2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР1Медаль, МАН хоёр Монголыг сүйрүүлж байна

Медаль, МАН хоёр Монголыг сүйрүүлж байна

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 150 мянган ширхэг медаль хийлгэнэ. Медалийн зардал нь 2021 оны төсөвт суусан. 90 жилийн ойгоор 100 мянган ширхэг медаль хэвлэж байсан” гэжээ. Арван жилийн өмнө эрүүл мэнд, эдийн засгийн байдал өөр ядаж  ковидгүй байсан. Өнөөдрийн хувьд нөхцөл байдал амаргүй, цар тахалын өмнө улсаараа цагаан тугаа өргөчихөөд байгаа билээ. Гуравдугаар сарын 1 буюу “Эх орончдын баяр”-ын өдрийн ЭМЯ-ны мэдээг харахад хоногт 140 хүнээс халдвар илэрч байжээ. Харин МАН-ын ойн арга хэмжээнээс хойш халдварын тархалт гэрлийн хурдаар өсч, сонгууль, шагнал, жагсаал гээд хөл хөдөлгөөний улмаас хоногтоо 2700 гаруй хүн халдвар тусах болсон нь гурван сая хүн амтай улсын хувьд өндөр үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Монгол цар тахалд живж байна гэхэд буруудахгүй.

Монгол цар тахлыг хохирол багатай туулах боломж байсан. Бүтэн нэг жилийн хугацаанд дотооддоо халдвар алдаагүй гэж өөртөө дуу хүртэл зохиолгож, хий хоосон сүржигнэлгүй бүх зүйлд бэлэн тооцоотой, хариуцлагатай, ёс зүйтэй байсан бол өнөөдөр олноороо халдвар авч, бараадах эмнэлэггүй болтлоо сүйрэхгүй байв.

Энэ бүх алдаанаасаа ухаарсан, сэхээрсэн зүйл эрх баригчдад алга. МАН-ын 100 жилийн ойгоор 150 мянган хүнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль тараах гэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар зуун жилийн медаль тараах юм байна. Ахиад талбай дүүрэн хүн, хөл, найр хурим болно.  Тахал тархах сайхан далим гарна.

Хоногтоо хоёр мянга гаруй хүн халдвар авч, өдөртөө 10, 10-аараа нас барж байхад 100 жилийн ой медальд нэг тэрбум төгрөг төсөвлөж, 10 тэрбум төгрөгөөр наадаж, наргихаар төлөвлөж байгаа манай төр ингэхэд эрүүл үү. Эсвэл согтуу юу. Ийм хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндээс илүү чухал баяр цэнгэл ёслол гэж байхгүй.

Хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрсөн 24 цагт шинээр 2746 хүнээс халдвар илэрчээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 88516 болж нэмэгдэв. Халдварын улмаас 34-91 насны 11 хүн энджээ.  Халдварын улмаас одоогоор 10758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 943 хүн хүнд, 193 хүн маш хүнд байна.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дунд 470 жирэмсэн эмэгтэй бол 2014 нь хүүхэд байгааг УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү мэдээллээ. Энэ бол SOS. Эрх баригчдын хариуцлагагүй байдлын үр дагавар. Үүний золиос нь энгийн иргэд болж байгаа нь бүр харамсалтай.

Ийнхүү МАН, медаль хоёроос болж Монгол тахалд сүйрч байна.  Гэтэл явя  байгаа Х.Батулга нь ч, ирж буй У.Хүрэлсүх нь ч  ойрын улс төрөө хийж иргэдийнхээ эрүүл мэндийг үл тоож байгаа нь эмгэнэлтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга буухаасаа өмнө өдөр өнжихгүй одон тарааж, ковид-19-ийн тархалтад нөлөөлсөн. Ерөнхийлөгч одон тараахтай зэрэгцээд ковид-19-ийн халдварын сум ч дээшээ эрс өгссөн. Хэдийгээр Ерөнхийлөгч одон тараах нь түүний  бүрэн эрх мөн боловч цар тахлын үед шагнал бөөндөж байгаа нь цаанаа ковид бөөндөж байна гэсэн үг юм.

Түүнчлэн МАН сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялахын тулд орон нутагтаа халдвараа алдчихлаа. Одоо дээр нь найр, наадам гээд эрүүл хүн энэ улсад үлдэх янзгүй.

Тангараг өргөх ёслолоо сүр дуулиантай хийх гэсэн У.Хүрэлсүхийн хүслээс болж хэчнээн цэрэг, хэчнээн хүн халдварт өртөхийг таашгүй. Тэдний ар гэр үр хүүхэд, аав ээжийнх нь амь нас хэрхэн эрсдэлд орж буйг хэлүүлэлтгүй ойлгомжтой биз.

Монголд, монголчуудад энгэртээ зүүх одон медаль ихэдсэн үү гэхээс багадаагүй. Худалч хүнд энгэрээ цоолсон хүнийг биш цоолоогүй хүнийг тоолсон нь илүү амархан болсон.

Уг нь одон медальд, найр, наадамд зарцуулах мөнгөөрөө эрүүл мэндийн салбараа санхүүжүүлэхгүй бол эмч, мэргэжилтнүүд туйлдаж, иргэдээ эмчлэх хүнгүй болох нь байна шүү. Дээр нь эрүүл мэндийнх нь асуудал эдийн засгийн том хямрал болж магадгүй болжээ. Учир нь, Монгол дэлхийд ув улаан бүс болон хувирч, экспорт, импорт гацсан. Монгол руу орж гарах бүхэн “хоригдлоо”. Эцэстээ мөнгө ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болж байна. МАН, медальтайгаа байхад жаргана гэсэн хүмүүс одоо яая гэх вэ, тавилан юм даа.

Б.НИРУН

 

 

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. ОХУаас эмч мэргэжэлтнүүд вакциний тусламж хүсээчээ бид өөрсдөө дийлэхгүй юм шиг бна.Хятад вакцинаа зогсоо!!!!!Халхын голын дайнд үрэгдсэн дайчдаас илүү хүнээ тахлаар алдлаа.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!