2025.06.20, Баасан
spot_img

Уул уурхайн компаниуд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.

Үүнд:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
  2. “Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
  3. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
  4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
  5. “Энержи Ресурс” 40,000,000
  6. “Өсөх Зоос” ХХК 30,000,000
  7. “Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
  8. “Степ Голд” ХХК 10,000,000
  9. “Тавантолгой” ХК 6,000,000
  10. “Бадрах Энержи” ХХК 5,000,000
  11. “Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
  12. “Бороо Гоулд” ХХК 3,000,000
  13. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
  14. “Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
  15. “Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
  16. “Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
  17. “Монполимет групп” 1,000,000
  18. “Багануур” ХК 1,000,000
  19. “МоЭнКо” ХХК 1,000,000
  20. “Платинум Ланд” ХХК 1,000,000
  21. “Шивээ овоо” ХК 500,000

Мод тарьж ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.

Эх сурвалж: president.mn

Ерөнхийлөгч 3 хүнийг Ардын багш цолоор шагнав

0

Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн одон, медаль гардууллаа.

АРДЫН БАГШ ЦОЛООР:
-МУБИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамба
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш Жигжидийн Нямжав
-Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийн ректор Намсрайн Ням-Осор
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
-Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Доржийн Амар
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
-Увс аймгийн Өлгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Доолиохүүгийн Алтанхүү
-Төв аймгийн “Эрдэнэ” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Цогбадрахын Батаа
-МУИС-ийн ректор асан, Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ
-Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн математикийн баш Загдрагчаагийн Бат-Эрдэнэ
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш Шарын Борчулуун
-Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн ХХК-ийн ерөнхийлөгч Жанчивын Галбадрах
-Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн ахмад багш Пунцагдашийн Ганболд
-Говь-Алтай аймгийн Дарив сумын Дунд сургуулийн ахмад багш Аюуш Должмаа
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гунгаагийн Мандалсүрэн
-Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Жамьяндоржийн Нямсан
-Өвөрхангай аймгийн Боловсрол, соёлын газрын ахмад арга зүйч, Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн асан Довчингийн Отгонбаяр
-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Шаравын Хоролсүрэн
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тэргүүлэх профессор Жамьянхорлоогийн Цэвэгмид
-Хэнтий аймгийн Биндэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл уран зохиолын ахмад багш Гэлэгпилийн Цэгмид
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Гомбосүрэнгийн Цэдэндамба
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
-Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Рэнцэнхандын Нямцэрэн
-БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Арьяагийн Цолмон
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн аргазүйч Чүлтэмшаравын Гажиддулам
-Нийслэлийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дизайн технологийн багш Сэмжидийн Эрдэнэтуяа нарыг тус тус шагналаа.

Эхлээд жолоочийг торгоно, дараа нь ачна

0

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулахтай холбоотой журмын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тэгвэл тус ажлын хэсэг өнөөдөр Тэргүүлэгчдэд санал дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт “Энэхүү үйлчилгээ байх нь зөв. Гэхдээ төр хамтарсан байдлаар ажиллуулах, авто замын санд уг үйлчилгээнээс тодорхой хэмжээний хувийг төвлөрүүлэх, гэрээт цагдаа ажиллуулах, иргэдэд урьдчилан утсаар мэдэгдсэний үндсэн дээр ачих…зэрэг дүгнэлт гаргалаа” хэмээв.

Тэрбээр мөн “Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс автомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулсан. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад автомашинаа байрлуулсан тохиолдолд олон нийтийн байцаагч ажиллана.

Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэн Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг. Харин тэр хугацаанд жолооч амжиж автомашинаа аваагүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм” гэлээ.

Хөвсгөл далайг хамгаалах ажлыг ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлсэн

0
У.Хүрэлсүх

1986 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг ОБЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан алба хаагчид татан гаргаж, нуурын эрэгт байрлуулаад байна.

Энэ ажлыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа эхлүүлж, Засгийн газрын 117 дугаар захирамжийг гаргаж байсан юм. Улмаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажилласан байна.

Татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.

33 жилийн өмнө живсэн тус хөлөг онгоцыг Хөвсгөл нуураас татан гаргах нь нуурын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Живсэн машин техникийг нуурын хорт хавдар хэмээн эрдэмтэд нэрлэдэг байна.

Иймд “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу усны гүнд анх удаа зохион байгууллаа.

Хуурамч мэдээллийн хор АЮУЛ

0

Орчин үеийн нийгэм хөгжихийн хэрээр мэдээллийн орон зай хуурамч мэдээллээр дүүрч, мэдээллийн эмх замбараагүй байдал, худал хуурмагт автах болов. Энэ нь нийгмийн нэг онцлог болжээ. Гэвч олон нийт бодит үнэн мэдээллээр ангаж цангаж байна.

Мэдээллийг зохион байгуулалттайгаар гуйвуулж, тодорхой арга технологийн тусламжтайгаар олон нийтийг төөрөгдүүлэх, хуурах, санаатайгаар худал, алдаатай мэдээлэл тараах, дамжуулахад улс орнууд, Засгийн газар, улс төрчид, улс төрийн нам, эвсэл, ашиг хонжоо хөөсөн хувь хүн, компаниуд, эдийн засаг, улс төрийн бүлэглэл, хараат хэвлэл мэдээлэл, олон улсын үндэстэн дамнасан корпорац гээд дотоод, гадаадын бүх л хүрээний оролцогчид санаатай, санамсаргүй байдлаар хил хязгаарт баригдахгүйгээр оролцож байна.

