2025.05.12, Даваа
spot_img

У.Хүрэлсүх: Үнэт зүйл болсон ардчилсан төр, парламент ёсоо бэхжүүлэх ёстой

0

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.

-Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

-Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ. Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

-Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

-Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

-Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

-Улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

-Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

-Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан. Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

-Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

-Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

-Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

-Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

-Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

-Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)

Л.Гантөмөр: Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй 

0

Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөртэй ярилцлагаас эшлэл үгийг түүвэрлэн хүргэе.


1.Ардчилсан улсын иргэд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хамгаалах гэж Ардчилсан нам засагт хамтарсан юм аа. Ардчиллыг үгээр биш үйлдлээр хамгаалах шаардлагатай цаг хугацаа, дотоод гадаадын улс төрийн геополитикийн нөхцөл байдал гэж бий.

2.Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бодохоор бид хувийн болоод намын эрх ашгийг нэгдүгээрт тавих эрх байхгүй. Энийг манай намын гишүүд, дэмжигчид, сонгогчид ойлгоно гэдэгт итгэж байна.

3.Ийм том золиос гаргаад, нэр хүндээ алдан барин хамтарсан Засгийн газарт орж, Монголын хөгжлийн төлөө зориг гаргаад алхсан, нийгэм эдийн засагт нэн чухал шийдвэрүүд гаргасан гэж ирээдүй хойч үе маань эерэгээр харна гэдэгт эргэлзэхгүй байна.

4.Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг.

5.Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Ардчилсан намын болон Л.Гантөмөрийн нэр хүнд өснө. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.

6.Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.

7.Иргэдийн амьдрал хүндэрсэн байна. Бизнесүүд дампуурч байна. Монголын тархи гадагшаа гоожиж байна. Эдийн засагт тэлэлт хэрэгтэй болсон байна. Эрчим хүчний реформ хийх цаг ирсэн байна. Хамаагүй ээ, намайг нулимж, шүүмжилж, үзэн ядаж болно, харамсах ч юм алга. Хэрэв ийм сонголттой дахин нүүр тулбал би мөн л хамтарч, улсаа хөгжүүлэхийг бодно.

8.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тэлмээр байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол алдаа засагдахгүй. Том, том төслүүдээ хөдөлгөмөөр байна. Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй.  Дэд бүтэц, түгжрэл рүү хөрөнгө мөнгө сайн хийж байж алдаа засагдана.

9.Улаанбаатар  хотын дэд төвүүд рүү хүссэн, хүсээгүй хөрөнгө оруулалт хийнэ. Газрыг чөлөөлөх хөрөнгийг шийднэ. Шинэ хотынх нь төлөвлөгөөг баталж өгөх ёстой. Шинэ хот руу нь хөрөнгө оруулалт багагүй өгөх ёстой. Энэ ажлуудыг 2024 онд бид хамтраад хийчихсэн. Эхний даваагаа давсан. Одоо Сэлбэ дэд төв, Баянхошуунд орон сууцжуулах ажил эхэлж байна. Толгойтыг орон сууцжуулна. Ажлууд урагшаа явж байна.

10.Үндэсний эрх ашиг гэж мөнгөөр хэмжих аргагүй том зүйл байдаг юм. Монголын тусгаар тогтнол гэдэг ганцхан хил, хэл, газар биш байна. Орчин үед технологи нэг номерын чухал асуудал болсон. Бүх улс орон технологиор тусгаар тогтнолыг олж авч чадаж байна.

11.Үндэсний хиймэл дагуул бол Монголын тусгаар тогтнол бие даасан байдлын баталгаа. Технологи, мэдээллийн технологи талдаа хэн нэгний хараат байдлаас ангижирна гэсэн үг. Өнөөдөртөө өндөр төлбөр төлж байгаа харагдаж болно. Алс ирээдүй, ардчилал, аюулгүй байдлын үнэ цэнээ бодвол тийм өндөр төлбөрт тооцогдохгүй.

12.Монгол бизнес  хийхэд таатай улс болох ёстой. Бизнес хийснийхээ төлөө яллагддаггүй, баян болсныхоо төлөө хараалгадаггүй улс болох шаардлагатай. Ингэж байж монгол капиталыг бий болгоно. Капитал бий болгож байж хөрөнгөлөг улс болно. Бид эдийн засгийн өсөлттэйгээ зэрэгцээд хөрөнгөлөг ард түмэн болох зорилгоо заавал хэрэгжүүлэх ёстой.

13. Ямар ч  хөрөнгө мөнгө шаардагддаг  байсан ч төмөр замын холболтыг хойд, урд талдаа бүтэн хийж дуусгах хэрэгтэй. Монгол дотроо ч адилхан. Айх хэрэгггүй, төмөр зам бол ямар ч үед ашигтай.

14.Монгол Улсад газар байна, салхи нь, ус нь байна. Жишээлбэл, Сүхбаатар аймаг салхитай. Энд салхин станц бариад хилийн цаана байгаа гангийн үйлдвэрт цахилгаанаа нийлүүлэх боломж байна гэдэг санал жишээ нь ирсэн.

15. Хөрөнгө оруулалтын шинэ хуульд хууль эргэж үйлчлэхгүй байх заалт оруулж өгч байгаа. Өнгөрсөн цагт алдаа гаргасан байж болно. Цаг үе өөрчлөгдсөн. Хууль бол хууль. За бол ёогүй байх ёстой. Монгол хүн нь байг гэхнээ төр нь хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.

16.Ардчилсан намд өнөөдөр шинэ бахархал дутагдаж байгаа. УИХ-д 42 суудал авсан ч үүнийгээ ялагдал гэж бодож байна. Тэр шарх нь одоохондоо аниагүй байна.

