2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮР1Ч.Өнөрбаяр: АН бол нэг хүний нам биш

Ч.Өнөрбаяр: АН бол нэг хүний нам биш

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2021.05.18/ Ардчилсан намын тамганы асуудлаар хуралдаж, М.Тулгатын ашиглаж байгаа намын тамгын хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн. Үүний дараа О.Цогтгэрэлийн талаас тамганы маргаан дуусаагүй, анхан шатны шүүх дээр очсон гэж тайлбарласан. Энэ талаар Ч.Өнөрбаяр өчигдөр мэдээлэл хийсэн юм.

-Ардчилсан намын тамгын хэрүүл эцэслэгдсэн гэж ойлгож болов уу?

-Тамганы маргаан, гэрчилгээний маргаан өнөөдөр нэг талдаа гарч дууслаа. Одоо тамгатай холбоотой ямар нэг маргаан мэтгэлцээн байхгүй. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хүлээж авсан шалтгаан нь тухайн үед УДШ-ийн цахим бүртгэлд Ц.Туваан гэдэг хүний нэр “Намын даргын үүрэг гүйцэтгэгч”-ээр бүртгэгдсэн байсантай холбоотой. Үүнээс хойш Ц.Туваан гэдэг хүнийн нэр цахим бүртгэлээс хасагдсан учраас одоо анхан шатны шүүх дээр хууль зүйн ямар нэг үр дагавар гарахгүй. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор тамгатай холбоотой маргаан эцэс болсон.

-Ардчилсан нам хоёр байтугай хуваагдчихлаа. Аль талыг нь дэмжихээ жирийн гишүүд дэмжигчид нь мэдэхгүй байх шиг.  Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хуваагдал талцал сөргөөр нөлөөлөх байх?

-Одоо харин бид нэг зүйлийг ярих ёстой. Намынхаа гишүүд, нэр дэмжигчдэд хандаж нэг зүйлийг хэлье. АН бол тамга, тэмдэг, гэрчилгээн дээр байдаг нам бишээ. Ардчиллыг дэмждэг мянган мянган гишүүд дэмжигчдийнхээ зүрх сэтгэл, итгэл үнэмшил дээр тогтдог нам. Тийм учраас бид ирээдүйгээ, урагшаа харж явъя. Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үгтэй. Ганцхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох гэж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох холын зорилго бидэнд байна.

Тийм учраас АН-ын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутагтаа олонхи болоод засаглаж байгаа намын нөхөддөө бүгдэд нь хандаж уриалж байна. Бүгдээрээ зорилгоо нэгтгэе.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН дараалан гурван удаа ялалт байгуулсан. Энэ жил ялалт байгуулж чадах болов уу?

-Ардчилагчдид хүчээ нэгтгэх цаг боллоо. Бидний ялалт хийгээд ялагдал нэг юм. Нэг зорилгынхоо төлөө явья. АН-ын шинэ удирдлагууд ардчиллыг дэмждэг мянга мянган гишүүдтэйгээ, АН-аас гарсан бүх хүмүүстэй  хамтарч ажиллахад бэлэн байна. Бидэнд манай, танай гэж байхгүй. Бид бүгдээрээ нэг зорилготой. Бодлогын, үзэл бодлын зөрүү байж болно. Гэхдээ бидний дунд дайсан, нөхөр гэсэн ойлголт байхгүй. Тиймээс мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж хүчээ нэгтгэе. Их ялалтын төлөө хамтдаа явья.

Бас залуучууддаа хандаж хэлье. АН бол нэг хүний нам биш. АН-ын үйл хэргийг үргэлжлүүлж яваа мянга мянган залуучууд байна. Энэ залуучууддаа бидний дээд үеийн ах нар маань зөв жишгийг харуулах байх гэж уриалж байна, найдаж байна. Өнгөрсөн 30 жилд АН Монгол төрийн хамгийн хүнд хэцүү цаг үед хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, ачааны хүндийг үүрэлцэж ирсэн. Тэрнийхээ төлөө хувь хүнийхээр нэр төрөөр адлуулж ирсэн. Тэглээ гээд тэд шантраагүй юмаа. Тэр үлгэр дууриаллаа дараа үеийнхэндээ харуулаач ээ гэж намынхаа ахмад үеийнхнээс хүсч, уриалж байна.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!