2024.04.30, Tuesday
spot_img
НҮҮР1Сонгууль 2021: Нэр дэвшигчид юу захив

Сонгууль 2021: Нэр дэвшигчид юу захив

Өнөөдөр 2021 оны зургадугаар сарын 9. Түүхэн өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхлэв. 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээ сонгох энэхүү сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ. Нэр дэвшигчид саналаа өгөхдөө Монголын нийт сонгогчдодоо хандаж хэлсэн үгийг нь тоймлон хүргэе.


МОНГОЛ АРДЫН НАМ

МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт саналаа өглөө. Тэрбээр хөх даавуун дээлээрээ гоёжээ.

У.ХҮРЭЛСҮХ: Ард иргэд идэвхтэй саналаа өгч байгаад талархаж байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор явагдаж байна. Энэ жил улс тунхагласны 100 жилийн түүхт ой, Монгол Улсад төрт ёс байгуулагдсаны 2230 жил, Нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд түүхэн жил болж байна. Олон тэгш ой давхацсан онцлогтой жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье.

АРДЧИЛСАН НАМ

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ эхнэрийн хамт ирж саналаа өглөө. Тэрбээр цэнхэр хүрэм, хээтэй цэнхэр зангиагаар гоёжээ.

С.ЭРДЭНЭ: Дарангуйлалгүй ирээдүйг үр хүүхдэдээ үлдээе

-Монгол Улс 8 дахь удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Иргэдээ Монгол Улсад шударга ёс тогтоох, ёс зүйт төрийн бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Би Дарангуйлалгүй Монгол, Ардчилсан Монгол гэсэн уриатай сонгуульд орж байгаа. Би ямар нэгэн гоё сайхан амлалт өгөөгүй, мөнгө төгрөг, амлаагүй.  Монгол оронд дарангуйлал бодитоор бий болсон. Цаашдаа дарангуйлалгүй ирээдүйг үр хүүхдэдээ үлдээе гэж бодож байгаа бол сонголтондоо хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна. Энэ гажуудлууд дээр хууль хяналтын байгууллага нь ажиллахгүй, СЕХ нь асуудлыг шийдэхгүй байна.

Залуучууд төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Өөрсдийнхөө ирээдүйг шийдэж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр /2021.06.08/ зөөврийн хайрцгаар саналаа өглөө. Тэрбээр ковид-19-ийн халдвар авсны тул ийн зөөврийн хайрцаар саналаа өгч байгаа юм.

Д.ЭНХБАТ: Би Ерөнхийлөгч болбол гадаадад суугаа иргэдийн саналыг цахимаар авдаг болгоно

Үүний дараа Д.Энхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний биеийн байдал сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж байгаа. Ойрын үед эдгэрч гарна гэдэгт итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал авдаг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ.
Зөөврийн хайрцгаар санал авах үед эмнэлгийн ажилтан болон СЕХ-ны санал авах ажилтан байлцлаа.
Би телевизийн байранд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломж байсан. Одоо Жи таймын хурал ч цахимаар явж байна. Тэгэхээр дэлхий нийт цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Бид ч ялгаагүй цахим шилжилт хийх хэрэгтэй.
А.Анар

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!