Мэдээллийг хэдхэн хоромын дотор, дэлхий даяар тараах боломжтой болсон энэ цаг үед аль нэг газраас гэнэт хуурамч мэдээлэл тархах нь шинэ төрлийн аюулд тооцогдож байгаа юм. “Guardian”-ийн тоймч Натали Нугайред: Суртал ухуулгыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн боловч ийм шуурхай түгээх технологи өмнө нь байгаагүй юм гэжээ. Худал мэдээлэл нь цар тахал мэт хурдан тархаж, олон нийтийн сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлдөг, харин худал мэдээлэл нэгэнт тархсан тохиолдолд түүнийг залруулах, арилгах, няцаах болон худал мэдээллийн эсрэг бодит үнэн мэдээллийг түгээх асуудал нэн төвөгтэй, бараг л хохироод дуусахаас өөр сонголт үлдээхгүй аж.

Бодит жишээ баримт гэвэл, 5G цамхгууд COVID-19 үүсгэдэг вирус тараахад нөлөөлдөг гэх цахим зурвасын улмаас Их Британид 2020 оны 4, 5 дугаар сард харилцаа холбооны компаниудын хэдэн арван инженерүүд халдлага, дарамт, хүчирхийлэл, доромжлолд өртөж, гар утасны ерэн цамхгийг шатаасан, 2018 онд Мьянмарын арми хоморголон устгах явдалд хүмүүсийг турхирахдаа Фейсбүүкийг ашигласан бол 2018 онд Эболагийн халдварын үеэр Эбола вирусийг Засгийн газрын лабораторид үйлдвэрлэсэн гэх худал мэдээллийн улмаас Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Эбола вирусийн үнэлгээний төв рүү халдсан байдаг,  мөн Их Британи улс Европын Холбооноос гарах эсэх тухай олон нийтийн санал асуулгад хуурамч мэдээлэл маш хүчтэй нөлөө үзүүлсэн, мөн АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6.6 сая худал мэдээлэл Твиттерт жиргэгдсэн байдаг, эдгээр худал мэдээллийг жиргэсэн хаягнуудын 80 хувьд хоёр жилийн өмнө үүсгэсэн хуурамч хаяг байсан гэж үздэг, энэ бүхэн саяхан тохиолдсон хуурамч мэдээллийн үр нөлөө юм. Ингээд харахаар энэ цаг үеийг худал мэдээллийн эрин үе ч гэж хэлж болохоор.

Тэгвэл хуурамч мэдээлэл гэдэг худал хэлэхээс эхтэй зүйл. Философич, нейробиологич Сэм Харрис энэ талаар хэлэхдээ: худал хэлэх нь замбараагүй байдалд хөтлөх дардан зам мөн. Худал хэлнэ гэдэг бол үнэнч харилцаа хүсэн хүлээж байгаа бусдыг зориудаар төөрөгдүүлэхийг хэлнэ. Хүмүүс ямар нэг зүйлийн талаар үнэнд нийцэхгүй итгэл үнэмшил бусдад төрүүлэхийн тулд л худал хэлдэг. Үнэнч зан бол бусадтай хуваалцаж буй бэлэг юм. Мөн энэ нь хүч чадлын болон агуу эгэл жирийн байдлын эх үүсвэр юм. Худал нь бусад олон худлыг араасаа дагуулдаг. Үнэн баримтууд нь биднээс нэмэлт хүчин чармайлт огт шаарддаггүй. Худал хэлэх нь бараг бусадтай хамтрахаас татгалзах гэсэн үг. Худал хэлснээр бид бусдад хорвоог байгаагаар нь харахад саад болж байгаа юм гэжээ.

Бидний учрыг нь олохгүй байгаа худал мэдээллийг тодорхойлоход ахиц гаргаж Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвөөс (International Center for Not for Profit law) худал мэдээлэл гэх ойлголт, нэр томъёог дотор нь гурав ангилан авч үзсэн. Үүнд:

i) Хуурамч мэдээлэл (Disinformation) гэдэг нь төөрөгдүүлсэн, буруу мэдээллийг санаатайгаар тараахыг хэлнэ. Үүнийг зориуд төөрөгдүүлэх замаар дэлгэж, эсхүл төөрөгдүүлэх сэдлээр хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл гэдэг нь хор уршиг учруулахын тулд мэдсээр байж хуваалцдаг, эсхүл болзошгүй хохирлыг үл тоомсорлож хийсэн худал, эсхүл мэхлэн өдөөх мэдээлэл юм. Хуурамч мэдээллийн зарим хэсэг нь үнэн, эсхүл “хагас үнэнийг” агуулсан байх нь цөөнгүй тохиолддог  нь хэрэглэгчид хуурамч мэдээллийг танихад илүү төвөгтэй болгодог. Хуурамч мэдээллийн нэг төрлийн хувьд улс төрийн хуурамч мэдээлэл, эсхүл суртал ухуулга нь улс төрийн ярианы зарим өнцгийн талаарх ойлголтыг бий болгохын тулд худал мэдээллийг зориудаар тарааж буй явдал хэлбэр.

