2025.05.13, Мягмар
spot_img
Нүүр хуудас блог хуудас 148

С.Баярцогт: Нэр бүхий улстөрчид тэрхүү дуулианыг зохиосон

0
С.Баярцогт

Сангийн сайд асан С.Баярцогтыг оффшортой дансны хуулгыг Цэнхэр үст Цэрэн гэх эмэгтэй Швейцарь явж авчирлаа гэж дуулиан дэгдээж байв. Ингэхдээ түүний дансанд 9.2 сая ам.доллар орсон гэх “баримт”-ыг ч үзүүлж байсан юм. Тэгвэл энэ бүхнийг хуурамч болохыг Швейцарийн прокурорууд тогтоожээ

Харин энэ асуудалд С.Баярцогтын өгсөн хариултыг сонирхуулъя. “Энэ бүх дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан. Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесмэнүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан.

Гурван жил гаруй монгол бизнесмэнүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авилга авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.

Энэ мөрдөн шалгах явцдаа “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудал бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн” гэжээ. Ямартаа ч С.Баярцогтыг оффшорын хэргээр багагүй баалсан ч Швейцарийн Ерөнхий прокурорын газраас түүний “хэргийг” хэрэгсэхгүй болгосон байна.

О.Магнай: Иргэн бүрт 1.2 сая төгрөг тараахыг шаардаж байна

0

Ардчилсан намын нарийн бичгийн  дарга О.Магнай өнөөдөр /2020.03.25/ мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж шаардах бичиг хүргүүлж буйгаа дуулгав. Түүний зүгээс  иргэн бүрт 1.2 сая төгрөг төрөөс тараахыг шаардаж байгаа аж. 


Тэрбээр “ Цар тахлаас болж, бүх дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болох бодитой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хувьд энэ оны нэгдүгээр сараас эхлэн хөл хориог өнөөдрийн байдлаар тавдугаар сарын 1 хүртэл сунгасан. Халдварт вирусээс үүдэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн  засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл үүслээ.

Энэ онцгой байдлын үед Засгийн газар мөн онцгой байдлаар асуудалд хандаж, эдийн  засгийг сэргээх, эрчимжүүлэх бодлогоо цаг алдалгүй иргэдэд танилцуулж, хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. 

Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл  бодитой бөгөөд тодорхой бодлого зорилт танилцуулсангүй өдийг хүрлээ. Иймд эдийн засгийг сэргээх тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн  тавдугаар зүйлийн  дөрөвт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Мөн аравдугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус, тус заасныг үндэслэн Монгол Улсын иргэн бүрт 1.2 сая төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгож эдийн засгийг тэтгэх алхмыг яаралтай хийхийг шаардаж байна.

АНУ иргэн бүртээ 1000 ам.доллар өгөх асуудал яригдаж байгаа бол Хонконг гэхэд  иргэн бүртээ 1200 ам.доллар өгсөн.  Өнөдөөр Британийн Засгийн газар гэхэд нийт ажилдагсдынхаа цалингийн 80 хувийг  нь  дааж байна. Тэгэхээр бид энэ бүгдээс хоцорч болохгүй.  2020 оны төсөвт барилга байшин, зам их тусгасан.  Хоёр замаа болиод тэр мөнгөө иргэдэд өгөх цаг болсон. Ерөнхий сайдыг хариу өгнө гэж найдаж байна. Иргэдэд мөнгө тараах  нь Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь авч үлдэх  зөв бодлого”  гэдгийг энэ үеэр онцоллоо.

Хубэй мужийн хөл хориог цуцалжээ

0

Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа цар тахлын тархалтын талаар шинэ мэдээлэл хүргэж, “ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 196 улсад COVID-19 халдварын 375,498 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16,362 хүн өвчний улмаас нас баржээ. Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг орнуудад өдөрт 1,000-10,000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд Итали улсад нас баралт 10.3 хувьтай байна.

