2024.10.4, Friday
spot_img
НҮҮР2ЦЭЦИЙН ШИЙДВЭР М.ЭНХСАЙХАН, С.БАЯР НАРТ ШУУД ХАМААРАЛТАЙ

ЦЭЦИЙН ШИЙДВЭР М.ЭНХСАЙХАН, С.БАЯР НАРТ ШУУД ХАМААРАЛТАЙ

Хуульч Б.Баяраатай ярилцлаа.


Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар УИХын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай дөрвөн зүйл бүхий хуулийг бүхэлд нь хүчингүй болгох эцсийн шийдвэр гарлааМанай улсын хувьд урьд өмнө Эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталж байсан тохиолдол байгаагүй санагдаж байна…?

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй. Шалтааныг нь одоо хэлье. Хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлэлт үүсэхээс сэргийлэх зорилгоос үүдэлтэй л дээ. УИХ-аас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон цагаасаа мөрдөгдөж эхлэх ёстой. Урьд нь болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу урагшлан нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Ер нь иргэнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, өөрөөр хэлбэл урагшлуулан хэрэглэх жишиг дэлхий нийтэд байдаггүй. Коммунист СССр-ийн хувьд цөөн тохиолдолд гарч байсан. Тухайлбал, Н.Хрушевийн даалгавраар валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж цаазалсан түүх бий. Тухайн үед дамын наймаа эрхэлбэл дээд тал нь найман жил хорих ял өгдөг байсан юм. Гэтэл Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэж, шоронд байхад нь хуулиа өөрчилж 15 жил болгож нэмээд хэсэг хугацааны дараа цаазаар авах ялтай болгож буудан хороосон хууль баталж байсан. Энэ кейс одоо ч дэлхий нийтэд гашуун сургамж болж яригддаг. Харамсалтайнь ардчилсан Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь сая Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлын эцсийн шийдвэрээр хүчингүйболлоо.

Цэцээр хүчингүй болсон хуулийн гол агуулгыг тодотгож хэлэхгүй юү?

-УИХ-ын зүгээс албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр 2017-2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон албан тушаалын хэргүүдийг архиваас сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэхийг даалгасан хууль баталсан.

Зөвхөн албан тушаалын хэрэгт төдийгүй бусад бүх төрлийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч заавал шүүхээр оруулан ял шийтгэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Энэ бол иргэнийхээ эсрэг Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Энэ хуулийн тухайд эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх гэж бодож байна.

Улстөрчдийн тайлбараас үзэхэд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад хэрэгсэхгүй болоод байна гэх тайлбарыг тавьдагЭнэ талаар таны байр суурийг сонирхмоор байна…?

-Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн хувьд албан тушаалын болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй огт маргадаггүй юм. Ер нь сайхан гэмт хэрэг гэж юу байхав, гэмт хэрэгтэй тэмцэхийг хэн ч буруутгах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх ёстой. УИХ албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл зоригтой бол эрүүгийн ял шийтгэлийг чангатгах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, мөн төрийн өндөр албан тушаалтан халдашгүй бүрэн эрхтэй байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг түр тасалдуулах зэрэг олон улсад өргөн хэрэглэгддэг үр нөлөөтэй аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл үүнээс хамгийн муу хувилбар болох Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх замаар тэмцэнэ гэдэг нь Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг шууд зөрчсөн хууль бус үйлдэл юм. Нэг үгээр бол хууль зөрчих замаар тэр дундаа Үндсэн хууль зөрчиж гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тухайн гэмт хэрэг шалгагдах үеийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүх, прокурорын байгууллага хуулиа дээдлэн хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг. Гэтэл УИХ нь нэгэнт хуулийн дагуу шийдэгдсэн хэргийг дахиад сэргээн шалгаад нэхэн ял шийтгэхийг шүүх, прокурорт шинээр даалгах нь шүүх эрх мэдэлд хууль тогтоох эрх байгууллагаас нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байгаа. Шүүх нэг хэргийг хоёр удаа хоёрөөр хуулиар шийдвэрлэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн суурь зарчим нь шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээс гадна хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл сэжигтэняллагдагчид ашигтай шийдвэрлэдэг байтал яагаад үүний эсрэг хууль гаргасан юм бол?

