2025.06.19, Пүрэв
spot_img

Засгийн газрын үнэ тогтворжуулах БОДЛОГО

0

Монгол Улсын Засгийн газар төсөв тодотгох асуудлаар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргажээ. Гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй холбогдох сайд нар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Төсөвт байгууллагуудын оффис, театр, музей, цогцолбор бусад талбайн зардлуудыг хасч байна. Суурь реформын асуудал дээр бид анхаарна. Шаардлагагүй газруудыг нэгтгье эсвэл татан буулгъя. Хэмнэлттэй холбоотой асуудлуудыг хуульчлъя. Хуульд ямар асуудлуудаа хэмнэх үү гэдгээ шийдье. Энэ дээр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын харьяа байгууллагууд, шүүх гээд Засгийн газрын шууд харьяа бус газруудыг оруулъя. Бүгдийг нь төсөвт байгууллага гээд тодорхойлъё. Байгууллагууд тус тусдаа автомашин авч байна энийг нэг болгъё.

Төр зайлшгүй оролцох шаардлагагүй төрийн өмчит байгууллагуудыг хувьчилна. Заримыг нь иргэдийн хяналтад шилжүүлье.

Дээрээс нь зарлагын агуулгыг хуульчилъя. УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Сайд нараас илүү орон нутаг руу төсөв явчих тохиолдол байна. Тэгш бус хуваарилалт байна. Эхлээд реформын санал дээрээ тогтъё.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сургууль цэцэрлэгийн дутагдалтай байгаа хороо дүүрэг дээр хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулбал хувьсах зардлыг нь хоёр дахин олгоно. Төрийн тусгайгаас бусад газруудын дүрэм хувцас дээр хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Энийг танана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

 

-Сайн дураараа НДШ төлдөг хүмүүсийн 50 хувь буцаан олгогдоно. Энэ бол зөвхөн энэ жил хэрэгжих заалт шүү. Төрийн байгууллагад ажиллаж буй даатгуулагчид, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж буй даатгуулагчид, газрын тос, уул уурхайн чиглэлээр ажилладаг даатгуулагчид НДШ-ийн чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй. Бусад бүхий л байгууллагад ажилладаг даатгуулагчид НДШ-ийн ажилтны өөрийн төлдөг даатгалын 4.5 хувийг буцаан олгоно. Үүнд мөн сайн дураараа шимтгэл төлдөг даатгуулагчид хамрагдана.

-Будаа, гурил, ургамлыг тосыг импортын татвараас чөлөөлнө гэнэ. Ингэхээр үнэ нь буух уу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Цагаан будаа, сахарыг бид 100 хувь импортоор авч байгаа. Бид гадаад үнийн өсөлтийг зохицуулж чадахгүй учир Засгийн газар ийм арга хэмжээ авч байна.

-Хууль батлагдвал үнийн хөөрөгдөлтөд яаж нөлөөлөх вэ ?

-Шууд нөлөөлнө. Мах, гурил бол үнийн хөөрөгдөлтөд хамгийн өртдөг хоёр бүтээгдэхүүн. Мөн шатахуун бий. Шатахууны үнэ нэмэгдвэл бусад бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ дээр нөөц нэмэгдүүлэх замаар үнийг нь тогтвортой байлгая гэж байна.

-Хувийн цэцэрлэгүүд үнэгүй болно гэсэн үг үү? Хувьсах зардлыг нь нэмнэ гэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хувийн хэвшлийг дэмжиж байна. Гэхдээ яг хүрэлцээ муутай байршил дээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нэмнэ. 57 байршил дээр 100 гаруй цэцэрлэг хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн зардлыг дэмжих замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-НДШ-ийн буцаан олголт хэзээ орох вэ?

-НДШ-ийн буцаан олголт тодотголоор шийднэ. Төсвийн тодотгол батлагдвал буцаан олголт эхэлнэ. Ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэх байх.

-Цементийн үнэ буурах уу? Ажлын хэсгийн дүгнэлт байна уу?

-Үнэ буулгах нь боломжгүй асуудал. Цаашид өсгөхгүй байх тал дээр хэлж ярьж байгаа зүйл бий.

-Хэзээ хил нээх вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бидний хамгийн хүлээж буй асуудал. Эдийн засгийн гол харилцагч БНХАУ-д цар тахлын асуудал хүндэрч байна. Монголтой хиллэж буй газруудад нь халдвар их байна. Бид байнга мэдээлэл авч байгаа. Ихэнхи газрууд хаалттай байгаа. Цар тахлын нөхцөл байдал хэзээ сайжрах вэ гэдгийг хэлэхэд хэцүү.

Ирэх арваннэгдүгээр сараас байдал гайгүй болно гэж албаныхан өгч байна. Үүнээс өмнө гайгүй болчихоосой гэж хүсч байна.

Орос, Украины зөрчилт байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Үнэтэй холбоотой асуудал дээр хэлэхэд гадаадад бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл яаж ч чадахгүй. Өнөөдрийн шийдвэр бол онцгой үеийн шийдвэр. Бензиний үнийг төр зохицуулах нь аргаа барсан арга. Инфляци, валют бол Засгийн газрын асуудал биш. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн учир Засгийн газар бүхий л дэмжлэгийг үзүүлж байна. Энэ зохицуулалт он дуусаад үгүй болох ёстой. Улстөрчид үүнийг битгий мушгиач.

Аж ахуй нэгжүүддээ уриалмаар байна. Бид чадах бүхнээ л хийж байна. Гурил үйлдвэрлэгчид, будаа, тос, сахар оруулж ирдэг компаниуд ашгаас гадна эх оронч хандаарай.

Зохиомол хөөрөгдөл битгий үүсгээрэй. Төр шаардлага, хяналт тавьж ажиллах болно. Бид 1992 оноос зах зээлийн чөлөөт нийгмийг сонгосон. Төр бүх юмны үнийг барьж чадахгүй.

-Бензиний үнийг барих мөнгийг хаанаас гаргах юм бэ?

-Бид мөнгө хэвлэхгүйгээр зохицуулалт хийх боломжтой. Засгийн газар, Төв банкинд дэмжлэг үзүүлэх гол зүйл бол валютын нөөц. Тэрбум орчим ам.долларын дутагдалд Монгол Улс орчихсон явна. Зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ярилцаж байна.

-Нефтийн үйлдвэр яасан бэ. Хэзээ баригдаж дуусах вэ?

-Хоолой тавих, хайгуул хийх зэрэг асуудлууд бий. Ачаа тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тендерийн үнэ огцом өссөн. Энэтхэгийн ерөнхий сайд руу захидал бичсэн. Хоёр тал ажлын хэсэг гаргасан. Бид нефтийн үйлдвэр барихаас буцахгүй. Ингэж байж хараат байдлаасаа гарна. Нефтийг дотооддоо үйлдвэрлэх компаниудыг бид дэмжинэ.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гаргасан шийдвэр дээрээ бат зогсч чадах уу?

-Эрдэнэтийн 49 хувь дээр хэлэхэд би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс хонзон байхгүй. Төр хувийн эзэмшлийн өмчийг булааж авах гээд байгаа юм биш. Хэсэг бүлэг хүмүүс төрийн дээр, хуулийн дээр байж болохгүй. Яагаад зээлээд төлөхгүй байгаа юм бэ? Өөрөө банктай хүн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудал хууль бусаар явсан. “Кью Эс Си” олборлож хууль бусаар мөнгө олж байсан. Хөтөл бас тийм. Цаасан дээр компани байгуулаад ашигтай хэсгийг нь авч яваа л зүйл. Цаашид ийм зүйл байж болохгүй.

430 орчим сая ам.доллар шилжээд Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн. Харин энэ мөнгө хэрхэн задрах вэ, хэн хэн оролцсон бэ гэдгийг шүүх тогтооно.

Шаардлагатай бичиг баримтыг бид гаргаж өгнө. Хөгжлийн банкийг ил гаргаагүй байсан бол Засгийн газар, татвар төлөгчид өрийг нь төлөх байсан. Хөгжлийн банк, 49 хувь нэг л асуудал. Дарханы төмөрлөг, Хөтөл бол нэг л асуудал. Энэ бүгд шүүх дээр эцэслэгдэн шийдэгдэх ёстой. Мөн Тавантолгойтой холбоотой асуудал бий. Тээвэрлэлт дээр нь асар том асуудал гарч ирнэ. Энэ асуудлууд шийдэгдвэл Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлнэ.

-Том оврын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уу?

-Олон нийтэд нээлттэй худалдаална. Хэн нэгэн улстөрч өөрөө авна гэж байхгүй.

-Төрийн автомашинуудыг өнгөөр ялгах уу?

-Өнгөөр ялгахыг хуульчилна.

-Хариуцлагагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Цаашдаа төрөөс дэмжихгүй. Мах, гурил, шатахууны хэдхэн компани бий. Эдгээр компаниуд маань хариуцлагатай хандана гэж найдаж байгаа. Дотооддоо бензин үйлдвэрлэж, төмөр замтай болж байж л энэ амаргүй байдлаас гарна.

Үнийн өсөлт 74 хувьтай байна. Өнгөрсөн долоо хоног Засгийн газар бүхэлдээ энэ асуудал дээр хариу арга хэмжээ авах гэж ажиллалаа. Ирэх долоо хоногт төсвийн тодотгол дээр анхаарна.