Испанид сүүлийн гурван хоногт тохиолдлын тоо хоёр дахин ихэссэн нь Итали болон БНХАУ-д өмнө ажиглагдаагүй юм. Тухайлбал, Италид гарсан нийт тохиолдлын 80 хувь нь хойд гурван муждаа гарч байгаа бол Испани улсад гурван мужаас зургаа болон өргөжөөд байна. Өнөөдрөөс БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлж буй бөгөөд Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн цуцална.

БНХАУ-д өдөрт 20 мянга орчим зорчигч олон улсын нислэгээр очиж, хоёр долоо хоногт 280 мянга гаруй хүн хилээр нэвтэрч байгаа нь халдвар импортлогдон орох эрсдэл бий болгож, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Харин дотоодын халдварыг тус улс хязгаарласан гэж үзсэн тул бизнесийн үйл ажиллагаануудыг шат дараатайгаар эхлүүлж, хэвийн амьдралын байдалдаа эргэн орж байна” гэв.

Дөрөвдүгээр сарын 1-нээс Герман, Солонгос, Японоос иргэдээ авчирна

0

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгийн мэдээлснээр УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарчээ. Дээрх аймгуудад энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагаанд нислэгийн багийнхан болон МХЕГ-ын байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа аж.

ТУСГААРЛАХ БАЙРУУДААС 11 ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

МХЕГ-ын мэдээлснээр ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объектод хяналт тавьжээ. “Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа” гэв. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж, ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна. Зочид буудлын менежер, гал тогооны ажилчид хамгаалалтын маскгүй, зохион байгуулах менежментийн ажилтангүй зэрэг зөрчил илэрчээ. Баян-Өлгий аймгийн тусгаарлах байрны эрчим хүч тасалдсан. Тиймээс эрчим хүчээр хангах бэлтгэл байдлыг хангуулахаар ДЦС-ын 148 байгууллагад хяналт тавьж 245 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсан байна. Хилийн боомтуудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжийн наалт нааж байгаа гэв. Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийхээр болсон аж ахуйн нэгжийн 160 гаруй бэлтгэлээ хангасан гэсэн ч газар дээр нь очиж шалгаж үзэхэд гурван аж ахуй нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэх шаардлага хангасан, бусад нь хангалт муутай байжээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ “Замын-Үүдийн боомтоор 30 иргэнийн өнөөдөр татан авч байна. Хил дээрээс татан авах ажиллагаанд халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр БНХАУ-аас оношлуур, амны хаалт өгөхөөр болсон. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног үргэлжлүүлэн гэртээ байх нь шаардлага тавьсан. Өвдөөд эдгэсэн хүнд бол 28 хоног гэртээ тусгаарлах шаардлага тавигдана. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага ажлыг зохицуулахад анхаараарай. Аль болох гэрт нь байлгах талаар анхаараарай. Мөн тусгаарлагдсан иргэдийг аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын удирдлагууд ажлаас нь халах ёсгүй. Ийм гомдол мэдээлэл ирж байна. Шаардлагатай үед нь тодорхойлолт өгч байгаа.

Улс төрийн 35 намаас 27 нь сонгуульд оролцоно

0

Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даагч нар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлэхээр заасан.

Энэ хүрээнд Үндэсний аудитын газраас өгсөн мэдээллээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн гэв.

Эдгээрээс 15 нам бие дааж оролцох бол 12 нам дөрвөн эвсэл болж оролцоно. Хамгийн сүүлийн нам өчигдөр 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан. ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Нам, эсвэл болон бие даагч нараас ирүүлсэн мөрийн хөтөлбөрт хуулинд хориглосон заалт байгаа эсэхийг хянах; Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх; санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж ҮАГ дүгнэлт гаргадаг.
Хэд хэдэн улс төрийн нам, эвслээс цалинг 3 сая, 5 сая болгоно, зээлийн хүүг бууруулах, орон сууцны реформ хийх зэрэг амлалтуудаа олон нийтэд зарлаад эхэлсэн. Харин ҮАГ дөрвөн жилийн хугацаанд жам ёсоороо цалин өсөж, бодитоор биелэгдэх боломжтой бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэхгүй гэв.

