байхдаа ардчилсан үзэлтэй, дарга болохоороо дарангуйлагч болчих гээд байдаг лидерүүд цөөнгүй байсан. Эрх мэдэл дагаж өөрчлөгддөг үзэл санаа бол үзэл санаа биш юм. Тэр бол зүгээр л жижигхэн дүр гаргагч карьерист төдий этгээдийн байгаа царай юм. Ийм, үзэл санаа төлөвшөөгүй карьеристуудаас болж манай нам хагараад, одоо мөхлийн ирмэг дээр ирээд байна! Ардчилсан Нам мөхвөл Монголын ардчилал хамгаалагчгүй үлдэнэ. Монголын ардчилал хамгаалагчгүй үлдвэл Ардчилал устана. Ардчилал уствал Монгол орон үндэсний эрх чөлөө-тусгаар тогтнолоо алдана. Монгол хүн бүр өөрийн эрхээр амьдрах эрх чөлөөгөө алдана. Ингэж бодоод үзвэл, Монгол болон монголчууд Ардчилсан Намаа алдвал ямар гай түйтгэр болох нь ойлгомжтой.

Ардчилсан Намын ачаар л Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор олж авсан. Ардчилсан Намын ачаар л монгол хүн, бусдын эрхээр “жаргах” бус, өөрийн эрхээр амьдрах хувьтай болсон. Тийм болохоор Ардчилсан Нам Монголын түүхэнд “алтан үсэг”-ээр бичигдэнэ.

Ардчилсан Намын гишүүд ээ! Ардчилсан Нам түүхэнд алтан үсгээр бичигдчихээд мөхөхдөө тулах ёсгүй. Ардчилсан Нам оршин байвал эрх чөлөөт Монгол оршин байна. Ардчилсан Нам уствал эрх чөлөөт Монгол мөхнө!

Тийм учраас Ардчилсан Намынхан бид өөр хоорондын гомдлоо хойш тавьж, зоригоо чангалан нэгдэж, намаа аврах хэрэгтэй! Монголдоо буян, ачаа түгээсээр амьдарцгаая! Бид ийм хувь ерөөлтэй байх ёстой улс!Түүх бидэнд оноосон хувь ерөөлийг гутаах эрх бидэнд үгүй!

Нэгдэцгээе! Бид нэгдсэн үедээ ямагт ялж байсан юм шүү! Намаа нэгтгэх энэ цагийн түүхэн хариуцлага Цогтгэрэл, Тулгат хоёрт очсон! Манай хоёр залуу лидерүүд санаачлагыг гартаа авах цаг нь болсон байна!

Ардчилсан Намыг минь хөх тэнгэр ивээх болтугай!

Монгол Улсын Баатар, АН-ын гишүүн Э.Бат-Үүл

"Өнтэй өвөлжье"

0

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцож байна. Өдөрлөгт ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалах боломжтой. Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулж, зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Иргэдийг угаарын хийгээс урьдчилан сэргийлж байна

0

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан. Тус цогц төлөвлөгөөнд иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

Тус хорооны ажлын албаны дарга Э.Булгантамир “Манай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлаар угаарын хийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй” гэв.

Уг хороонд орон тооны бус ажилтнаар ажиллаж буй Л.Уртнасан Туулын 19 дүгээр гудамжны 27 өрхийг хариуцан, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг. Сэрүү орох үеэр айлуудын галлагаа эхлэх бөгөөд наймдугаар сараас хойш угаарын хийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тэрбээр айлууд борооны улиралд яндангаа аваад, өрхөө битүүлэн галласнаар угаарын хийд өртөх эрсдэл үүсгэж байгаа тухай ярьж байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг татна

0

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг өнөөдрөөс Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна.

Тус хилийн боомтоор өдөрт дунджаар 100-120 машин ачаа нэвтрэн орж байна. Үүний 40-45 нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн машин ачаа байх бөгөөд татан авалтыг 4-5 хоногт зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Эрдэнэт үйлдвэр” нь цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, хог, усны төлбөр хураамжийг төлж, улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэхэд шаардлагатай ачааг татан авахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээний хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмж болон бусад ачаа барааг хилээр шуурхай нэвтрүүлэх зохицуулалт хийхийг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан онцолж байв.

Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэг талдаа 250-300 ачаа тээврийн автомашин нэвтэрч байсан бол коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас 2020 оны сүүлчээр БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй үүднээс Хятадын талын тавьсан шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сараас тодорхой тооны жолоочийг Эрээн хотын гаалийн буудалд байршуулж, хилийн “0” цэгт жолооч сэлгэх байдлаар тээвэрлэлт хийж байгаа. Одоогоор 40 жолооч Хятадын талд байрлаж байгаа аж.

“Засгийн газрын тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг халдваргүй бүс болгоход анхаарч, төмөр замын тээврийг нэмэх, автотээврийн зохицуулалтад өөрчлөлт оруулан шаардлагатай арга хэмжээ авч байна. Ингэснээр 7 дугаар сараас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачааны хэмжээ нэмэгдсэн ч цар тахлаас өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх шаардлага үүссэн”-ийг Ё.Жаргалсайхан дурджээ.

Нэг ангид заавал 20 хүртэл хүүхэдтэй байхаар зохицуулна

0

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.


Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

-Сүүлийн 14 хоногийн хугацаанд дельта хувилбарын халдвар орон нутагт төдийгүй Улаанбаатарт нэмэгдэх эрсдэл бий боллоо. Өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 35-80 хүртэл хувь нь дельта хувилбар эзэлж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах шаардлагатай” гэв.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд танилцуулав.

Тэрбээр “Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар өчигдөр хоёр журам батлагдсан. Уг журмаар Бүх нийтийн болон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед 4-5 настай хүүхдийн бүлгийг ажиллуулах, анги дүүргэлтийн хувьд нэг хүүхдэд 1.5 ам метрээс доошгүй талбай ногдох бөгөөд 15-25 хүүхэд нэг ангид хичээллэнэ.

Мөн сургалтыг холимог буюу цахим, танхимын хичээлээр явагдах тул эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өөрсдийн сонголтоор явуулна.

Түүнээс гадна, цэцэрлэг болон ЕБС-ийн сурагчдыг амны хаалтаа авах, хоорондоо хэт ойр байх нөхцөлийг бүрдүүлэхүйц хичээл буюу биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг зөвхөн онолын хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, хичээл дээр хүүхэд гүйж, дуу дуулахгүй гэсэн үг.

ЕБС-ийн сурагчид 5/9-ийн зарчмаар хичээллэнэ. Мөн хүн амын дунд зонхилон тархсан вирусийн хувилбараас хамаарч 4/10 гэсэн зарчмаар хичээллүүлэх юм.

Сургалтыг мөн холимог хэлбэрээр явуулах бөгөөд анги дүүргэлт 20 хүртэл хүүхэдтэй бол хэвийн явуулна. Харин 20-оос дээш хүүхэдтэй бол нэг ангид заавал 20 хүртэл хүүхэдтэй байхаар зохицуулна” хэмээн ярив.

Халдлага

0

Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, тоталитар дэглэмийн үйлийн үрийг суулгаж, хүчирхийлэл, харгислал, албадлагыг дэврээж, бодит бус хандлагатай, хүнд суртал ноёрхсоор…Хуулийг гуйвуулан тайлбарлаж, айдас хүйдэс, үл итгэх, үнэмшихээс ичих, үл хүлцэх, үзэн ядах, хорсон шүд зуухын харанхуй аадар цутгаж, хүйтэн жихүүдэс хургасан улс төрийн мухар нүхэн “агуй”-д амьсгаа авах орчин хумигдсан, юу дуртайгаа хийдэг төртэй “ҮАБЗ”-тэй болжээ.

Хувь хүний өмч хөрөнгө, ашгийн үр шимийг хурааж авдаг, дарамтладаг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хумьж, колончлодог, хүн хүсэл зоригийнхоо эсрэг байхыг тулгадаг нийгэм бол дээрэмчдийн удирдлагаар хуульчлагдсан тонуулч засаглалын авир юм. Хүмүүс амар тайван, бүтээлч, рационал нийгэмд хаана хаанаа ашигтайгаар харилцах бодит ёс зүйн саруул таатай орчинтой байх учиртай!