Хоёр долоо хоног үргэлжлэх байх. Хууль батлагдвал үр дүн гарна. Нийгэм даяар төсвийн хэмнэлттэй холбоотой хэлэлцүүлэг болно. Иргэд маань хандаарай. Хэт хурдан шийдвэл алдаа гарна. Их нухацтай хандах нь зүйтэй. Төрд нуух юм байхгүй. Ил тод явах нь чухал. Хөгжлийн банк, Эрдэнэт, шударга ёс, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд дээр бид 10 гаруй хоногийн дараа ойлголт өгнө. Шүүхийн тогтолцоо, нээлттэй болох бодлого зэрэг асуудлууд бий. Үүний дараа тогтолцооны өөрчлөлттэй холбоотой мэдэгдэл хийнэ. Өнгөрсөн долоо хоногт үнэтэй холбоотой ажиллалаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газар гэрээ хийхгүй. Зээлийн хүү, Засгийн газар баталгаа зэрэг дээр нь бид дэмжинэ. Хэрэв ингээд үнээ тогтворжуулж чадахгүй бол энэ бүх дэмжлэгээ больж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Циркийн асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Олон нийтийн хяналтад оруулна гэдэг л зөв.  Өмчлөл, хувьчлал сайн байдаггүй олон жишээ бий.. Улс төрд нөлөөтэй хүмүүс хувьчлаад авдаг тал бий. Дараа нь олон асуудал үүсдэг.

-Төмөр замын тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг олгохгүй гэнэ. Хэзээнээс хэвийн олгох вэ? 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Би сайн мэдэхгүй байна. Л.Халтар сайд байсан бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байсан. Төмөр замын ачаалалтай холбоотой байх. Ийм учраас зохицуулалт хийх байх.

Ерөнхий сайдын хэлсэн болон "нуусан" үг

0

Өчигдөр Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний /шатахуун, гурил, мах, зайлшгүй шаардлагатай эм/ хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа сайд нартай зэрэгцэж суугаад сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн дунд болон улс төрийн хүрээнд нэлээд “донсолгоо” авчирч мэдэхүйц зарим нэг сэдвийг хөндсөний дотор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн асуудал багтав. Уул уурхайн үндэсний (орон нутгийн чанартай бус) бөгөөд төрийн өмчит компаниудад менежмент хийж, засаглалаар хангах үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дор “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”… гэх мэтчилэн арав гаруй охин компани бий. Сүүлд “Эрдэнэс Силвэр” орж ирсэн байх ёстой. Тус бүртээ ТУЗ-тэй, нэг үгээр засаглалтай. Тэнд нь бас л улс төрд нөлөө бүхий эрхмүүд суудаг. Яамны газар, агентлагийн даргаас өгсүүлээд дээшээ явна.

Гэтэл тэр газарт ч бас төрийн хяналтаас гадуур, төсөвт хамааралгүй их хэмжээний мөнгө эргэж байгаа тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв. Байдлыг нягтлахаар Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан, хууль хяналтын нөхдүүдээс гадна Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүмүүс багтсан гэнэ.

Уг хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголоос дэлхийн зах зээлд гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүн, түүхийн эдийн үнэ түүхэн дээд хэмжээнд байна” гэж хэлсэн. Гол үндсэн бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн баяжмал. Манай улс энэ онд 36,7 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд байхад л манай экспорт эсрэгээрээ буураад байдаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд гэтэл 42 сая тонн нүүрс экспортолно гэж төсвөө төлөвлөж байж. Нүүрсний үнэ өсөөд, өндөр ашиг олоод байгаа учраас экспортоо багасгаад байгаа юм болов уу? Үгүй л дээ. Тээвэрлэлтээ хийж, зах зээлд хүргэж чадахгүй байгаа учраас тэр.

Өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэсэн 176 машин гарсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш нэг өдөрт хамгийн олон автомашин гарсан тохиолдол болов хэмээн “SXCoal” мэдээлсэн байна. Гэтэл өмнө нь энэ боомтоор хоногтоо 1500 машин гардаг байв. Мэдээж цар тахал, хорио цээр, дэлхий нийтээр нүүрлэсэн эдийн засгийн хямрал гээд олон шалтаг шалтгаан байгаа л даа. Гэхдээ хамгийн том шалтгаан нь бид өөрсдөө. Нэлээд бодитой байж болохуйц нэг фактыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хэлсэн. Юу гэвэл, Тавантолгойн нүүрс уурхайн  аман дээрээ 60 доллар, хилийн цаана очихдоо 120-180 доллар. Энэ дундах 60-70 долларын зөрүүг завшдаг бүхэл бүтэн бүлэглэл байна. Үүнийг цэгцлэхэд манай улсын ДНБ хоёр дахин тэлнэ гэв. Мөн энэ бүлэглэл сүүлийн 17-20 жил оршин тогтнож байгааг хэлэв. Гашуунсухайтын төмөр замыг бариулахгүй арав гаруй жил гацаасан шалтгаан Хятадаас орж ирэх танктай холбоогүй байсны бас нэг нотолгоо.

Төмөр зам, нүүрсний асуудал босч ирэх болгонд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүх нүглийг үүрдэг. Зарим нэг нь “Ганцхан хүнээс шалтгаалдаг төрийн бодлого гэж юу байсан юм бэ” гэдэг. Үнэндээ тэр нь ганц хүн байгаагүй юмаа гэдгийг өчигдөр Ерөнхий сайд өөрийн амаар хэллээ. Улс төрд нөлөө бүхий лидерүүд, мөн Өвөр Монголын Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэсэн. Үнэн эсэх, яг хэн хэн байсан бэ гэдгийг шалгаж байж мэднэ. Ямартай ч татвар ч төлдөггүй, хаана ч бүртгэгддэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг арав гаруй жил гацаасан гэдгийг Ерөнхий сайд өөрийн амаар хэллээ. Хэвлэл мэдээллийнхэн болоод эдийн засагчдын зүгээс цаг үргэлж хонх цохисоор ирсэн энэ асуудлыг төрийн буюу Засгийн газрын түвшинд хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болов.

Өмнө нь бол УИХ-ын дарга нь гарч ирээд (тэр үед З.Энхболд байсан байх) “Төмөр зам барьчихвал 15000 тээврийн жолооч ажилгүй болно. Тэдэнд төлж байгаа тээврийн зардал манайд үлдэхгүй” гэж ярьж байсан юм шүү дээ. Юун тэр ДНБ-ий өсөлт, тэлэлт. Барилгын яамны сайд нь гарч ирээд “Төмөр зам тавьчихвал хятадууд танк ачаад ороод ирнэ” гэдэг ганц үгээр Гашуунсухайтын төмөр замын төслийг нам зогсоож байлаа. Бүр хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр барих гэж байсан төслийг зогсоогоод одоо төсвийн хөрөнгөөр барьж байна. Төмөр замыг гацаасан нь танктай холбоогүй гэдгийг тэр үеийн парламент ч гэсэн мэдэж л байсан. Харин ард нь өөр эрх ашиг байжээ гэсэн үг.

Атал нөгөө Хятад нь манайх руу танк оруулахтай манатай. Дэлхийн нүүрсний хэрэглээний тал хувийг манай хөрш ганцаараа сордог. “Хятад бол нүүрс юм, нүүрс бол Хятад юм” гэсэн билүү. Тэр их хэрэглээнийхээ 90 хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн 10-хан хувь дээр нь Монгол, Орос, Австрали, Канад, бүр Өмнөд Африкууд өрсөлддөг гэнэ ээ. Харин манай Засгийн газрууд “танкнаас айгаад” төмөр замаа тавихгүй явсаар байтал тэр хооронд нь Оросууд Манжуур луу эрчим хүчний нүүрс зөөгөөд эхэлчихсэн. Өнгөрөгч оны есдүгээр  сард “Хойд Америкийн нүүрс олборлогчид Хятад руу нийлүүлсэн коксжих нүүрснийхээ хэмжээгээр Оросыг гүйцэж, Хятадын хувьд томоохон нийлүүлэгч боллоо” гэж Москва мэдээлжээ. Хятад улсын гаалийн статистикийн мэдээгээр өнгөрсөн онд АНУ, Канадаас тус улсад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 87-92 хувиар өссөн байна. Үүнийг манай улсын эдийн засагт учирсан бодит хохиролд тооцож болно. Хэрвээ бид төмөр замаа барьчихсан байсан хэдий хэр ашиг олох байсан бол?

Ямартай ч, Хөгжлийн банкны асуудал дуусмагц ТӨҮГ-уудын асуудлыг гаргаж тавина, түүнд нь хамгийн түрүүнд “Эрдэнэс Монгол” ХХК дайрагдана гэдгийг Ерөнхий сайд өөрийн биеэр зарлалаа. Нэгдүгээрт, энэ нь Хөгжлийн банкийг тойрсон дуулиан шуугианаас анхаарал сарниулах улс төрийн пиар ажиллагаа битгий байгаасай. Хоёрдугаарт, парламент доторх кнопны тоо, хүчний харьцаа, улс төрийн нөлөө зэргийг дурьдаж ярьснаас үзвэл нам дотроо ч гэсэн тухайн асуудал дээр нэгдмэл биш байгаа юм байна гэж ойлголоо. Харин Л.Оюун-Эрдэнэд байгаа давуу тал нь “нөлөө бүхий” гэж үзэгдээд байгаа өмнөх үеийнхээ улстөрчдөөс бүтэн нэг үеэр тасарсанд байх шиг. Ар араасаа, шил шилээ дэрлээд улс төрд орж ирсэн, үе нас, туршлага ойролцоо, ашиг сонирхлоороо гагнагдчихсан нөхдийн хувьд нэг нь нөгөөгийнхөө эсрэг зогсоно гэдэг тийм амархан биш.