Д.Нямхүү: Уушигны хатгаа туссан хүмүүст коронавирусийн тандалт хийж байна

0

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний  талаар шинэ мэдээлэл өгсөн юм. Тэрбээр 2020 оны 3 сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өмнө нь уушигны хатгаагаар өвчилсөн  хүмүүст коронавирус байна уу гэж эрэн хайж, тандан хянаж байгаа юм. Мөн Монгол Улсад коронавирусийн халдвар байна уу гэдгийг баталгаажуулж байгаа гэсэн үг. Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ хийгдэж байгаа. Сорьц цуглуулж бүгдийг нь шинжилгээнд хамруулна гэж өмнө нь хэлж байсан.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж буюу стандартын дагуу лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, хамар, залгиураас арчдас авч, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулж, хянаж байна. Энэ нь эмчилгээ зохиж буй эсэхийг харьцуулан үзэх ач холбогдолтой.

Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.

Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын байгууллагатай хамтарч хянаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Г.Загдааг гурван хэрэгт яллагдагчаар татжээ

0

Цахим орчинд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Г.Загдаагийн хэн нэгнийг хэл амаар доромжилсон харааж зүхэж байгаа бичлэг, лайвууд ар араасаа хөвөрч иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон.  Тиймээс Г.Загдаад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын гурван  хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа юм байна.

Тэрбээр:

  • Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны гадаа Г.Загдаа нь иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
  • “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан байна. Өдгөө хэргүүдийг шалгаж байгаа аж.

Дээрх хэргүүдээс гадна “Зөв амьдрах ухаан” ТББ-аас хүүхдээ авах гэсэн нэгэн эмэгтэйг хэл амаар доромжилж, танхайрсан бичлэг нь олон нийтэд ил болсон. Г.Загдаагийн гаргасан энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн хэрэг үүсгэж, хоёр сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн хачирхалтай туршилтууд

0
Шинжлэх ухаан
НЬЮТОНЫ ҮСРЭЛТ

Ирээдүйн их эрдэмтэн Исаак Ньютон (1643–1727) багадаа сул дорой, өвчинд ороогдсон хүүхэд байсан гэдэг. Английн хувьсгалч Оливер Кромвелийн таалал төгссөн өдөр буюу 1658 оны есдүгээр сарын гурванд дэгдсэн хүчтэй салхины үеэр Исаак хүүхдүүтэй хамт уртад харайн тогложээ. Салхины эсрэг биш, урсгалыг нь даган үсэрснээр тэрбээр уг тэмцээнд түрүүлсэн аж. Хожим салхины эсрэг ба  дагуу үсэрвэл хэр зайд харайхыг туршиж үзсэнээ тэмдэглэн үлдээсэн юм. Нэрт физикч “Мэдээж тэр туршилт шинжлэх ухаанд ямар нэгэн ашиг тус өгөөгүй. Гэхдээ тэр үеэс л хойш физикт татагдаж эхэлсэн” гэжээ.

ЗАМ ДЭЭРХ КОНЦЕРТ

Австрийн физикч Христиан Доплер гэрэл болон дууны долгионыг үүсгэгч ажиглаж буй хүнээс холдох, ойртохоос хамааран давтамж нь өөрчлөгдөнө гэдгийг онолын хувьд баталжээ. 1845 онд Голландын цаг уурч Христофор Бейс-Баллот уг онолыг туршилтаар батлахын тулд ачааны чиргүүл бүхий уурын тэрэг, хоёр бүрээчин хөлсөлжээ. Хоёр бүрээчин соль нотыг тоглож, харин холгүйхэн зогсоо хөгжимчид дууны долгион өөрчлөгдөж буй эсэхийг чагнасан аж. Уурын тэрэг эхлээд алгуурхан урагшилж, дараа нь хурдлахад дууны долгион өөрчлөгдөж байгааг нотолсон байна. Хэдийгээр Бейс-Баллот уг туршилтыг сонирхолдоо хөтлөгдөн хийсэн ч цаг уурч физикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан нь энэ.

