2025.05.15, Пүрэв
spot_img
Нүүр хуудас блог хуудас 140

COVID-19: 13 хүнд халдвар илэрч, Монголд 30 тохиолдол бүртгэгдэв

0

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан хоёр хүн 14 хоног тусгаарлалтад байж байгаад өрхийн эмчийн хяналт буюу өөрийнхөө гэрт тусгаарлагдахаар шилжсэн. Тусгаарлагдсан хугацаанд хэд хэдэн удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Бид цаашид гэртээ байх хугацаанд нь шинжилгээ авч, хянана.

  • Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
  • Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 19 хүний хариу мөн сөрөг гарсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүн уг шинжилгээнд хамрагдсан. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 13-нд хийсэн шинжилгээнээс 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ. Түүнийг өнөөдөр өглөө тусгай баг явж, Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирч, тусгаарлах, эмчлэх ажилдаа орсон. Бусад нь Улаанбаатарт тусгаарлагдсан байсан. Тэднийг бүгдийг нь тусдаа өрөөнд оруулсан. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр нийт 25 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.

Хоёр сая хүн коронавирусээр өвчилжээ

0

Даваа гаригийн оройны байдлаар “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас бараад байна. Шинэ коронавируст халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна. АНУ-д халдварын хамгийн олон буюу 577 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 23219 хүн нас баржээ.

Итали, Испани, АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан орнуудад вирусийн тархалт саарах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт цуцлахгүй байхыг анхааруулжээ.

ДЭМБ-ын захирал Тедрос “Хурдацтай тархаж буй “COVID-19” халдварын саарах үйл явц өссөнөөсөө удаан байх болно. Иймээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар, хяналттайгаар цуцлах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна

Хүний эрхийг ХЭҮК-ын даргаас хамгаалъя

0

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн нэгэн бичлэгийг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын дарга Г.Загдаа олон нийтэд ил болгосон. Тиймээс Ж.Бямбадорж өнөөдөр сэтгүүлчдэд хандан “Намайг утсаар ярьсан бичлэгээр жил шахам дарамталж байгаа юм.

Би “Чи хүнтэй арслан, бар шиг харьцах юм. Чи хүмүүстэйгээ зөв харьцаач ээ” гэдэг хэсгийг хассан. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү. Чи хүнтэй хүнлэг харьц гээд бүр болохгүй болохоор нь тэгж хэлсэн. Тэнд янз бүрийн хүн очиж байгаа учраас Г.Загдаагийн уурыг хүргэдэг байх. Тэр бол миний хоолой мөн. Тэр ярианы өмнө 40 орчим минутын яриа байсан. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэж аргаа ядахдаа “Чи нэг иймэрхүү байгаач” гэж хэлснийг минь олзолж байна. Би ямар хараал хэлсэн гэж. Би тэр хүмүүсийг битгий зодож, хараагаасай гэсэндээ аргаа барсандаа тэр үгийг яриан дундаа хэлсэн” гээд Г.Загдаагийн муу муухайг гайхжээ. Үнэндээ хүний эрхийг хүчирхийлэгч Г.Загдаагаасаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж дээрдээд байх зүйл алга.

ХЭҮК хамгийн их улстөрждөг, хүний эрхийг хамгийн их зөрчдөг газар болсныг түүний үг, үйлдлээс харагдаж байгаа юм. Тэр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээгээд зогсохгүй ажлаа хийж чадаагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой.

Монгол хүний эрхийг зөрчиж буй аливаа үйлдэлтэй тэмцэж, хүний эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь Ж.Бямбадоржийн хийх ажил. Гэвч, Г.Загдаад цагдаа хүртэл дийлэхгүй “томрох”-од нь Ж.Бямбадоржийн буруу асар их бий. Учир нь тэр бол Монголын хүний эрхийг хамгаалах ёстой, төрийн хараат бус субъектийн дарга.

Харамсалтай нь, хэлсэн үгэндээ “барьцаалагдаж, Д.Халиун гэгч бүсгүй бие, сэтгэлийн шархтай үлдэж, Г.Загдаа гэгчид хүчирхийлүүлж байхад чив чимээгүй явсан нь тэр ажилдаа тэнцэхгүй, тэтгэвэртээ гарах цаг нь болсны илрэл юм. Тиймээ, Ж.Бямбадоржийг тэтгэвэрт нь гаргах цаг болж. Хүний эрхийг хамгаалж чадахгүй ХЭҮК-ийн хөгшин дарга нарыг тэтгэвэрт нь суулгая. Хүний эрх бол хүний заяамал эрх билээ.

 

Дэлхий ба COVID-19

0

Дэлхийн дахинд тархаад буй цар тахлыг талаарх шинэ мэдээллийг хүргэе.

  • АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 532,000 гаруй, нас баралт 21,400 гаруй болсон байна. Халдварын цөм Нью-Йорк мужид халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст эсрэг биет үүссэн эсэх талаар шинжилгээ хийхийг мужийн захирагч шийдвэрлэжээ. Мөн олон нийттэй харилцаж байгаа ажилчдад амны хаалтыг үнэгүй олгох чиглэлийг бүх ажил олгогч нарт үүрэг болгосон тушаалыг Нью Йорк мужийн захирагч гаргажээ.
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Франц улсад 315, Италид 431 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт бол Испанид 619 нас баралт бүртгэгдэж, өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.
  • Турк улсад халдвар эрчимтэй тархаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 4,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан тохиолдлын тоо 56,956 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
  • Ням гарагт Япон улсын нийслэл Токио хотод халдварын шинэ тохиолдол 166 бүртгэгдснээр нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 2,000 гаруй болжээ. Бүс нутгаар нь харах юм бол Токио хот тэргүүлж, Осака, Канагава, Чиба, Сайтама хотууд удаалсан байна. Япон улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 7,400-д хүрсэн бөгөөд 150 нас баралт бүртгэгджээ. Үүнээс 12 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч байсан байна.
    Японы Засгийн газраас гар утасны байршлаар хүмүүсийн хөдөлгөөн, бөөгнөрлийг хянаж байгаа. Онц байдал зарласан ч хүмүүс томоохон худалдааны төвөөр үйлчлүүлсэн хэвээр байгаа учир бөөгнөрлийг багасгах талаар ард иргэддээ анхааруулсаар байна.
  • БНСУ-д эдгэрсэн 111 хүнээс дахин халдвар илэрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн албаны газрын захирал мэдээлжээ. Эдгээрийн дийлэнх нь Тэгү болон хойд Кёнсан аймагт бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдэд эсрэг бие үзэх шинжилгээ хийж эхэлжээ. Эсрэг бие үүссэн тохиолдолд тухайн хүн халдвар аваад эдгэрсэн гэж үзэх ба цааш дамжуулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийг хойшлуулав

0

УОК-оос Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийг энэ сарын 17-нд үйлдэхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан байна.

Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Сөүл – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг түр хугацаагаар хойшлуулсан. Бид ОХУ-аас ирэх оюутны тоог 170 гэж тооцоолж байсан ч нэмэгдэж 282 болсон. Тиймээс тусгай нислэг хийх нөөц боломж хомс байгаа учраас Сөүлийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэв.

Өнгөрсөн Баасан гаригт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Ирж байгаа иргэдийг 1, 1 өрөөнд 21 хоног тусгаарлаж байгаа. Тэгэхээр тусгаарлах байр эмч нарын ачааллыг харж байж дараагийн нислэгээ тооцоолох ёстой. Бид хоёрхон онгоц, цөөхөн экпажтай. Гэтэл нөгөө хэд маань нэг нислэгээс ирээд л тусгаарлагдаж байгаа. Тэгэхээр иргэд нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Одоо нислэг үйлдэхэд төвөгтэй байдал үүсч байна. Улс орнууд хилээ хаагаад эхэлж байна. Гадаадад байгаа иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамдуудаас мэдээллийг байнга авч ажиллаж байгаа. Токио руу нислэг үйлдэх боломжгүй болсон гэсэн юм.

COVID-19: Эдгэсэн хүмүүсийг гэрт нь гаргасан

0

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д 20 хүнийг нэмж тусгаарласан. Тэдгээр иргэдийн нэгэнд нь коронавирус илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан халдварын тоо 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эмчлэгдэж гарсан. ХӨСҮТ-д 13 иргэн эмчлүүлж байна” гэлээ. Шинэ коронавирусээс өвчилсөн иргэн нь Бямба гаригт ОХУ-аас ирсэн хүн аж.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд 231 хүнээс шинжилгээ хийсэн  бөгөөд шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан байна.

ОХУ-аас ирж, Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11, Сэлэнгэ аймагт тусгаарласан дөрвөн хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын шугамаар 13 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Эмчлэгдэж эдгэрээд, тусгаарлалтад гарсан эхний хоёр хүнээс хоёр удаа шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Тэд ажиглах байрнаас шилжиж, гэртээ гарсан. Гэхдээ гэртээ 14 хоног тусгаарлалтад байна. Бид энэ хүмүүстэй харилцаатай байж, давтан шинжилгээг шат дараатай хийнэ” гэлээ.

Бодлогын хүүг 9 хувьд хүргэнэ

0
Монголбанк

УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголбанкны бодлогын хүүг 1 хувиар дахин бууруулахаар болж байгаа” талаар мэдээлсэн юм.