Хүний эрхийг хамгаалж, эрх чөлөөг дархлаажуулах, бодит хандлагын эх ундарга нь эрүүл саруул төр юм шүү дээ.

Тоталитар эрмэлзлэл ёс суртахууны муйхар адайрлалаас хараат бус, дарангуйллыг өөгшүүлэх ганц ч нүх сүвгүй бодит зарчимд тулгуурласан хууль эрх зүйтэй чөлөөт тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй байна. Өнөөдөр ард иргэд нь зөвхөн зөвшөөрлийн дагуу хавчигдмал хүрээнд ажил үйлсээ залгуулахчаан болж байхад арын хаалгаар давуу эрх, ямба эдлэн хээл хахуулийн үйлчлэлд гаршсан бүлэглэл хүчтэй болжээ.

Зусардлагын аргаар төрөөс дэмжлэг авагсад бол заримдаг социализмыг бүрдүүлэгчид юм шүү!

Энэ нь эрэмдэг бодолтой төрийн хүнээс үүсдэг зэрэмдэг оролцоо мөн. Жам ёсоороо хөгжих ёстой чөлөөт зах зээл нь үйлдвэрлэл, арилжаа хоёрын цогц эрэлт нийлүүлэлт дээр тогтдог үйл явц дахь хөгжлийн ундаргад төр хөндлөнгөөс оролцоно гэдэг нь зөв тогтолцоог эвдэх гэсэн увайгүй оролдлого юм.

Социалист төвлөрсөн төлөвлөгөө зохиодог улс төрчид өөртөө илүүг шимэж, бусдыг хохироодог хорлонтой үйлдэл бол хөндлөнгөөс оролцож байгаа төрийн халдлага юм. Ийм халдлагыг үүсгэгчид нь улс төрөөр авиран хөнгөн хялбар арга луйвраар баяжихыг хичээдэг. Үүгээр далимдуулж бизнест хөндлөнгөөс оролцон зохицуулалт хийх эрх мэдэлтэй болж, бас төлөвлөж, гардан удирдаж, эдийн засагт хяналт тогтоон, төр данхайж эхэлдэг. Ийнхүү төрийнхний орлого олох боломж нээгдэн цүнх баригчдаа услан тордож, далдуур хулгайн мөнгө гараас гар, данснаас данс дамжин урсана.

Хувь хүний эрхийг хамгаалалтгүй орхиж, төр зах зээлд хүчээр хутгалдан оролцож эхэлмэгц мөнгө хуваарилагч нар өөрсдөдөө ахиухан унцтай байх гэж үймэлдэн бие биенээ барьцаалж, заль мэх худал хуурмаг эрчээ аван, эмх цэгц алдагдана.

Төр оролцож, тусалж, удирдаж, хянах тусам зах зээлийг бүр мөсөн сүйрүүлсэн аюул дэлхий даяар нүүрлэж байсныг сануулсу!…

Ипотекийн зээл, үнэ тогтворжуулалт, “Тариалан Эрхлэгчдийг Дэмжих” сан, тэтгэврийн зээлийг тэглэх, зээл царцаах гэх мэт төрөл бүрийн “уран” санаанууд ньурагшгүй бодлого, бүтэлгүй дампуурал руу хөтлөнө. Улаан социалист мөрийн хөтөлбөртэй намууд 2020 (Хорь хорь) оны сонгуульд орох нь дээ янз нь.

Жам ёсны зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд урд өмнөхөөсөө илүү оролцох шижим бүрэлдээд явчихлаа даа…Чааваас гэж…

Эдийн засгаа чөлөөтэй зөнд нь орхисны хэрээр л тухайн улс үндэстний хөгжил дэвшлийг үнэлж тодорхойлж болно. Манай эдийн засагчид нь Карл Маркс, Джон Мейнард Кейнсийн “сүйрэх” онолыг дагагчид юм байна.

Өндөр хөгжилд хүрсэн цөөхөн орны үйл явцыг харж судладаг, уншиж ухаардаг болоосой.