“Халзан бүрэгтэйн орд явбал л хөрөнгө оруулагч ирнэ”

0

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон ач холбогдлын талаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг УИХ-аар баталлаа. Тус хуульд орсон гол өөрчлөлт юу вэ?

-Энэ хууль маань хамгийн нэгдүгээрт, Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтаар эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийд тунхагласан ганц орон шүү дээ. НҮБ хүлээн зөвшөөрсөн энэ статусаа хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм. Харин дараагийн гол өөрчлөлт бол монголчууд ямар ч төсөл дээр таван хувийн л АМНАТ авч ирснийг өөрчилсөн явдал. Хэрвээ ураны үнэ өсвөл АМНАТ дагаж өсдөг, хэрвээ буувал таваас доош буудаггүй байх өөрчлөлт оруулсан.

-Яагаад ийм өөрчлөлт хийх шаардлагатай болсон юм бэ?

-Хэд, хэдэн үндсэн шалтгаан байна. Ирэх 2025 он гэхэд дэлхий дээр 120 орчим мянган тонн уран буюу шар нунтгийн эрэлт бий болно. Гэтэл хүн төрөлхтний шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадал 80 орчим мянга л байна гэсэн судалгаа бий. Энэ бол ирээдүйд ураны үнэ тэнгэрт хадна гэдгийг хэлээд байгаа юм. Тийм болохоор үнэ нь өсвөл өсдөг, буурвал буурдаг системийг урьдчилан харж, оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой шиг гэрээ хийхдээ гэрээ, хуулийн өөрчлөлтийг цуг оруулж ирдэг байсан. Түүнээс болоод бид ашгаа ирээдүйд авна, авахгүй гэсэн бөөн хэрүүл болж байна. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлээд хуулиа тодорхой болгочихъё. Түүндээ тааруулж, гэрээ хэлэлцээрээ хийе л гэж байгаа юм. Мөн нөхөн сэргээлттэй холбоотой мөнгө төгрөгөө их тодорхой болгож өгсөн. Монголбанкны тусгай санд байгаль орчны нөхөн сэргээлтэд шаардлагатай мөнгийг байршуулдаг байхаар болсон. Энэ их аятайхан өөрчлөлт болсон гэж бодож байгаа.

-Гурван төрлийн АМНАТ ярьж байсан. Хөрөнгө оруулалтын 34 хувьд оногдох хувиа л АМНАТ-өөр авч байгаа хэрэг гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Тухайн компанийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 34 хувь эзэмшинэ. Эсвэл төрийн мөнгөөр хайлт хийсэн бол тухайн ордын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. Гэвч энэ хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг. Тэгээд бөөн асуудал болсон түүх бий. Харин үүнийг АМНАТ-өөр орлуулъя л гэж байгаа юм. Ер нь УИХ нь цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох, экспортлох бодлогоо хяначихдаг. Засгийн газар нь Их хурал руугаа оруулчихдаг уян хатан систем бий болж байгаа явдал нь цөмийн энергийн салбарт урин хаврыг дуудсан өөрчлөлт боллоо гэж гэж бодож байна. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан энэ үед мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх томоохон эерэг дохио боллоо. Хөрөнгө оруулагч нарт ч итгэл төрүүлэх зүйл болж байгаа байх гэж бодож байна.

-Хуулийг хэлэлцэж байхад ганцхан төсөлд зориулаад хуулиа өөрчилдөг ойлголт гадаад талдаа үүсэх вий гэдэг зүйлийг зарим гишүүд ярьж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Харин ч ийм ойлголт төрөхөөс сэргийлэхийн тулд бид хуулиа өөрчилж байгаа юм. Энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд өөрчилж байгаа хэрэг. Түүнээс биш ганцхан Францад зориулж өөрчлөөгүй. Тэгээд ч энэ салбарт Франц гэдэг бол ганцхан л оролцогч шүү дээ. Өөр олон орон бий. Нэмээд хэлэхэд, 27 жилийн өмнө манайхтай хамт анх уран ярьж эхэлсэн Казахстан улс өнөөдөр тасраад алга болсон. Тэр хэмжээгээрээ эдийн засаг нь өссөн. Шинэ нийслэлээ барьчихсан. Дахиад атомын станц барих талаар санал асуулга явуулахад ард иргэдийнх нь 71 хувь дэмжиж байна. Гэтэл манайх эсэргүүцсээр л байна шүү дээ. Ер нь уран олборлож, экспортолно гэдэг бол атомын цахилгаан станцтай болоход 10 алхам ойртож байна гэсэн үг. Тэгэхээр бид ямар ч байсан хуулиа батлаад авчихсан нь сайн хэрэг.

-Энэ салбараа хөгжүүлээд атомын цахилгаан станцтай болоод явахын тулд таныхаар цаашдаа ямар, ямар өөрчлөлтүүд хийвэл зохих вэ?

-Би саяхан Эдийн засгийн хөгжлийн яамны Үндсэн хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Ингэж байхдаа Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдчихлаа. Ингээд сэтгэл ханаж болохгүй. Эдийн засаг хөгжлийн яамнаас газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйгээ тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн. Энэ байдлаа бид тодорхой болгож байж дэлхийн хэмжээний тоглогч болно. Хятад гэхэд л газрын ховор элементийн ганцхан ордоосоо л манай олдог бүх мөнгийг олж байна. Гэтэл манайх Халзан бүрэгтэй ордоо хаах тухай ярьж байна. Дэлхий нийт өндөр технологи, соронзон материал, хиймэл оюун ухааны зүг явж байна. Энэ бүхэнд хамгийн чухал зүйл чинь газрын ховор элемент. Тиймээс бид энэ талын бүх зүйлээ сайтар цэгцлэх хэрэгтэй. Манайх хамтарсан засаг байгуулаад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татъя гэж байна. Гэвч үүнд нэг их ухаан хэрэггүй. Халзан бүрэгтэйн орд явбал л хөрөнгө оруулагч ирнэ. Явахгүй бол үргэнэ. Энэ бүхэн маш энгийн. Томоохон төслүүдийг ингэж хардаг болох хэрэгтэй байна. Мөн эдийн засгаа, өндөр технологийг хөгжүүлэхийн тулд нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын шинжлэх ухаанд хандах хандлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Бид одоо Түвд болох уу, орчин цагийн өндөр хөгжилтэй улс болох уу гэдэг сонголт дээр байгаа гэж боддог.

