2024.03.29, Friday
spot_img
НҮҮР1Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөв

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөв

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 2019 онд парламентаар хэлэлцэж баталсан. Тогтоолын дагуу УИХ-аас доорх гэрийн даалгаврыг Засгийн газарт өгсөн юм.

  • Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны аравдугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
  • Засгийн газар, “Оюутолгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюутолгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах,
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-т оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах,
  • Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,
  • Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах,
  • Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх.

Үүний дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто”-той шинэ хэлэлцээ эхлүүлж, Монголын талын ажлын хэсгийг Х.Нямбаатар ахлаж байгаа. ЗГХЭГ-ын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээг өөрчлөх ёстой гэж байсан ч энэ бодол нь өөрчлөгджээ.

Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт хэвлэлийнхэнтэй уулзаж, Ерөнхий сайд болсноос хойшхи зуун хоногийнхоо тайланг танилцуулахдаа Дубайн гэрээг байгуулж далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн Ч.Сайханбилэгийн бодлогыг зөвтгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойтой холбоотой хэлэлцээр үргэлжилж байгаа.Удаан хугацаанд үргэлжлэх зүйл. Дубайн гэрээтэй холбоотой бичиг баримтыг хүмүүс ялгаж салгадаггүй болохоос биш далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг тусдаа асуудал. Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой. Эдийн засагт хамгийн өгөөжтэй гурван асуудлын нэг нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх байгаа юм. Үүнд би Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг буруутгаж улстөржихгүй. Далд бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохдоо татварын буулт хийсэн заалтууд Монгол Улсад туйлын ашиггүй болсон. Ийм хэмжээний хохирлыг далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нэрийн дор гаргасан нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй байна гэсэн үүднээс Оюутолгойн хэлэлцээр үргэлжлээд явж байгаа юм. Цаашдаа хөрөнгө оруулагч талтай хатуу зөөлөн аргыг хавсарч хэлэлцээгээ хийнэ.  Оюутолгойн гэрээг сайжруулж, далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж уг төслөөс иргэдэд очих хүртээмжийг нэмэгдүүлнэ.  Энэ бол Засгийн газрын хийж үлдээх том ажлын нэг” гэжээ.

Эндээс харвал Дубайн гэрээг цуцлана гэж том дуугараад байсан Засгийн газар бодлоо өөрчилсөн бололтой.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!