ii) Алдаатай мэдээлэл (Misinformation) гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээллийг санамсаргүйгээр тараах явдал юм. Энэ нь шалгаж тогтоож болохуйц фактуудын талаарх нийтэд тогтсон ойлголттой зөрчилдсөн, мушгин гуйвуулсан мэдээлэл бөгөөд үүнийг хүмүүс бусдыг хууран мэхлэх сэдэлгүйгээр, алдаа гаргаж тараадаг. Алдаатай мэдээлэл нь худал агуулгатай боловч тухайн мэдээллийг хуваалцаж буй хүн худал, эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл агуулж байгааг ухаж ойлгоогүй байдаг. Алдаатай мэдээлэл нь бүхэлдээ худал байх албагүй, үүнд алдаа гаргасан нь зориуд бус, санамсаргүй байдалтай буюу мэдээллийг алдаа гаргасны улмаас хийсэн байдаг онцлоготой.

iii) Буруу сэдэлтэй мэдээлэл (Mal-information) нь үнэн зөв мэдээллийг хууран мэхлэх арга замаар төөрөгдүүлэхийг оролдож хийдэг. Хэдийгээр мэдээлэл нь бодит боловч үүнийг хор уршиг учруулах сэдлээр хийж, бусадтай хуваалцдаг байдаг мэдээллийг хамруулжээ.

Хуурамч мэдээллийн хор аюул нь ардчилсан тогтолцоонд итгэх итгэлийг сулруулах, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирч, сэтгэлийн хөдөлгөөн айдас түгшүүр төрүүлж, иргэд бие биеэ үзэн ядах, гүтгэн доромжлох, хүмүүсийг туйлшруулах, өөртөө итгэх итгэлийг сулруулах, хэрүүл тэмцэлд хүргэх зэрэг буруу, сөрөг үйлдэлд чиглүүлж байдагт оршдог.

Өнөөдөр баталгаатай, үнэн зөв мэдээллийн хэмжээ, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд мэдээллийн боловсрол олгох, мэдээллийн технологи шинэчлэл, өөрчлөлт ашиглах, мэдээллийг нягтлах үйл ажиллагааг дэмжих, гадаад болон дотоодын гарал үүсэлтэй худал мэдээлэлтэй тэмцэх, тэнцвэржүүлэх, хамгаалах асуудалд улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Жишээ нь, Швед улсад мэдээллийн үнэн, худлыг ялгах аргачлал, мэдээлэлтэй харилцах, нягтлах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг дунд сургуульдаа хэрэгжүүлэх болжээ. Харин манай улс энэ талаар цаашид эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Худал мэдээллийн эрин үе нь биднээс илүү сайн боловсрол, үр нөлөөтэй ардчиллын механизмыг шаардах болжээ.

Хуурамч мэдээлэл нь үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, олон нийтийн сүлжээг ашиглан тархаж байна, үүнээс улмаас худал мэдээллийн хамгийн эхний хохирогч нь “үг хэлэх эрх” болж байгаа юм.

Иймд орчин үед үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх стратегийг баримтлаж байгаа улс орнууд илүү амжилт олж байна. Харин худал мэдээлэлтэй тэмцэх нэрээр үг хэлэх эрх, мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаан боогдуулж, хязгаарлаж буй улс орнууд хямрал, зөрчилдөөнд автаж, олон нийтийн бухимдал, эсэргүүцэлтэй тулсаар байна.

Проф Дамиан Миллер нэгэнтээ: биднийг харсаар байтал буллшит, худал, саармаг мэдээ баримтууд нь ардчилалд саад тээг болсоор байна. Ардчиллын бүхий л санаа оноо 19-р зуунаас эхлэхдээ л олон нийтийн хүрээний асуудалд ухаалаг, хариуцлагатай шийдвэр гаргахын төлөө байсан. Нийгэмд утга учиртай яриа, хэлэлцүүлэг явагдах, хүмүүс түүнд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Ингэж чадахгүй нөхцөлд захиргаадалтын төр, төрийн биш төрлийн алба, хээл хахууль, чадвартай хүний оронд өөрт ашигтай хүнээ ажилд авах зэрэг үзэгдэл гаарч, түмний төлөө биш өөрийн эрх ашгийн төлөө үйлчилдэг элитүүд бий болно. Тэдгээрийн хувьд төрөл бүрийн буллшит ярих, худал мэдээ, алтернатив баримт цацах нь олон нийтийг хуурч, манипуляц хийх шалгарсан хэрэгсэл. Энэ бүхэн ардчиллыг мөхөөсөөр байна гэж оновчтой хэлсэн.

Ардчилсан нийгэмд үнэн бодит мэдээлэлтэй иргэд, олон нийт маш чухал. Хэвлэл мэдээлэл нь олон нийтийг мэдээллээр хангаж, улс төрчид, төрийн институцийг хянаж, иргэдэд үзэл бодлоо бүрдүүлэх, илэрхийлэхэд туслах үүрэгтэй байдаг. Олон нийтийг төөрөгдүүлсэн худал, хуурмаг мэдээлэлтэй орчинд ардчиллын зарчим, механизм үйлчилж чадахгүй, харин эрх баригчид хязгааргүй засаглах боломжийг олгож байдаг. Тэд хуурамч мэдээллийн арга технологийн тусламжтайгаар ардчилсан, чөлөөт нэртэй сонгуульд дахин дахин ялсаар байх болно. Эрх баригчид давуу байдлаа ашиглаж гуйвуулсан, бүрэн бус, доромжлох, гутаах, гоочлох, дэгсдүүлсэн, өрөөсгөл, хуурамч мэдээлэл тарааж, иргэдийн чөлөөт сонголтод шууд нөлөөлдөг. Энэ тохиолдолд улс төрийн сөрөг намууд ардчилсан зарчмаар иргэдийн олонхийн дэмжлэгийг авч засгийн эрхэнд гарна гэж бодох нь “хоосон мөрөөдөл” болж хувирах юм. Тэд гүтгэлэг, худал мэдээлэлд ялагдсаар байх болно.