Ер нь бол Ерөнхий сайд өөрийн амаар хэлээгүй боловч түүний хэлсэн баримтууд бол “төр өмчтэй байх нь буруу юмаа” гэдгийн бас нэг нотолгоо. Гэтэл саяхны Салхитын мөнгөний орд, сүүлд Хөтөлийн цемент гэх мэт төрд хураасан өмч хөрөнгө бага биш. Тэдгээрийг шууд төр авах ёстой юу, эсвэл илүү сайн менежмент, илүү сайн хөрөнгө оруулагчийг сонгох ёстой юу?  Ерөнхий сайд үнэхээр л шилжилтийн 30 жилийг ардаа үлдээгээд шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч байгаа бол төр өмчтэй байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр бас нэг шилжилт хийх цаг болсон. Тэгж чадахгүй бол Монгол Улс социализм, коммунизм руугаа л эргэж буцах болох нь.

Б.СЭМҮҮН

Шинэ БА 120 их наяд

0

Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оор хоёр өдөр Төрийн ордонд форумдах юм. Урьдчилсан хэлэлцүүлгүүдээс харахад Монголын Засгийн газар энэ удаагийн эдийн засгийн форумд ихэд ач холбогдол өгч байгаа нь илэрхий.

Боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх, төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулах, эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулах, төрийн бүтээмжийг чадавхжуулах, аж үйлдвэржих, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийг үе, үеийн Засгийн газар бодлого, мөрийн хөтөлбөрөө болгож ирсэн.

Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зургаан салбарт хэрэгжүүлэхэд нийтдээ 120 их наяд төгрөг шаардлагатай аж. Мэдээж, Засгийн газрын зүгээс төр дангаараа энэ том төслийг хэрэгжүүлж чадахгүй, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахаа илэрхийлээд байгаа билээ.

Нэгдүгээрт. Боомтын сэргэлтийн тухай

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилт тавьжээ.  Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байна. Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх аж.

Хоёрдугаарт. Эрчим хүчний сэргэлтийн тухай

Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах зорилт дэвшүүлж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой.

Гуравдугаарт. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай

Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа болно.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг юм.

Дөрөвдүгээрт. Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна.
Их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн арван жилд 11.8 их наяд төгрөг болжээ.

“Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулийн хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс” гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.

Тавдугаарт. Ногоон хөгжлийн сэргэлтийн тухай

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.  Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отор нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин суурьших гол шалтгаануудын нэг болж байна. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах шаардлагатай.

Зургадугаарт. Төрийн бүтээмжийн сэргэлтийн тухай

Ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг, улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв арваннэгдүгээр сард батлагдан, төсвийн жил нэгдүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Тиймээс төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тус хөтөлбөрт тусгажээ.

М.Энхсайхан: "Шинэ сэргэлт"-ээр тээвэр ложистикоо сэргээж чадна

0

-Сүүлийн гурван жил дэлхий дахинд хүнд хямрал нүүрлэж байна. Цар тахлын айдас хүйдэс дээр дайн самуун ч дэгдлээ. Дайны дараа дэлхийн улс төр, эдийн засагт том өөрчлөлт гарах шинжтэй. Үүнийг та хэрхэн харж байна?

-Дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүнд том түлхэц үзүүлсэн нь цар тахал гэж хэлж болно. Удаах нь Орос улсаас Украинд өдөөсөн дайн болох байх. “Covid-19”-өөс  илүүтэй том асуудал бол дайн ба энхийн асуудал юм. Болж байгаа үйл явдлаас нэгэн зүйл ойлгогдож байгаа нь дэлхий ертөнц үнэхээр глобальчлагдаж нэгэн организм болжээ гэж хэлж болно. Цар тахлыг даван туулах, дайныг зогсоох асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтарсан ажлын үр дүн байх юм байна. Монголчууд бидний оруулах хувь нэмэр даруухан байх биз ээ. Харин хоёр том хөрш асуудалд хэрхэн хандаж байгааг ойлгох явдал чухал байх болов уу. Ялангуяа дайн ба энхийн асуудалд хөршүүд маань ялгаатай байр суурьтай байгаа.  Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журамд хөршүүд маань хэрхэн хандаж буйгаараа ялгарч байна.

1950-иад онд Орос, Хятад хамтарч ажиллахад тэднийг  нэг коммунист үзэл суртал нэгтгэж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Аль, аль нь коммунист үзэл суртлаас салсан. Хуучин сэтгэлгээний инерци хадгалагдаж байгаа ч олон олон асуудал дундаас эдийн засгийн хөгжлийн асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон байдаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн 40 жилд дунджаар 6-8 хувиар, Оросын эдийн засаг 1-2 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд Орос, Хятад орон улам бүр холдож тасарч байна гэсэн хэрэг. Энэ нь олон улсын дэг журамд хоёр орон өөр өөр байр сууринаас хандах байдлыг бий болгож байгаа юм.

-Тэгэхээр дэлхийн улс төрийн өрөг дээр Хятад хожиж, Орос хожигдож байна гэсэн үг үү?

-Тийм. Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол  Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг өөрчлөх биш, боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай явж ирсэн. Хэн хоцрогдож байна тэр илүү ууртай уцаартай байх биз. Тиймдээ ч Орос талаас олон улсын дэг журмыг үл ойшоон хүчийг үзүүлэхийг хүсч байгаа. Тэр нь Украинд дайн өдөөх хэлбэрээр илэрч байгаа байх. Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр супер гүрэн байхад хэцүү гэдгийг Путины ялагдал харуулах бизээ.

-Монголын хувьд хойноо дайн самуунтай, урдаа цар тахлын хоригтой. Өнөөдрийн бодит байдлыг нь харвал жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болчихсон байна л даа. Жижиг улсын хувьд бид үүнээс яаж хохирол багатай гарах ёстой вэ. Та  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна?

-Глобаль ертөнцөд жижиг орон жижигдэхгүй гэдгийн жишээг Украинчууд үзүүлж байна. Энэ бол асуудлыг том цонхоор харвал шүү дээ. Украинд болж байгаа дайн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоонд асар их шинэчлэл авчрах байх. Тэр болтол монголчууд бид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гээд өөрсдийгөө өхөөрдөөөд, хариуцлагагүй байдлаа зөвтгөөд суухгүйгээр идэвхтэй гадаад дотоод бодлоготой байх хэрэгтэй байнаа.

ХӨРШ ХЭЧНЭЭН ТОМ Ч  ҮНДЭС УГСААГАА ХАМГААЛАХ АРД ТҮМНИЙ ХҮЧ ЧАДАЛ ҮНЭХЭЭР АГУУ 

-Та нэгэнтээ Оросын цэрэг орж ирж магадгүй гэж сэрэмжлүүлсэн байсан. Яагаад ингэж сэрэмжлүүлэх болов. Тийм хандлага, хардлага байна уу?

-Орос улс “Бид Украиныг дайрахгүй” гэж илт худлаа хэлж байгаад цэргийн их хүчээр Украин руу довтолсон энэ үйл явдал бол олон улсын тогтсон дэг журамыг зөрчсөн, хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг шүү дээ. Украины ард түмний зориг тэвчээр, хатуужил бол ердөө гайхамшиг. Хөрш хэчнээн том ч эх орноо, үндэс угсаагаа хамгаалах ард түмний хүч чадал үнэхээр агуу юм. Монголчууд бидэнд том хичээл болж байна. Томоор харвал Орос энэ дайнд аль хэзээнээ ялагдсан. Ялагдал Орос оронд өөрчлөлт, түргэн хөгжлийн бололцоо авчирна. Энэ утгаараа Путины дэглэм ялагдаж байгаа болохоос Оросын ард түмэн ялагдаж байгаа биш юм. Дарангуйллаас салах амархан ажил биш. Оросын түүх тэр чигээрээ царь уламжлал бөгөөд нэг нь нөгөөдөө эрхээ шилжүүлэхийн тулд байнга л ороо бусгаа замаар явсан байдаг. Путин мөн л тэр замаар явж байгаа. Шаналгаатай зам. Өөр сонголт байхгүй.

-Оросын энэ заналхийллээс Монгол яаж холуур тойрч гарах ёстой юм бэ. Элчин сайд нь хүртэл монголчуудыг элдвээр өдөөн хатгаж эхэллээ?