Үүний тулд зах зээл, валютын нөөц зэрэг холбогдох судалгаануудыг хийж шийдвэр гаргаж байгаа бөгөөд зээлийн хүү буурах нэг боломж бүрдэнэ хэмээн үзжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10% болгосон бол одоо 9% болгох боломж бүрдсэн байна.

Д.Цогтбаатар: Токио руу нислэг үйлдэх боломжгүй болсон

0

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Тусгай үүргийн нислэгээр дарга цэрэг нарын хүүхдийг авч ирлээ гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгч байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд таван шалгуур тавьсан. Жишээ нь, эмчилгээ хийлгэж байсан жирэмсэн, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдийг авчрах шалгуур тавьж байна. Энэ шалгуураар хүмүүсээ авчирсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс нийт 6000 гаруй иргэнээ авч ирсэн байна. Визний зөрчилтэй иргэд ч маш их байсан. Хорих, торгуулах зөрчилтэй иргэд байсан. Бид нэг ч иргэнд хариуцлага тооцуулаагүй асуудлыг шийдсэн.  Ирж байгаа иргэдийг 1,1 өрөөнд 21 хоног тусгаарлаж байгаа. Тэгэхээр тусгаарлах байр эмч нарын ачааллыг харж байж дараагийн нислэгээ тооцоолох ёстой. Бид хоёрхон онгоц, цөөхөн экпажтай. Гэтэл нөгөө хэд маань нэг нислэгээс ирээд л тусгаарлагдаж байгаа. Тэгэхээр иргэд нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Одоо нислэг үйлдэхэд төвөгтэй байдал үүсч байна. Улс орнууд хилээ хаагаад эхэлж байна. Гадаадад байгаа иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамдуудаас мэдээллийг байнга авч ажиллаж байгаа. Токио руу нислэг үйлдэх боломжгүй болсон. Япон Улс хилээ хаасан” гэв.

 УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өнөөдрийн байдлаар 43 улсаас 7626 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавиад байна. Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 17-нд хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ зөвхөн БНСУ-аас иргэдийг авч ирэхгүй. Европоос бас иргэдээ татаж авна. Энэтхэгт байгаа иргэдийнхээ асуудлыг ч ярьж байна. Австралид байгаа иргэд санхүүгийн асуудалд орж байна. Тиймээс тэдгээр иргэнээ яах вэ гэх асуудлыг Засгийн газартай нь ярьж байна” гэв.

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулахаа боль

0

АН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс 100 сая төгрөг хурааж авсан гэх баримт цацагдсан. Энэ талаар тус намын гишүүн, Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хэвлэл хандаж, “Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад, хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд байгааг ойролцоогоор тогтоосон. Миний хувьд төрж өссөн Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр

  • 2019 оны 12 сарын 15-ны өдөр эхний дэнчин болох 40 сая төгрөг
  • 2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараагийн 30 сая төгрөг
  • 2020 оны гуравдугаар сарын 1-ний дотор сүүлийн 30 сая төгрөгөө тушаасан ба баримт нь энэ байна” гэлээ.

Тэрбээр “Нэр дэвшигчдийн нэрсийг ил болго, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байхад С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулахаа боль.

Сонгуулийн зардлын дээд хэмжээг 2020.02.28-нд Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн.  

Үүнийг миний бие ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан 100 гаруй хүний мөнгө буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодож байтал дахиад сонгуулийн зардал гаргаж ирж нэхэж байгаа нь хар дагуулсан. Тэгээд дунд шатны гэрээ гэж нууц гэрээ  байгуулан хүчээр гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэрээгээр дүгнэнэ гэсэн.

С.Эрдэнэ даргын хамаарал бүхий хүмүүсээр Үнэлгээний хороо байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, тус хорооны ерөнхий менежер Баярсайхан, Баттулга, манай аймгийн дунд шатны намын дарга, сонгуулийн менежер хэмээх таван хүний бүрэлдэхүүн хоёрдугаар шатны гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр бол 10, 20, 20 хувь гэсэн гурван үе шаттайгаар тавдугаар сарын нэгний дотор төлөх ёстой.

Миний бие С.Эрдэнэ даргаас ганц зүйл асуусан. 100 саяа тушаачихсан араас нь 400 саяын тавин хувь буюу 200 саяа тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн чинь “Хохь чинь” гэж байна лээ. Нам ялчихвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэнэ. Энэ бол Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурчихаад байгаагаа нотолчихоод байна” гэв.

Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр бүртгүүлсэн ИРГЭДИЙН АНХААРАЛД

0

ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очих иргэдийг уг тусгаарлалтад оруулахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна.

Иргэдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ. Түүнчлэн Улсын Онцгой Комиссоос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаана уу.

Улсын Онцгой Комиссоос төлбөр төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгааг анхааруулахын зэрэгцээ Та бүхнийг хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.