Эцэст нь дүгнэхэд, өнөөдөр худал мэдээлэл нь ардчилалд хамгийн том сорилт болж байна.

Хуульч Д.Оросоо /2021.11.08/

"Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна

0

Монгол Улсын төсөвт cүүлийн 2 жилд нэг их наяд төгрөг давсан орлогыг дараалан төвлөрүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн, жигд байна. 2020 онд 36.9 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулан түүхэн дээд амжилт тогтоосон баялаг бүтээгч уурхайчид 2021 онд ч энэ амжилтаа ахиулахын төлөө хичээн ажиллаж байна.

Коронавирусийн цар тахлын улмаас Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон 2021 оны эхний 10 дугаар сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас цар тахлын энэ хүнд цаг үед ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн аж амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн түүхэн шийдвэр гаргаснаар Монгол орныхоо 21 аймаг, 330 сум, 450 мянган аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан, цахилгааны мөнгийг он дуустал төлөхөөр шамдан ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хоногийн 24 цагийн тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн газрын хувьд эмх цэгц, эв нэгдэл, ёс зүйг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа, сахилга дэг журам, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлган ЗОГСОХ ЭРХГҮЙ-гээр хариуцлагатайгаар ажиллаж байна

У.Хүрэлсүх: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулна

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ноён хурлын дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн түүнчлэн хүн төрөлхтөн Covid-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна.

Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо.

Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.

Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө “Монгол Улс-Ногоон хөгжил” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна.

“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм. Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ. Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

0

Бэтгэрэх, ганцаардах, уймрах, хуйсагнах. Энэ бол миний сүүлийн нэг сар гаруй хугацаанд мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөнүүд. Монгол хэлээрээ гүн гүнзгий удаан ярилцахыг санаж өгүүлээд бэтгэрэв. Хань татаж ярих хүнээ олохгүй зүдэрч ганцаардав. Надад хэн ч туслахгүй байна шүү дээ гээд ганцаараа хэсэг уймрав. Надаас өөр надад туслах, намайг аврах хүн байхгүй шүү дээ гээд баатарлагаар босох гэж оролдовч буцаж сэтгэл маань шалаар нэг тарчихаад хөл дээрээ зогсож өгөхгүй хуйсагнав.

Хүний амьдралд давтамж, давхцал гэдэг зүйл сонин шүү. Өнгөрсөн жил долоон сард айхтар гутарч билээ. Маш цөөхөн үгээр би гутарсан байсан, нүдний шил хагарсан, нэгэн далд мэдрэмжтэй хүн гэнэтхэн таараад л чиний амьдралд олон сайхан зүйл тохиолдоно, гэхдээ зарим зүйл бас тийм ч амар санаснаар болохгүй гэж хэлж байсан. Энэ жил дахиад л би өнөөх гунигийн давалгаандаа чимээгүй зогсож байгаад унатлаа цохиулав. Тэгээд утасны хамгаалалтын шил хагарч таарав, харь орны танихгүй хүн өнөөх өмнө жил таарсан хүний үгийг давтаадхав. “Сонин юм шүү, зовох нь амьдрал болоод гуних нь тодорхой боловч амьдрал цаанаасаа ийм давтамжаар дүүрэн байх гэж” гэж таньснаас хойш хорвоо ертөнцийн тоон давтамж миний анхаарлыг татаад өнөөх гунигийн сүүдэр сониучхарлын гэгээгээр солигдчихов.

Давтамж бол хүний нийгмийн суурь. Аливаа юмс олон давтагдаад байгаа учраас бид нийлээд амьдрал зохиогоод, цугларч тэр давтамжаа ярилцан сургууль үүсгээд, ярилцсан учраас гарцаа хэлэлцэн бүтээн байгуулалт хийгээд, бүтээчихсэн байсан зүйл нь давтамжтайгаар миарч таарсан тул тэрэн дээр шинэчлэл хийгдээд тэрийг нь бид инноваци гэж нэрлэдэг байх нь. Нөгөө талд хүний нийгмээс ч давсан гайхалтай зүйл юу гээч, хорвоо дэлхий. Тэгээд хорвоо дэлхийг чимдэг хамгийн тод зүйл нь санамсаргүй байдал. Санамсаргүй хар нүхний дэлбэрэлт болоод энэ ертөнц үүссэн гэнэ, санамсаргүй хоёр хүн алхаж яваад дахиад сэтгэл хөдлөлийн дэлбэрэлт үүсээд дурлалцаж хайр үүссэн гэнэ, санамсаргүй тэгээд дахиад ижил төрлийн хүн бүтээчихэж гэнэ. Гэнэн боловч давтамжинд суурилсан магадлалтай гаргалгаа шүү.

Жоохон хальчихлаа, буцаад хэлэх гэсэн гол санаа руугаа бичвэрээ чирье.