-Царь-Дарангуйлагч түүхийн насаа уртасгахын тулд, дотооддоо ард түмнийхээ тархийг угаахын тулд өчүүхэн боловч “ялалт” түүнд хэрэгтэй. Тиймээс ч Орос хөрш орнууддаа ил тодоор заналхийлж байгаа. Хөрш орнуудаа фашистуудаас чөлөөлнө гэж хийрхэж байгаа. Манайд хэд гурван фашистууд байгаа. Тэднээс манийгаа чөлөөлөх юм гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Орос хэлтэй иргэдээ хамгаална гэж дайнаа зөвтгөж байгаа. Орос хэлтэй хүн бүрийг “эх орон нэгт” гэж үзэх хууль Төрийн думд хэлэлцээд сууж байна. Эх орон нэгтээ хамгаална гэвэл бид юу хэлж чадах юм. Тэгээд ч манайд чамгүй тооны орос иргэд бий. Оросын хэвлэлд Монгол Америк нийлээд биологийн лабратори байгуулсан гэж иргэдээ айлгаж байгааг зүгээр нэг эндүүрэл гэж харж болохгүй. Цэрэг хөдөлгөх түмэн шалтгаан өөрсдөө зохиогоод байгаа шүү дээ. Оросын хувьд хөрш орнууддаа халдаж баталгаатай “ялалт” байгуулж болох цөөхөн орнуудын нэг нь Монгол. Монголд бүр 1924 оноос хойш Зөвлөлт Оросын цэрэг их бага хэмжээгээр байж байгаад 1989 онд хамгийн сүүлчийн цэргүүд нь Монголоос гарсан байдаг. Түүхээ харвал болгоомж илүүдэхгүй. Хэлдэг ярьдаг байх хэрэгтэй.

-Монголд Оросын гар хөлүүд, Путины шүтэн бишрэгч олон. Зарим улстөрчид ил цагаан үүнийгээ илэрхийлдэг. Тэгэхээр Орос цэрэг орж ирэх аюул байнгын дагаастай, бид үүнд байнгын сэрэмжтэй байх ёстой байх.

-Монголд Оросыг сохроор шүтэгчид бий. Цаазын ял сэргээж улс төрийн өрсөлдөгчидөө хэлмэгдүүлэх аян эхлүүлэх гэж оролдсон Ерөнхийлөгчтэй байсан, Казакстанд цэрэг оруулсан эрх зүйн үндэс болсон Төв Азийн орнуудын хооронд байгуулсан гэрээнд элсэх өргөдлөө бариад гүйж явсан зэргийг бодолцвол Монголд Орос цэрэг ороод ирэх аюул одоо ч байгаа л санагдаад байгаа.

Өөрийгөө хамгаалах арга нь болгоомжлолоо ил тод л хэлэх, иргэд нь ийм үйл явдлыг гаргуулахгүй байх шүү дээ.

-Украин руу хийсэн Оросын дайны эсрэг улс төрийн намууд ямар нэгэн үг, үйлдэл гаргах хэрэггүй гэх байр суурийг зарим улс төрчид илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй Орос Монголд шатахуун, эрчим хүчний хориг тавьчих вий гэсэн айдаснаас болсон байх. Үнэхээр оросууд бидэнд эрчим хүч, шатахууны хориг тавих болов уу?

-Айдаст өөрсдийнхөө үйл хөдлөлийг уях хэрэггүй гэж бодож байна. Тиймээ, Монгол олон Ерөнхий сайдаа Москвад Оросын шүүхээр цаазлуулж байсан. Хэдэн арван мянгаар сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээ, сэхээтний төөрөгдөл гээд олноор нь шоронд хийж, хөдөө цөлдөг байсан. Айдас монголчуудад гүн шигдээстэй. Оросоос айх айдсаа нуухын тулд Оросыг шүтэж амьдрах үзэл дэлгэрүүлсэн. Айдаг тусгаар тогтнол гэж байхгүй шүү гэж Д.Монголхүү жиргэсэн байсан. Би тун товч онож хэллээ гэж бодож байгаа. Украины асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлж байгаагаар монголчууд хоорондоо бие биенээ хэмлэх хэрэггүй. Манай иргэний нийгэм дайныг сайн эсэргүүцэж байгаа. Төр засаг ч дайныг дэмжсэн юм байхгүй. Гал зогсоохын төлөө байна гэдгээ Гадаад харилцааны сайдаараа дамжуулж илэрхийлсэн. Дотроо хэрүүл тарихгүй, болчимгүй дуугарч Монголын эдийн засагт гай учруулахгүй гэсэн Засгийн газрын байр суурийг ойлгож хандаж болно. Орос орон дэлхийн улс орнуудыг найрамдалт, найрамдалт бус гэж дотроо ангилж ялгаатай харилцах бодлого барьж байна. Тэдний ангиллаар хоёр улсын хоорондын түвшинд хориг тавих нөхцөл байхгүй. Харин ч хилээ нээгээд байгаа. Бидний хувьд олон улсын хоригтой зөрчилдөхгүйгээр хэрхэн харилцаагаа хадгалан хөгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Төлбөр тооцоо, тээвэр харилцаагаа хөгжүүлэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгээс тавьсан хоригийг зөрчихгүй байх нь чухал. Ингэхийн тулд хоёр талын болон олон талын хамтарсан үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага үүссэн боловуу гэж бодож байна. Тэр тусмаа Барууныхан Орост тавьсан хоригийн хохирогч нь Монгол биш байгаасай гэж хичээж байгаагаа хэлж байна.

-Олон Улсын шинжээчид Орос задарч магадгүй талаар ярьж, бичих болсон байна. Оросын задрал Монголд ямар үр дагавар авчрах вэ. Сайн уу, муу юу?

-Энэ талаар худлаа худлаа янз бүрийн үлгэр яримааргүй байна. Орос орон ардчилагдаж хүн ард нь хангалуун амьдралтай, найрамдалт хөрш байгаасай гэж хүсэх байна. Путин анх гарч ирэхдээ Оросыг Европ руу чирсэн тэр үедээ Монгол гэдэг улс байдаг эсэхийг үл ойшоосон. Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь Монгол татварын нөхцлөө ярьж тохирох ёстой байсан боловч нөгөө л Оросын өмнө хулчигнадаг зангаараа Оросын зүгээс тавьсан хориг мэт өндөр татварыг үг дуугүй авсан байдаг. 10-аад жилийн дараа Путин Европ бол Орос орны хань биш гээд өөрийн Евроазийн бүс байгуулж эхэлсэн. Монгол гишүүн биш тул өндөр татвар ногдуулдаг орон болсон. Болсон явдлыг хойш тавиад одоо Оросын зах зээлийг Монголд нээлгэх талаар ажиллах хэрэгтэй. Оросуудын хувьд Монголын зах зээл нээлттэй. Энэ нь Оросын ард түмэнд, хоёр орны цаашдын ирээдүйд хэрэгтэй.

-Тэгвэл Хятад Улс хилээ хаагаад бараг таван сар боллоо. Цар тахал шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш байх. Яагаад урд хөрш хилээ нээхгүй Монголыг “хориглоод” байгаа юм бол?

-Албан тайлбар нь covid-19, цар тахал гэх. Магадгүй өөрсдөөсөө буруу хайвал бидний бизнес хийж байгаа соёл олон улсын стандартад хүрдэггүй, гадаадын оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалдаггүй, тэр ч байтугай төрийнхөнтэй нийлээд дээрэмддэг, зоддог, хүнийг угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхдаг зэрэг дутагдлууд нийлсээр ийм байдал бий болгосон биз. Арбитр дээр маргалдаж яваа кэйсүүдээ харчих. Юу тарина, түүнийгээ хураана гэсэн үг байдаг даа. Барууныхан бол чимээгүйхэн гараад явчихна. Дорныхон бол шалтаг олоод гацаачихна.

ШИНЭЭР ҮҮСЧ БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛД ХЭРХЭН ТҮРГЭН ЗОХИЦОХООС МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ ХАМААРНА

-Монголд усан цахилгаан станц, төмөр зам барих гээд томоохон мега төсөл хэрэгжүүлэх бүрт гадаад,дотоодын улс төрөөс болж нурдаг талтай. Та өөрөө ч зовлонг нь хамгийн сайн мэдэрсэн хүн. Өнөөдөр ч эрчим хүч, төмөр замын төслүүдийг эсэргүүцдэг монгол хүн олон. Ингэхэд монголчууд боловсрол, мэдлэггүй байна уу, мэдээллээ ойлгуулж чадахгүй байна уу?

-Путин хөршүүдээ эрчим хүчний хараат байлгах бодлого хэрэгжүүлж байсан. Тийм бодлогын том хохирогч нь Европ, түүний дотор том нь Герман. Одоо ийм бодлого хүндхэн үр дагавартай байсныг ойлгоод Меркель хатагтайг зүхэж байгаа дуулдана. Байгалийн хийг хоолойгоор ганц нийлүүлэгчээс авахын аюулыг Хятад улс ч бас ойлгож байгаа байхаа. Өөрөөр хэлбэл манайхны байгалийн хийн хоолой тавина гээд Хятадгүйгээр зөвхөн Оростой наадаж байсан нь зүгээр  суртал нэтрүүлэг байсан гэдгийг ойлгох байхаа гэж бодож байна. Төмөр замын хувьд бол Монголд өргөн төмөр зам тавина гэж хөрөнгийг нь үр ашигггүй зарцуулах бодлого нь Оросын тоглоом байсан. Энэ талаар урд нь зөндөө ярьж байсан. Хээр тал дээр хайрга зулаад төмөр зам тавьсан чинь ачаалал даахгүй осол болж байна. Гайхаад байх зүйл биш.

