Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийхэд 25 настай, эрэгтэй иргэн Ү нь гадны нөлөөтэй / олон тооны хутганы шархтай/ амь насаа алдсан байжээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд 23-31 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар 30 настай, эрэгтэй Т нь 25 настай, эрэгтэй Ү-тэй маргалдан зодолдож, амь насыг нь хохироосон байж болзошгүй байна.
Хэргийн газраас оргон зайлсан иргэн Т-г Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж 03 дугаар сарын 29-ний өдрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.