Өдрийн сонин

З.Батбаяр: Гүний худгууд ч бохирдсон

0

Туул голын усны бохирдлын асуудал нийгмийн анхааралд өртөөд буй билээ. Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа.


-Улаанбаатарчуудын ундны усны хамгийн гол эх үүсвэр Туул голоос гэдэсний савханцар их хэмжээгээр илэрсэн. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд тодорхойлж хэлбэл?

-Ус бидний амьдралын сэдэв юм. Монголчуудын ялангуяа Улаанбаатарчуудын өглөө босоод бодох нэг зүйл бол Туул гол ямар байна вэ гэдэг асуудал. Яагаад гэвэл бидний ирээдүй энэ голтой шууд хамааралтай. Гэтэл харамсалтай нь сүүлийн жил гаруй хугацаанд 4, 5 удаа хийсэн шинжилгээнд Туул голын уснаас гэдэсний савханцар нян илэрлээ. Гэдэсний савханцар нян гэж юу юм бэ, ямар аюултай вэ гэж хүмүүс надаас их асууж байна. Хүний биеэс гардаг өтгөн ялгадаст хадгалагдаж байдаг 4 янзын нян байдаг. Үүнийг 1800-гаад оны дунд үед илрүүлсэн байдаг бөгөөд тэр үеэс эхлэн хүн жорлонд орохдоо гараа угаах ёстой юм байна, тэгснээр гэдэсний савханцар нян хүний биед шингэхээс сэргийлэх юм байна гэдгийг ойлгуулсан. Өөрөөр хэлбэл, 00 орчихоод гараа угаах нь энэ нянгаас л сэргийлж байна гэсэн үг. Гэтэл харамсалтай нь энэ нян голын уснаас илэрч байна.

Голын уснаас нян илэрсэн учраас наймдугаар сард Усны газраас мэдэгдэл гаргасан. Хүмүүс тэр үед тоохгүй, амралт зугаалга гээд өнгөрөөчих шиг болсон. Тухайн үед тэр мэдэгдэл дээр гарын үсэг зурахдаа би маш их эмзэглэсэн. Би өөрөө Дунд гол, Сэлбэ голд сэлж, Туул голд шумбаж өссөн хүн юм л даа. Гэтэл тэр голуудаас бидний үр хүүхдүүдийг өвчлүүлэх, халдварт өвчнөөс салахгүй байх үндэс суурь болсон нян илэрсэн. Сэлж болохгүй, гадаргын усанд орж болохгүй гэж хэлээд л сууж байна.

-Таны бодлоор гэдэсний савханцар юунаас үүдсэн байх магадлалтай вэ?  

-Зайсан орчимд голын эрэг дээр шорлог зараад зогсож байхтай та бүхэн таарсан байх. Үнэхээр сайхан амттай шорлог гэж ярьдаг юм билээ. Гэхдээ тэр хүмүүс шорлог хийсэн төмрөө юугаар угаадаг бол. Сав суулгаа, гараа ч юм уу Туул голын усаар угааж байгаа байх гэж таамаглаж байна. Туул гол бохирдсон шалтгааныг би Төв цэвэрлэх байгууламжтай холбох гээд байна. Өөрөөр хэлбэл, 2010-аад оны үеэс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан хэмжээний бохир ус аваад байна. Одоо улам бүр бохир усны хэмжээ нэмэгдсэн. Төв цэвэрлэх байгууламжид өөрийнх нь хүчин чадлаар буюу хоногийн 170 мянган метр куб ус ирдэг байсан бол маш сайн цэвэрлэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр түүнээс давж ирээд байгаа юм. Яагаад ч хоёр литрийн саванд 3 литр ус багтахгүйтэй адил цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан усыг цэвэрлэх боломжгүй. Ингээд Туул гол аюулд орсон. Ус бохирддог бас нэг шалтгаан нь нүхэн жорлон. Би 680 мянган нүхэн жорлон байна гэж ярьдаг. Энэ тоог няцааж байгаа хүн ч алга, баталж байгаа хүн ч байдаггүй. 680 мянган нүхэн жорлон байна гэж үзэх юм бол Улаанбаатар хотод машинтай ижилхэн хэмжээний жорлон байна гэсэн үг. Тэдгээр жорлонд хэдэн жил хуримтлагдсан ялгадас, хэр хэмжээний гэдэсний савханцар нянгаас авахуулаад аюултай зүйлс байх вэ гэж бодож үзээрэй. Улаанбаатар хотод айл өрхүүдийн хэрэглэж байгаа 17 мянган худаг байна. Тэгэхээр 680 мянган жорлонг 17 мянган худагт харьцуулбал нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Тэгэхээр тэр худаг эрүүл байх үндэс байх болов уу. 2008 онд бидний хийж байсан нэг судалгааны үр дүнгээр нэг нүхэн жорлон ямар хөрсөнд байгаагаас шалтгаалаад 4-250 метрийн радиуст хөндлөнгөөрөө тархдаг. Хөндлөнгөөрөө 250 метрийн радиуст тархаж байгаа бол доошоо ямар байх нь ойлгомжтой. Газрын татах хүч, хөрсний ус доошоо чиглэлтэй байдаг учраас маш аюултай.