2000 оноос эхлээд л ялгаварлан гадуурхал танил тал газар авч, их эвсэл, зөвшилцөл, шинэчлэл, шийдлийн гэх мэт фашизм уухирдсан ганган нэртэй засгийн газрууд эдийн засагт гамшиг тарин оролцсон төрийн хөшүүн хойрго үйлдэл нь зах зээлд болон хувь хүний хөгжилд чөдөр тушаа болсоор өдий хүрлээ.

Эрх чөлөөт хувь хүмүүсээс асуугаад үз? Одоо яах вэ? Хаачих вэ? гээд: – Тэд Хойд Солонгос, Куба, Орос, Хятад руу явахгүй гэх нь лав тодорхой. Харин аль болох чөлөөт ертөнц рүү л нүүнэ.

Өнөөдөр манай ертөнцөд хүний эрх, эрх чөлөө хумигдаж капитализм байтугай баруун чигийн үзэл ч алга.

Санхүүгийн зохицуулах хороо, шударга өрсөлдөөний газар гэх мэт хэрэгцээгүй газрууд ноёрхож, зөрчлийн тухай хууль үйлчилж байхад хувь хүн, бизнесмэнүүд яаж эрх чөлөөтэй байх вэ? дээ…

“АТГ” гэсэн айдсын хүйтэн “агуулах” байна. Энэ газар “ЦЕГ”-ын нэгэн хэлтэс байхад л болно. “Данхар” төрийн суурийг нураах буюу тараах хэрэгтэй. Элдэв зохимжгүй дүрэм журам зохицуулалтуудыг дээрх газрууд л сувсалдаг.

Дүрэм журам зохицуулалт бол хууль биш.

Хууль нь хувь хүнийг хүчирхийлэл, залилангаас хамгаалж, харгислагчийг шийтгэдэг. Элдэв дүрэм журмууд хувь хүнд гай болж, хэрэглэгч нийлүүлэгч нарын эрх чөлөөг боомилдог. Энэ бол төрийн зохицуулалтын садаатай үйлдэл.

Бид өнөөдөр “I Phone” гар утас хэрэглэж байна. Энэ бүтээгдэхүүнийг ашгийн төлөө хийсэн учраас дэлхий дахинаас “Apple” компани ашиг олж байгаа. Энэ гар утаснаас хүн өөртөө хэрэгтэй бүхнийг мэднэ. Онлайнаар бизнес наймаа хийнэ, олон сэтгэгчдийн өөр өөр гаргалгааг олж харна. Авьяастнуудын төрмөл чадварыг үзэж биширнэ.

Хүн төрөлхтөн дэлхий дээр амьдрахдаа дэлхийг гартаа атгачихаад явж байгаагаа, ашгийн төлөө ажиллаж “I Phone” –ийг бүтээсэн сэтгэгчдийг мартчихсан явдаг. Төрийн элдэв зохицуулалтгүй нөхцөлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учир“Apple” компани ашигтай ажиллаж байгаа юм.

Зүгээр л өөрийнхөө эрчээр явчих ажил үйлдвэрлэлд саад тотгор болоод зогсохгүй шинэ санаа, туршилт, сонголт, өрсөлдөөн бүтээгчдийн үйлсийг элдэв хиймэл дүрэм журам үгүй хийчихдэг.

Жам ёсны үйл явц чөлөөт сэтгэлгээнд төрийн зохицуулалт л хориг болдог нь хүн төрөлхтний түүхэнд тод бичээтэй байна шүү дээ.

Эдүгээ Монголд үйлдвэрчний эвлэл, элдэв төрийн бус байгууллагууд, Эх орончдын фронт зэрэг экстремистүүдээр төрийн далайлтыг “Данхар” төр хийлгэдэг нь нууц биш.

Хэвлэл мэдээлэл, сошиал орчин ч төрийн удирдлагын цуурай болоод явчихлаа.

Ялангуяа төрийн хяналтын зангаагаар толгойгоо өндийлгөдөг, шударга өрсөлдөөний газрын заналхийлэл нь хувийн өмчийг дарамталж өдий хүрлээ.