Би жилдээ нэг давтамжтай гунидаг хүн юм байна гэдгээ ойлгосны дараа надад энэ удаагийн гуниг гутрал юунаас эхлэв гэдгээ эрж хайх асуулт тулав. Тэгээд энэ нь би нийгмийн шаардлагаар ажлын мал болоод бие минь цуцаад цуцсан биеээ хүчлэн дахиад зүтгэж байх зуур энэ их ачааллыг сэтгэл зүй минь даахгүй гутарчихаж. Харамсалтай нь бидний ихэнх нь ажлаас болж бие цуцаж, сэтгэл туйлдаж байгааг анзааралгүй дахиж зүтгэсээр байгаад нэгэнтээ оройтдог. Хүн сэтгэлээрээ зөндөө хол явж чадна, оюун бодлоороо тэрнээс ч ихийг бүтээж чадна. Гэхдээ биеийн хүчээр, мунарч ажиллаад, мундаг байгаад тийм хол хүрэхгүй. Ажлын муна болсон хүн, ажлаа амьдралаасаа өмнө тавьж завгүй байгаа хүн хол явлаа гэхэд тэтгэвэрт гарна. Хойд жил нь олсон ихэнх мөнгө эм тарианы мөнгөнд үрэх хэрэг гарна. Хөдөлмөрийн хуулинд долоо хоногийн ажлын цагийг гоё эсвэл ойр санагдсан болохоор нь 40 гэж бичээгүй юм. Дөчөөс илүү цаг ажиллавал чиний бие болоод сэтгэлийн эрүүл мэнд туйлдах учраас ажлын ширээний ард сууж байтал амьдрал чинь хажуугаар чинь урсаад өнгөрчих учраас цаг тавьж өгч байгаа юм. Тиймээс Долгор нь өөрийнхөө үеийн залууст, өөрөөсөө дээш доошоо ах эгч дүү нартаа захихад ажил кареер чухал, гэхдээ битгий мундаг байгаарай. Тэрний оронд авхаалжтай, цэгцтэй, ухаантай, сэргэг байгаарай. Цэгцтэй ухаантай хүн махарч суухгүй, маргааш үрэгдэж магадгүй ирээдүйдээ санаа тавина, өнөөдөр ч бас өнгөрч байгаа амьдралаараа амьдарна.

Дундаж монгол Долгор

УЛААН ХУЙХУЙ: Тархиндаа суртал сум хоёрын алийг зоолгох вэ?

0

Эзлэн түрэмгийлэх аюумшигт гамшиг хориод оноос тодорхой хэдэн гадаад юмыг нь дав даруй хийж, санааг нь амраахгүй аваас яаж ч мэдэхээр шийдчихсэн толгой болох нь танигдлаа. Гэхдээ чухам юу хийлгэх гээд буйг өнгөрсөн зууны хориод оны дүнхүү маниус таадаггүй. Эцэстээ сургагч маань бачимдаад бүр галзуурах нь ээ. Сургагчийн амнаас байнга хадах коммунизм социализм гэдэг үгс маниусын чихэнд хоногшив. Гэвч чухам ямар утгатай үг болохыг орчуулах гээд чаддаггүй. Чадаагүй нь маний буруу ч бас биш юм. Учир нь коммунизм социализм гэх ухагдахуун монгол тархинд угаас заяасангүй. Тийм ухагдахуунгүй болохоор байхгүй ухагдахууныг илэрхийлсэн “үг” монгол хэлэнд зохиогдож, үгсийн санд орсонгүй. Тийм ухагдахуун, тийм үг ерөөс үгүй болохоор коммунизм социализм гэдгийг мань ойлгоогүй нь хэр. Энэ үүднээс маниус буруугүй байлтай. Гэвч сургагч маниусыг “тэнэг малууд” гээд алах шахав. Ашгүй лам, язгууртан хэдэн бичгийн мэргэд коммунизм гэсэнд нь “эв хамт ёс”, социализм гэсэнд нь “нийгэм журам” гэсэн нэр оноож маниусыг аварлаа.

Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулах юм болоод явчихав. Мануус сургагчийнхаа дотор санааг арай гэж нэг юм гадарлахчаа аядав уу гэтэл бас болоогүй гэнэ. Эв хамт ёс тогтоож, нийгэм журам байгуулахын наана “революция” гэдэг довтолгоог бурхны шашинт буурай Монголд шууруулж дуусгах ёстой юм байжээ. Революция гэдэг үг нь юу гэсэн үг юм бүү мэд. Нөгөө хэдэн номтой ноёд хуврагууд “революция” гэдэг үгийг судалж судалж, тийм ойлголт Монголд ор тас үгүйг тогтоосон ч утга дөхүү “хувьсгал” гэсэн үг шинээр зохиож хүчээр тааруулав.

Тэгтэл бөөн гай ч нөмөрлөө дөө. Сургагчийн нүд баяртайгаар ногоорч “Да здравствуйте, Великая Октябрьская Социалистическая Революция” гэж лоозогнов. Маниус сургагчийг дагаж, энэ хэдэн хэлэхэд хэцүү орос үгийг муруй хазгай түрж орилдог хачин жигтэй хувьсгалч араншин сурлаа. Ямагт малын бэлчээрт ганцаар голдуу уйтгарлаж явсан мануус ингэж дуу нийлүүлэн оросоор нэгэн зэрэг нирхийтэл хашгирч чадсандаа жигтэйхэн хөөрсний гадна хүүхнүүд хүртэл орос хэлтэй маниуст сээтэгнэв. Сургагч мануусыг жагсаагаад хэдэн үг шулганасан нь “Та нар бол яруу алдарт хувьсгалчид” гэж магтсан юм гэнэ. Мануус ямар гавъяа мандуулснаа мэдэхгүй ч “Бид бол яруу алдарт хувьсгалчид” гэж дуу авалцан сагсуурдаг хувьсгалч сүржин ёс эзэмшив. Сургагчийн алхаа гишгээ ялангуяа ёсолгоо нь маниусын шохоорхлыг ёстой ноцоолоо. Ташаанд нь зүүлттэй нагааныг мануус шөнө болгон зүүдэлнэ.