Улаанбаатар хот орчмын гадаргын усанд орохгүй байхыг зөвлөж байна

-Сэлбэ, Дунд гол Дамба орчмоор буюу яг гэр хороолол дундуур урсаж байна? 

-Сэлбэ, Дунд гол хажуу талаас нь урсаж Туул голд нийлдэг бол доод талаас нь Төв цэвэрлэх байгууламж илүүдэл бохироо цутгаж байна. Өнгөрөгч онд буюу 2023 оны есдүгээр сарын 16-ны өдрийн судалгаагаар Шадивлангийн гүүрний доороос дээж авахад гэдэсний савханцар илэрсэн. Шадивлангийн гүүрнээс дээж авах болсон шалтгаан бий л дээ. Шалгалтаар явж байгаад Хандгайтад байшин барьсан айлын жорлонгийн хажуугаар урсаж байсан хэсгээс шинжилгээ авахад гэдэсний савханцар илэрсэн. Гол урсах явцдаа өөрийгөө цэвэршүүлэх ёстой гэсэн таамаг тавиад тухайн газраас 12 километрийн доороос шинжилгээ авч үзэхэд гэдэсний савханцар нян бас л илэрсэн. Өөрөөр хэлбэл, зуслангийн орчимд байгаа жорлонгууд гол руу орж байна гэсэн үг. Өмнө нь зуслан хавиар тэр чигтээ гоё жижиг, жижиг горхитой байсан бол одоо горхиуд ширгэчихсэн.

Туул голоос гэдэсний савханцар нян илрэх болсон нь хоёр янзын эх үүсвэртэй байж болох нь. Нэг нь Төв цэвэрлэх байгууламж, нөгөөх нь нүхэн жорлон. Өнгөрсөн жил бид яриад зарим хүн дургүйцэж байсан нэг зүйл бол Зайсанд ундны уснаас нь гэдэсний савханцар нян илэрсэн асуудал. Зайсан орчмоор гэхээр ганцхан Зайсанг яриад байна гэж зарим хүн ойлгоод байдаг.

Төвлөрсөн шугамд холбохгүйгээр тухайн үедээ тэр цэвэр, бохир усны асуудлыг өөрсдөө шийдсэн гэдэг хотхонууд бохир цуглуулдаг ёмкостийг ихэвчлэн бэлэн хийснийг авч ирдэг. Энэхүү ёмкостийг пластмасаар хийсэн байдаг. Пластмас нь хичнээн зузаан, сайхан байсан ч гэсэн үйлдвэрээс өгдөг баталгаат хугацаа нь 10 жил байдаг. Монголын цаг агаар ямар билээ дээ. Өвөл нь хөлдөж, зундаа халсны улмаас тэлж, агшина. Тэгэхээр  ёмкость эвдэрч, гэмтсэн байна. Стандартын бус болчихсон гэсэн үг. Үйлдвэрээсээ 10 жилийн баталгаатай хийсэн бол 8 дахь, 9 дэх жилдээ солих ёстой. Бүр шугам хоолойн дээрээ зогсоол хийчихсэн байж байгаа юм. Тэр нь дарагдаж, хаанаа хугарч, сэтэрч байгаа нь мэдэгдэхгүй. Би яагаад Зайсанг онцлоод байдаг вэ гэхээр Зайсан урдаасаа хойшоо уруу хэлбэртэй буюу шууд Туул гол руугаа ордог хэсэг. Зайсангийн ундны уснаас илэрсэн гэдэсний савханцар Туул гол руу орж байгаа нь бараг 100 хувийн баталгаатай. Иймд Улаанбаатар хот орчмын гадаргын усанд орохгүй байхыг зөвлөж байна.

Санамсаргүй байдлаар 19 компанийн уснаас шинжилгээ авч үзэхэд, 3 нь л асуудалгүй байсан

-Бохирдол гэдэг том агуулга дотор гэдэсний савханцар, нянг ярилаа. Өөр ямар бохирдол байна вэ?  

-Хамгийн түрүүнд ярьдаг биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч гэдэг хоёр ойлголт байна. Энэ бол хэвийн хэмжээнд байхаас бараг 1000 дахин илүү байж байгаа юм. Энэ нь биологийн болон химийн янз бүрийн урвалууд явахад таатай нөхцөл үүсжээ л гэсэн үг. Тэгэхээр тэнд бүх төрлийн бодисууд ямар нэгэн гадны бодис орж ирэхэд асар хүчтэй урвалууд явж бохирдлууд үүсэх хөрс суурь нь хамгийн сайн бэлтгэгдсэн байна гэсэн үг. Харин сүүлийн үед үйлдвэрүүд үйлдвэрийн хог хаягдлаа Туул гол, Дунд гол руу нийлүүлэхээ багасгасан нь сайшаалтай. Ер нь бол хууль эрхзүйн орчин чангарсан, 2012 онд ус бохирдуулсны төлбөр төлдөг болсон. Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй байсан ч гэсэн гол руу хийчихвэл баларна, эрүүгийн хэрэг үүснэ гэдгийг мэддэг болчихсон. Мөн машинаа дуртай үедээ голд угаадаг байсан бол одоо гол руу ордог замыг нь хаасан. Тийм үйлдэл хийдэг хүн ч багассан байх. Одоо машинаа угаавал бүр аюултай боллоо. Хэрэв та Туул голын усаар машинаа угаах юм бол хайртай үр хүүхдүүддээ гэдэсний савханцар наах юм байна шүү гэдгийг ойлгоорой.