Чөлөөт эдийн засаг ёс зүйтэй өрсөлдөх жам ёсны зах зээлийн явцыг “Данхар” төрийн оролцоо, зохион байгуулалт, төлөвлөлт, удирдлага, хяналт л сүйтгэнэ.

Хүний амьдралын тойрог чөлөөт зах зээлд хэн ч бай хаана хаанаа хожиж, ашиг олох өрсөлдөөнд төр хөндлөнгөөс халдахыг нь улангасан дэмжих эрх мэдэлтэн олширч гаарваас энэ улс үндэстэн оюун санааны оршуулгын газар болж хувирна.

Хатуухан хэлье!!!

Оюун санаа, эрх чөлөө, эрүүл сэтгэлгээг бусармаг аргаар “авсалж” байна.

Төрийн зорилт нь гагцхүү хүн ардын амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалахад л орших ёстой.

Төрөөс хараат бус байх үүдийг нээж, эрх мэдэлтэн буюу эрх баригчид хүсэл зорилгоо биелүүлэхийг хазаарлаж, бусадтай мөр зэрэгцэн баялаг бүтээж, улс төрчдийн өөдөөс сөрөн зогсох, дархан эрх бол хувийн өмчийн эзэнд байгаа бөлгөө.

Хувийн өмч нь төрийн зүгээс хүч түрэмгийлэн халдахаас ангид байх бүхий л үйл явцын үндэс болдог. Өөрийгөө бодох ариун үйлийн үр дүнд эрх чөлөөний үр соёолох, оюун билгийн болоод эд хөрөнгийн, бүхий л хөгжил дэвшлийн үндэс нь хүний хувийн өмч юм билээ.

Хувийн өмч нь хүний хөгжлийн суурь нөхцөл учраас түүн рүү хэн ч халдан довтлох эрх байхгүй. Гэтэл хувийн өмч рүү цэрэглэн дайрч, улс төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, засгийн газрын албадлага, хүчирхийллээр хүмүүсийг айлгасан халдлага “Салхит”-д бодитоор хэрэгжсэн “бай”-гаа оноогүй буугаар харвасан үйл явдал болсон бөлгөө.

Гэмт хэрэгтэнд биш, амьдрах гэж яваа манаач харуулуудад нь эр бяраа гаргасан нь ёстой онигооны сэвслэг. Халдлага сүрдүүлэг нь муу үйлийн савслага.

Д.Сосорбарам

2020 оны 03-р сарын 25

Танхимын С.Дэмбэрэлийн хүү Ерөнхий сайдад зөвлөнө

0

УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн том хүүхэд Д.Ирмүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилогджээ.

Тэрбээр ажлаа авсан даруйдаа Монголын ТОП-10 групп компаниудын эзэдтэй, мөн Монголд хөрөнгө оруулагч гадаад түншүүдтэй Ерөнхий сайдын хэмжээний хоёр ч удаагийн уулзалтыг зохион байгуулжээ. Тус уулзалтаас эдийн засгийг эрчимтэй сэргээх шат дараатай арга хэмжээ авахаар талууд нэгдсэн ойлголцолд хүрч чадсан гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдуудаа бодвол гадаадын томоохон их дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн залуусыг зөвлөхөөрөө сонгож байгаа. Тэрхүү уламжлалаараа Австри улсын Залцбургийн их сургууль магистрын зэрэг хамгаалсан Д.Ирмүүнийг зөвлөхөөрөө томилжээ.