АЯГА ЦАЙНААС ҮҮССЭН АРГА

Биологийн туршилтуудын үр дүнг  математик стастистикаар тооцох арга буюу биометрийг үндэслэгч Роберт Фишер 1910–1914 онд Лондоноос холгүй агробиологийн станцад ажилладаг байж. Станцад ажилд орсон бүсгүй хамт ажиллагсдаа цайгаар дайлж, англичуудын хувьд “мөнхийн” сэдэв болсон “Сүүн дээр цай хийх үү, цайн дээр сүү хийх үү” гэдгээр мэтгэлцжээ. Маргаанд эцг тавихын тулд тэд туршилт хийсэн бөгөөд Фишер хэд хэдэн туршилтын дүнг тооцон гаргасны дүнд “Эрдэмтдэд зориулсан статистик арга” хэмээн ном гаргав.

ГЭРИЙН МАУГЛИ

Америкийн биологч Уинтроп Келлог гэргий Люэллагийн хамт 1931 онд нэгэн хачирхалтай туршилт хийжээ. Амьтдын дунд өссөн хүүхдүүдийн эмгэнэлт хувь заяаны тухай сонссон тэд моншийг  хүний дунд, гэр бүлд өсгөж үзэхээр шийдэв. Хүн төст сармагчин судлах төвөөс долоон сартай  монш түр хугацаагаар “зээлж” арван настай хүү Дональдтайгаа хамт байлгаж эхэллээ. Гурван жилийн хугацаанд сармагчинд хүний дадал зуршил, амьдрах хэв маягийг дуурайсан үйлдэл бараг  илрээгүй агаад биологчид туршилт амжилтгүй болсон гэж үзсэн юм. Харин монштой хамт байсан хүү сармагчны гаргаж буй үйлдэл, дуу авиаг дуурайх болсон тул сармагчныг судалгааны төвд буцаахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

ДАЛЬТОНЫ НҮД

Британийн эрдэмтэн Жон Дальтон (1766–1844) хими, физикийн салбарт чамгүй амжилт гаргаад зогсохгүй өнгө ялгах чадахгүй гажиг буюу дальтонизмыг  анх тодорхойлон бичсэн нэгэн. Дальтон өөрөө өнгө ялгадаггүй байснаа 1790 оноос ургамал судлалд татагдаж эхэлснээр мэдсэн аж. Тэрбээр үзмэн ягаан, ягаан, эсвэл бараан улаан өнгийг цэнхэрээс ялгаж чадахгүй байлаа. Тэгээд  нас барсных нь дараа нүдийг нь ухан ямар гажиг байгааг шинжилж үзэхийг туслахдаа гэрээсэлсэн бөгөөд шавь нь ч үүнийг ёсчлон биелүүлэв. Дальтоны нүдийг спирттэй шилэнд хийн хадгалж, 1995 онд ДНХ-ийн шинжилгээ хийн, дальтонизмын гентэй болохыг нь тогтоосон.

ХАМГИЙН УРТ ТУРШИЛТ

Дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн туршилт одоогоос 130-аад жилийн өмнө эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй. Америкийн ургамал судлаач У.Бил 1879 хамгийн өргөн тархсан хогийн ургамлуудын үр бүхий 20 шилийг газарт булжээ. Түүнээс хойш хэсэг хугацааны давтамжтай үр бүхий шилнүүдийг булж, өмнөх булсныг нь гарган ирж харьцуулдаг. Хамгийн сүүлчийн шилийг 2020 онд гаргаж дотор байгаа ургамлыг судлах юм.

ХАМГИЙН НҮСЭР ТУРШИЛТ

Газрын биосферийн загвар гаргах туршилтыг хамгийн нүсэр гэж хэлж болно. 1985 онд  Америкийн 200 гаруй эрдэмтэн, судлаач нэгдэж Аризона мужийн цөлд биосферийн загвар гаргаж эхэлжээ. Асар том шилэн барилга дотор ургамал, амьтан байдаг. Тэд обьектийг гадаад ертөнцөөс бүрэн  тусгаарлаж, найман хүнийг хоёр жилийн хугацаатайгаар дотор нь байлгахаар төлөвлөж байлаа. 1.3 га талбайтай уг барилга дотор жижиг хэмжээний ой, нуур, цөл, намаг ч бий. 1991 оны есдүгээр сарын сүүлчээр туршилтад сайн дураараа оролцохыг хүссэн найман хүнийг шилэнд барилга руу оруулсан ч төдөлгүй үүлэрхэг өдөр таарч фотосинтез муудан, хөрсөнд нян үржиж, хүмүүс хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлсэн байна. Төлөвлөснөөр хүмүүс  тэнд хоёр жил болоогүй ч биосфер эмзэг бүтэцтэйг тогтоож чадсан аж.