-Гадаргын ус бохирдсон юм бол гүний ус ямар байгаа бол?   

-Бид савласан усыг шинжилж үзсэн. Ерөнхийдөө санаа зовж байсан ч тийм ноцтой үр дүн гараагүй бөгөөд хор болохоор зүйл байгаагүй. Гэхдээ санамсаргүй байдлаар 19 компанийн уснаас шинжилгээ авч үзэхэд, 3 нь ямар нэг асуудалгүй, стандартын шаардлага хангасан байсан. Харин 16 нь стандартын шаардлага хангаагүй. Зарим газар усыг хэт их шүүгээд байх ёстой эрдэс бодисгүй болгочихсон байна. Ямар ч эрдэс бодисгүй ус өвчлөлийн эх үүсвэр болно.

Энэ удаад компанийн нэрс зарласангүй. Цаашид урьдчилж хэлэхгүйгээр шинжилгээ хийнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар стандарт шаардлага хангаагүй байвал нэрийг нь шууд зарлаад, ард иргэддээ энэ усыг битгий уугаарай гэж уриалахаас өөр аргагүй байна.

-Зөвлөмж өгөхөөс өөр ямар арга, гарц шийдэл байна вэ?

-Тавдугаар сарын 16, 17, 19-нд бүх гүүрийн доороос шинжилгээ авсан. Зургаа, долоодугаар сард үер болох нь тодорхой байсан учраас үерт нилээн найдлага тавьсан. Үерийг дандаа аюул занал гэдэг талаас нь харж болохгүй. Байгаль өөрийгөө цэвэрлэж буй процесс юм. Бидний тавьсан найдлага үерийн дараа талаар болсон. Яг бороо орж байхад буюу долоодугаар сарын 2, 7-нд манай Усны газрын урд талын автобусны зогсоолд  тогтсон уснаас шинжилгээ авч шалгаж үзсэн. Долоодугаар сарын 2-ных дээр бага хэмжээтэй гэдэсний савханцар нян илрээд, 7-ных дээр их хэмжээгээр илэрсэн. Шалтгаан нь юу вэ гэхээр 2-нд бага бороо орсон учраас дээр байгаа Чингэлтэй хайрханы ёроолд байгаа нүхэн жорлонгууд халиагүй байна. Харин 7-ных дээр бороо их хэмжээгээр орсны улмаас нүхэн жорлон хальсан байна. Ингээд бодохоор машинаар бие бие рүүгээ борооны ус цацаж байгаа нь гэдэсний савханцар нян цацаж байна л гэсэн үг. Эндээс үзэхэд бид тун аюултай байдалд оржээ.

Тэгэхээр нэгдүгээрт, нүхэн жорлонгийн тоог эрс багасгая. 2017 онд Хөвсгөл нуур орчимд био суултуур хийж эхэлсэн. Энэ жил Хөвсгөлийн жуулчны баазуудад хийсэн судалгааны дүн 2017 онтой харьцуулахад  бохирдлын хэмжээ буурсан байгаа юм. Үүнээс нэг ч гэсэн жорлонг био гэдэг байдлаар солиход үр дүн гарч байгааг харж болно. Таны үр хүүхдүүдийн, ахмад настай хүмүүсийн чинь хамгийн чухал газар бол жорлон. Тэгэхээр тэр жорлонг тухтай байлгах, цэвэрхэн байлгах талаас нь бүгдээрээ анхааръя. Яагаад гэвэл та жорлондоо хөрөнгө оруулахгүй бол гэрийнхэн чинь өвчин тусаад эргээд эмчлүүлэх гэж илүү их зардал гарч магадгүй учраас үүнийг заавал хийгээрэй гэж уриалж байна.

Нэг тоо хэлчихье. 75-аас дээш насны хөгшчүүлийн ясаа хугалсан статистик мэдээнд дүн шинжилгээ хийхэд олонх нь жорлон руу явж байгаад унаж, хөлөө хугалсан байдаг.

Усны асуудал хэн нэгний асуудал биш. Мөн жорлонгийн асуудал төрийн асуудал гэж хэлэхэд хэцүү. Тийм болохоор өөрсдөөсөө бүгдээрээ эхэлье.

-Улсын төсөв хэлэлцэх үед Усны газар нүхэн жорлонг багасгая гэж экологийн асуудлаа огт яриагүй. Жишээлбэл, ваучертай харьцуулаад яривал. Тийм мөнгөөр юу хийж болох вэ?

-Усны газрын төсөв үү, хэний төсөв үү гэж бодохоосоо өмнө бид ард иргэдээ эрүүл саруул болгоход ямар хөрөнгө мөнгө зарж байна гэдгээ бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлыг хэлж болж байна. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байгааг түрүүн хэлсэн. Одоо 2026 онд ашиглалтад орох Хятадын Засгийн газрын тусламжтайгаар баригдаж буй хоногт 250 мянган метр куб цэвэрлэх байгууламж баригдаж байна. Тэгвэл хуучин байгууламжтайгаа нийлээд хоногт 400 гаруй метр куб ус цэвэрлэх боломжтой болох юм. Тэгэхээр Туул гол руу орох бохирдлын хэмжээ багасна гэсэн ирээдүй харагдаж байна. Гэсэн ч төсөв мөнгөө бодохгүй бол байшин барилга нэмэгдсээр байна. Тэр бүрт үйлдвэрлэгдэж байгаа бохир усны хэмжээ улам ихсэх болно.

