2024.03.29, Friday
spot_img
НҮҮР3Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Бэтгэрэх, ганцаардах, уймрах, хуйсагнах. Энэ бол миний сүүлийн нэг сар гаруй хугацаанд мэдэрсэн сэтгэлийн хөдөлгөөнүүд. Монгол хэлээрээ гүн гүнзгий удаан ярилцахыг санаж өгүүлээд бэтгэрэв. Хань татаж ярих хүнээ олохгүй зүдэрч ганцаардав. Надад хэн ч туслахгүй байна шүү дээ гээд ганцаараа хэсэг уймрав. Надаас өөр надад туслах, намайг аврах хүн байхгүй шүү дээ гээд баатарлагаар босох гэж оролдовч буцаж сэтгэл маань шалаар нэг тарчихаад хөл дээрээ зогсож өгөхгүй хуйсагнав.

Хүний амьдралд давтамж, давхцал гэдэг зүйл сонин шүү. Өнгөрсөн жил долоон сард айхтар гутарч билээ. Маш цөөхөн үгээр би гутарсан байсан, нүдний шил хагарсан, нэгэн далд мэдрэмжтэй хүн гэнэтхэн таараад л чиний амьдралд олон сайхан зүйл тохиолдоно, гэхдээ зарим зүйл бас тийм ч амар санаснаар болохгүй гэж хэлж байсан. Энэ жил дахиад л би өнөөх гунигийн давалгаандаа чимээгүй зогсож байгаад унатлаа цохиулав. Тэгээд утасны хамгаалалтын шил хагарч таарав, харь орны танихгүй хүн өнөөх өмнө жил таарсан хүний үгийг давтаадхав. “Сонин юм шүү, зовох нь амьдрал болоод гуних нь тодорхой боловч амьдрал цаанаасаа ийм давтамжаар дүүрэн байх гэж” гэж таньснаас хойш хорвоо ертөнцийн тоон давтамж миний анхаарлыг татаад өнөөх гунигийн сүүдэр сониучхарлын гэгээгээр солигдчихов.

Давтамж бол хүний нийгмийн суурь. Аливаа юмс олон давтагдаад байгаа учраас бид нийлээд амьдрал зохиогоод, цугларч тэр давтамжаа ярилцан сургууль үүсгээд, ярилцсан учраас гарцаа хэлэлцэн бүтээн байгуулалт хийгээд, бүтээчихсэн байсан зүйл нь давтамжтайгаар миарч таарсан тул тэрэн дээр шинэчлэл хийгдээд тэрийг нь бид инноваци гэж нэрлэдэг байх нь. Нөгөө талд хүний нийгмээс ч давсан гайхалтай зүйл юу гээч, хорвоо дэлхий. Тэгээд хорвоо дэлхийг чимдэг хамгийн тод зүйл нь санамсаргүй байдал. Санамсаргүй хар нүхний дэлбэрэлт болоод энэ ертөнц үүссэн гэнэ, санамсаргүй хоёр хүн алхаж яваад дахиад сэтгэл хөдлөлийн дэлбэрэлт үүсээд дурлалцаж хайр үүссэн гэнэ, санамсаргүй тэгээд дахиад ижил төрлийн хүн бүтээчихэж гэнэ. Гэнэн боловч давтамжинд суурилсан магадлалтай гаргалгаа шүү.

Жоохон хальчихлаа, буцаад хэлэх гэсэн гол санаа руугаа бичвэрээ чирье.

Би жилдээ нэг давтамжтай гунидаг хүн юм байна гэдгээ ойлгосны дараа надад энэ удаагийн гуниг гутрал юунаас эхлэв гэдгээ эрж хайх асуулт тулав. Тэгээд энэ нь би нийгмийн шаардлагаар ажлын мал болоод бие минь цуцаад цуцсан биеээ хүчлэн дахиад зүтгэж байх зуур энэ их ачааллыг сэтгэл зүй минь даахгүй гутарчихаж. Харамсалтай нь бидний ихэнх нь ажлаас болж бие цуцаж, сэтгэл туйлдаж байгааг анзааралгүй дахиж зүтгэсээр байгаад нэгэнтээ оройтдог. Хүн сэтгэлээрээ зөндөө хол явж чадна, оюун бодлоороо тэрнээс ч ихийг бүтээж чадна. Гэхдээ биеийн хүчээр, мунарч ажиллаад, мундаг байгаад тийм хол хүрэхгүй. Ажлын муна болсон хүн, ажлаа амьдралаасаа өмнө тавьж завгүй байгаа хүн хол явлаа гэхэд тэтгэвэрт гарна. Хойд жил нь олсон ихэнх мөнгө эм тарианы мөнгөнд үрэх хэрэг гарна. Хөдөлмөрийн хуулинд долоо хоногийн ажлын цагийг гоё эсвэл ойр санагдсан болохоор нь 40 гэж бичээгүй юм. Дөчөөс илүү цаг ажиллавал чиний бие болоод сэтгэлийн эрүүл мэнд туйлдах учраас ажлын ширээний ард сууж байтал амьдрал чинь хажуугаар чинь урсаад өнгөрчих учраас цаг тавьж өгч байгаа юм. Тиймээс Долгор нь өөрийнхөө үеийн залууст, өөрөөсөө дээш доошоо ах эгч дүү нартаа захихад ажил кареер чухал, гэхдээ битгий мундаг байгаарай. Тэрний оронд авхаалжтай, цэгцтэй, ухаантай, сэргэг байгаарай. Цэгцтэй ухаантай хүн махарч суухгүй, маргааш үрэгдэж магадгүй ирээдүйдээ санаа тавина, өнөөдөр ч бас өнгөрч байгаа амьдралаараа амьдарна.

Дундаж монгол Долгор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!