Төмөр зам бол инженерийн нарийн барилга байгууламж түүнийг барихад авто зам барьж байгаа шиг хандаж болохгүй гэж би өмнө нь хэлж байсан. Дэгэн догонтой авто зам дээр тойроод ч болов машин явж болдог. Дэгэн догон төмөр зам дээр галт тэрэг онхолдоно, тойрох аргагүй. Бүр түүнээс ч илүү муу юм болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Рельс төмөр шил мэт хагарахыг үзэхэд би нэг их гайхахгүй. Харин хайран мөнгө, хүн хүч, хөдөлмөр, алдагдсан цаг хугацаа, боломж яанаа гэж бодох болно.

-Тэгвэл том төслүүдийг хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой вэ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт”-ийн бодлогодоо том төслүүдээ хөдөлгөнө гэж амалсан. Бүтэх болов уу?

-Шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас бодлогоо чамбайруулах бизээ гэж харж байна. “Алсын хараа” гэж байх үед цар тахал ч байгаагүй, Украины дайн ч байгаагүй санагдах юм. Том төслүүд том мөнгө шаардана. Санхүү босгох асуудал таван жилийн өмнөхтэй харьцуулбал улам л хэцүү болсон. Төсөл том байх тусам бүтэх магдлал бага байна. Төсөл боловсруулж хэрэгжүүлэх хандлагадаа өөрчлөлт хийх цаг болсон санагдаад байх юм.

Жишээлбэл, Цахилгаан станцын хувьд модулар жижиг станц руу анхаарлаа хандуулмаар байна. Жижиг хэрэгцээ хангаж, инженерчлэл, боловсон хүчнээ шинэ технологид сургах хэмжээгээр хүчин чадлаа нэмэх бодлого руу явмаар байна. Агуу юм чимхлүүр ажлаас эхэлдэг гэж хэлмээр. Популизм дагаж шийдэл гаргадаг төрийн бодлого дампуурна. Гэвч дураараа загнахгүй байхын тулд зөв мэдээлэл бүхий иргэдтэй болох тал дээр засаг ажиллах ёстой. Ингэхгүй бол том дарга том алдаатай шийдвэр гаргаад дараа нь дампуурна.Ер нь бол манай өнөөгийн дүр зураг шүү дээ.

-Засгийн газар  “Шинэ сэргэлт”-ийнхээ бодлогын хүрээнд жишээ нь,  хамгийн түрүүнд ямар салбарт сэргэлт хийх ёстой гэж та зөвлөх вэ?

-Тээвэр ложистик. Худалдаа. Монголчууд үүнийг хийж чадна.

-Ам.долларын нөөц багасч, зарим төрлийг тансаг хэрэглээнд хязгааралт тавихаа төв банк илэрхийлсэн. Энэ нь хэр зөв үйлдэл гэж дүгнэж байна?

-Дайн, Оросын хоригтой холбоотой үүсч байгаа шинэ нөхцөл байдлаа ойлгож амжаагүй хүмүүс л харагдаад байгаа.

-Засгийн газраас шатахууны үнийг чөлөөлсөн. Одоо эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэсэн саналыг зарим эдийн засагчид хэлэх болсон байна лээ. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв үү?

-Шинээр үүсч байгаа нөхцөл байдалд хэрхэн түргэн зохицохоос манай эдийн засгийн амжилт хамаарна. Шатахууны үнийг нэмэгдүүлэхдээ нэг удаадаа 100 төгрөг гэсэн хязгаарлалт тогтоосон юм билээ. Тодорхой хугацаа өнгөрөөд 100 төгрөгөөр. Хугацаагаа болохоор дахиад 100 төгрөгөөр өсөх бололтой. Оростой төлбөр тооцооны аргачлалаа тохироогүй байгаа гэсэн. Монгол Оросын “найрамдалт” улс ангилалд багтвал доллараар төлөх байх. Үгүй гэвэл рубль юмуу алтаар төлбөр хийх шаардлага гарна. Оросын Төв банк 5000 рублийг нэг грамм алттай уялаа гэсэн. Үүнийг анхааралдаа авбал шатахууны үнэ 20-иос доошгүй хувиар өсөхөөр байгаа. Ганц шатахуун биш гээд бодчих. Эрчим хүчний үнийн хувьд үнэ өртөгөө нөхсөн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэхээсээ илүүтэй үнийн олонлог бий болгооч гээд олон жил ярьж байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын цахилгааны үнэ шинэчэлийн өртөгөө шингээсэн нэг үнэтэй байх, элэгдэл хорогдлоо нөхчихсөн цахилгаан станцын цахилгааны үнэ арай хямд байх гээд бодох хэрэгтэй. Дулааны үнэд энэ асуудал мөн хамаарна. Зах зээл ажиллаж бодит үнэ дээрээ очихгүй бол шинэчлэлгүй, хөрөнгө оруулагчгүй бахь байдгаараа байх болноо. Тэр нь эрчим хүчний хязгаарлалт хэлбэрээр илрэнэ.

Орос, Украин ба Монголын нийгэм

0

Олон улс судлаач Д.Баярхүүгийн Хятадын Гирин мужийн Нийгмийн шинжлэх
ухааны академийн Зүүн хойд Ази судлалын салбарын
цахим хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг анхны эхээр нь хүргэж байна.

Нэг. Албан ёсны байр суурь

Орос-Украины хооронд үргэлжилж буй хямрал мөргөлдөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг ийнхүү илэрхийлжээ.

  • Украинд үүссэн цэрэг дайны хямрал дэлхий нийтийг түгшээж байна. Энэ дайн аль хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?

Украины нөхцөл байдлыг дэлхий нийт сэтгэл эмзэглэн ажиглаж байна. Энгийн иргэд аюулд өртөж, гэр орон, эх орноосоо дайжиж, амь насаа алдаж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх бодит эрсдэл тулгарч байгаад хүн болгон санаа зовж байна.

Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж оролцогч талуудыг хурцадмал байдлыг даамжруулах аливаа алхам, үйлдэл хийхээс татгалзаж хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэ хямрал хэр удаан үргэлжлэхийг олон улсын харилцаа, аюулгүй байдал судалдаг хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Зарим нь ойрын хугацаанд байлдааны ажиллагаа зогсож иж бүрэн яриа хэлэлцээ эхлэх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Зарим нь хурцадмал байдал улам даамжирч хэдэн сар сунжрах шинжтэй болчихлоо хэмээн дүгнэж байна. Дэлхийд шинэ дэг журам тогтоох, хүчний тэнцвэр хуваарилагдах үйл явц дөнгөж эхэлж байгаа тул энэ байдал дор хаяж 4-5 жил үргэлжилнэ гэсэн таамаглал ч байна. Энэ олон таамаг, дүн шинжилгээ бүгд үндэслэлтэй, гэхдээ өнөө маргаашийн тодорхойгүй нөхцөлд аль аль нь амархан няцаагдах боломжтой тул тэр нь зөв, энэ буруу гэж хэлэх аргагүй. Украины нөхцөл байдалд эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн иргэд хүртэл санаа зовниж нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Ганц манайд ч биш дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлж байна. Цэрэг дайны аюул түргэн арилж, сөргөлдөөнийг энхийн замаар шийдээсэй гэсэн хүсэл хүн болгоны дотор хадгалагдаж байгаа гэж бодож байна.

  • Та Украинд үүссэн нөхцөл байдал гэж томьёолж байна. Бас хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсанд санаа зовж байна гэж ярилаа. Тэгвэл Монгол Улсын байр суурь юу вэ?

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлого явуулдаг, аливаа сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр бат зогсдог улс. Тийм болохоор ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээ эхэлснийг сайшааж байгаа, бодит үр дүнд хүрнэ гэдэгт ч итгэлтэй байна. Хурцадмал байдал даамжрах нь Европ төдийгүй дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд ноцтой хор уршиг учруулна.

Улс орнууд өөрийн аюулгүй байдлаа хангах зорилгоор зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэлбэл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн өмнөх ололтуудыг үгүй хийх эрсдэл үүснэ. Тийм болохоор олон улсын хамтын нийгэмлэг үүссэн нөхцөл байдлыг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж Украинд хүмүүнлэгийн хямрал хяналтаас гарахаас хамтын хүчээр сэргийлэх нь чухал гэж үзэж байна.

Хоёр. Судлаач миний байр суурь

Монгол Улс нь Орос, Украин хоёр улсын алинтай нь ч дайсагнах үндэс байхгүй. ОХУ-тай Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаатай. Украинтай Олон талтай хамтын ажиллагааны түншлэл 2011 онд тогтоосон. Хоёулаа Монголын найрсаг харилцаатай түнш улсууд. Энэ утгаар дайтагч хоёр улсын алиных нь ч талд орохгүйгээр, дайнаа зогсоож энх тайван тогтоохыг уриалах нь зөв билээ.