ОЧИР ЭРДЭНЭ ШАТААСАН НЬ

250 жилийн тэртээ Францын химич Антуан Лоран Лавуазьегийн хийсэн нэгэн туршилт олныг гайхашруулж байв. Бодис өндөр температурт ямар урвалд орох, ямар төлөвт шилждэгийг судалж асан тэрбээр нарны гэрлийг цуглуулагч хоёр линз бүхий төхөөрөмж бүтээжээ. Тусгай хавтан дээр тавьсан хоёр линзний цуглуулсан хурц гэрэл дор  цайр, кварц, чулуу, очир эрдэнэ, алт зэргийг аргаагүй орчинд  удаан хугацаагаар байлгахад очир эрдэнэ халж, харин агаарт гаргасан даруйд шатаж үгүй болжээ. Уг туршилтад эрдэмтэн 3000 алтан ливр төлсөн гэдэг.

З.Нарантуяа: Дундаж цалинг 3 сая төгрөгт хүргэнэ

0

Нам, эвслүүд гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө өгнө. Одоогоор зургаан нам, нэг эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гардуулжээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн талаар ярихдаа “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол “Монгол өрх хөгжлийн бодлого” нэртэй. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол чиглэл бол монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргаж, өсөлтийг авч ирэх хөгжлийн хөтөлбөр гэж тодорхойлж байгаа. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр байгалийн баялагаа түүхийгээр нь экспортолдог биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Эдийн засгийн өсөлтөд хамгийн том хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид буюу жижиг дунд үйлдвэрлэлээ түлхүү дэмжинэ.

Эцэст нь монгол өрх болгоныг дэлхийн дундаж орлоготой болгоход чиглэсэн. Ингэснээр иргэдийн цалин хөлсний доод хэмжээг 3 сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрийн үр шимээр хамгийн тохилог орон сууцыг худалдан авах орлогыг бий болгож өгнө” гэв

У.Хүрэлсүх: Урвахгүй, улсаа худалдахгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ

0

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр МАН-ын V Бага хурлыг хааж хэлсэн үгэндээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг нэрлэжээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.

  • Нэгдүгээрт, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.
  • Хоёрдугаарт, итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна.
  • Гуравдугаарт, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ.

Бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна. Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье.

Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур. МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй, нэгдэж чаддаг.

Төрийн сонгууль хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна. МАН ч амжилттай оролцох ёстой. Амжилттай оролцох нь ганц МАН-ын зорилго биш, Улаанбаатарын утааг эрс бууруулж байгаа ажлаа гүйцээх, бензинийн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хоёр хөрштэйгөө тохирсоны дагуу хийн хоолойг Монголоор дайруулах ажлаа дуусгах, 2016 онд дампуурах дөхсөн эдийн засгаа босгож ирсэн өнөөдрийн амжилтаа ахиулах гээд ард түмний захиас, хүлээлт олон.

Эцэст нь, төрийн сонгуульд намууд оролцоно. Намын ажил тусдаа, Засгийн газрын ажил тусдаа явна гэдгийг хэлье. Засгийн газрын хувьд өнөөдөр дэлхийн нийтийн цар тахал болсон коронавирусийн халдвараас нэгд иргэдээ, хоёрт эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэх л гол ажил болж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх түвшинд, боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг хэлье. Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа Монгол иргэдээ авчирсныг буруутгаж, “өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн. Засгийн газар ийм улс төрөөс айхгүй, хэрэгжүүлж байгаа бодлогоо зогсоохгүй ээ. Хүнд хэцүү байтугай энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм. Тийм учраас эх орноо гэж байгаа монгол хүн бүрээ эх оронд нь авчрахын төлөө Засгийн газар ажиллах болно” гэжээ.