Оюутолгойн төслийн талаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр Оюутолгойн ажлын хэсгийг ахлаж буй юм.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Тиймээс дээрх хоёр асуудлаар Засгийн газар “Оюутолгой”-н ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг хөлсөлж ажиллууллаа. Уг баг 2021 оны гуравдугаар сараас эхлэн таван сар гаруй хугацаанд ажиллаж өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас болоогүйг дурдсан байна. “Оюутолгой”-н төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт өөр тайлбар өгч байсан.
Оюутолгойн гүний уурхай хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцлөөс болсон гэсэн тайлбарыг ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн байна.
“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр уулзалт зохион байгууллаа.Тэдэнд хандаж “Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-гийн хүсч буйгаар ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ” гэж шаардлага тавьсан.