Харин яг одоогийн нөхцөл байдлын тухайд бодитой ямар үйл явдал өрнөчихөөд байна вэ? ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа явуулна хэмээн анхлан зарлаж 2022.2.24-ний үүр шөнөөр гэнэтийн цохилт өгч, цэргээ оруулсан. Тэр ажиллагаа нь Украины цэрэг зэвсгийг устгах, цэрэггүй болгох, нацистууд хэмээх эрх баригчдыг нь баривчлан цэргийн шүүхэд явуулах, тус улсад шинэ Засгийн газар байгуулж, түүнтэй хэлэлцээ хийж, Украиныг төвийг сахиулах тухай Гэрээ байгуулах явдал байв. Цэргийн тусгай ажиллагааг маш богино хугацаанд (2-3 өдөр) амжилттай зохион байгуулж, Украины ард түмнийг нацистуудаас нь чөлөөлөөд Оросын арми яруу алдраа дуурсагуулан нутагтаа буцах ёстой байв. Оросын цэргийг 24-ний өглөө Украины хотуудад украинчууд баяр ёслолын байдалтай халуун дотноор хүлээн авна, ялалт хангагдана хэмээн Оросын цэргийн командлал, бүр ОХУ-ын дээд эрх баригчид нэгэн зэрэг үзэж тооцоолжээ.

Гэтэл тийм явдал болсонгүй. Украинчууд нэгдэж нягтраад тэр дороо Оросын цэргийн эсрэг ард түмний эсэргүүцлийн дайн дэгдээв. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй, харин украинчууд маш ширүүн эсэргүүцэн байлдаж бүтэн хоёр 7 хоног (өнөөдрийн байдлаар бүтэн сар өнгөрчээ–Зох) дайн өрнөж байгаа тул энэ үйл явдлыг дэлхийн ихэнхи улс оронд дайн хэмээн хүлээн авчээ. Яндексийн нэг тандалтаар оросын хүн амын 99 хувь нь энэ явдлыг дайн гэж үздэг, цэргийн тусгай ажиллагаа гэдэгт нь ганц хувь нь итгэдэг гэсэн байх юм.

Дайн зогсох шинжгүй харин ч өргөн фронтоор маш ширүүн өрнөж үхэл хохирол маш ихээр дагуулжээ. Оросын цэрэгт эзлэгдсэн гэгдэх ганц хоёр хотод украинчууд оросын цэргийг эсэргүүцэн эх орныхоо далбааг мандуулан жагсаал цуглаан хийж, Оросын цэргийг хөөж тууж байгаагаас үзвэл ОХУ-ын талд зогсох украин хүн бараг үлдээгүй нь харагдаж байна.

Украин орон урьд өмнө байгаагүйгээр нэгдэн нягтарч, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Эх орны дайндаа эрслэн босчээ. Украины зэвсэгт хүчин өөрөөсөө илт давуу Оросын цэргийг тасралтгүй цохиж, сөрөг давшилт хийж, Оросын цэрэгт асар их хохирол учруулжээ. Зарим мэдээгээр алагдсан орос цэргийн тоо 10 мянгыг хол давжээ.

Украины талд нийт Европ, АНУ, нийт Өрнөд ертөнц хатуу зогсож сэтгэл санаа-эд материал, санхүү, зэвсгийн тусламж үзүүлэв. НҮБ-д Оросыг буруутайд тооцсон тогтоол батлахад 181 гишүүний 141 нь Оросын эсрэг санал өгчээ. Оросыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы тогтоолын төсөлд 96 гишүүн-улс хамтран зохиогчоор оролцжээ. Санал хураалт явагдахад Орос өөрийнхөө төлөө, мөн Белорусс, Сири, Хойд Солонгос, Эритрей улс ОХУ-ыг хамгаалжээ. “141:5” гэсэн харьцаа гарчээ. Мөн 35 улс санал хураалтад түдгэлзсэн санал өгснөөс Монгол, Хятад, Энэтхэг зэрэг улс оржээ.

Дүгнэж үзвэл, Орос орныг Оросын өөрийнх нь удирдагчид энэ удаа ялагдуулах нь байна. Украин руу судалгаа тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр, өөрийгөө хэт дээгүүр үнэлээд Украинаа хэт доогуур үнэлээд, тагнуулын буруу мэдээллээр халдаж ороод одоо өөрийгөө буцаж гарах аргагүй цуст намганд суулгачихлаа. Украинчууд нэг хүн шиг нягтраад эгцлэн босч хот болгонд эсэргүүцэн ёстой галзууртлаа байлдлаа. Украинчууд зангидсан гар шиг нөгөө “нацист” эрх баригчдаа тойрч нягтраад байлдаж байна. Бодит байдал ердөө энэ.

Гурав. Монголын нийгэм дэх эсрэг тэсрэг байр суурь

Орос-Украины хооронд жинхэнээсээ дайн өрнөж байна гэдэгт монголчууд үндсэндээ нэгдсэн ойлголттой байна. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа гэдэгт итгэх монгол хүн цөөрсөн.

Оросын талд зогсож, Орос ялна, Оросыг ялагдуулж болохгүй гэсэн үзэлтэй хүмүүс байна. Тэд бол ахмад насны, социализм ба Монгол-Зөвлөлтийн найрамдлыг эргэж санагалзсан, Орост заяанаасаа хайртай хүмүүс юм. Тэд олонхи болж чадахгүй, цөөхөн тооны хэдхэн сэхээтэн. Тэд байр сууриа нийгмийн цахим сүлжээнд илэрхийлэх нь чөлөөтэй. Тэднийг хэн ч хорихгүй.

Оросыг ялагдуулж болохгүй, Орос ялагдвал Хятад ноёлно, Монголыг эзэлнэ гэсэн үхмэл бодолтой монголчууд байна. Монголын аюулгүй байдлын цорын ганц баталгаа нь Орос учраас Оросыг ялагдуулахгүй хэмээн үзэл бодлоо нийгмийн цахим сүлжээнд илэрхийлдэг. Тийм хүмүүс Монгол-Хятадын харилцааны тухай мэдлэг мэдээлэл байхгүй. Хятадыг Эрээн хотоор төсөөлөн ойлгодог гэх мэт дутагдалтай.

Орос-Украины дайнаар далимдуулан Монголд Америкийн эсрэг үзэл дэвэрч байна. Энэ дайны гол буруутан нь АНУ, АНУ л энэ хоёрыг байлдууллаа хэмээн үздэг сэхээтэн, жирийн иргэд байна. АНУ-ыг үзэн ядах бодитой, үнэхээр хүлээн авмаар өс хонзон тэдэнд байхгүй. Монгол-Америкийн харилцааны тухай мэдлэггүй, АНУ-ын ЭСЯ-наас виз авч чаддаггүй, АНУ-д очоод хууль бусаар амьдраад цагаачдын зовлон амссан, англи мэддэггүй гэх мэт улс төрийн бус хувийн гомдол, шалтгаантай. Тэд зүгээр л үзэл бодлоо нийгмийн цахим сүлжээнд илэрхийлж, уураа гаргаж байгаа нь тэр юм. Тэд чөлөөтэй бичиж ярьж ухуулж байна.

Украинд үнэхээр нацистууд гарч ирээд Оросын эсрэг хар хорыг хийж байна гээд итгэчихсэн монгол хүн байх нь байна. Мөн л ахмад насны, Оросын ТВ-ийг байнга үздэг, Оросын сурталд нэвт итгэчихсэн. Бас завтай, хийх ажилгүй. Амьдрал сайнгүй, иймд уур уцаар, сэтгэл хөөрлөө цахим сүлжээнд гаргаж байна.

Оросыг тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин руу халдан түрэмгийллээ, түрэмгийллээ зогсоох хэрэгтэй, хэрэв энэ түрэмгийлэл зогсохгүй бол Орост Путин өөрөө огцрох буюу эх орноо ялагдуулна гэж монголчуудын ихэнхи нь үзэж байна. Тэр байр суурь түгээмэл байна.

Орос олон улсын эдийн засгийн хоригт орж, энэ хориг Орос орны эдийн засгийг гацаан зогсоож гарах аргагүй хямрал дагуулна, ийм тохиолдолд Монгол-Оросын хамтын ажиллагаа хэрхэх бол гэсэн айдас нийт монголчуудад байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Судлаач Д.Баярхүү /2022.03.16/

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, өдөр унасан мах авдаггүй

0

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? гэдэг байх аа. УИХ-ын, тодруулбал манай хууль тогтоогчдын босгосон овоон дээр нэг шаазгай ирж сууснаас болж улсаараа баларч байна гэнэ ээ. Ашиг тус нь, манай Үндсэн хуулийн Цэцийн дарга нь Н.Чинбат гэж өвгөн байсныг сүүлийн хоёр өдөр нийтээрээ мэдэж авцгаав даа.

Болсон явдал гэвэл Цэцийн дарга Н.Чинбатыг Төрийн албаны хуулийн дагуу тэтгэвэртээ гарах нас болсон тул Дээд шүүх дээр түүний орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлажээ. Тэгсэн чинь нөгөөх нь зөрүүлээд Дээд шүүхийнхээ Ерөнхий шүүгчид маргаан үүсгэсэн юм байна. Нөгөө “та намайг хөөгөөд, би таныг хөөгөөд” гэдэг шиг…

Цэцийн дарга Н.Чинбатад тусалж, Цэцэд гаргасан иргэн “Т”-гийн гомдлын агуулга нь “Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан чинь ажлын албаараа дамжуулан хариу өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн” гэжээ.