Тэгтэл яасан гээч…

Манууст нагаан буу тарааж өгөв. Үгүй ер ийм юм гэж ертөнцөд байх уу. Буу зүүснийхээ дараа сургагч шиг илтгэж сурах сан гэсэн мөрөөдөлд мануус автав. Гачлантай нь илтгэх үг маниусаас урсахгүй. Урсах үг байтугай хэлэх ганц хувьсгалч үг маниусын цээжинд байхгүй юм чинь сургагч шиг яаж илтгэхэв. Гэвч торохгүй илтгэхийг хүсэж нууцаар хөдөө хээр гараа занган тэнгэрийн хаяа өөд гозолзуулж халимгаа байн байн илж байгаад дасгал хийнэ. Сургагч илтгэхдээ империализм болон ангийн дайсныг занаж хилэгнэхээрээ ташаан дахь буугаа суга татаж буудах нь уу гэмээр шагааснаа бууныхаа ам руу үлээгээд малгайнхаа саравч өөд олино. Маниус энэ урлагийг дуурайж, нагаанаа үе үе тэмтрэх ба нагаанаа суга татах агшин ирээсэй гэж тэсэж ядан хүлээнэ. Дайснаа танихгүй атлаа тэднийг буудаж үзэх хорхой гозгонож байсныг нуугаад яахав.

Хувьсгал гэдэг нь улаан галзуу дайралт байжээ. Монголын уламжлалт нандин өв соёл, зан заншил, бичиг үсэг, шашин шүтлэг, сүм хийд, мал сүрэг, газар шороо, ахуйг орвонгоор нь хувьсган өөрчлөх түймэр аслаа. Хувьсгалт хэнээ туссан маниус ч бас хоцорсонгүй. Бид толгойдоо халимаг сэгсчүүлж, ташаандаа буу савчуулж, хаашаа хэн рүү довтлохоо мэдэхгүй ч хий гүйлдэж бужигнав. Бас хар аяндаа мэдэхгүй үзээгүй дайснаа ихээр занах өвчинд автлаа. Ганц командаар бүхнийг чичрүүлэн айлгах сургагчийн омог бардам түрэмгийллийг эзэмших сэн! За тэгээд цэрэг хувцас, ногоон малгай, савхин гутал маниусыг ховстлоо. Ирээдүйд чухам юу болохыг төсөөлөөгүй атлаа маниус хар аяндаа хий л ингэж онгирцгоов.

Харамсалтай нь маниус удаан онгирсонгүй. Сургагч нэг өдөр гар буугаа дээр өргөөд маниусыг “Хувьсгал хийгээд марш!” гэж командлав. Чухам юу хийхээ мэдэхгүй тэнэгтэн ийш тийш миегэнэвэл маниусын тэнэгт уур нь бадарсан сургагч ташаандаа зүүсэн буугаар зүв зүгээр “Ура” чангаар хашгирч явсан бидэн дундаа бичиг үсэгт тайлагдсан нөхрийг минь “ардын дайсан, эсэргүүн” хэмээн гавлыг нь зад буудаж, үзүүлэх сургууль үйлдэж, маниусыг чичрүүллээ. Тэгсний дараа айж үхэхээ шахсан маниусыг “Бүгдийг хувьсга” гэж заналхийв.

Эхлээд юуны өмнө бичгийн мэргэд болох нөгөө язгууртан ноёд лам хуврагаа толгой дараалан хувьсга! гэж тулгалаа. Тэднийг яаж хувьсгах билээ гэвэл бурхан минь бүгдийг буудаж хувьсгах юм гэнэ. Буудахгүй гэж гүрийвэл маниусыг хувьсгах номтой нь тодров. Хувьсгалаа. Бас хувьсгууллаа. Мөн бие биеэ хувьсгахаа маниус өөрсдөө дөнгөв. Хувьсгана гэдэг хар дарсан зүүд, бие болоод сэтгэлийн дайрлага байв. Цусаар шуурсан улаан хувьсгалын хуй салхинд маниус алтан амь, эхнэр хүүхэд, орон гэр, мал сүргээ хийсгэв. Мэхлэгдсэндээ маш их гутарлаа. Гэвч хожимджээ. Ингэж чадуулсан намтраа эдүгээ ардчиллыг далимдуулан хойч үеийн Төр Засагт сонордуулбал бурууддаг бол уу яадаг бол?

Мануус гэдэг чинь уг нь орчин үеийн улстөрч лидерүүдийн өвөө эмээ нар ньшүү дээ. Та нарын шүтээн болгон залсан “хувьсгал” хэмээх цоо шинэ үгний бөгсөн дор мануусын цогцос, хувь заяа булаастай хэвтээг бүү мартаарай! Оршдоггүй бурхан шүтэж хууртахад юу ч алдахгүй. Хууртлаа гээд нигүүлсэнгүйн хоосон чанарт залбираа л биз. Хоосон чанарт мөргөсний гай гэж юу байхав. Харин өвөө эмээгээ хөнөөсөн ХУВЬСГАЛ хэмээх оршдог бурханд сохроор биширч хэдэн үеэрээ мэхлэгдсэн үр удам та нар минь даанч харамсалтай. Алуурчнаа танихгүй тэргүүн дээрээ “суут их багш” гэж залсаар насыг элээхээс илүү гутамшиг хорвоод үгүй.