Ерөнхийдөө Дэлхийн усны салбарынхан боддог юм л даа. Төр засгаасаа мөнгө гуйхаа больё. Харин усны төлбөр нь өөрөө усандаа ордог байх тэр зарчмыг гуйя гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо усны төлбөрөө нэмье. Нэмэхдээ ард иргэдийн хэрэглэж буй усны төлбөрийг нэмэх бус ашиг олж буй компаниуд одоо үйлчилгээний төлбөр төлж байгаа бол ус ашигласны төлбөр дээрээ нэмээд ус бохирдуулсны төлбөрөө төлөөчээ гэж байгаа юм.

Туул голын сав газарт нэг метр куб усны үнэ 9490 төгрөг байдаг

Одоо ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр хэд байгаа вэ. Хэд болгож нэмэхээр байна вэ? 

-Монгол Улсад 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн байдлаар татвараа төлж байгаа. Гэтэл Усны газраар, сав газрын захиргаагаар дамжаад усны дүгнэлт гаргаад ус ашигласны төлбөр төлж байгаа компанийн тоо мянга дөрөв, таван зуухан байна. Өөрөөр хэлбэл, нийт компаниудын 98 хувь нь төлбөр төлдөггүй. Хэн төлдөггүй юм, яахаараа авч чаддаггүй юм гэж хэлэх байх. Жишээлбэл, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа зочид буудлууд төлбөр төлдөггүй. Бидний зүгээс арваад таван одтой зочид буудалд хүсэлт тавьсан. Эдгээр газар Ус сувгийн удирдах газарт өгч буй усны үйлчилгээний төлбөрөө усны төлбөр гэж ойлгочихсон. Ус ашигласны төлбөр төлдөггүй. Гэтэл Шангри-ла зочид буудлаар жишээ авахад 250 орчим өрөөтэй, тэнд өрөө болгон жорлон, угаалтуур, душтэй. Энэ нь 250 айлын орон сууцтай тэнцэж байна. Гэтэл тэд ус ашигласны ямар ч төлбөр төлдөггүй. Мөн ресторан, худалдааны төвүүд ус ашигласны төлбөр төлдөггүй.

Туул голын сав газарт нэг метр куб усны үнэ 9490 төгрөг байдаг. Нэг литр ус 9 төгрөгийн үнэтэй байна гэсэн үг. Бид нар төлбөр авахдаа ашиг олох зорилгоор төлж байгаа бол үүний 15 хувь буюу 9-ийг зургаад хуваагаад 2 төгрөг орчмын төлбөр төлөх ёстой гэсэн үг.

-Усны бодлогыг багцаар барихад төсөв санхүүг олон нийтэд ойлгуулахад маш чухал байдаг юм байна. Усны эрүүл ахуйгаас чухал асуудал бидэнд байхгүй. Гэтэл нөгөө талаасаа хомстоод уух усгүй болох аюул руу шилжээд орчихлоо. Гэдэсний савханцаргүй болох ямар ажил хийх вэ?

-Төр засгийн үндсэн үүрэг бол ард иргэдээ эрүүл саруул сайхан амьдруулах ёстой. Яг үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн агуулгаар харах юм бол бид нарын зорилго хөгжил биш байх юм. Харин бид нарын зорилго бол ард иргэдээ сайхан амьдруулах юм. Ард иргэдээ сайхан амьдруулна гэдэг нь мэдээж баян тансаг байлгана гэдэг үг. Гэхдээ түүний наад талд эрүүл саруул байлгана гэсэн үг. Тийм болохоор үндсэн хэрэгцээ рүү нь илүү их хөрөнгө мөнгөө зардаг байя гэсэн санааг хэлээд байгаа юм. Усны нөөцийн нэгдсэн менежментийг Монгол Улсад ярьж эхэлснээс хойш 19, 20 жил боллоо. Үүнийгээ хэрэгжүүлээд тэр удирдах байгууллага Усны газраа бэхжүүлээд тухайн газар нь усны төлбөрийн тодорхой хувьд 35 хувийг мэдэж зардаг, түүнийгээ хэрэгтэй зүйлдээ зардаг, зарсан юм нь  ард иргэдэд нээлттэй байдаг байх ёстой.

Энэ бол үр хүүхдийн чинь ус шүү гэдгийг хэлээд явдаг байгаасай. Усны газрын реклам гэж байхгүй. Хэрэв болдог бол хиймээр байна. Дэлхийн компаниуд болон бусад улстай харьцуулахад зарим компанийн соёлд нь усны асуудал орсон, заримд нь нийт боловсролын салбарт нь хэдэн хувийг зарцуулна гэдэгтэй адилхан усны салбарт хэдэн хувь зарцуулна гээд хуульчлаад өгсөн байдаг.

-90-ээд оны үед Станбул далайдаа хүн сэлж болохгүй гээд хориглосон. Маш их үнэртэй бохир байсан. Бусад улс далайгаа цэвэрлэчихээд байна. Манайх голоо цэвэрлэх хэцүү юу?