Ер нь бол сүүлийн 16 жилийн турш Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрт нь хаягласан гомдлын хариуг ажлын албаараа дамжуулан өгч ирсэн. Энэ асуудлаар нь хуульч, өмгөөлөгч нар Цэцэд гомдол ч гаргаж байсан. Харин Цэц тухай бүрт нь маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгч байсан юм байна.

Сонирхууштай нэг зүйл бол иргэн “Т”-гийн сүүлийн гомдол (өмнө нь 2019 онд нэг удаа гомдож байсан) 2020 оны гуравдугаар сард буюу өмнөх Ерөнхий шүүгчийн үед өгсөн гомдол юм байна. (Одоогийн Ерөнхий шүүгч нь 2020 оны зургадугаар сард томилогдсон) Гомдол гаргаснаас яг сайхан хоёр жилийн дараа гомдлыг “нэхэн хэлэлцэхээр” болж, ирэх даваа гаригт (2022.03.28) Цэцийн хуралдаан зарласан байна. Нэг ёсондоо Цэцийн дарга Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид “Чиний дээр би шүү” гэдгээ харуулж байгаа юм.

Ингээд өмнө ажиллаж байсан Ерөнхий шүүгчийн өмнөөс одоо ажиллаж байгаа Ерөнхий шүүгчид “ялын тогтоол” уншихаар болсон бололтой. Шүүхийн практикт /Цэц бол манай Үндсэн хуулийн шүүх/ тийм зүйл байсангүй. Даваа гаригт гарах Цэцийн шийдвэрийг харж л байя.

Хамгийн гол зүйл. Овоог хэн босгосон бэ?

Н.Чинбат гэдэг хүн хөгширсөн байж болно (өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүрсэн), шуналтай сувдаг хүн ч байж магадгүй. Тэглээ гээд хууль энэ хүний шунал хүслийг хязгаарлаж байх ёстой л доо. Гэтэл Цэцийн тухай хуульд ““Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” (хуулийн 4-ийн 4) гээд заачихсан. “Чөлөөлөгдөж болно” гэдэг хоёрхон үгнээс болоод Н.Чинбатыг Цэцийн гишүүнээс чөлөөлж болохоо байчихжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн өөрөө өөрийгөө чөлөөлөхөөс нааш өөр хэн нэгэн түүнийг чөлөөлөх боломжгүй хуулийг манай УИХ баталчихсан юм байна.

Уг нь 2016 онд Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахад хууль санаачлагч нь (Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин байсан байх) төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүрмэгц шууд чөлөөлөхөөр төсөл өргөн барьж байсан. УИХ дээр орж ирээд “чөлөөлөгдөж болно” болоод өөрчлөгдөөд явчихсан.

Ингэхдээ тухайн үеийн УИХ “Үндсэн хуулийн 65.4-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн байна. Энэ жишгийг барина” гээд төслийн заалтыг “чөлөөлөгдөж болно” гэж засаад явсан байдаг юм. Нэг ёсондоо “Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэр, эсвэл анх илгээсэн байгууллагын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж болох” тухай хууль баталжээ. Гэхдээ тэр нь хуулиндаа яг тэр үг үсгээрээ буусангүй ээ. (Мөр хооронд унших ч гэдэг. Дээд шүүх ч гэсэн ингэж ойлгоод дараачийн хүнийг сонгон шалгаруулах асуудлыг эхлүүлсэн юм шиг байна)

Нэгдүгээрт УИХ өөрөө ийм хоёр үзүүртэй зүү шиг хууль баталсан байна. Хоёрдугаарт, цаанаас нь Цэцээс өгсөн захиалга ч байсан байх. Одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж, УИХ-ын даргын зөвлөх Д.Лүндээжанцан гээд МАН-ын толгой хуульчид бүгд л Цэцэд тал засах гэхдээ нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй байсан үе. МАН-аас бусад нь томилж болдог гэж бодоо ч үгүй байсан байх.

Бүр тодорхой хэлбэл, 2016 онд Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа ганц энэ заалтыг ч биш, Цэцийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх, төвийг сахих гэх мэтчилэн маш олон зарчмыг шинээр суулгаж өгсөн. Гэтэл Цэц тэр хуулийн өөрчлөлтийг бүгдийг нь “Үндсэн хууль зөрчсөн” гэж хүчингүй болгосон мөртлөө ганц Цэцийн гишүүн тэтгэвэрт гарахтай холбоотой энэ заалтыг л хэвээр үлдээсэн байдаг юм. Өөрт ашигтай гэж үзсэн учраас тэр байх л даа.

Тэгэхээр одоо УИХ-ын гишүүд “Н.Чинбатыг чөлөөлөх ёстой” гэж мянга хашгираад нэмэргүй болж байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, өдөр унасан махыг авдаггүй… гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

Архидан согтуурсны улмаас нэгийгээ олон удаа хутгалж хөнөөжээ

0

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд  25 настай, эрэгтэй иргэн Ү нь гадны нөлөөтэй / олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан байжээ.  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 30 настай, эрэгтэй Т нь 25 настай, эрэгтэй Ү-тэй маргалдан зодолдож, амь насыг нь хохироосон байж болзошгүй байна.

Хэргийн газраас оргон зайлсан иргэн Т-г Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж 03 дугаар сарын 29-ний өдрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

"Атар 4" өлсгөлөнгөөс аварна!

0

Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар Атрын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр шийдвэрлэж, салбарын сайд З.Мэндсайхан сайн мэдээг дуулгахдаа стандартын шаардлага хангасан ил тариалалтад тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр болсон гэлээ. Үүнийг мэдээлсний дараа редакцийн утас руу залгаж, хаанаас яаж, ямар шалгуураар өгөхийг асууж сураглах хүмүүс “олшров”.  Хөдөө аж ахуйн салбарт нийтдээ гурван хувийн хүүтэй 400 тэрбумын зээл олгох юм байна. Салбарынхны хувьд тун боломжийн дэмжлэг.

Гэхдээ хөдөө аж айн салбарынханд олгох тэрхүү 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, тэдний хамаарал бүхий компаниуд хуваагаад авчих вий гэсэн болгоомжлол байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан,  Мал хамгаалах сан, ЖДҮХС гээд төсвийн мөнгөнөөс олгодог, хямд хүүтэй зээлийг улстөрчид ижил дүнгээр хуваагаад идчихсэн нь баримттайгаа дэлгэгдсэн, хамгийн сүүлийн жишээ нь Хөгжлийн банкны 1.7 тэрбумыг тоносон хэрэгт мөн л улстөрчид, улстөрчдийн хамаарал бүхий компаниуд жирийтэл “жагсчихсан”, ирээдүйд олох орлогоо, орон сууцны доорх газраа барьцаалаад олон тэрбумын зээл авчихсан атлаа сохор зоосны төлөлтгүй явж байна.

Хөгжлийн банкнаас зарим нэг бизнесмен ясны үйлдвэр барина гэж авсан зээлээрээ үнэт эдлэл худалдаж авсан тухай ч олон нийтийн сүлжээнд шуугих болсон. Зарим нь банк бусаар мөнгө угаасан байж болзошгүй хардлага бий. Зээлээ төлөхгүй явснаа гэнэт намаас нь хөөх сургаар цүнхтэй мөнгө бариад гүйцгээсэн гэх юм билээ. Ямар ч байсан ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын нэр бүхий зарим гишүүн гурван хувийн хүүтэй зээлээ 36 хувийн хүүтэй мөнгө болгоод ашиг унагачихсан, үүнд нь хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм даг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынханд олгох хөнгөлөлттэй зээл Хөгжлийн банкны луйвар шиг болохгүй гэсэн баталгааг олон нийт нэхэж сууна.

Засгийн газрын зүгээс өгч буй баталгаа гэвэл энэ зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Төрийн оролцоогүйгээр, арилжааны банкууд өөрсдийнхөө тавьдаг шалгуур, ном журмын дагуу олгох учраас авлига, арын хаалга, ашиг сонирхол гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.

Атар газрыг эзэмших үүднээс 1959-1975 он хүртэл “Атрын I” аяныг хэрэгжүүлж, 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн буюу 16.8 сая үр тариа хураан авсан байна. Мөн Монголын ард түмэн анх удаа эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.  Атрын I аяны эхний 15 жилд тариалангийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарсан байдаг. Харин “Атрын II” аяны хүрээнд 12 сангийн аж ахуй шинээр байгуулж, 560-670 мянган га-д үр тариа тариалж, 680-860 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, экспортод гаргаж байжээ.

Харамсалтай нь, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед газар тариалангийн салбар уналтад орсон. Тиймээс 2008 онд С.Баярын Засгийн газар “Атрын III” аяныг зохион байгуулж, монголчууд төмс, гурилаа 100 хувь дотоодоосоо хангадаг болсон юм. Үүний үр дүнд  Хятадын ясны цагаан гурилыг монголчууд идэхээ болиод удаж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Эрээний хил хаасан ч ядаж гурил, төмстэйгөө байгаа нь “Атрын III”-ын “буян” юм.