Шүтэж буй “хувьсгал” гэгч “бурхан” чинь өвөө эмээ нарын чинь яргалагч байсан юм шүү. Энэ ов мэхийг тайлахад хялбар. Эхлээд монголчуудыг бурхангүйчүүд болгох. Дараа нь бурхангүйчүүдийг “хувьсгал” гэгч хийрхлээр солиоруулж, удам судрынхаа үнэт зүйлсийг дээдлэх ой санамжгүй боолоо болгох. Ердөө л энэ! Хувьсгал ингэж эхэлсэн бөгөөд мануус дух руугаа буудуулсан тул хувьсгал цааш яаж өрнөснийг үзээгүй. Харин мануусын амьдад Монгол Ардын Намыг, Монгол Ардын Хувьсгалт Нам болгосноор хувьсгалын галзуу улаан түйрэнд өртөөгүй хоточ банхар ч үлдээгүйг нүдээр үзэж, биеэр амссанаа Монголын ирээдүйн жолоодогч нарт бүдүүвчлэн уламжлав.

УЛААН НИЙСЛЭЛ

Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж харанхуй хоцрогдсон ард түмнийг минь цаагуураа хувьсгалт хийрхэлд ёргиох өнгө аясаар нэр хайрласныг эдүгээ бид мэдрэхгүй дүнхүүтсээр явна. Гэхдээ Рыскулов өөрөө өгсөн үү, эсвэл цаанаас нь бэлтгэж өгөв үү? Дээд-Үд Улаан-Үд болж, Кызыл улаан гэсэн тува үг, Их хүрээ Улаанбаатар болсон нь бүгд болъщевик оросын өгсөн нэр гэх түүхчид бий. “Улаанбаатар” гэсэн нэрийг сольё гэвэл эдүгээ дэлбэртлээ бухимдах тархины рактай хүн зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд “орос ах” гэх юунаас ч солишгүй шүтлэг одоо ч час улаанаар бадарч буй.

Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгзэгтэй түүхэн тэр үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг улаан коммунист хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг. Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон мөнхөрч хойшид монголчууд үеийн үед болъщевик улаантан явна гэсэн тангараг болжээ. Зүгээр ч нэг улаантан бус бүр баатар улаантан. Баатар улаантан юм хойно хэлмэгдлийг ёстой баатарлагаар үйлдэв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХ-ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын уриа харанхуй Монголд нийслэлийн нь алдар болон шүтүүлжээ.

Энэ доромжиллыг гадаадынхан бол андахгүй. Тэд бидний нүүрэн дээр доторх ёжлолоо нууцлан жуумалзаж буй. Харин бид ухаардаггүй. Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 100 жил ухаарахгүй эргүүтсэн тархиндаа дээдлэн залсаар маанагтаж явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь яахав. Заавал “улаан” байдаг нь гол хорон санаа нь! Улаанбаатар буюу болъщевикбаатар гэдэг нь харанхуй монголчуудыг далдуур болъщевик үзэлд элсүүлж авсны билэг тэмдэг билээ. Болъщевик хүнийг улаантан гэдэг. Улаан коммунизм гэж дэлхий даяараа цоллодог. Улаантан гэдэг нэрэн дээр дүнхүү монголчуудыг хөөргөх гэж “баатар” гэсэн дуртай тодотголыг нь нэмж өгчээ. Залуус та нар гадаад найз нартаа нийслэлээ Болъщевикбаатар, Коммунистбаатар хот гэж орчуул! Ямар сонсогдож байна гэж асуу? Гадныхан нүүрэн дээр чинь улайм цайм ил шоолохгүйг тооцоорой. Улаанбаатар гэдэг чухамдаа болъщевик улаан баатар хот гэсэн нэр гэдгийг бүгдээрээ ухаарах сан. Яая даа байз.

Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөн их мөрөн ус ундаар мөнхөд тэтгэнэ гэх билэгдэл төрдөг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрлэсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор дутсан биз. Зөвлөлт импер задармагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав. Мөн ардчилсан оросууд Ленинград, Свердловск хотынхоо нэрийг хуучнаар нь Санкт Петербург, Екатринбург гэх болов. Бид болъщевик оросыг дуурайна уу гэхээс ардчилсан оросыг дуурайхгүй байгаа нь коммунист хордлого гүнийнх. Гүн хордлого тайлагдахгүй ужгирдаг. Бүр үхүүлэх нь ч бий.

Красный богатырь гэхээр яруу найрагч В.Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган, санваартан, язгууртан, газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хошуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онд тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч бас тийм том улаан Баатар зурж байв. Орос винтовныхоо жаданд олон одой ван гүн, шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хошуу хадсан аварга том улаан Баатар зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ.

Хүйтэн ухаанаар зохиосон номлол хорон санааныхаа арвайж сарвайсан урт урт тэмтрүүлийг цаг ямагт сунгаж, тал хээрийн тархай бутархай бидний хат суугаагүй цайлган тархи руу улам лав шигтгэсээр ирснийг бидний олонх одоо ч ухаарахыг хүсэхгүйд гайхаш барагднам. Цусанд хутгалдаж, даян дэлхийд алуурчаараа адлуулсан улаантны улаан баатруудаар (дэлхийд ганцаараа) нэрлэгдсэн нийслэлийн минь нэр солигдсон тэр л агшинд монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэх үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.