-Зөвхөн Эрүүгийн хууль төдийгүй аль ч хууль, тэр бүү хэл гэрээний харилцаанд ч оролцогч талын эрх, үүрэг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэдэггүй. Энэ бол хуулийн суурь зарчим. Эрүүгийн хуульд заасан үндсэн зарчмыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай буюу хуулийн бэлтгэл ажил хангах хуулиар шууд үгүйсгэж зөрчиж болохгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдогЭрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа байх нь гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Тухайлбал, хөнгөн гэмт хэрэгт бага хугацаа тоолдог бол хэрэг хүндрээд ирэхээд хугацааг уртасгадаг зохицуулалттай. Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд тодорхой хуулийн хугацаа заавал байдаг. Тэгэхгүй бол хэдэн сар жилээр улсын хилээр гаргахгүйн зэрэгцээ цагдаа, хүчний байгууллагад цаг наргүй шалгуулж,өдөр бүр цагаа бүртгүүлж, нэг ёсондоо хэрэгт шалгагдахаас илүүтэй хэт сунжирсан урт хугацааны залхаан цээрлүүлэлт болох аюултай. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Чухам хуулийн байгууллагыг хугацаагүйгээр хэрэг шалгаж иргэний эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Нөгөө талаар хуулийн байгууллагыг хэргээ хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн чухал ач холбогдолтой хуульд заавал байдаг зохицуулалт юм.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар УИХын 2021 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгочихлооОдоо практикт гарах үр дагаврыг ярилцъяШалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болох уу?

-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэрэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг, шүүхийн шатанд шүүгдэгчээр шийдвэрлүүлж байгаа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол эрүүгийн хэрэг шууд хэрэгсэхгүй болох үндэслэл болно. Одоогийн хуулиар яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож байгаа. Харин Цэцийн шийдвэр гарсанаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу өмнөх хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолуулах эрхээ эдэлнэ гэсэн үг.

Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг яах вэ?

-Бүх шатны шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тухайд ял оногдуулах үндэслэл болсон хуулийн нөхцөл өөрчлөгдөх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэл болно. Үндсэн хууль, бусад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаардаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ч Үндсэн хууль зөрчсөн хуулийн үр дагаврын талаар зохицуулахдаа “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэсэн нь энэ тохиолдолд шууд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдээгүй хэргийн хувьд хуулийн боломжоо эдэлж хожоотой үлдэх, харин шүүхээр шийдвэрлэгдсэн нь хохирч ял эдлэх замаар иргэдээ үндэслэлгүйгээр ялгаварлах хуулийн үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг шүүхээр орсон эсэхээс үл шалтгаалан хэрэгсэхгүй болох нь Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчимд бүрэн нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг алагчилж, ялгаварлаж эдлүүлэх нь зохисгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэн хүнд ял өгөх үндэслэл байхгүй.Эцэст нь хэлэхэд, иргэдийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж байна гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол ял завших биш хуульд заасан боломжоо эдэлж байгаа явдал юм. Мөн эрүүгийн хэрэг цагаатгагдахаас өөр үр дагавартай.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэм буруутай гэсэн хуулийн үр дагавар үлдэх тул цаашлаад нийтийн албан хаших болон бусад эрхийг хязгаарлана, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хуулийн үр дагаврууд үлддэг. Иймд зарим иргэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээ сэргээлгэж шүүхээр гэм буруугүй болохоо тогтоолгож цагаатгахыг илүүд үздэг, энэ нь зөвддөг тохиолдол олон бий.

Бүр тодруулж асууяӨдгөө шоронд байгаа С.БаярМ.Энхсайхан гэх мэт улстөрчдийг суллах үндэслэл бүрдчихлээ гэж харлаазөв үү?

-Шуудхан хэлэхэд тийм. С.Баярын тухайд Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна. Үүнээс илүү чухал зүйл гэвэл зөвхөн албан тушаалын гэхгүй бусад бүх төрлийн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шалгагдаж заавал шүүхээр ял шийтгүүлэхээс аргагүй болоод байгаа хэдэн зуун иргэдийн хуульд заасан боломж, шударгаа шүүхээр тэгш шүүлгэх эрх сэргээгдэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!