Монголд газар тариалангийн салбарт үр тарианы 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянган тариаланч, ногоочин ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхэлж байна. Нийт газар нутгийн 73,5 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар. ДНБ-ий 31,2 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг гэхээр чамлалттай тоо. Цаашдаа хүссэн, хүсээгүй нарийн ногоо, жимсээ дотоодоосоо хангадаг болох, улаанбуудайн чанараа сайжруулахаас өөр аргагүй.  Хил хаангуут улс даяар нарийн ногоогүй болчихсон нь бодит үнэн. Тэгэхээр цаашдаа жимс, нарийн ногооны хэрэглээгээ дотоодоосоо хангахгүйгээр алсдаа өлсгөлөнд нэрвэгдэх ч эрсдэл нүүрлэж байна. Цар тахал дайн байлдаанаас үүдэлтэй дэлхий дахинд хоол тэжээлийн хомсдол нүүрлэж буй энэ үед хоёр их гүрний хувьд хавчуулагдсан амьдарч байгаа  монголчууд хүнсний аюулгүй байдал, хүнсний нөөцдөө анхаарах цаг болсон.

Тиймээс өвөл болохоор хүйтэн болдог гээд дан ганц Эрээнээс хамааралтай амьдарч болмооргүй.  Урин дулааны цаг нь богинохон, хүйтэн сэрүүн өдрүүд нь их. Ийм нөхцөлд өвлийн хүлэмжийг бодлогоор төрөөс дэмжихээс өөр аргагүй юм. Баталгаатай, эх орны хүнсэнд ургасан эрүүл ногоо, жимс идэх нь иргэдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй.  Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгоход хувь нэмэртэй. Тэр тусмаа улс орнууд хямрал, хүндрэлийг давах бэлтгэлээ базааж буй нөхцөлд идэх хоолоо дотроосоо хангахыг дэлхий дахины байдал ч сануулж байна. Энэ нь даяаршихаас гадна дангаарших шаардлагатай болж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нэрээр өч, төчнөөн тэрбум төгрөгийн  зээл олгож, харин дараа нь хүлэмжгүй, хүнс тэжээлгүй, мөнгө ч үгүй хоцрохгүйн тулд хяналтыг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй болов уу.

Хөдөө аж ахуйн салбарын дэмжлэгийн хүрээнд Засгийн газраас хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгжүүдэд эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 1 хүртэл үзүүлэх, газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Хүүгийн зөрүүг төр хариуцах аж.

Гадагшаа экспортлоод гавьдаггүй юм аа гэхнээ импортын хэрэглээгээ бууруулж, үндэсний бүтээгдэхүүнтэй болох нь төрийн бодлого байх ёстой.  Монголчууд айлаас гуйхаар авдраа уудал гэдэг.

Монголчууд Халхголд хоёр га газарт цагаан будаа тариалдаг болоод удаж байна. Өнгөрсөн онд 10 тонн цагаан будаа хурааж авлаа гэх мэдээлэл цацагдсан.  Тэгэхээр цаашдаа цагаан будааны тариалалтаа бас нэмэгдүүлж, олон аж ахуйг оролцуулах шаардлагатай.  Өрсөлдөөн байж л монополийг хална.

Үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа бол хоол, хүнсний аюулгүй байдал болон нөөц.  Хөдөө аж ахуйн салбарт олгох зээлийн гол зорилго нь хүнсний хангамжаа л сайжруулах, нөөцлөх, нэмэгдүүлэх тухай юм.

Шинэ гарц, хуучин зовлон

0

Монгол Улсын гадаад худалдааныхаа 95 хувийг эзэлдэг урд хөрштэйгээ төмөр замын ганцхан боомтоор, хэдхэн хувийг эзэлдэг умард хөрштэйгээ харин хоёр боомтоор холбогддог, гэхдээ нэг нь (Эрээнцав) ашиглагддаггүй. Урд буй Замын-Үүд/Эрээний ганц боомт нь ачааллаа дийлэхгүй арваад жил болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал, өвөл, зуны олимп гэх мэт шалтгаанаар урд хөрш хилээ хаасаар, ачаа бараа сар жилээр гацсаар байна.

МУ-ын Засгийн Газар төмөр замын салбарт сэргэлт хийж Зүүнбаянгаас Ханги хүртэл 227 км урт төмөр зам энэ ондоо багтааж барих юм байна.  Энэ замыг хэзээ яаж барих, төслийн ач холбогдол юу болох, ямар сорилт гарах тухай энд өгүүлнэ.

Төмөр замаа уртасгах шаардлага

МУ нь гадаад худалдааныхаа 95 хувийг эзэлдэг урд хөрштэйгээ төмөр замын ганцхан боомтоор, хэдхэн хувийг эзэлдэг умард хөрштэйгээ харин хоёр боомтоор холбогддог, гэхдээ нэг нь (Эрээнцав) ашиглагддаггүй. Урд буй Замын-Үүд/Эрээний ганц боомт нь ачааллаа дийлэхгүй арваад жил болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд цар тахал, өвөл, зуны олимп гэх мэт шалтгаанаар урд хөрш хилээ хаасаар, ачаа бараа сар жилээр гацсаар байна.

Урд хил дээрээ шинэ боомт барих талаар төр засаг олон жил ярьж ирсэн ч, үр дүн гарсангүй. Энэ удаа Л.Оюун-Эрдэний ЗГ “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн. Өчигдөр (220309)  Засгийн газрын хуралдаанаар уг төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгожээ.

Зүүнбаян-Хангийн төмөр замын өгөөж

Зүүнбаян-Ханги/Мандалын төмөр зам ашиглалтанд орсноор Замын-Үүд-Эрээн өртөөний ачаалал буурахаас гадна, шинэ гарцаар урагшаа жилд 15 сая тонн, хойшоо 5 сая тонн ачаа тээвэрлэж, Монголын нүүрсний экспорт 50 хувиар өсөх тухай ТЭЗҮ-дээ тусгажээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлээр 25-30 сая тонн, Нарийн сухайтын чиглэлээр 15 сая тонн буюу, нийтдээ жилд 60 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болно.

Сайншандаас Өвөр Монголын Бугат хот хүртэл ачаа тээврийн тойруу зай 306 км-ээр дөт болж, тээврийн зардал  нь 4 дахин буурах юм.  БНХАУ-ын Бугат, Ордос хотуудад төмрийн, вагоны болон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, барилгын болон өргөн хэрэглээний барааны, уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагч автомашины зэрэг олон төрлийн үйлдвэр байдаг.  Эдгээр үйлдвэрүүдэд шаардлагатай коксждог нүүрс, төмрийн хүдэр, жоншийг өрсөлдөхүйц үнээр хүргэх юм. Мөн БНХАУ-ын нутгийн гүнээс Монгол улсад экспортлогддог бүх бүтээгдэхүүнийг  түргэн, шуурхай тээвэрлэх юм.

Тус төмөр зам баригдахаар бэлчээр талхлах, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасч, авто тээврийн осол, зөрчил арилж улмаар 1600 ажлын байр шинээр бий болох ажээ.

Таван толгойн бүлэг уурхайнуудын олборлолт, экспортын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна УБТЗ-н транзит тээврийг 2 дахин нэмэгдүүлж, 10 сая тонн хүргэх боломж бүрдэнэ.

Шинэ сорилт

Далаад жилийн өмнө байгуулагдсан Монгол-Орсын хувь нийлүүлсэн УБТЗ нь тээврийн салбарын хөгжилд түүхэн их хувь нэмэр оруулж ирсэн. Гэвч өнөөдөр цаг үе, хөгжлийн шаардлагаас эрс хоцорч, хөгжлийн зүтгүүр биш гацаа нь болоод байна. Өөр сонголтгүй учир, улсын ачаа тээврийн нийт эргэлтийн 80 хувь нь УБТЗ-д ногддог. Үргэлж алдагдалтай учир  нэмэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй, цахилгаанаар биш түлшээр ажилладаг хуучин хэдэн зүтгүүртэй, зорчигч тээврийн вагонууд нь элэгдэж муудсан, ганц замтай олон зөрлөгтэй, урд хөршийн хурдны гал тэрэг, дэд бүтэцтэй нь харьцуулахад үлэг гүрвэл. Гол шалтгаан нь үнэ тарифийг төрөөс хэт хязгаарладаг, зөвхөн даргыг нь солих гэж хоёр гурван жил болдог гэх мэт олон зовлон байдаг.

Тэгвэл одоо баригдсан, барих гэж байгаа төмөр замуудын урт нийлээд УБТЗ-тай адилхан 1000 гаруй км болох юм. Шинэ замууд Монголын 100 хувь өмч, үйл ажиллагааны зардал, үнэ нь шал өөр учир, хоёр өөр эзэмшилтэй төмөр замууд харилцан холбогдож, хамтран ажиллахад шинэ сорилтууд гарна. Хаана яаж холбогдох, харилцан үнээ яаж тооцохоос эхлээд.

Хуучин зовлон их байгаа ч Монголын төмөр замын сүлжээ тэлж, урт болохын хирээр тээврийн салбар улам хурдтай хөгжих болно гэдэгт итгэж байна.

Д.Жаргалсайхан

О.Цогтгэрэл сунгаанд Х.Баттулгыг биш Ж.Батсуурийг дэмжинэ

0

АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр хоёр хүн нэрээ бүртгүүлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар юм. Тэгвэл тэдний талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр АН-ын даргын сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

О.Цогтгэрэл “Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Ер нь нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.

Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаануудад бий.

Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр ялалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.

Ж.Батсуурьд нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг.

Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би “өртэй”.

Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ.

Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна” гэжээ.