АЖЛЫН ТУРШЛАГА

2007-2010 онд Сангийн яаманд мэргэжилтэн

2011-2014 онд НҮБ-ын дэргэдэх Зүүн хойд азийн бизнесийн зөвлөл, Эксим банкны холбоонд Ахлах мэргэжилтэн, Ерөнхий зохицуулагч, Хөтөлбөрийн нарийн бичиг

2014-2016 онд Хөрөнгө оруулалdeтын газарт Хэлтсийн дарга, Газрын орлогч дарга

2016-2020 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт Дэд ерөнхийлөгч

Их тулааны өмнө нам гүм

0

Улс төр нам гүм, эрх баригч намын цагаан байрнаас цацагдаж буй санаатай болон санамсаргүй мэдээллийг эс тооцвол намууд ерөнхийдөө намрын тулаандаа сэм бэлтгэж байгаа бололтой. Нэн ялангуяа  МАН, АН-д тамганы талцал өрнөж мэдэх дүр зураг ч ажиглагдаж байна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрөө намын тамгаа нутгийн дүүдээ түр шилжүүлсэн. Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч байгаа. Харин тэрбээр түр дарга байх уу, бүр дарга байх уу гэдгээ шийднэ. Хэрэвзээ намын тамгаа авч чадахгүй бол засгийн тамгаа өгнө. Намын тамгаа хадгалж үлдвэл засгийн тамгаа ч хадгалж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, МАН-ын тамга хэнд очихоос Монголын улс төрийн дараагийн нүүдэл эхэлнэ.

 Одоогоор МАН хагарч бутарсан юмгүй ч, НАМЗХ-нд болж буй эсэргүүцэл, талцалыг харахад дээрээ суудлаа олохгүй болсныг харуулж буй.  Наанаа инээх тэд цаанаа ёстой л ханцуй дотроо хутгаа билүүдээд сууж байх шиг.

Л.Оюун-Эрдэн нам дотор ойрын холбоотноороо хотын дарга Д.Сумъяабазарыг авч, засаг доторх гол хүнээрээ Х.Нямбаатарыг тавьсан. Х.Нямбаатар ёстой л түүний туу гэсэн газар гүйж очдог, хазаж, хавчдаг болсон. Х.Нямбаатар ноходтой зодолдоход мод хэрэгтэй. Тэр мод нь авлига тэмцэх комисс болж байна.  Гартаа модтой болсон Х.Нямбаатар журмын нөхдийнхөө тэжээж байсан “гөлөг”-үүдийг ч айлгаж, баривчилж буй нь намын тамганы төлөөх өмнөтгөл хэсэг бөлгөө.

Харин улс төр доторх холбоотон нь Женко Баттулга болж харагдаж буй. Тэд Токиогийн олимпийг үзэх явцдаа уулзаж, хор ховоо найруулаад ирсэн гэх хардлага улс төрийн хүрээнд өрнөж байсан. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын гол гүүр нь бол Херо Б.Баатар байх нь мэдээж.

Харин АН-ын тамга хэнд очихыг мөн л Ардын  намынхан шийднэ. Учир нь, өнөөдөр ч АН-д тамганы хэрүүл болж, жинхэнэ дарга нь тодорхойгүй, тодроогүй байгаа. Ирэх намар сөрөг хүчний дунд тамга хэнд очих вэ гэсэн хэрүүл тэмцэл өрнөх болов уу. Хоёр сарын өмнө суудлаасаа буусан экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын авахыг тэсч ядан хүлээж байгаа. Гэхдээ түүнд тамга өгвөл МАН-д тийрэн болж, Монголд түйрэн тавьж болзошгүй гэдгийг эрх биш Ардын намынхан гадарлаж байгаа болов уу.

Энэ бүх үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа ганц хүн бол У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх улс төрөөс яваагүй. Тэр бэлгэ тэмдэг болж үлдэх хүн бүр биш билээ.  Мэдээж, Н.Энхбаяр энэ дайнд гар бие оролцох нь ойлгомжтой юм.

Д.Шоовдор

С.Эрдэнэ нөхөн сонгуульд нэр дэвшихгүй

0

Женко ардчилсан намаас буюу О.Цогтгэрэлийн талаас өчигдөр /2021.08.11/  мэдээлэл хийх үеэрээ “МАН-ын талаас нөхөн сонгуульд С.Эрдэнийн АН-ыг захиалсан. С.Эрдэнэ өөрөө нэр дэвших гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Түүний мэдээлэлд хариуцлт өгч  Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй болохоо цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрбээр“Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. Хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. Гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн” хэмээн жиргэжээ.

Олимпийн медальтнуудыг 30-60 сая төгрөгөөр урамшуулав

0

Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.

Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.