-Амархан. Нэгдүгээрт, мөнгө ярих болно. Мөнгө бол шалтаг. Яг жинхэнэ шалтгаан бол бид голоо цэвэрлэж сураагүй байна. Сая Дунд голд нэг юм хийхийн тулд ямар юм болов. Гэтэл та гэрээ цэвэрлэхийн тулд зардал гаргадаг гэдгийг л ойлгомоор байна. Гэрээ цэвэрлэхийн тулд угаах усаа сонгож, мөн тоног төхөөрөмжөө сонгож, химийн бодис хийж цэвэрлэх гээд асуудал байдаг шүү дээ. Туул голд Төв цэвэрлэх байгууламж нийлсэн хэсэг газраас хойших 10 орчим километрийн зайд 380 мянган тонн хагшаас байгаа. Хагшаас буюу бохирдлыг цэвэрлэх тоног төхөөрөмж манайд нэг бий. Энэхүү тоног төхөөрөмж нь цагт 30 метр куб хагшаас цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 10 цаг ажилладаг гэж үзвэл бүтэн 1000 хоног ажиллах шаардлагатай болж байна. Гэтэл түүнийг 1 цаг ажиллуулахын тулд зарцуулдаг бензин хэд вэ гэж. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг юмыг бид айлын гэрийг цэвэрлэхгүй бол юу болох вэ яг тэрэнтэй адилхан голыг цэвэрлэхгүй бол юу болох вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Туул, Дунд, Сэлбэ голыг бүгдээрээ хайрладаг, залбирдаг.  Энэ хайрладаг шүтдэг юмаа цэвэрлэх ёстой. Бурхан шүтээнээ ч хүн цэвэрлэдэг шүү дээ.

-Цэвэрлэх үүрэг, хариуцлагыг хэн хүлээдэг юм бэ?

-Одоогоор орон нутаг нь өөрөө хариуцлага хүлээсэн учраас орон нутаг хийх ёстой. Мэргэжлийн, арга зүйн зөвлөгөөг Усны газар өгөх ёстой. Харин хаана яаж цэвэрлэх үү, тэр нь ямар аюул учруулах вэ гэдгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоод Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хэлэх ёстой гэж үзээд байгаа.

-Арванхоёрдугаар сарын 15-наас нийслэл төсвөө хэлэлцэнэ. Үүнд ус цэвэрлэх, гол цэвэрлэх төсөв байгаа юу?

-Ялангуяа нийслэл дээр бол би өөдрөг байгаа. Ноднин жилээс хойш нэлээн том мөнгө төгрөг тавьж эхэлсэн. Тэгэхээр энэ жил их найдаж байгаа. Нэмээд хэлэхэд, ус ашигласны төлбөр орон нутагт ордог. Нийслэл хотоос цуглуулсан мөнгө бидэнд биш нийслэл рүү ордог. Нийслэл тэр мөнгөө зарцуулах ёстой.

Монгол Улсад Усны мэргэжлээр 14 оюутан суралцаж байна

-Усны газар энэ хяналтыг хийж чадах уу. Төсөв дээрээ мөнгө тавьж байна уу. Төлбөр аваад зориулалтаар нь цэвэрлэхэд зарцуулах уу?

-Манай төлбөр мөнгө, төсөв хөрөнгө аажмаар ч гэсэн нэмэгдэж байна. Гурван том асуудал байна. Нэгдүгээрт, хууль эрх зүйн зохицуулалт. Бид юм болгонд орж чадахгүй байна. Ний нуугүй хэлье. “Батбаяраа дуугүй сууж бай чи, тэр усаа л ярь” гэдэг үгийг маш их сонсож байна. Тэгэхээр тухайлбал нүхэн жорлонг ярьж болохгүй бол бид яаж юугаа ярих вэ. Хоёрдугаарт, боловсон хүчний хомстол асуудал болсон. Монгол Улсад байгаа их, дээд сургуулиудад усны мэргэжлээр 14 оюутан суралцаж байна. Энэ өөрөө гамшиг болох аюултай байна.

Гуравдугаарт, одоо манай төрийн байгууллагууд дээр ч тэр зөвхөн хариуцсан ажлаа л хийнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл зөвхөн хариуцсан ажил гэсэн ойлголт байхгүй. Хүн болгоны хариуцлага юм. Ус бол төрийнх ч биш, чинийх ч биш. Гэхдээ бүгдийн асуудал юм. Ус бохирдвол би ч бохирдоно. Ус бол амьдралын эх үүсвэр учраас үүнийг бүгд анхаарах ёстой. Төрийн байгууллагууд  болон орон нутгийн удирдлагууд усны асуудлыг ойлгож, дэмжиж эхэлж байна. Өмнө нь сонсдоггүй байсан бол одоо ямар ч байсан толгой дохидог болсон байна. Одоо гарын үсгээ зураад, тэр нь мөнгө төгрөг болоод, үр дүнд нь ард иргэд нуур, голынхоо эрэг дээр зугаалдаг, айх аюулгүй голдоо сэлдэг болоосой. Миний хүүхэд байсан үе шиг болоосой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Эх сурвалж: Mnb.mn

У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна. Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

Форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ногоон санхүүжилтийн форум”-д оролцож буй байгаль орчин, ногоон хөгжлийн манлайлагч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ удаагийн форумыг “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түүн дотроо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан банк, НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагуудын хамт олонд талархал илэрхийлье. Азербайжан Улсын Баку хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалтад дэлхийн удирдагчид оролцож, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтийн талаарх байр сууриа илэрхийлж, ногоон хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн  форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна.

Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн. Хэрвээ хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох болно. Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх нэгэн зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр илүү бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ. Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.

Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг билээ. Өнгөрсөн өвөл, хаврын зудын нөхцөл байдлаас шалтгаалж мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдож, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж ирсэн монголчууд бидэнд хүндээр туслаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг цаг үе биднээс шаардах боллоо. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Дээрх үүрэг, амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд манай улсад  ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг. Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, улс орон даяар хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан болон АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байна. Энэ бол чамлахааргүй төсөв, хөрөнгө бөгөөд үүнийг үр дүнтэй, хүртээмжтэй ашиглах нь чухал байна. Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна. Эдгээр төсөл, хөтөлбөр нь биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр улам идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Цөөнгүй ололт, амжилт, үр дүн гарч байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа улам сайжруулах нь зүйтэй юм.

Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна. Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм. Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна.

Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй. Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байна. Дээр дурдсан олон тулгамдсан асуудлуудын талаар өнөөдрийн энэхүү форумаар Та бүхэн илэн далангүй ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ. Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Тиймээс эх дэлхийгээ хамгаалахад хүн төрөлхтөн цаг хугацаа алдах эрхгүй. Байгаль эхээ хайрлан хамгаалах асуудал бол сонголт биш, харин хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол ямар нэгэн тусламж биш, энэ бол үр хойчдоо Та бидний хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Тиймээс ногоон хөгжлийн төлөө монголчууд бид нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе. Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

эх сурвалж: president.mn

МАН, АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

0

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр /2024.11.22/ хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай оролцож хориг танилцуулсан бөгөөд АН-ын бүлэг олонхоороо хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.
Намын бүлгүүд хүлээж авсан учраас одоо Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж, хориг хэлэлцэх бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Г.Занданшатар: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

0

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байгаа талаар ЕТГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.


  • АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ:

-Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

  • ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ:

-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.


ШУУРХАЙ: ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болжээ. Тиймээс энэ талаар өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийх юм. Харин энэ удаагийн төсөвт хэсэгчлэн хориг тавих уу эсвэл бүхэлд нь хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Намрын чуулганаар 2025 оны төсвөө хуулийн хугацаанд батлуулж чадсан. Тодруулбал, 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан. Ингээд эцсийн найруулгыг УИХ дээр уншиж, өнгөрсөн Даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсвөө хүргүүлсэн. Төсөв хүргүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй бөгөөд өнөөдөр хориг тавьж буй талаараа мэдээлэл хийх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм.

УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,

  • 90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
  • 90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
  • 90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • 90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • 90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
  • 90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заажээ.

Бан Ги Мүн: У.Хүрэлсүх таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье

0
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хандан үг хэлсэн юм.
Тэрбээр “Их Монгол улсын гал голомтыг сахин суугаа манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ. Дэлхий даяар тархан суугаа монгол ахан дүүс ээ. Эрхэм хүндэт НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон эрхэм хүндэт зочид оо. Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе. Дэлхий дахинд хүн төрөлхтний эв нэгдэл, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон Монгол Улсыг сурталчлан таниулах, манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн дотоод, гадаадын төр нийгмийн зүтгэлтэн, иргэдэд тэргүүн зэргийн Чингис хаан одонг соёрхон гардуулдаг билээ.
Энэ жил энэхүү эрхэм хүндэт шагналаар хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хөтөч болсон тогтвортой хөгжлийн зорилгууд болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг батлахад улс орнуудыг манлайлан, нэгдсэн зөвшилцөлд хүргэж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалж, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд Монгол Улс, НҮБ хоорондын  хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн таныг алдаршуулж байна. Ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе” гэсэн юм.
“МОНГОЛЫН ТҮҮХ ӨНГӨРСӨН ҮЕД ЗОГСОЖ ХОЦОРСОН ҮЙЛ ЯВДАЛ БИШ, ҮРГЭЛЖЛЭН ХӨГЖИЖ БУЙ АМЬД ӨГҮҮЛЛЭГ ЮМ”
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн:
-Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар болон эрхэм хүндэт зочид оо.

Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.

Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм. 

Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.

Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.

Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.

Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.

 “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.

Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм.

Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна. 

Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.

Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.

Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье.

Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Баярлалаа.

Шинэ Хархорум хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг нээв

21

Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2024.07.29/  “МПМ” цогцолборт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, эзэнт гүрний их түүхийн өв, өнөөгийн бүсчилсэн хөгжлийн цөм, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, нийслэл болох Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж хамтран ажиллах, дэмжихээр хүрэлцэн ирсэн хот төлөвлөгчид, уран барилгачид, инженер, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгосныг тэмдэглэв.

Түүнчлэн Улсын Их Хурлаас хоёр удаа тогтоол баталж, Шинэ Хархорум хотыг байгуулахаар сонгосон Улаанбаатар хотоос гурав дахин том хэмжээтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газарт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах чиглэл өгсний дагуу захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.

Одоогоос 800 гаруй жилийн тэртээ буюу 1220 онд Их Эзэн Чингис хааны зарлигаар Орхон голын хөндийд байгуулсан Хархорум хот нь зөвхөн Их Монгол Улсын нийгэм, соёлын төв төдийгүй, тухайн үеийнхээ дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа болон шинжлэх ухаан, шашин соёлын төв, өрнө хийгээд дорно дахиныг холбосон гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэлийн хэмжээнд хүрч  хөгжсөн, Торгоны замын гол зангилаа хот байсан гэдгийг онцлов.

У.Хүрэлсүх: Монгол түмэн төрт ёсоо хүндэтгэн, түүх соёлоо дээдлэн сайхан наадлаа

0

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны үзүүр түрүүг авсан бөхчүүдэд цол, чимгийг нь олгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмыг хааж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Нар хур тэгширсэн  зуны сайхан цагт монголчууд бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр, ёслол төгөлдөр сайхан тэмдэглэлээ.

Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ шалгаж, эрэмгий цовоо хүүхдүүд аргамаг хүлгээ хурдлууж, идэр чийрэг бөхчүүд эр бяраа гайхуулж, Монгол түмэн төрт ёсоо  хүндэтгэн, түүх соёлоо дээдлэн, сүлд хийморио бадраан бахдам сайхан наадацгаалаа. Наадмын дараа маргааш гэж манай ардын үг байдаг. Аливаа ажлын эхлэл, амжилт бүтээлийн үндэс байдгийг бодолцож,  намрын ажил, өвлийн бэлтгэлээ одооноос базаан төр засаг түмэн олнооро эрч хүчээ нэгтгэн,  улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе…” хэмээв.

Үүний дараа төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол болж байна.