Ц.Доржготов /baabar.mn/

Ч.Сайханбилэг: Улс төрөө бага хий, урдах ажлаа нугал!

0

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Оюу толгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөринхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж бодлоо.

Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг.

Тухайлбал 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан юм. Тэр үеийн эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцомбуурсан нөхцөл байдалд бид энэхүү төслийг хөдөлгөж чадсан. Тухайн үед Рио Тинто компани 2 жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, ил уурхайгаараа үргэлжлүүлээд явж байна гэдэг байр суурьтай байсан. Ийм хүнд хэцүү нөхцөлд бид 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг тухайн үед нь байгуулж чадсан юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь юу вэ гэдгийг 2-хон өгүүлбэрээр хэлье. Та бидний сайн мэдэх ТТ-н нүүрсний уурхайтай жишихэд, ТТ нүүрсний уурхай авто машинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрвээ бид цаг хугацаанд ньзөв төмөр замыг, зөв царигаар нь, зөв хугацаанд нь хийж чадсан бол ТТ бүтээн байгуулалт, ТТ-н нүүрсний экспорт хэд дахин нэмэгдэх үү? Түүнтэй адилхан Далд уурхайн бүтээн байгуулалтбол өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа учраас хуучин Ил уурхайг зөвхөн экспортолж байх үеэс 3-4 дахин их хүчин чадлаар далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр уг төсөл хэрэгжээд явах бололцоотой болох юм.

Түүнээс гадна Далд уурхай 2023 он гэхэдашиглалтанд орохоор байгаа.

Өөрөөр хэлбэл хэрвээ өнөөдөр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх 2 жишээнээс шууд харагдаж байгаа юм.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Тухайлбал Рио Тинто компанийн ганцаараа хоёр жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй.

Магадгүй энэ гэрээ хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр зарим асуудлыг шийдэх бололцоо гарч ирэх байх. 50,60,70 хувиар зарим асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьд бол том амжилт болно.Гэхдээ ард чинь мэдээж популист улс төрчид хүлээж байгаа. Нэг үгээр хэлбэл яагаад заавал 50,60,70 хувиар шийдэж байгаа юм, яагаад 80,90,100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төржилт бол байнга явагдана.

Том төсөл хөтөлбөр цаг хугацааны эрхэнд байнга сайжирч, шинэчлэгдэж байдаг утга учиртай. Үүнийг таны сайн мэдэх Эрдэнэт төсөлтэй харьцуулж тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол Улс өөрөө нийгмийн огт өөр байгуулалтай байх үед анх гэрээ хэлэлцээр нь байгуулагджээ. Тухайн үед ЗХУ, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублээр үнэлж, үүний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол Улс өөрөө хөрөнгөөрөө гаргана. Энэ хөрөнгөө Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаасаа Монгол Улс төлнө шүү гэдэг үндсэн нөхцөлтэй гэрээг тухайн үед хийж байсан.

Гэхдээ ЗХУ дэлхийн зах зээлийн үнээр Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалыг аваагүй. Маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрсдөө хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр авч байсан. Мөн Монгол Улс 1973 оноос эхэлсэн энэ төслийн олонхи хувь буюу 51 хувийгаа авах шийдвэрийг 1991 онд анх гаргаж байсан байдаг.

1998-1999 оны үед дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 1300 доллараас доош унаж байх үед тус үйлдвэрээс татвар, ашиг авах битгий хэл, улсын төсвөөс ямар татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудалд хүрч байсан үе ч байдаг.

1973 онд эхэлснээсээ хойш Гэрээ хэлэлцээрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүх ч бас байдаг. 2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ. Үүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн ЗГ ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч бишээ гэдгийг бас ойлгох учиртай. Дараа дараагийн Засгийн газрууд Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлуудыг бас өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд цаашид хэрэгжүүлээд явах нь дамжиггүй.

Үүнээс гадна одоо Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа боловуу гэж бодож байна. Учир нь олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Цаашид УИХ дээр мэдээж дагасан асуудлууд үүснэ. Зөндөө Поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гэрээ хэлэлцээр дуусаад л маргаашаас нь эхлэн яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад тэр асуудлаа шийдээгүй, яагаад энэ асуудлаа орхигдуулсан юм гэдэг улс төржилт бол байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалтай холбогдож байсан тухайн үеийн ЗГ–ын удирдлага, тэр үеийн хүмүүсээ ийнхүү улс төрийн хэрэгт холбогдуулж явах нь ямар ч утга учиргүй зүйл юм. Тийм учраас би Засгийн газарт Улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ Засгийн газар, Гүйцэтгэх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нэг том үүрэг, ажил чинь бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой. Энэ шийдлийгээ гаргаж яв, улс төр хийх цаг хугацаа бол хэзээд олдоно. Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсаны дараа Засгийн газарт итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг тухайн үеийн УИХ дээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед УИХ-д АН өөрөө олонхийн суудал аваагүй байсан хэдий ч Дубайн гэрээнээс шалтгаалж эсвэл Оюу толгойн том төслөөс болж Засгийн газрыг огцруулах асуудал байхгүй гэдэг улстөрийнхөө шийдвэрийг тухайн үеийн Парламент гаргаад явж байсан түүх бий. Цаашдаа ч тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга улам сайжирч явна гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас энэ амаргүй, хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд чинь та бүхэнд амжилт хүсч, урагшаа харсан зохих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргах болтугай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна.